Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/1266

 

     2024           11            27                                        2024/ДШМ/1266

 

Ч.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Баянмөнх,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н-н өмгөөлөгч Н.Мөнхсүлд,

шүүгдэгч Ч.Б-н өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/802 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ч.Б-д холбогдох 2305 03296 2590 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б овгийн Ч-н Б, ... оны .. дүгээр сарын 25-ны өдөр .......... төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ........... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: ............./,

Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;                        

Шүүгдэгч Ч.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ............ тоот өөрийн гэртээ хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан иргэн Ц.Б-тай “цалин өгөөгүй” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар Ц.Б-н хэвлий тус газарт нь өшиглөж цохисны улмаас түүний биед хэвлийн битүү гэмтэл болох баруун 6, 7 дугаар хавирганы хугарал, элэгний язарсан шарх, эдийн няцрал, нарийн бүдүүн гэдэсний чацархайн язарсан шарх бүхий хүнд гэмтэл учруулсны улмаас дотуур цочмог цус алдаж нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ч.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Б-г “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 300 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Б-с 85.550.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н-т олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н нь өөрт учирсан болон цаашид учрах гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн флаш 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Ч.Б тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор надад 10 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Юуны өмнө энэхүү хэргийн улмаас хүний амь хохирсон явдалд чин сэтгэлээсээ харамсаж байгаагаа илэрхийлье. Энэ хэрэг нь 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд холбогдогч миний бие тухайн өдөр амь хохирогч Ц.Б болон хамт архидан согтуурсан гэх иргэн Д.Б, Н.Ц нартай хамт архидан согтуураагүй гэж анхны гэрчийн мэдүүлэг өгөхдөө мөн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр цагдаад баривчлагдаж очоод байхдаа удаа дараа мэдүүлж байсан. Энэ хэргийг мөрдөн шалгах явц дутуу дулимаг хэт нэг талыг баримталсан байдлаар хандсан гэдэг нь:

            1. Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолтыг хөтлөхдөө Ц.Б хэмээн эхлээд цаашид Говь-Алтай аймгийн сум дундын шүүхээр 2001 онд 2 жил тэнсэн харгалзах ялтай, 172 см өндөр, дундаж махтай, хувийн баталгаа гаргасан гэх мэт өөрт минь огт хамаагүй зүйлээр тодорхойлолт бичсэн байдаг. 2023 оны 09 дүгээр сард анхны мэдүүлэг өгсөн миний мэдүүлэг хавтаст хэрэгт байдаггүй. Мөн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр намайг байцаах үед дэслэгч Баянтөрийн надад үзүүлж байсан гэрчүүдийн мэдүүлэг гэгчид байсан хохирогчийн эхнэр Н-н анхны өгсөн мэдүүлэгтээ “хаана архи уусан гэхэд Д.Б-нд уусан гэж байсан” гэдэг мэдүүлэг одоо байдаггүй. Гэрчийн мэдүүлэг өгсөн Б.О мөн Б.Б нарын мэдүүлэгт хохирогч тэдэнд хэлэхдээ Д.Б-нд архи уусан гэрийн түлхүүр утас хоёроо олоогүй гэж ярьсан байдаг. Мөн мөрдөн байцаалтаар хохирогчийн гар утас болон гэрийн түлхүүрийн талаар тодруулсан зүйл байдаггүй. Гэрчийн мэдүүлэг өгсөн Н.Ц-н мэдүүлэг эргэлзээтэй. Үүнд: Д.Б-н өгсөн мэдүүлгийг батлахын тулд тэд 3-уул манайд орсон гэх боловч үүдний шкафны ард зогсож байсан тул намайг түүнийг хараагүй мэтээр ярьсан боловч 1 өрөө байранд хана налуулж тавьсан шкафны хаана хүн далд зогсож болохыг фото зургаас харахад үнэмшилгүй байна. Ер нь 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хяналтын бичлэгээр Н.Ц, амь хохирогч Ц.Б нар нь 40 дүгээр байр луу орсныг нэг удаа буюу 16 цаг 45 минутад орсноор мэдүүлэх боловч Н.Ц-н мэдүүлсэн нь 14 цаг 49 минутад хамт гараад ахиж ороогүй гэх мэтээр мэдүүлсэн байдаг. Мөн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн байцаалтын үед авсан фото зургуудаас харахад сэжигтнээр анх Д.Б-г гэж байсан бөгөөд уг зурагт түүний нүд хөхөрсөн, энд тэнд зулгаралттай, өөрөөр хэлбэл зодоон хийсэн байдал илэрхий зураг байдаг. Ер нь Д.Б нь хэргийг надад тохох гэхдээ хүн бүхэнд тухайн өдөр амь хохирогч, Н.Ц нарын хамт гурвуулаа манайд орж архидсан, амь хохирогч нь надтай маргалдсан мэтээр ярьснаар нүдээр хараагүй хүмүүст итгүүлэн уг ойлголтыг өгсөн учраас гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс “би тэрнээс сонссон, тэр тэгж ярьж байсан” гэх мэт дам сонссон зүйлээ гэрчилсэн байдаг.

