Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 137/ШШ2025/00471

 

                                           Зохигчдын эвлэрлийг баталж,

                                         хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч З.З холбогдох зээлийн 9,129,120.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 сарын 06-ны өдөр хүлээн авч 2025 оны 08 сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У хот, Ч дүүрэг, ..-р хороо, С нэрэмжит талбай, Г банк төв байр /ХХД:......, РД:........, утас:...../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж овгийн З З нь 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Голомт банктай ЗГ- ...........-2024/10/....... тоот Дижитал зээлийн гэрээ /Дижитал зээл-харилцагч/-г байгуулж 9,940,000 (есөн сая есөн зуун дөчин мянга) төгрөгийн зээлийг жилийн 21 (хорин нэг) хувийн хүүтэй, 30 (гучин) сарын хугацаатайгаар, сард 1 удаа (сар бүрийн 30-нд) буцаан төлөх үүрэг хүлээн авсан. Зээлдэгч З З нь ЗГ-........... тоот зээлийн гэрээний хавсралт No1-ын дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 110 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байна. Иймд дээрх зээлийн гэрээг цуцалж, 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,129,120.18 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт Г банканд олгуулж өгнө үү гэжээ.           

                            

Хариуцагч Д аймгийн Эсумын ....-р баг, ..-р гудамж ... тоотод оршин суух, Жовогт З З /РД: ......., утас:......./ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч З З миний бие Г банкны гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээл авсан нь үнэн Г банкны нэхэмжилсэн 9,129,120.18 төгрөгийг 6 сарын хугацаанд 2025 оны 09-р сарын 30-ны өдрөөс 2026 оны 03-р сарын 30-ны өдрийн дотор сар бүрийн 30-ны өдрийн дотор 1,521,520 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.

Нэхэмжлэгч Г банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: "Г банк" ХК-ийн зээлийн гэрээг цуцлуулж, 9,129,120.18 төгрөг гаргуулах тухай Ж овгийн З З холбогдох иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Хариуцагчаас 9,129,120.18 төгрөг төлөхөө зөвшөөрч 2025.09.30-ны өдрөөс 2026.02.28-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх санал гаргасныг нэхэмжлэгчээс зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг ойлгосон болно. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч З.З холбогдуулан 9,129,120.18 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.З нь нэхэмжлэлийн шаардлага 9,129,120.18 төгрөгөөс хариуцагч З.З нь 6 сарын хугацаанд 2025 оны 09-р сарын 30-ны өдрөөс 2026 оны 03-р сарын 30-ны өдрийн дотор сар бүрийн 30-ны өдрийн дотор 1,521,520 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.А нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ:

1. Нэхэмжлэгч Г банк ХК-ийн нь хариуцагч З.З холбогдуулан 9,129,120.18 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч З.З нь нэхэмжлэлийн шаардлага 9,129,120.18 төгрөгөөс хариуцагч З.З нь 6 сарын хугацаанд 2025 оны 09-р сарын 30-ны өдрөөс 2026 оны 03-р сарын 30-ны өдрийн дотор сар бүрийн 30-ны өдрийн дотор 1,521,520 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161,016 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 80,508 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч З.З улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 80,508 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч З.З нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                   ШҮҮГЧ                                   Э.БОЛОРМАА