2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2025/08349

 

 

 

 

 

      2025             10             16

   192/ШШ2025/08349

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: ****** дүүрэг, ***** дүгээр хороо, ******* хотхон ***** дугаар байр, ******* тоотод оршин суух, Б овогт Т-н Э- /рд:********/

Хариуцагч: ******* дүүрэг, ***** дугаар хороо, ********* гудамж, *******, ********* ***** талд, өөрийн байранд байрлах, У ТӨХК /рд:*********/

Нэхэмжлэлийн шаардлага: У ТӨХК-ийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/261 дугаар тушаалын Т.Э-д холбогдох хэсгийг хууль бусд тооцуулах, ажлаас халагдсаны тэтгэмж болох 41,772,472 төгрөг гаргуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу түүнтэй дүйцэх ажил, албан тушаалд буцаан томилох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Т.Э-,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т,

хариуцагчийн өмгөөлөгч Д.О,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Э- нь У ТӨХК-д холбогдуулан У ТӨХК-ийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/261 дугаар тушаалын Т.Э-д холбогдох хэсгийг хууль бусд тооцуулах, ажлаас халагдсаны тэтгэмж болох 41,772,472 төгрөг гаргуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу түүнтэй дүйцэх ажил, албан тушаалд буцаан томилох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

1.1. Би У ТӨХК-д 2016-2024 оны 10 дугаар сар хүртэл хуулийн мэргэжилтэн, хуулийн зөвлөх, хуулийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан.Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гүйцэтгэх захирлаар Ц.А- томилогдон ирж маргааш нь гаргасан 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/261 дүгээр тушаалаар нийт ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2 дахь заалтаар /хавсралтын надад холбогдох хэсэгт/ үндэслэлгүйгээр албан тушаал болон цалин хөлс бууруулан захиргаа удирдлагын хэлтсийн хуулийн мэргэжилтнээр ажиллуулахаар хууль зөрчсөн тушаал гаргасан. У ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.А-гийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/261 дүгээр тушаалын 2 дахь хэсгийн надад холбогдох хэсгийг хууль бусд тооцуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3 тухайн аж ахуйн нэгж, байгууллагад таван жилээс 10 хүртэл жил ажилласан бол гурав ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх, У ТӨХК-ийн захиргаа үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 2024 онд хамтран ажиллаж дагаж мөрдөхөөр байгуулсан Хамтын гэрээний 5.16-д заасны дагуу 8 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж болох 41,772,472 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

1.2. Мөн урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу түүнтэй дүйцэх ажил, албан тушаалд буцаан томилох, ажлаас хууль зөрчиж чөлөөлсөн 2024 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс ажилд томилогдох хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.     

  

2. Хариуцагч хариу тайлбартаа: У ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 18 дугаар тогтоолоор компанийн зохион байгуулалтад өөрчлөлт оруулсантай холбоотой гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 261 дүгээр тушаалаар компанийн бүтцийг шинэчлэн баталж, зарим албан тушаал хасагдаж, нэршил өөрчлөгдсөн.Компанийн зохион байгуулалт шинэчлэгдсэнтэй холбоотойгоор гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн Б261 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар компанийн бүх ажилчдыг ажлаас нь чөлөөлж, 2 дугаар хавсралтаар шинэчлэгдсэн бүтцийн дагуу бүх ажилтануудыг ажлын байранд нь буцаан томилсон.У ТӨХК-ийн бүтцийн өөрчлөлтөд Т.Э-ийн эрхэлж байсан хуулийн ахлах мэргэжилтэн албан тушаал нь хууль эрх зүйн мэргэжилтэн болж, ахлах мэргэжилтэн гэдэг албан тушаал нь байхгүй болоод хууль эрх зүйн мэргэжилтэн гэсэн албан тушаал батлагдсан.Түүний эрхэлж байсан ажлын байрны чиг үүрэг нь хэвээрээ хадгалагдаж, үргэлжүүлэн ажиллуулах тушаалыг гаргасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Нэхэмжлэл /хх1/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 3/, У Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын А/161 дугаар тушаал, хавсралт /хх 4-6/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/ШЗ2024/21054 дугаар захирамж /хх 7/, У ТӨХК-ийн а/2398 тоот албан бичиг /хх 135/, УБДС ТӨХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хурлын тэмдэглэл 2024/02 /хх 136-137/, У ТӨХК-ийн хөдөлмөрийн маргаан туслах комисст Өргөдөл гаргах нь /хх 138/, Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай /хх 148/,  