            Эдгээр дурдсан эргэлзээтэй мэдүүлэг болон орсон, гарсан, уулзсан гэх цагийг зөрүүтэй байгаа зэргийг тодруулж үнэхээр тухайн өдөр ямар нөхцөл байдалд уг хэрэг үйлдэгдсэн болохыг нарийн тодруулах шаардлагатай гэж үзэж шүүгдэгчийн зүгээс гомдол гаргаж байна. ...” гэжээ.

Шүүгдэгч Ч.Б-н өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нь хэргийн бодит байдалд тохирсон дүгнэлт өгөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан судалж үзээгүй хэт хийсвэр дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын үндэслэл болгосон гэрч Б, Ц нарын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өгсөн дахин мэдүүлгийг үнэлж байгаа нь анхны буюу 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн мэдүүлгүүдээс нь эрс зөрүүтэй мэдүүлгийг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд гэрчийн мэдүүлгүүд нь бусад нотлох баримтуудаар давхар нотлогдоогүй нүүрэлдүүлэн өгсөн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаас дурдвал:

1. 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл” дуудлагаар очиж хэргийн газрын үзлэгийг хийсэн боловч нөхөн үзлэгээр тэмдэглэл үйлдсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг төөрөгдүүлэх нөхцөл байдлыг бий болгосон байна. Тус хэргийн газрын үзлэгээр Б-н гэрт үзлэг хийсэн байх бөгөөд үзлэгээр хэргийн газарт байх хогийн саван дахь архины шил /фото-10/ мөн гэр дотор байх гутлын мөрийг фото зургаар бэхжүүлсэн байдаг.

2. 2023 оны 09 сарын 02-ны өдрийн “Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл”-д хохирогчийн баруун гарын дардсыг бэхжүүлэн авсан байдаг.

 3. Б-н биед үзлэг хийсэн тэмдэглэл байх бөгөөд үзлэгээр түүний биед олон тооны гэмтэл шарх үүссэн болохыг фото зургаар бэхжүүлсэн атлаа хэзээ яаж тус гэмтлүүдийг авсан талаар асууж тогтоогоогүй, мөн гутлын мөрийг бэхжүүлж авсан атлаа хэний гутлын мөр болохыг шалган тогтоогоогүй. Дээрх нотлох баримтуудад анхан шатны шүүх нь дүгнэлт өгөөгүй атлаа харин эргэлзээтэй нотлох баримт буюу гэрч нарын хэрэг гарснаас хойш 3 сарын дараа анхны мэдүүлгээ өөрчилж өгсөн мэдүүлгүүдийг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4. Хохирогчийн биед маш олон тооны гэмтэл шарх үүссэн байдаг энэ гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн болох мөн таавчигтай хөлөөр 2 удаа өшиглөхөд үүсэх боломжтой гэсэн шинжээчийн мэдүүлэг нь эргэлзээтэй байдаг. Хохирогчийн хурууны хээг хэргийн газраас бэхжүүлэн авсан архины шил болон бусад эд зүйлтэй хариуцуулсан шинжилгээ судалгаа хийгээгүй, энэ талаар шинжээч томилж шинжээчийн дүгнэлт гаргаагүй зэрэг нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, нотлохын тулд мөрдөгч, прокурор нь хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэсэн зарчмыг алдагдуулсан байна. Гэтэл анхан шатны шүүх нь эргэлзээтэй гэрч нарын мэдүүлэг болон эргэлзээгүй нотлоогүй нотлох баримтад дүгнэлт хийж Ч.Б-д ял шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд дээрх үндэслэл бүхий нотлох баримтуудыг хянан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н-н өмгөөлөгч Н.Мөнхсүлд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Д.Б, Н.Ц нарын мэдүүлэг зөрүүтэй, сүүлийн мэдүүлгийг үндэслэж анхан шатны шүүх шийдвэр гаргасан талаар гомдолдоо дурдаж байна. 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэг өгсөн ба мөрдөгч 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлэг авахдаа “өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байна уу” гэхэд “нэмж ярих зүйл байна” гэж хэлээд мэдүүлэг өгсөн байдаг. Уг мэдүүлгийн агуулгыг харвал өмнөх ярьсан зүйл дээр, өөр үйл явдал үргэлжилсэн талаар ярьсан болохоос биш, өмнөх мэдүүлгээ өөрчлөөгүй. Урьдчилсан хэлэлцүүлгийн үр дүнд дахин нүүрэлдүүлж мэдүүлэг авч зөрүүтэй гэх байдлыг тогтоосон. Гутлын мөр, хогийн сав, архины шил зэрэг асуудал дээр мөрдөгч, шинжээч нар тайлбар хийсэн. Хохирогчид учирсан гэмтлүүд нэг цаг үед үүсэн эсэхийг тогтоогоогүй талаар шүүгдэгчийн өмгөөлөгч дурдаж байна. Үүнийг шинжээчээс асууж тодруулсан байдаг. Амь хохирогч Б-д учирсан хэвлийн битүү гэмтэл нь бусад гадны нөлөө, өвчин эмгэгээс шалтгаалахгүйгээр дангаараа хүндэрч амь насаа алдсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн. ...” гэв.

