| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2210013850620 |
| Дугаар | 2024/ДШМ/1265 |
| Огноо | 2024-11-27 |
| Зүйл хэсэг | 11.5.2., |
| Улсын яллагч | М.Алтанцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2024/ДШМ/1265
2024 11 27 2024/ДШМ/1265
Б.П, О.Р нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Алтанцэцэг /цахимаар/,
шүүгдэгч Б.П-н өмгөөлөгч Э.Энххэрлэн,
шүүгдэгч, хохирогч О.Р,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/587 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, хохирогч О.Р, шүүгдэгч Б.П-н өмгөөлөгч Э.Энххэрлэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.П, О.Р нарт холбогдох 2210 01385 0620 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Х овгийн Б-н П, ... оны .. дугаар сарын ..-ны өдөр ....... төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ө х” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ................. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................./;
2. З овгийн О-н Р, .... оны .. дугаар сарын ..-ний өдөр .............. төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, группэд байдаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ............. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .........../;
Шүүгдэгч Б.П нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас хувь хүнээр гэрээ байгуулан бригад ахлан ажил гүйцэтгэж байсан О.Р, тус бригадад барилгын гадна фасадны ажилд туслахаар түр ажиллаж байсан Д.Т, Д.З нар нь “Ө Х” ХХК-ийн Х В хотхоны барилга дээр 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өргөх төхөөрөмж дээр гадна металл фасадны ажил гүйцэтгэж байгаад барилгын 3-4 давхар орчмоос өргөгч төхөөрөмжийн хамт унаж, О.Р-н эрүүл мэндэд бүсэлхий нурууны 4 дүгээр нугалмын их биеийн гадаргуу урд хэсэг болон ар хэсэгтээ сэлтэрсэн мөн нугасны гарах ёзоорын нүх дайрсан хугарал, 2, 3, 4 дүгээр нугалмын зүүн хөндлөн сэртэн хугарал, сээрний 11 дүгээр нугалмын, бүсэлхийн 2, 3, 4 дүгээр нугалмын арны сэртэн шугаман хугарал бүхий хүндэвтэр хохирол, Д.Т-н эрүүл мэндэд зүүн эгэм яс, хамар яс, зүүн няцрал, цээж, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун шуу, хоёр өвдөг, зүүн өсгийд нөсөө бүхий хүндэвтэр хохирол, мөн тус барилгын зүүн талд байрлах тоглоомын талбайд тоглож байсан 9 настай Г.А-н баруун гар дээр өргөх төхөөрөмжийн тогтооч төмөр гар унаж, баруун гарын атгаал ясны дээд төгсгөлийн өсөлтийн бүс дайрсан хугарал, баруун гарын мөрний мэдрэлийн сүлжээний гэмтэл, баруун шуу ясны дунд 1/3 хэсгийн зөрүүтэй далд хугарал, баруун богтос ясны шууны мэдрэл гэмтээсэн дээд болон доод хэсгээр хоёрлосон хугарал бүхий хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан,
шүүгдэгч О.Р нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас хувь хүнээр гэрээ байгуулан бригадад барилгын гадна фасадны ажилд туслахаар түр ажиллаж байсан Д.Т, Д.З нар нь “Ө Х” ХХК-ийн Х В хотхоны барилга дээр 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өргөх төхөөрөмж дээр гадна металл фасадны ажил гүйцэтгэж байгаад барилгын 3-4 давхар орчмоос өргөгч төхөөрөмжийн хамт унаж, Д.Т-н эрүүл мэндэд зүүн эгэм яс, хамар яс, зүүн няцрал, цээж, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун шуу, хоёр өвдөг, зүүн өсгийд нөсөө бүхий хүндэвтэр хохирол, мөн тус барилгын зүүн талд байрлах тоглоомын талбайд тоглож байсан 9 настай Г.А-н баруун гар дээр өргөх төхөөрөмжийн тогтооч төмөр гар унаж, баруун гарын атгаал ясны дээд төгсгөлийн өсөлтийн бүс дайрсан хугарал, баруун гарын мөрний мэдрэлийн сүлжээний гэмтэл, баруун шуу ясны дунд 1/3 хэсгийн зөрүүтэй далд хугарал, баруун богтос ясны шууны мэдрэл гэмтээсэн дээд болон доод хэсгээр хоёрлосон хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.П, О.Р нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.П, О.Р нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П, О.Р нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П, О.Р нар нь 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд тэдний өөрсдийн оршин суух бүртгэлтэй Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, тэдэнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П, О.Р нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж, мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П насан хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 31.950.000 төгрөг, хохирогч Т-д 9.783.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, насанд хүрээгүй хохирогч Г.А, түүний хууль ёсны төлөөлөгч Б.А, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Төмөрхуяг нараас 7.144.750 төгрөг, хохирогч Д.Т, түүний өмгөөлөгч Т.Цэен-Ойдов нараас 7.095.000 төгрөг тус тус нэхэмжилсэн хэрэгсэхгүй болгож, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А насанд хүрээгүй хохирогч Г.А-н эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.П-с, хохирогч Д.Т ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар өөрт шүүгдэгч О.