Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 659

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

          Улсын яллагч Н.Гэрэлмаа,

        Шүүгдэгч Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Г холбогдох эрүүгийн 1806 03400 90620 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, " жолооч ажилтай, Баянзүрх дүүрэг 23 дугаар тоотод, эхнэр хүүхдийн хамт оршин суудаг, Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 19-ний 34 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 10 хоног хорих ял шийтгэгдсэн, 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүхийн 647 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Т.Г.

 

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Ц.Г нь 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 42 дугаар байрны гадна Ё.Батхишигтэй маргалдаж, түүний нүүрэнд цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Г мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

        Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ё.Батхишигийн мэдүүлэг /хх-6-7/, шүүгдэгч Т.Г гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-13-14/, шүүгдэгч Т.Г яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-24-25/, Шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 4519 дугаартай дүгнэлт /хх-10/, шүүгдэгч Т.Г иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-15/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-16/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч Ц.Г нь 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 42 дугаар байрны гадна Ё.Батхишигтэй маргалдаж, түүний нүүрэнд цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ё.Батхишигийн өгсөн: “….Ганзүрх агсрах гээд байхаар нь хүний машинаас гаръя гээд бид 2 гарсан. Гараад хэл амаараа ойлгоцчих байх гэж бодсон. Тэгтэл ойлголцоогүй, зодолдъё гээд байсан. Ганзүрх миний нүүр лүү гараараа 3-4 удаа, дагз руу 2 цохьсон. Элэг рүү гарраараа 3 упаа цохьсон.” /хх-6-7/ гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Т.Г гэрчээр өгсөн: “... Уг нь засварын газраас бид 2 гараад манай найзынх руу явах явахгүйгээс болж чи мэддэг юм уу, би мэддэг юм гэж маргадаад барьцалдаж аваад хоорондоо зодолсон. Би ямар ч байсан нүүрэн тус газар нь 1 удаа цохьсон. Хөмсөг нь сэтэрсэн гэж байсан.” /хх-13-14/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Т.Г яллагдагчаар өгсөн: “... Уг нь засварын газраас бид 2 гараад манай найзынх руу явах явахгүйгээс болж чи мэддэг юм уу, би мэддэг юм гэж маргадаад барьцалдаж аваад хоорондоо зодолсон. Би ямар ч байсан нүүрэн тус газар нь 1 удаа цохьсон. Хөмсөг нь сэтэрсэн гэж байсан.” /хх-24-25/ гэх мэдүүлэг,

 

Шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 4519 дугаартай дүгнэлт:

1. Ё.Батхишигийн биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няурал, дээд уруулд шарх, хуйханд цус хуралт, зүүн хацарт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-10/ гэх дүгнэлт,

 

-Шүүгдэгч Т.Г иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-15/,

-Шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-16/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Г нь 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 42 дугаар байрны гадна Ё.Батхишигтэй маргалдаж, түүний нүүрэнд цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Т.Г холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Т.Г 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Т.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч Т.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.Ганзүрхийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Т.Г нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

            5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Т.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.            

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           

   7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

  8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС