| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00447/И |
| Дугаар | 137/ШШ2025/00521 |
| Огноо | 2025-10-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 137/ШШ2025/00521
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1.... оны .... сарын ....-ны өдөх Даймгийн Х суманд төрсөн, .. настай, эрэгтэй, ам бүл .., эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн З сум С баг, ...-р хэсэг ....... тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, группт байдаг, М овогт Д М /РД: ......., утас:......./-ын нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эгшиглэн, нэхэмжлэгч Д.Мөнхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.М миний бие нь өндөр настны тэтгэвэрт гарах гэсэн боловч ..... тоот хөдөлмөрийн дэвтрийн 43,44 дугаартай 1ш хуудас уг хуудсанд ямар ч бичилт хийгдээгүй ба бичилт нь 13-р хуудас хүртэл хийгдэж 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болгож иргэн надад буцааж өгсөн билээ. Салж алга болсон уг хуудас нь энэ дэвтэрт бичигдсэн зүйлд нөлөөлөх үндэслэлгүй боловч Замын-Үүд дэх нийгмийн даатгалын байцаагч хүчингүй тооцохгүй гэсэн тул уг дэвтэрт бичигдсэн тушаалуудыг улсын архиваас шүүлгэсэн боловч үл тохирол гарсан тул шүүхэд хандаж байгаа билээ. Миний бие Д.М 1985 оны 6 дугаар сард Дорноговь аймгаас хугацаат цэргийн албанд татагдаж хилийн цэргийн 0119, 0164-р ангиудад алба хааж 1988 оны 6-р сард цэргийн албанаас халагдаж байсан. Дорноговь аймгийн Сайншанд хот дахь Карьерын аж ахуйн барилгын хэсэгт 1988 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өрлөгчнөөр ажилд орсон ба хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийхдээ тушаалтайгаа сар өдөр зөрүүтэй бичсэн. 1990 оны 05 дугаар сард уг карьерын харьяа түшлэгийн бутлуурын хэсэгт шилжиж бутлуурын опертарчингоор ажилласан ба уг албан тушаалын нэр зөрүү /трансматорчин гэсэн/ хөдөлмөрийн дэвтэрт өрлөгчнөөс чөлөөлсөн тушаал бичигдээгүй /уг тушаалыг/ архивд шүүлгэсэн боловч гарч ирээгүй. 1993 оны 02 дугаар сарын 04-ний өдөр цомтголд орж уг ажлаас чөлөөлөгдсөн тухай хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч архиваас уг тушаал олдоогүй Ардын банканд 1993 оны 06 дугаар сарын 11-ний өдөр харуул албан тушаалын ажилд орсон ба 1994 оны 06 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн боловч хөдөлмөрийн дэвтрийн бичилт он буруу бичиж дор нь засварласан. Анх ажилд орсон салбараасаа /уг банкны 1 л салбар Сайншанд хотод байсан билээ/ ажлаас гарсан боловч Ардын банкны салбарын дугаар тушаал дээрээ өөрчлөгдсөн зөрүү /тушаал-No 01, No 12/, 1994 оны 09 сард Ахмадын халамж хоршоололд УАЗ-н жолооч болон нярваар ажилд орсон ба хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч архивд уг байгууллагын бичиг баримт ирээгүй шалтгаанаар тушаал байхгүй. Уг байгууллагад 1999 он хүртэл ажилласан ба 1995 оноос эхлээд уг байгууллага Ахмадын халамж хоршоолол биш Ахмадын Өртөө ус хоршоолол нэртэй тамга өөрчлөгдсөн байгууллагын нэр зөрүүтэй байна. Иймд Д.М миний........ тоот хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн. Улсын үзлэгээр 1995 оны 01 дүгээр сарын 01-ийг хүртэл 08 жил 10 сар 06 хоног ажилласан хугацааг баталгаажуулсан байгааг үндэслэн 1985 оны 06 дугаар сарын 25-наас 1995 оны 01 дүгээр сарын 01-ийг хүртэлх ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт,
Нэхэмжлэгч М овогт Д М иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар,
1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс оноос 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан №...... дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар ,
Улсын барилгын хорооны харьяа Дорноговь аймаг дахь карьерийн аж ахуйн даргын 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №06 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар,
Улсын барилгын хорооны харьяа Дорноговь аймаг дахь карьерийн аж ахуйн даргын 1990 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №85 дугаартай “1990 оны орон тоог цомтгон цалинг өөрчлөн баталж албан тушаалд томилох тухай” тушаалын хуулбар,
Дорноговь аймаг дахь ардын банкны 519-р салбарын захирлын 1994 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №12 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар,
Гэрч Т.М, Ц.Д, Г.Д, Д.Д нарын тодорхойлолт, мэдүүлэг зэрэг болно.
