Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 214/МА2022/00013

 

 

Бүрэгхангай сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

хариуцагч Ц.С*******д холбогдох иргэний хэргийн тухай

  Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 132 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Бүрэгхангай сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.С*******д холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэл 9.280.000 төгрөг гаргуулах  тухай шаардлага бүхий иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******, прокурор Д.С******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б******* /цахимаар/ прокурор Д.С*******, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Бүрэгхангай сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ц.С******* нь Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргатай 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 5 дугаартай “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ” байгуулан увс гутал хийх төслөөр Сум хөгжүүлэх сангаас 8.000.000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай 1,5 хувийн хүүтэйгээр гэрээ байгуулан авсан. Ц.С******* нь зээлийн гэрээний барьцаанд хөрөнгө барьцаалаагүй. Зээлдэгч Ц.С******* нь гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлөлтийг хийлгүй, 2015 онд 2.720.000 төгрөг төлсөн байна.

Иймд зээлдэгч Ц.С******* нь гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл 5.280.000 төгрөг, хүү 604.005 төгрөг, алданги 3.395.995 төгрөг нийт 9.280.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан Сум хөгжүүлэх сангийн 100030455401 тоот дансанд төлүүлнэ. Гэрээний хугацаа дуусаад удсан тул хариуцагчид хугацаа өгөх боломжгүй хурдан зээлийг төлүүлмээр байна гэжээ.

Хариуцагч Ц.С******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

         Миний бие нэхэмжлэлээс алданги 3.395.995 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Алданги төлнө гэж мэдээгүй, хүмүүс ер нь төлдөггүй юм байна лээ. Зөвхөн надаар төлүүлэх гээд байна. Хугацаа өгвөл үндсэн зээл болон хүүг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 132 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1,  76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар Ц.С*******гээс 9.280.000 /есөн сая хоёр зуун наян мянга/ төгрөг гаргуулах тухай Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Д.С******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

         ...Анхан шатны шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэгт цугларсан баримтууд болон талуудын тайлбарыг харьцуулан судлаад 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 5 дугаартай гэрээгээр нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна .

Хариуцагч зээлийн гэрээг байгуулсан болон гэрээний зүйл болох 8,000,000 төгрөгийг хүлээн авсан, мөн буцаан төлөөгүй байгаа үйл баримтын талаар маргаагүй тул прокурорын зүгээс нэхэмжлэгчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлсэн мөнгөө буцаан шаардах эрх бий болсон гэж үзэж байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсгийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар хуульчилсан бөгөөд “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ”-г талууд 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан байна.

Хариуцагч Ц.С******* нь 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 2,700,000 төгрөгийг зээлийн хүүг төлж түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд огт төлбөр төлөөгүй байна.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д заасны дагуу Шаардах эрх нь зээлдэгчээс хүү төлсөн өдөр буюу 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр дуусахаар байна.

Шүүхээс гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагч Ц.С*******гээс гаргасан тайлбартаа “...ер нь байнга надад хэлж сануулж зээлээ төлөхийг шаардаж байсан, хамгийн сүүлд 2021 оны 10 сард ирж уулзаж байсан, 2021 оны 12 дугаар сард сумын Тамгын газрын мэргэжилтэн зээлээ төлөх талаар “Мэдэгдэл” хүргүүлж байсан, би амьдралын боломжгүй, хүүхэд маань хэрэг төвөгт холбогдсон учраас зээлээ буцаан төлж чадахгүй өдийг хүрсэн, би үндсэн зээлийг хүүгийн хамт төлнө, алдангийг нь харин төлж чадахгүй, надад зээл төлөх хугацаа олгож өгөөч...” гэж шүүх хуралдаанд тайлбар гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...зээлдэгч Ц.С*******д бид байнга жил бүр зээлээ төлөхийг шаардаж, биечлэн уулзах, гэрт нь очиж мэдэгдэл хүргүүлэх зэргээр байнгын зээлээ төлөхийг шаардаж байсан” гэж шүүх хуралдаанд тайлбар гаргасан.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хариуцагчийн тайлбар зэргээс дүгнэвэл хариуцагчийн зүгээс тавьсан шаардлагыг бусад хэлбэрээр хүлээн зөвшөөрч зээлээ эрэн төлөх талаар баталгаа гаргаж байсан тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх бөгөөд энэ талаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан “...баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж,

Мөн хуулийн 79.7-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж тус тус хуульчилсан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж дахин шинээр эхлэн тооцох нь хуульд нийцэж байна.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 132 дугаартай шийдвэр нь хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зөрүүтэй тайлбарлаж, хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэхээр байна. Энэ хэргийн улмаас Төр хохирсон тул хариуцагчаас Төрд учирсан хохирлыг гаргуулах шаардлагатай.