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх 8, 55/, У ТӨХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 9/, Хариу тайлбар хүргүүлэх тухай /хх 16-17/, У ТӨХК-ийн захиргаа удирдлагын хэлтсийн хууль эрх зүйн мэргэжилтэн Т.Э-ийн ирцийн мэдээлэл /хх 18-19, 64-66/, Захиргаа, удирдлагын хэлтсийн хамт олны хурлын тэмдэглэл №02 /хх 20-21/, У ТӨХК-ийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 01/2598 тоот албан бичиг /хх 22/, Тушаалын төсөл Ажилтнуудыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай /хх 23/, У ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 18 дугаар тогтоол, хавсралт /хх 24-25/, У ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б/261 дугаар тушаал, хавсралт /хх 26-28/, У ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын А/161 дугаар тушаал, хавсралт /хх 29-32/, УБДС ТӨХК-ийн Хуулийн албаны хууль, эрх зүйн мэргэжилтэн Т.Э-ийн 2024 оны 5 дугаар сараас 2024 оны 10 дугаар сарын цалин /хх 67/, Хууль зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх 68-69/, Хөдөлмөрийн гэрээ №2022/01-21 /хх 80-83/, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /84-89/, Монгол улсын Эрчим хүчний яамны в/2818 тоот албан бичиг /хх 90/, Эрчим хүчний яамны Дотоод аудитын хорооны 24/05, 24/06 тоот тогтоол /хх 91, 92/, Дотоод аудитын ажлын тайлан /хх 93-103/, У ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын А/77 дугаар тушаал, хавсралт /хх 104-112/, У ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б/340 дугаар тушаал /хх 113/, Ажлын байрны тодорхойлолт /хх 114-118/, У ТӨХК-ийн захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл дугаар 54 /хх 119-128/, Өмгөөлөгч оролцуулах тухай /хх 154/, У ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б/185 дугаар тушаал, хавсралт /хх 155-177/,          

 

5. Шүүхээс дараах баримтуудыг цуглуулсан. Үүнд: Нэхэмжлэгчийн хүсэлтээр У ТӨХК-ийн 01/521 тоот албан бичиг, хавсралт /хх 39-49/,

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

2.Нэхэмжлэгч нь У ТӨХК-ийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/261 дүгээр тушаалын 2 дахь заалтаар үндэслэлгүйгээр миний албан тушаал болон цалин хөлс бууруулан захиргаа удирдлагын хэлтсийн хуулийн мэргэжилтнээр ажиллуулахаар хууль зөрчсөн тушаал гаргасан тул уг тушаалын 2 дахь хэсгийн надад холбогдох хэсгийг хууль бусд тооцуулж, 8 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж болох 41,772,472 төгрөгийг хариуцагчаас гаргуулна, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу түүнтэй дүйцэх ажил, албан тушаалд буцаан томилох, хууль зөрчиж ажлаас чөлөөлсөн 2024 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс ажилд томилогдох хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулна, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч нь Компанийн зохион байгуулалт шинэчлэгдсэнтэй холбоотойгоор У ТӨХК-ийн бүтцийн өөрчлөлтөд Т.Э-ийн эрхэлж байсан хуулийн ахлах мэргэжилтэн албан тушаал нь хууль эрх зүйн мэргэжилтэн болсон, түүний эрхэлж байсан ажлын байрны чиг үүрэг нь хэвээрээ үргэлжүүлэн ажиллуулах тушаал гаргасан боловч ажилдаа ирээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  

У ТӨХК-ийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/261 тоот тушаалаар компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэгч Т.Э-ийн ажиллаж байсан хуулийн ахлах мэргэжилтэн гэх ажлын байрны нэрийг  хууль эрх зүйн мэргэжилтэн гэж өөрчилж, энэхүү албан тушаалд Т.Э-ийг 2024 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажиллуулахаар томилсон байна.