Р-с тус тус нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, эрүүгийн 2210013850620 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.П, О.Р нар цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А, хохирогч Д.Т нар гомдолтой гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.Р давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Надад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаан байхгүй. Харин шүүхээс 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь үндэслэл муутай болсон. Учир нь, би тухайн осол гэмтлийн улмаас одоог хүртэл эмнэлгээр явж эмчлүүлж байгаа бөгөөд БНХАУ-ын Хөх хотод аарцаг нурууны эмнэлэгт очиж хяналтад орж эмчлүүлдэг юм. Ийм учраас анхан шатны шүүхээс 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарласан ялыг хэрэгжүүлэн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч чадахгүй болох юм бол би эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээ авах боломжгүй болж, үлдсэн насаа суунга өвчтэй болох нөхцөл байдал үүсээд байна. Одоо миний биеийн эрүүл мэндийн байдлын хувьд бүсэлхий нурууны 4 дүгээр нугалмын их биеийн гадаргуу урд хэсэг болон ар хэсэгтээ сэлтэрсэн, мөн нугасны гарах ёзоорын нүх дайрсан хугарал, 2, 3, 4 дүгээр нугалмын зүүн хөндлөн сэртэн хугарал, сээрний 11 дүгээр нугалмын бүсэлхийн 2, 3, 4 дүгээр нугалмын арын сэртэн шугаман хугарал бүхий хүндэвтэр хохирол үүссэн өвчний оноштой эмчилгээг улирал тутам хийлгэдэг учраас энэ зорчих эрхийг хязгаарласан хугацаанд эмнэлгийн байгууллагаар гэнэтийн явах тохиолдолд бэрхшээл үүсэх тул эрх зүйн байдал дордсон шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд та бүхэн миний эрүүл мэндийн байдал болон гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн зэргийг харгалзан үзэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж, торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.П-н өмгөөлөгч Э.Энххэрлэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс Б.П-г уг гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/587 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдсон этгээдэд “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах...” ял шийтгэхээр хуульчилжээ. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас Б.П, О.Р нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хохирол төлбөр бүрэн барагдуулсан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргасан. Харин шүүхээс энэхүү байдлыг харгалзан үзэлгүй, хохирогч Д.Т гомдолтой, түүний өмгөөлөгч энэ хуулийн тусгай ангид заасан хамгийн хүнд ял буюу 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлэх тухай дүгнэлт гаргасныг хүлээн авч, миний үйлчлүүлэгч Б.П-г 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн шийтгэх тогтоол нь хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй үндэслэлгүй болсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцээгүй, анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарласан ялыг, торгох ял болгон өөрчлөх хууль зүйн хувьд боломжтой юм. Учир нь, Б.П нь гэмт хэрэг гарсан цаг хугацаанд гэмтэл авч, эрүүл мэндээрээ хохирсон хохирогч нарт өөрийн чадлаараа хохирлыг цаг хугацаанд нь гэмт хэрэг үйлдэгдсэний дараа хохирогч нарт эмнэлгийн болон бусад туслалцааг үзүүлэн анхан шатны шүүх хуралдааны шатанд хавтаст хэргийн хүрээнд авагдсан бодит хохирлыг бүрэн барагдуулсан юм. Мөн цаашид ч бага насны хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч, бусад хохирогч нарт гэм хорын хохиролтой холбоотой хохирлыг тухай бүрт нь гарсан эмчилгээний дагуу хохирол төлбөрийг саадгүй төлнө гэдгээ мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүх хуралдаанд удаа дараа хэлж илэрхийлдэг. Нөгөөтэйгүүр, Б.П нь “сахарный диабөт” чихрийн шижин өвчний 3 дугаар зэргийн хүнд өвчтэй, энэ өвчин нь даамжирсаар зүрхний хэм алдаж, зүрхний судас тэлэх стенд тавиулсан ба Солонгос Улсад зүрхний хэм алдах өвчнийг удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай юм. Мөн Монгол улсын 3 дугаар эмнэлэг, нэгдсэн 1 дүгээр эмнэлэгт нарийн мэргэжлийн эмчийн хяналтад байдаг зэрэг эрүүл мэндийн байдлыг нь харгалзан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/587 дугаар шийтгэх тогтоолд 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэснийг торгох ял болгон өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Прокурор М.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо прокурорын зүгээс шүүгдэгч нарын эрүүл мэндийн байдлыг харгалзан торгох ялын санал гаргаж байсан. Давж заалдах шатны шүүх эрх хэмжээний хүрээнд гомдолд заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй. Шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь эрүүл мэндийн хувьд асуудалтай, гадагшаа эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн байдлыг харгалзан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Р, шүүгдэгч Б.П-н өмгөөлөгч Э.Энххэрлэн нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.