Прокурор Т.Баянмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн. Д.Б, Н.Ц нарын мэдүүлгээр шүүгдэгч Ч.Б-н үйлдлийг тогтоосон нь буруу, хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй талаар гомдолдоо дурдсан байна. Энэ талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт яригдсан. Зөвхөн Д.Б, Н.Ц нарын мэдүүлэг биш, гэрч, хохирогч, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудыг үнэлж, дүгнэж хэргийн бодит байдлыг тогтоосон. Шүүгдэгч Ч.Б нь хэрэг болсон цаг хугацаанд “гэрээсээ огт гараагүй, тэр өдөр архи хэрэглээгүй, хэн нэгэнтэй утсаар огт холбогдоогүй, манай гэрт хэн нэгэн орж ирээгүй, тэр өдөр би ганцаараа байсан” гэх зүйлийг удаа дараа мэдүүлдэг. Тэр нөхцөл байдлуудыг шалгахад тухайн өдөр гэртээ хүмүүстэй байсан. Тухайн үйл явдлууд болсон, амь хохирогчтой харилцсан, тэд нарын дунд үл ойлголцол гарсан гэх нөхцөл байдлууд зөвхөн Д.Б, Н.Ц нарын мэдүүлэг биш, бусад мэдүүлгээр тогтоогдсон. Хохирогчийн мэдүүлэг дээр “88-тай дугаараас над руу ярьсан, хэн болохыг асуухад, би Д.Б байна” гэж надтай утсаар ярьсан гэж мэдүүлсэн. Хэрэг 2023 оны 09 сарын 01-ний өдөр болсон. Тэр өдөр хэргийн газар байсан гэрч Н.Ц Д.Б нараас мэдүүлэг авсан. Цагдаагийн байгууллагын Эрүүгийн тасгаас мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулсан. Уг баримтыг прокурорын зөвшөөрлөөр магадалгаа гаргах эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн боловч ямар нэгэн хариу ирээгүй. Гурван сарын дараа мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд Ч.Б-н буруутай үйлдэл байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Амь хохирогчийн биед учирсан гэмтэл нь гадны хүчин зүйлийн улмаас нэг удаагийн үйлдлээр үүсэх бүрэн боломжтой талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Шаардлагатай гэрч нараас нүүрэлдүүлж мэдүүлэг авах ажиллагааг хийсэн. Хувийн таарамжгүй харилцаа байсан талаар шалгаж үзэхэд, харуул хамгаалалтын албанд амь хохирогчтой цуг ажиллаж байсан, цалин хөлс аваагүй нөхцөл байдал тогтоогдсон. Дээрх нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хэлэлцэн тогтоосны үндсэн дээр Ч.Б-н буруутай үйлдэл байгаа гэдгийг анхан шатны шүүх тогтоосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох гэдэгт гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдал бүрэн гүйцэд тогтоох ажиллагааг хамааруулан ойлгодог.

Шүүгдэгч Ч.Б-д холбогдох хэрэгт нотолбол зохих бүрэн нотлогдоогүй, тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3 дахь хэсэгт заасан “... гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр...” зэргийг нэг мөр, зайлшгүй эцэслэн шалгаж тогтоогоогүй атал анхан шатны шүүхээс түүнийг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэл муутай болжээ.

Тодруулбал, хэрэгт авагдсан камерийн бичлэг дээрх цаг хугацаа нь гэрч нарын мэдүүлгүүдтэй тохирохгүй байгааг нэг мөр шалгаж, уг гэмт хэрэгт Д.Б, Н.Ц нарын үйлдэл оролцоо байсан эсэхийг тогтоох шаардлагатайн дээр энэ хэрэгт мөрдөн шалгах нууц ажиллагаа явагдсан талаар талууд тайлбарласан ба уг нууц ажиллагааны магадлагаа байгаа эсэхийг тодруулж, хэрэв байгаа тохиолдолд хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтын шаардлага хангаж хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Иймд энэ талаар шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг агуулгын хувьд хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Ч.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/802 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ч.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                             Б.АРИУНХИШИГ

            ШҮҮГЧ                                                            С.БОЛОРТУЯА

                        ШҮҮГЧ                                                            М.АЛДАР