Хавтаст хэрэгт цугларсан эдгээр нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М овогт Д М нь 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Дорноговь аймаг дахь карьерын аж ахуйд барилгын өрлөгчнөөр 1990 оны 05 дугаар сарын 09-ний өдөр, Түшлэгийн бутлуурын операторчноор 1994 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Ахмадын хоршоололд УАЗ-ын жолооч болон нярваар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэгч М овогт Д М нь 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн 1990 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Дорноговь аймаг дахь карьерын аж ахуйд барилгын өрлөгчнөөр ажиллаж байсан болох нь 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №06 дугаартай ажилд томилох тухай тушаалын нотариатаар батлуулсан хуулбар, Улсын барилгын хорооны харьяа Дорноговь аймаг дахь карьерын аж ахуйн даргын 1990 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №85 дугаартай “1990 оны орон тоог цомтгон цалинг өөрчлөн баталж албан тушаалд томилох тухай” тушаалын хуулбар, гэрч Д.Д “...Д.М нь Дорноговь аймгийн Сайншанд суманд Карьерын аж ахуй барилгын хэсэгт 1988 оноос 1993 он хүртэл бутлуурын опертарчнаар ажиллаж байсан. ...Би Дорноговь аймгийн Сайншанд суманд 1987 оноос 1993 он хүртэл Карьерын аж ахуйд хамт ажиллаж байсан. Д.М нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Карьерын аж ахуйгаас 1993 онд цомтголд ороод халагдаж байсан үнэн болно...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Д “...Д.Мөнхбат Дорноговь аймгийн Сайншанд суманд Карьерын аж ахуй барилгын хэсэгт 1988 оноос 1993 он хүртэл ажилласан. Анх ороод барилга дээр өрлөгчин хийж байгаад удалгүй 1988 онд Түшлэгийн ууланд бутлуурын опертарчнаар ажиллаж байсан. ... Би Дорноговь аймгийн Сайншанд суманд 1988 оноос 1993 он хүртэл Карьерын аж ахуйд механикчаар ажиллаж байсан... Д.М нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Карьерын аж ахуйгаас 1993 онд цомтголд ороод халагдаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Г.Д “Д.М нь Дорноговь аймгийн ахмадын Өртөө ус хоршоонд жолоочоор ажиллаж байсан. ...Би 1998-2000 оныг дуустал нягтлан бодогчоор ажиллаж байсан. ...Завсардаагүй байнга ажиллаж байсан. 1 сар орчим аавыгаа хардаг байсан. Гэхдээ ирэн очин ажлаа хийдэг байсан. Аав нь хүнд өвчтэй байж байгаад нас барсан юм. ... Өөр ажилд шилжээд ажлаас чөлөөлөгдсөн санагдаж байна. Манай хоршоо цалин мөнгө бараг өгдөггүй байсан. Өрөнд баригдсан хоршоо байсан.” гэх мэдүүлэг, гэрч Д.Д “Д.М нь Дорноговь аймгийн ахмадын Өртөө ус хоршоонд жолоочоор ажиллаж байсан. ...Би 1990-2006 оныг дуустал касс, үйлчлэгч, бэлтгэгч зэрэг ажлыг хийж байсан. ... 1 сар орчим аавыгаа асарч, хардаг байсан. Тэр үедээ ирэн очин ажлаа хийдэг байдаг. ...Эцэг нь хүнд өвчтэй гээд ярьдаг байсан. Тэгээд ирж очин явж байгаад ажлаасаа гарсан байсан. Өөр ажилд шилжээд явсан гэж сураг сонссон” мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн М овогт Д М 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 1988 оны 06 сарын 15-ныг хүртэл Дорноговь аймгийн Хилийн цэргийн ........., ..... дүгээр ангид цэргийн алба хаасан,
1988 оны 09 сарын 19-ны өдрөөс 1993 оны 02 сарын 04-ны өдрийг хүртэл хугацаанд Улсын барилгын хорооны харьяа Дорноговь аймаг дахь Карьерын аж ахуйд өрлөгчин, Түшлэгийн бутлуурт транспортерчин,
1993 оны 06 сарын 11-ны өдрөөс 1994 оны 06 сарын 13-ныг хүртэл Ардын банкны харьяа 84 дүгээр салбар, Дорноговь аймаг дахь Ардын банкны 519 дүгээр салбарт харуул,
1994 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ныг хүртэл хугацаанд Ахмадын халамж хоршоололд жолооч болон нярваар тус тус ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар М овогт Д М /РД.........../-ыг 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 1988 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл Дорноговь аймгийн Хилийн цэргийн ....... дүгээр ангид цэргийн алба хаасан, 1988 оны 09 сарын 19-ны өдрөөс 1993 оны 02 сарын 04-ны өдрийг хүртэл хугацаанд Улсын барилгын хорооны харьяа Дорноговь аймаг дахь Карьерын аж ахуйд өрлөгчин, Түшлэгийн бутлуурт транспортерчин, 1993 оны 06 сарын 11-ны өдрөөс 1994 оны 06 сарын 13-ны өдөр хүртэл Ардын банкны харьяа 84 дүгээр салбар, Дорноговь аймаг дахь Ардын банкны 519 дүгээр салбарт харуул, 1994 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ны өдөр хүртэл хугацаанд Ахмадын халамж хоршоололд жолооч болон нярваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.БОЛОРМАА