Шүүгдэгч Б.П нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас хувь хүнээр гэрээ байгуулан бригад ахлан ажил гүйцэтгэж байсан О.Р, тус бригадад барилгын гадна фасадны ажилд туслахаар түр ажиллаж байсан Д.Т, Д.З нар нь “Ө Х” ХХК-ийн Х В хотхоны барилга дээр 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өргөх төхөөрөмж дээр гадна металл фасадны ажил гүйцэтгэж байгаад барилгын 3-4 давхар орчмоос өргөгч төхөөрөмжийн хамт унаж, О.Р-н эрүүл мэндэд бүсэлхий нурууны 4 дүгээр нугалмын их биеийн гадаргуу урд хэсэг болон ар хэсэгтээ сэлтэрсэн мөн нугасны гарах ёзоорын нүх дайрсан хугарал, 2, 3, 4 дүгээр нугалмын зүүн хөндлөн сэртэн хугарал, сээрний 11 дүгээр нугалмын, бүсэлхийн 2, 3, 4 дүгээр нугалмын арны сэртэн шугаман хугарал бүхий хүндэвтэр хохирол, Д.Т-н эрүүл мэндэд зүүн эгэм яс, хамар яс, зүүн няцрал, цээж, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун шуу, хоёр өвдөг, зүүн өсгийд нөсөө бүхий хүндэвтэр хохирол, мөн тус барилгын зүүн талд байрлах тоглоомын талбайд тоглож байсан 9 настай Г.А-н баруун гар дээр өргөх төхөөрөмжийн тогтооч төмөр гар унаж, баруун гарын атгаал ясны дээд төгсгөлийн өсөлтийн бүс дайрсан хугарал, баруун гарын мөрний мэдрэлийн сүлжээний гэмтэл, баруун шуу ясны дунд 1/3 хэсгийн зөрүүтэй далд хугарал, баруун богтос ясны шууны мэдрэл гэмтээсэн дээд болон доод хэсгээр хоёрлосон хугарал бүхий хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан,
шүүгдэгч О.Р нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас хувь хүнээр гэрээ байгуулан бригадад барилгын гадна фасадны ажилд туслахаар түр ажиллаж байсан Д.Т, Д.З нар нь “Ө Х” ХХК-ийн Х В хотхоны барилга дээр 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өргөх төхөөрөмж дээр гадна металл фасадны ажил гүйцэтгэж байгаад барилгын 3-4 давхар орчмоос өргөгч төхөөрөмжийн хамт унаж, Д.Т-н эрүүл мэндэд зүүн эгэм яс, хамар яс, зүүн няцрал, цээж, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун шуу, хоёр өвдөг, зүүн өсгийд нөсөө бүхий хүндэвтэр хохирол, мөн тус барилгын зүүн талд байрлах тоглоомын талбайд тоглож байсан 9 настай Г.А-н баруун гар дээр өргөх төхөөрөмжийн тогтооч төмөр гар унаж, баруун гарын атгаал ясны дээд төгсгөлийн өсөлтийн бүс дайрсан хугарал, баруун гарын мөрний мэдрэлийн сүлжээний гэмтэл, баруун шуу ясны дунд 1/3 хэсгийн зөрүүтэй далд хугарал, баруун богтос ясны шууны мэдрэл гэмтээсэн дээд болон доод хэсгээр хоёрлосон хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
насанд хүрээгүй хохирогч Г.А-н “... Тухайн өдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр би гэрээсээ 11 цагийн үед гараад тоглоомын талбай дээр тоглож байсан чинь хажуу талын барилга дээрээс төмөр унаад миний гарыг хугалсан. Тэгээд би гэмтлийн эмнэлэгт хэвтэн хагалгаанд орсон. Миний баруун гарын шуу хэсгээр хоёр газар хугарсан гэсэн. Гэмтсэн гар одоогоор мэдээ сайн ороогүй хөндүүртэй, өвчтэй байна. ...” /1 хх 28-29, 42, 2 хх 210, 3 хх 123/,
хохирогч Д.Т-н “...Зарын дагуу 2022 оны 01 дүгээр сараас “А О Г К” ХХК-д барилгын гадна фасадны ажил хийхээр ажилд орсон. Энэ компанийн үндсэн ажилтан биш, түр ажиллаж байсан, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. ... Би өдрийн 100.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан, “А О Г К” ХХК-ийн захирал гэж ойлгож явсан Р миний цалинг өгдөг байсан. ...2022 оны 05 дугаар сарын 21-ний өглөө 9 цагт ажил цуглараад Р “өнөөдөр барилгын дээвэр дээрээс өргөгч төхөөрөмж буулгана” гэж хэлсэн. Энэ өдөр Р, З бид гурав байсан, өөр хүн байгаагүй, “Ө Х” ХХК-ийн ажилчид цөөн хүн ирсэн харагдаж байсан. Бид гурав барилгын ертөнцийн зүгээр зүүн талд байх хоёр ширхэг өргөгч төхөөрөмжийг суллаж тайлж авахад бэлэн болгосон. Тэгээд 11 цаг өнгөрч байхад барилгын ертөнцийн зүгээр баруун талд байх хоёр өргөгч төхөөрөмжийн хойд өргөгч төхөөрөмж дээр