Иймд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 165.1.5 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн 132 шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Хариуцагч Ц.С******* нь 2014.04.09-ний өдөр 201405 дугаартай гэрээг Сумын засаг даргатай байгуулж Сум хөгжүүлэх сангаас 8,000,000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай 1,5 хувийн хүүтэй авсан. 2015 онд 2,720,000 төгрөгийг төлсөн, өөр төлөлт хийгээгүй, зээл төлөх шаардлагыг байнга тавьж байсан боловч Ц.С******* нь манай хүүхэд автын осол хийгээд шоронд орчоод байгаа мөнгө төгрөгийн боломжгүй, мөнгө байхгүй байна, нөхөртэйгөө таарч тохирохгүй байгаа боломжтой болохоороо төлье гэсэн хүсэлт тавьж байсан. Амьдралын байдлыг нь харж үзээд шүүхэд хандахгүй өөдийг хүргэсэн. Хэдийгээр нэхэмжлэгч талаас шүүхэд хандаагүй ч сум хөгжүүлэх сангийн мэргэжилтний зүгээс хариуцагч Ц.С*******д жил бүр бичгээр мэдэгдэл хүргүүлж, байнга шаардаж байсан, хөдөө сум орон нутгаар ажлын хэсгээр явах бүртээ Ц.С*******гийн гэрээр орж зээлээ төлөх талаар хэлж мэдэгдэж байсан. Хариуцагчийн зээлээ төлөөгүй үйлдлийн улмаас “Төрд” хохирол учирч байх тул хариуцагч Ц.С*******гээс нэхэмжилсэн мөнгийг гаргуулж “Төр”-ийг хохиролгүй болгож өгнө үү. Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 132 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар Ц.С*******гээс 9,280,000 төгрөг гаргуулах тухай Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн хөөн хэлэлцэх хугацаа бусад үндэслэлээр тасалдсан гэж үзэж байна.

Иймд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн 132 шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

                                                                  ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Булган аймгийн Бүрэгхангай сумын засаг даргын тамгын газар Ц.С*******д холбогдуулан 9.280.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч Ц.С******* нь үндсэн зээлийн үлдэгдэл 5.280.000 төгрөг, хүү 604.005 төгрөг нийт 5.884.005 төгрөг төлнө, харин алданги 3.395.995 төгрөгийг төлөх боломжгүй  гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Ц.С******* нь Бүрэгхангай сумын Засаг даргын тамгын газартай 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр №5 дугаар бүхий зээлийн гэрээ байгуулж Сум хөгжүүлэх сангаас 8.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай 1.5 хувийн хүүтэй зээлж, 2015 онд зээлд 2.720.000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон байна.   

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлсэн зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрлийн тоо, чанар хэмжээтэй эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцсон хүү тогтоож болно” гэж зааснаар Бүрэгхангай сумын Засаг даргын тамгын газар хариуцагч Ц.С*******гээс зээлийн гэрээний хүүг шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1 заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Нэхэмжлэгч Бүрэгхангай сумын Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Ц.С******* нар шүүхийн хэлэлцүүлэгт ” ...сумын Засаг даргын тамгын газар зээлээ төлөхийг удаа дараа шаардаж  7-14 хоногийн хугацаа өгч байсан хамгийн сүүлд 2021 оны 10 дугаар сард сум хөгжүүлэх сангаас зээлээ төлөхийг шаардаж байсан талаар нэхэмжлэгч тал тайлбар гаргаж мэтгэлцсэн зэрэг байдлуудыг харгалзан үзэж хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэхэд бодит дүгнэлт хийж шийдвэрлээгүй байна.

Хариуцагч Ц.С******* нь тухайн үед манай хүүхэд гэмт хэрэгт холбогдсон, улс орон даяар “КОВИД-19” цар тахал өвчин гарсантай холбогдуулан зээлийг төлж чадаагүй гэсэн тайлбар гаргаж байсан.

 Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг тодруулахгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь

Иргэний 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасан “ ... онцгой нөхцөл  байдлын улмаас эрх бүхий этгээд шүүхэд хандах боломжгүй байсан...”  мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан “... баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэснийг анхаарч үзээгүйгээс хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Улс орон даяар тархсан ковид-19 цар тахал өвчний хол хорионы цаг үеийн нөхцөл байдал нэхэмжлэгч талын нэхэмжлэл гаргах, нотлох баримтаа бүрдүүлэн өгөх зэрэг нөхцөл байдлуудад нөлөөлсөн эсэх талаар бодиттой дүгнэлт хийж, хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл байсан эсэхийг тогтоож үнэлэлт дүгнэлт хийгээгүй, сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийг хэрэгсэхгүй болгож, төрийг хохироож шийдвэрлэх нь үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд анхан шатны шүүх дээр дурдсан алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулах боломжгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон прокурорын давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 168.1.1, 168.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 132 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******, прокурор П.С******* нарын давж заалдах гомдлыг хангасугай.

3. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

     

  ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ё.БЯМБАЦЭРЭН

                                         ШҮҮГЧИД                                     С.УРАНЧИМЭГ

                                                                                                                      М.ХҮРЭЛБААТАР