 

Ийнхүү У ТӨХК нь бүтэц, зохион байгуулалтдаа өөрчлөлт оруулан ажиллах болсон үндэслэл нь Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас У ТӨХК-ийн 2023 он, 2024 оны эхний 5 сарын үйл ажиллагаанд дотоод аудит хийж, “сайжруулах шаардлагатай” гэсэн 2024 оны 8 дугаар сарын 28-ны дүгнэлт гарсан байна./хх 93-103/

 

Эрчим хүчний яамны дотоод аудитын хорооны 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 24/05 дугаартай тогтоолоор дээрх Аудитын дүгнэлт, завлөмжийг баталж, мөн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 24/06 дугаартай тогтоолоор У ТӨХК-ийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын зөвлөмжийн биелэлтийг ханган ажиллаж, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор тайлагнахыг гүйцэтгэх захирал Г.Баярсайханд үүрэг болгож, Эрчим хүчний яамны 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн в/2818 дугаартай албан бичгээр Дотоод аудитын хорооны тогтоол, тайланг У ТӨХК-д хүргүүлсэн байна./хх 90-92/

 

Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлж, У ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн  2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 18 дугаар тогтоолоор компанийн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулж, зохион байгуулалтын бүтцийн схемийг баталсан байна.

 

Улмаар У ТӨХК-ийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Ажилтануудыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/261 тоот тушаалаар Компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орсонтой холбогдуулан нэгдүгээр хавсралтад заасан нэр бүхий ажилтануудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2024 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөр цуцалж, шинээр батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажиллах ажилтануудын нэрс, үндсэн цалин болон бусад нэмэгдлүүдийг хоёрдугаар хавсралтаар баталж, 2024 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс тус тус албан тушаалд томилж, энэхүү тушаалын төсөлд санал авах баримттай нэхэмжлэгч Т.Э- танилцсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д аж ахуйн нэгж байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан байх бөгөөд хариуцагч У ТӨХК-ийн хувьд энэ хуульд заасан ажлын байр хасагдсан нөхцөл байдал бий болсон гэж үзэхээр байна.

 

Учир нь хариуцагч байгууллага өөрийн зохион байгуулалтын бүтэц нэгжийн орон тоог өөрчлөхдөө хуулийн ахлах мэргэжилтэн гэх ажлын байрны нэрийг хууль эрх зүйн мэргэжилтэн гэж өөрчилж, хуулийн ахлах мэргэжилтэн гэх ажлын байр хасагдсан байх тул У ТӨХК-ийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/261 дугаар тушаалын Т.Э-д холбогдох хэсгийг хууль бусд тооцох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх  үндэслэлгүй байна.

 

У ТӨХК-д нэгэнт хуулийн ахлах мэргэжилтэн гэх ажлын байр байхгүй болсон, нэхэмжлэгчийг хуулийн ахлах мэргэжилтэн албан тушаалаас чөлөөлж, хууль эрх зүйн мэргэжилтэн албан тушаалд томилсон байдал нь хууль зөрчөөгүй байх тул түүнийг хуулийн ахлах мэргэжилтэн албан тушаалд эргүүлэн томилох, ажлаас халагдсаны тэтгэмж олгох боломжгүй байна.

 

Харин нэхэмжлэгчийг хууль эрх зүйн мэргэжилтэн гэх албан тушаалд томилсон байгааг түүнтэй дүйцэх ажил, албан тушаалд томилсон байна гэж үзэх боломжтой байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 82 дугаар зүйлийн 82.1, 61 дүгээр зүйлүүдэд заасан үндэслэлгүй тул У ТӨХК-д холбогдох Т.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

  

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.БАЯРСҮРЭН