бид гурав гараад З удирдлагаар дээш явуулаад 3 давхарт явж байхад өргөгч төхөөрөмжийн дээвэр дээр байсан гар унахад тэвшний урд хэсэг шууд унаж бид гурав тэвшнээс газар унасан юм. Би нэг хэсэг ухаан алдсан байсан. ... Захиалагч болох “Ө Х” ХХК-иас үе үе хөдөлмөр хамгааллын ажилтан гээд нэг эрэгтэй хүн ирээд тайлбарлаж хэлдэг байсан, тэрнээс биш өдөр тутам зааварчилгаа танилцуулж гарын үсэг зуруулдаг зүйл байхгүй. “А О Г К” ХХК нь хөдөлмөр хамгааллын ажилтан гэж зааварчилгаа өгч байсан зүйл байхгүй, Р л техник төхөөрөмжийг ажиллуулах талаар хэлж ярьдаг байсан. ...” /1 хх 48- 50/,
мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Р хохирогчоор “...Эхнэр бид хоёр 2016 онд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар болоод “А О Г К” ХХК-ийг үүсгэн байгуулж, захирлаар эхнэрийн нэр байдаг боловч барилгын чиглэлийн үйл ажиллагаанд оролцдоггүй, миний бие бүх үйл ажиллагааг хариуцдаг. ... 2021 оны 12 дугаар сард “Ө Х” ХХК-тай Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд баригдаж байгаа Гарден вилла хотхоны гадна металл ажил хийж гүйцэтгэх гэрээг “А о г к” ХХК-ийн нэрээр байгуулсан. ... Цогоогийн үнийн саналаар “Ө Х” ХХК-тай миний бие гэрээ байгуулсан. 2022 оны 05 дугаар сарын 21-ний өглөө ажил 09 цагт цуглаад З, Т бид гурав барилгын зүүн талд байх нэг ширхэг өргөгч төхөөрөмжийг буулгахад бэлэн болгоод троссыг нь сулласан. Тэгээд баруун талын урд талын өргөгч төхөөрөмжийн тогийн утсыг салгасан. Хойд талын өргөгч төхөөрөмж дээр бид гурав гараад дээшээ өгсөөд явж байхад өргөгч төхөөрөмжийн амь олс 3 болон 4 давхрын ойролцоо өргөгч төхөөрөмжийн тросст орооцолдсон байсан. Тэгээд бид гурав орооцолдсон байсан амь олсны ойролцоо ирсэн чинь өргөгч төхөөрөмж унасан, хаанаас юу нь салаад унасныг сайн мэдээгүй, тухайн үед ухаан алдаад унасан, нэг сэрэхэд эмнэлэгт байсан. ...Гэрээг “Ө Х ХХК-тай байгуулсан би өөрийн нэрээр байгуулсан. ... Манайх компаниараа ажил авсан тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтантай байдаг байсан. ... Энэ ажил дээр бригадаар орсон тул хөдөлмөр хамгааллын ажилтан авах төлбөр мөнгөний боломж байхгүй, мөн авах шаардлага байхгүй байсан. ...” /1 хх 53-54/,
гэрч Б.Н-н “...2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 11 цагийн орчим гэрийнхээ гадна талбай дээр зээ А, О, С нарын хамт байсан, А тоглоомын талбайн тоглоом дээр тоглож байсан. Тэгэхэд зүүн талд баригдаж байсан барилгын хоёр давхар орчим дээшээ тавцангаар хүмүүс гарч байсан. Энэ тавцан троссоор татдаг тавцан байсан бөгөөд 16 дугаар давхрын дээрээс нэг хүн гэнэт “дээшээ явж болохгүй” гээд орилоод байсан. Тэгээд удалгүй урд тросс тасарч, 3 залуу байсан гурвуулаа унасан бөгөөд шууд дээрээс төмөр унаж, тоглоомын талбай дээр А-н тоглож байсан тоглоом дээр унаж, А урагшаа үсрээд унасан. Тэгээд очоод тэврээд авахад “ёо ёо” гээд байсан. ...” /1 хх 55-56/,
гэрч Б.Б-н “...Би 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өөрийн ажил болох Хан-Уул дүүрэг 6 дугаар хороо, “Х В” хотхоны баригдаж буй барилгын ажил дээр оффисын өрөөнд сууж байхад 11 цаг орчим гадна барилга дээр юм унах чимээ гарахаар нь гараад харсан чинь гадна фасадны люлк нь дээр байсан гурван хүн унасан байсан. Би очиж хараад “битгий хөдөл” гэж хэлээд түргэн дуудсан, түргэн тусламж 10 орчим минутын дараа ирсэн. ... Манай талбай дээр 3 өөр туслан гүйцэтгэгч ажиллаж байсан бөгөөд ... фасадны туслан гүйцэтгэгчээр “А О Г К” ажиллаж байсан. Уг өдөр унасан хүмүүс барилга дээр фасад хийж байсан туслан гүйцэтгэгч компанийн хүмүүс байсан бөгөөд захирал нь болох О.Р болон хоёр ажилчин байсан. Манайх хөдөлмөр хамгааллын ажилтан байсан нь саяхан ажлаас гарсан бөгөөд оронд нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажилтан аваад энэ хүн нь ажилтайгаа танилцаад явж байсан. 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хөдөлмөр аюулгүй ажиллагааны ажилтан байхгүй байсан. ... Хөдөлмөр аюулгүй байдлын ажилтныг гүйцэтгэгч тал хариуцахаар гэрээ хийж ажилладаг бөгөөд хөдөлмөр аюулгүй байдлын ажилтны үүргийг “А О Г К” ХХК-ийн захирал О.Р өөрөө хийгээд мөн ажлаа давхар хийгээд явдаг байсан. ...” /1 хх 58-59/,
