Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 770

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

Улсын яллагч О.Багшбаяр,

Шүүгдэгч Ц.А , түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.А т холбогдох эрүүгийн 1706 01726 0575 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шуугдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, компьютерийн операторчин мэргэжилтэй, ам бүл 6, ах, эгч нарын дүүгийн хамт Баянгол дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 255 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар 3,   ЦА.

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ц.А нь Т.Баясгалантай бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 2-ны шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тусгайлан хамгаалсан 27/3 дугаар байрны гаражаас "GIANT" брендийн 648.000 төгрөгний үнэ бүхий унадаг дугуйг, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэн хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А мэдүүлэхдээ: “…Тэр өдөр талийгаач

Т.Баясгалантай хамт архи ууж байгаад наашаа гарсан. Тухайн үед нилээн согтолттой байсан. Талийгаач Т.Баясгаланг “ийшээ яваад ирье” гэхээр нь би цугтаа явсан юм. Тэрнээс биш дугуй авна гэсэн зорилготой яваагүй. Тэгээд явж байгаад гараж руу явж орсон. Тухайн үед талийгаач Т.Баясгалан өврөөсөө тасдагч багаж гаргаж ирээд “дугуйгаа холдуулчих” гэхээр нь холдуултал манаач нь гараад ирсэн. Тэгээд хоёулаа зугтаасан.” гэв.

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч М.Батзоригийн өгсөн мэдүүлэг /хх-10-15/, гэрч А.Энхжаргалын өгсөн мэдүүлэг /хх-22/, гэрч Т.Батболдын өгсөн мэдүүлэг /хх-25/, эд зүйлийн үнэлгээ /хх-29-30/, гэрч Т.Ариунгэрэлийн өгсөн мэдүүлэг /хх-26/, гэрч Ц.Ангарын өгсөн мэдүүлэг /хх-27/, шүүгдэгч Ц.А ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-31/, шүүгдэгч Ц.А ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32/, шүүгдэгч Ц.А ын хувийн байдлын тухай баримтууд /хх-40-43/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-76/, шинээр 2 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.А нь Т.Баясгалантай бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 2-ны шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тусгайлан хамгаалсан 27/3 дугаар байрны гаражаас "GIANT" брендийн 648.000 төгрөгний үнэ бүхий унадаг дугуйг, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэн хууль бусаар авсан болох нь:

 

  Мөрдөн байцаалтад хохирогч М.Батзоригийн өгсөн: “…2017 оны 6 дугаар сард өөрийн эзэмшлийн жайнт маркийн унадаг дугуйгаа унаж байгаад гаражны паарнаас цоожлон үлдээсэн. Би хамгийн сүүлд 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр өөрийн унадаг дугуйгаа гаражид цоожтой байхыг нь харсан. Тэгээд 2017 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ажилдаа яваад буцаад ирэхэд манай гаражны хамгаалагч таны дугуйг хүн хулгайлаад цагдаа нар барьж авсан. Миний дугуй Жайнт маркийн америк улсад үйлдвэрлэсэн 1.000.000 төгрөгний үнэлгээтэй.” /хх-10-15/ гэх мэдүүлэг,

 

  Мөрдөн байцаалтад гэрч А.Энхжаргалын өгсөн: “…2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр ээлжээ хүлээж авсан. Ажиллах хугацаанд шөнийн 02 цаг 30 минутын үед бие засах гээд дээшээ 1 давхар руу гарсан. Гарчихаад буцаж ирээд камер харахад 2 эрэгтэй гараж дотор унадаг дугуй түрээд явж байхаар нь би очиход гялгар уутанд тасдагч хийсэн явж байсан. Би “юун хүмүүс вэ” гэж асуухад тасдагч барьсан залуу нь “би эндхийн хүн байна" гэж хэлсэн. Манай 7 тоотод машинаа тавьдаг залуугийн унадаг дугуйг мөн болохыг таньсан учир "битгий дэмий юм яриад бай" гэж хэлэхэд тэр тасдагч барьсан залуу түрүүлээд гүйсэн. Араас нь унадаг дугуй түрж явсан залуу нь дугуйгаа хаяад зугтаасан. Тэгэхэд зам дээр эргүүлийн машинтай цагдаа таараад тэр 2 залууг барьсан.” /хх-22/ гэх мэдүүлэг,

 

   Мөрдөн байцаалтад гэрч Т.Батболдын өгсөн: “….Би 2017 оны 9 дүгээр сарын      3-ны өдөр нэмэгдэл жижүүрийн мөрдөгчөөр ажилласан. Хэлтэс дээр ирэхэд 2017 оны 9 дүгээр сарын 2-3-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах шүүхийн байрны гаражнаас саарал өнгийн унадаг дугуй тасдагч багажаар түгжээг нь

тасалж хулгайлсан гээд 2 залуу байсан.” /хх-18/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.А ын яллагдагчаар өгсөн: “…Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.” /хх-32-33/ гэх мэдүүлэг,

-Эд зүйлийн үнэлгээ /хх-29-30/,

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-15/,  

-Шүүгдэгч Ц.А ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-31/,

-Шүүгдэгч Ц.А ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32/,  зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Ц.А  нь бусдын эд хөрөнгийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан хорих ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цэрэндулам нь шүүхийн хэлэлцүүлэгт “…Миний үйлчлүүлэгч Ц.А ын улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар зүйлчилсэн. Үүнийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Тусгайлан хамгаалсан орон байр гэж тухайн гаражийг хэлэхгүй байна. Хэрвээ хамгаалагч ажил үүргээ албан ёсоор гүйцэтгэсэн бол энэ хэрэг гарахгүй байсан. Хаалга үүдийг эвдэлж хууль бусаар тухайн гаражид ороогүй. Мөн хуулийн тайлбараар бол тасдагч нь зэвсгийн чанартай зүйлд багтахгүй.” гэх тайлбар гарган мэтгэлцэж байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлахад шүүгдэгч Ц.А  нь хулгайлах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

Прокурорын газраас шүүгдэгч Ц.А ыг Т.Баясгалантай бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 2-ны шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тусгайлан хамгаалсан 27/3 дугаар байрны гаражаас "GIANT" брендийн 648.000 төгрөгний үнэ бүхий унадаг дугуйг, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэн хууль бусаар авсан гэм буруутай гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар зүйлчилж хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд Т.Баясгалан нь нас барсан бөгөөд прокурорын зүгээс хэргийг тусгаарлаагүй, шүүгдэгч Ц.А аас өөр хэн нэгнийг яллагдагчаар татаагүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “…Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” заасан хэмжээний дотор хэргийг хянан шийдвэрлэсэн болно..

 

Хэрэгт хохирогч М.Батзориг нь дугуйгаа буцаан авсан бөгөөд гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул үүнийг энэ хэргийн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.А т ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д тус тус зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.А  нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тасдагчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.1 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  ЦАыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Ц.А ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

           

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Ц.А т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн эд хөрөнгөгүй, Ц.А  нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

 

 6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, Ц.А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

   7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

            8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

           

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                     Э.ЧИНГИС