гэрч Б.Т-ны “...Миний бие “У с” ХХК-д дээврийн ажилтан 2021 оны 09 сараас хойш хийж байна. Тухайн компанид ажиллахад өөр өөр газруудад очиж ажилладаг. 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр захирал Батхуяг “маргааш Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны “Ө Х” ХХК-ийн баригдаж байгаа барилга дээр очиж цэвэрлэгээ хийгээрэй” гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 21-ний өглөө 09 цагийн орчим барилга дээр ирээд барилгын инженер Б-тэй уулзаад “дээвэр дээр цэвэрлэгээ хийх гэж ирлээ, тэрэг цэвэрлэгээний багажаа яаж дээшээ гаргах вэ” гэтэл Б люлкны залуучуудтай уулзуулсан, түүний дараа “бид нар люлк янзалж байна түр хүлээж байгаарай” гэхээр нь цэвэрлэгээний багажаа цахилгаан люлкны хажууд нь тавьчхаад 11 цаг 30 минут хүртэл хүлээгээд болохгүй байхаар нь цуг ажиллах ёстой байсан Золбаяртай хамт барилгын дээвэр лүү шүүрээ аваад гарсан. Дээвэр дээр гараад дээрээс нь цахилгаан өргөгчийг харахад цахилгаан өргөгчийн хүндрүүлэгч байхгүй байсан. Тэгэхээр нь би хамт ажиллаж байсан Золбаярт хандаж “Гялс доошоо буугаад нөгөө залуучуудад хэлээрэй, хүндрүүлэгч нь байхгүй байна, битгий өргө гэж хэл” гээд Золбаярыг доошоо буулгасан. Золбаяр доошоо буугаад удаагүй байтал цахилгаан өргөгчийн төмөр хөл нь уначихсан. ...” /1 хх 61/,
гэрч О.З-н “... 2022 оны 05 дугаар сарын 21-ний өглөө 09 цагийн орчим барилга дээр цэвэрлэгээ хийх хэрэгтэй гээд ирсэн. Дээвэр дээр цэвэрлэгээний багаж хэрэгслээ гаргах гэтэл люлка нь болохгүй байгаа гээд 11 цаг 30 минут хүртэл хүлээгээд болохгүй болохоор нь хамт ажилдаг залуу Т-тай хамтдаа шүүрээ аваад гарсан. Тэгээд дээвэр дээр гараад удаагүй байтал Т “Цахилгаан өргөгчний хүндрүүлэгч байхгүй байна, доошоо орилоорой, хүмүүст хэлээрэй” гэхээр нь би доошоо орилж амжаагүй байтал цахилгаан өргөгч унасан, унаж байгаа нь надад харагдсан. ...” /1 хх 63/,
гэрч Б.Ц-н “...Би “Ө Х” ХХК-д 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулан хөдөлмөр хамгааллын ажилтнаар захирлын тушаал гарч ажилд томилогдсон. Тэгээд ажлаа хийгээгүй, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл биеийн эрүүл мэндийн байдлын улмаас захирал Т-с чөлөө авсан. ...Миний ажил үүргийн хувиар бол барилга угсралтын талбай болон үйлдвэрлэлийн орчинд зорчих иргэд ажилчдын аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэн хөдөлмөр хамгааллыг сахиулан ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй. Осол болох үед би байгаагүй. “Ө Х” ХХК нь уг төслийн захиалагч, ерөнхий гүйцэтгэгч бөгөөд олон туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулан ажиллуулж байгаа гэж би ойлгосон. ...”/1 хх 66/,
гэрч О.А-н “...Би “А о г к” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай бөгөөд манай компани барилга тохижилт, гадна фасадны ажил хийж гүйцэтгэдэг тусгай зөвшөөрөлтэй. ...Манай нөхөр Р “би бригадаар “Ө Х” ХХК-тай гэрээ байгуулаад металл хавтан өлгөх ажлыг хийхээр боллоо” гэсэн, уг гэрээ надад байхгүй. Нөхөр Т, З нарын хамт уг ажлыг 2022 оны 03 дугаар сарын сүүлээр эхэлсэн. Уг хавтанг хийх ажил ерөнхийдөө дуусаж байсан. 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр манай нөхөр өөрийн ажлын тоног төхөөрөмж бүх зүйлийг шалгаад 20-ны өдөр амрахаар ажилчдаа тараасан. 2022 оны 05 дугаар сарын 21-ний нөхөр “ажилдаа явлаа” гээд 08 цаг өнгөрч гарсан. Тэгсэн 13 цаг өнгөрч байхад гэмтлийн эмнэлгийн сэхээний эмч утсаар нөхөр осолд орсон талаар хэлсэн. ... Би компанийн ерөнхий захирал гэж явдаг боловч манай нөхөр барилгын бүх үйл ажиллагааг хариуцдаг, менежер гэх албан тушаалтай. Уг гэрээгээр хөдөлмөр хамгааллаа манайх хариуцахаар байсан бөгөөд манай нөхөр хөдөлмөр хамгааллын ажлаа хариуцдаг, гэрээний дагуу уг ажил дууссан. ...Осол болох үед нөхөр “Ө Х” ХХК-тай бригадаар гэрээ байгуулсан гэж хэлсэн. ...” /1 хх 76-77/,
гэрч Б.Т-н “... Манай нөхөр Б.П “Ө Х” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажилладаг тухайн компанийн үйл ажиллагааг бүрэн хариуцаж, бие даан шийдвэр гаргах, гэрээ хэлэлцээр, байр худалдан борлуулах, эрх олгох, зөвшөөрөл өгөх болон компанийн талаар бүх шийдвэрийг бие даан гаргадаг. Би П-н зөвлөснөөр гарын үсэг зурж, төлбөр тооцоог төлөхөд заримдаа оролцдог. ... Барилгын үйл ажиллагаанд ер нь би оролцдоггүй, хүүхдүүдээ хараад гэртээ байдаг... 2022 оны 05 дугаар сард туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан компанийн ажилтан хүмүүс унаж гэмтсэн гэдгийг сүүлд мэдсэн. ...” /1 хх 85/,
гэрч П.Ц-н “...Раман дээр хавтангууд суурилуулах ажлыг нь чи хийх юм уу гээд Р-д хэлэхэд зөвшөөрч Б.П-тэй гэрээ байгуулаад ажлаа хийх явцдаа дээрх осол гарсан. ...Осол гарсан шалтгаан нь Р-н өөрийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэж боддог, учир нь дээвэр дээр гарч ажил хийж байсан хүн байхгүй, өргөгч төхөөрөмжийг өөрсдөө хариуцаж байсан, буулгах, зөөх ажлыг өөрсдөө хийж байсан. ...” /2 хх 212-213/,
гэрч О.Б-н “... Эсрэг ачааг хэн хэзээ авсан талаар надад мэдэж байгаа зүйл байхгүй. ... Мөн өргөх төхөөрөмжийг хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгах үүрэг байхгүй. ... Гүйцэтгэгч нар өөрсдөө хариуцах ёстой. ...” /2 хх 217/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Г.А-н биед баруун шуу ясны дунд 1/3 хэсгийн зөрөөтэй далд хугарал, баруун богтос ясны шууны мэдрэл гэмтээсэн дээд болон доод хэсгээр хоёрлосон хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдийн 7799 дугаартай дүгнэлт /1 хх 87-89/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын хэргийн материалаар нэмэлт шинжилгээ хийсэн шинжээчийн “... Г.А-н биед баруун гарын атгаал ясны дээд төгсгөлийн өсөлтийн бүс дайрсан хугарал /Salter-Harris fracture type I/, баруун гарын мөрний мэдрэлийн сүлжээний гэмтэл, баруун шуу ясны дунд 1/3 хэсгийн зөрөөтэй далд хугарал, баруун богтос ясны шууны мэдрэл гэмтээсэн дээд болон доод хэсгээр хоёрлосон хугарал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна. ...” гэсэн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 908 дугаартай дүгнэлт /1 хх 97-99/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... О.Р-н биед бүсэлхий нурууны 4-р нугалмын их биеийн дээд гадаргуу урд хэсэг болон арын хэсэгтээ сэлтэрсэн мөн нугасны гарах ёзоорын нүх дайрсан хугарал, сээрний 11-р нугалмын, бүсэлхий нурууны 2,3,4-р нугалмын арын сэрмэн шугаман хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаана. ...” гэсэн 2022 оны 06 дүгээр сарын 06-ны өдрийн 7797 дугаартай дүгнэлт /1 хх 125-126/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Д.Т-н биед зүүн эгэм яс, хамар яс, зүүн ухархайн дотор, доод ханын хугарал, зүүн зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун шуу, хоёр өвдөг, зүүн өсгийд нөсөө бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон үед үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Зүүн эгэм ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, хамар яс, зүүн ухархайн дотор, доод ханын хугарал, зүүн зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун шуу хоёр өвдөг, зүүн өсгийний нөсөө нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 8780 дугаартай дүгнэлт /1 хх 134-136/,
Мэргэшсэн шинжээчдийн 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №ХАБ-07/23 дугаартай дүгнэлтэд: “... Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд баригдаж байгаа “Ө Х” ХХК-ийн Гарден Вилла хотхоны барилга дээр 2022 лгы 05 дугаар сарын 21-ний өдөр Д.З, Д.Т, О.Р нар нь өргөх төхөөрөмжийн дээр барилгын 3-н давхарт ажил үүрэг гүйцэтгэж байхад нь өргөгч төхөөрөмжийн дээвэр дээр байсан гар унахад тэвшний урд хэсэг доош нурж дээрх 3-н ажилтан өндрөөс унаж осолдож гэмтсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц, хордлогын судлан бүртгэх дүрмийн 2.1 “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурд хордлогод дараах тохиолдол өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно.” 2.1.1 ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед заалтад хамаарч байх тул үйлдвэрлэлийн ослын акт тогтоогдоно. Тоглоомын талбай дээр тоглож байсан 9 настай Г.А-н баруун гар гэмтсэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл, ахуйн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20 “үйлдвэрийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг” гэж заасан эрх зүйн томьёолол үйлчлэлд хамаарахгүй байна. Иргэн О.Р нь “Ө Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Т-тэй 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хийсэн ажил гүйцэтгэх гэрээ нь иргэний эрх зүйн нэг хэлбэр болох ажил гүйцэтгэх гэрээний нэг төрөл юм. Иргэн О.Р нь “А О Г К” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан боловч тухайн гэрээг хийхдээ байгууллагын нэрийн өмнөөс бус хувь иргэн гэдэг үүднээс “Ө Х” ХХК-тай гэрээ байгуулсан нь ...тусгай зөвшөөрөл шаардах барилгын ажлыг хувь иргэн /бригад/ гэрээ байгуулсан нь уг гэрээ нь хууль бус гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна. ...Осолдогч Д.Т, Д.З нь нарын хувьд иргэн О.Р-г ажил олгогч гэж үзэх үндэслэлтэй. Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль Зам тээвэр барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 234 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралт “Барилгын өргүүрийг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм”, Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163 дугаар тушаалаар баталсан №2487 Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм I хэсэг Ерөнхий шаардлага /БНБД 12-03-04/-д заасан хэм хэмжээ зөрчигдсөнөөс Д.Т, О.Р, Д.З нар осолдсон байна. ...О.Р нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын хууль, дүрэм, журам, стандартыг хэрэгжүүлэх сахин хангуулах үүрэгтэй. Ажил олгогч О.Р нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан үүргээ биелүүлээгүй, ...мөн хуулийн 27 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлэх боломжтой байсан. Бригадын дарга О.Р нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д заасныг зөрчиж, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн, ...хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгаа өгөөгүй байна. Д.Т, О.Р нар нь хөдөлмөрийн хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаагүй, нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. ... Ажил эхлэхийн өмнө дүүжинт өргүүрийн консол /гуя/-д эсрэг ачаа ба тогтворжуулагч ачаа хийгдсэн эсэхэд үзлэг, шалгалтыг хийгээгүй, осолдогч нар нь өндрийн хамгаалалтын бүсийг дүүжинт өргүүрт бэхлээгүй ажил үүрэг гүйцэтгэж байсан нь Д.Т, О.Р нарын осолдоход нөлөөлсөн, осол гарсан шалтгаан нөхцөл болсон байна. ...Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 234 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралтаар баталсан Барилгын өргүүрийг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрмийн 2.3.3, 4.4.16 гэх заалтууд тус тус зөрчигдсөний улмаас тоглоомын талбай дээр тоглож байсан Г.А гэмтсэн байна. ... Бригадын дарга О.Р нь Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих үүргээ биелүүлж, ажиллаагүй, үйлдвэрлэлийн гадна орчны аюулгүй байдлыг хангаагүй, гуравдагч этгээдийг барилгын ажлаас шалтгаалан болзошгүй аюулаас урьдчилсан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг аваагүй, дүүжинт өргүүрийн консол гуя-д эсрэг ачаа ба тогтворжуулагч ачаа хийлгүйгээр өргөх төхөөрөмжийн аюулаас урьдчилан сэргийлэх хамгаалах арга хэмжээг аваагүй, дүүжинт өргүүрийн консол гуя-д эсрэг ачаа ба тогтворжуулагч ачаа /хүндрүүлэгч/ хийлгүйгээр өргөх төхөөрөмжийн дээр ажил гүйцэтгэж байснаас дүүжинт өргүүрийн консол /гуя/ нь барилгын 16-н давхраас шидэгдэж тоглоомын талбай дээр тоглож байсан Г.А-г гэмтээсэн байна. ... Гүйцэтгэгч иргэн О.Р нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Барилгын тухай хууль, Зам тээвэр барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 234 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралт Барилгын өргүүрийг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрмийн 4.4.2-т заасан шаардлагыг хангуулаагүй, аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлээгүй байна. гэсэн дүгнэлт ...” /1 хх 150-158/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 15-24/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 25-26/, Хөдөлмөр, хамгаалал аюулгүй ажиллагааны дэвтрийн хуулбар /1 хх 173-182/, “Ө Х” ХХК-ийн ерөнхий захирлын АБ-21/05 тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын хуулбар /1 хх 210-226/, “Ө Х” ХХК болон иргэн О.Р нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ /2 хх 66-75/, насанд хүрээгүй хохирогч Г.А, хохирогч Д.Т нарын хохирсон талаарх баримтууд /2 хх 77-99, 118-130, 225-250, 3 хх 1-13, 166-179/, Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон №313, №347 дугаартай дүгнэлтүүд /3 хх 141-143, 153-155/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.П, О.Р нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн төдийгүй шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.П, О.Р нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь тэдний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Гэвч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.П, О.Р нар нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч Б.П-с гэмт хэргийн улмаас учруулсан хохиролдоо насанд хүрээгүй хохирогч Г.А-н хууль ёсны төлөөлөгч Б.А-д 15.000.000 төгрөгийг нэмж төлсөн, прокурор давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт “... ял шийтгэлийг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй...” гэснийг, мөн шүүгдэгч О.Р нь хохирол төлөөгүй боловч тэрээр уг гэмт хэргийн улмаас хүндэвтэр зэргийн гэмтэл авч, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, ялыг ялгамжтай байдлаар оногдуулж, шүүгдэгч Б.П-д 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч О.Р-д 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
Дээрх үндэслэлээр шүүгдэгч О.Р, шүүгдэгч Б.П-н өмгөөлөгч Э.Энххэрлэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг бүхэлд нь хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулав.
Хэргийг давж заалдах шатны шүүхэд хянагдах явцад шүүгдэгч Б.П нь насанд хүрээгүй хохирогч Г.А-н хууль ёсны төлөөлөгч Б.А-д 15.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлснийг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/587 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П, О.Р нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-г 2.000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч О.Р-г 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.П, О.Р нар нь шүүхээс оногдуулсан торгох ялуудыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэсэн,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П, О.Р нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дахь заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
4. Шүүгдэгч Б.П нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд насанд хүрээгүй хохирогч Г.А-н хууль ёсны төлөөлөгч Б.А-д 15.000.000 /арван таван сая/ төгрөг төлснийг дурдсугай.
5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ М.АЛДАР