| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2311 01688 1029 |
| Дугаар | 2024/ДШМ/1362 |
| Огноо | 2024-12-17 |
| Зүйл хэсэг | 26.1.1., |
| Улсын яллагч | Б.Мандалмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2024/ДШМ/1362
С.Зт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Мандалмаа,
шүүгдэгч С.З, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/775 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Зийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2311 01688 1029 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн С-ын З, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, э..., дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “З” ХХК-д менежер ажилтай, ам бүл ... хамт ... дүүргийн ... дүгээр хороо, “...” хотхоны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..../,
Шүүгдэгч С.З нь 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хохирогч З.Тийг Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо ’’Шинэчлэл” хотхоны “Түвшин төвд” үйл ажиллагаа явуулж байхад нь түүний “З.Б” гэх фейсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг гар утасны дугаараар нь тохируулан кибер орчин буюу фэйсбүүк цахим хаягт зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: С.Зийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Зийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “кибер орчинд зөвшөөрөлгүй хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Зийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох ... хот ... дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.З нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, хохирогч З.Т нь нэр төр, алдар хүнд гутаасныг сэргээлгэх тухай хүсэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хохирогч З.Тийн фэйсбүүк хаягт хууль бусаар зөвшөөрөлгүйгээр нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн нь миний буруу. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, хохирогч З.Т эгчээс уучлалт гуйж байна. Дахиж миний бие гэмт хэрэг үйлдэхгүй, ингэж болохгүй гэдгийг яс махандаа тултал ойлгосон. Гэм буруу дээрээ маргахгүй, хийсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон. Прокурорын шатанд миний бие өөрийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, намайг 3.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар прокурор шийдвэрлэж хэрэг шүүхэд шилжин ирсэн боловч шүүхээс намайг 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Улаанбаатар хот ... дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож шийдвэрлэсэн.
Миний бие ... настай, нягтлан бодогч мэргэжилтэй, “...” ХХК-д менежер ажилтай, мөн Олон Улсын Улаанбаатар их сургуульд суралцаж байгаа, ам бүл ... хүүхдийн хамт амьдардаг. Миний том хүү З.Э ...-нд, бага охин З.Д ...-нд төрсөн, одоо 2 сартай. Хичээлд явахаараа би хүүхдээ өөрийн аав О.С, ээж Ш.Б нараар харуулдаг. Том хүү З.Э Улаанбаатар цэцэрлэгт явдаг. Би сард 3.000.000 төгрөгийн цалинтай ажилладаг, хэдийгээр би хүүхэд гаргаад ажлаа хийхгүй гэртээ байдаг ч гэсэн одоог хүртэл байгууллагаас миний цалинг бүтнээр нь олгож, нийгмийн даатгал төлж явдаг. Хүүхдүүд өвдсөн үед Эх нялхас, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд үзүүлэх шаардлага гардаг. Мөн 2 нялх хүүхдээ хотын утаанаас сэргийлж Улаанбаатар хотоос гарч салхилуулах, сувилалд авч явах, хөдөө цагаан идээ, агаарт байлгах шаардлагатай байдаг. Би дөнгөж төрсөн нялх биетэй, нялх 2 сартай болон 3 настай 2 хүүхэдтэй, хажуугаар нь магистрт суралцдаг, анх удаагаа энэ гэмт хэрэгт холбогдсон. Би өөрийнхөө үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Иймд анхан шатны шүүхээс 6 сарын хугацаагаар зорчих эрхийг Улаанбаатар хот, Хан-Уул дүүгийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож шийтгэсэн ялыг 3,500 нэгж буюу 3,500,000 төгрөгөөр торгох ялаар өөрчилж шийтгэж өгнө үү. Гомдлоо дэмжиж байна. ...” гэв.
Шүүгдэгч С.Зийн өмгөөлөгч Г.Алтанчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэрэг цагдаа болон прокурорын хяналтад байх хугацаанд 2024 оны 8 дугаар сарын сарын 05, 9 дүгээр сарын 03, 10 дугаар сарын 08-ны өдрүүдэд өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хангаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3500 нэгжээр торгох ялын санал гаргасан. Гэтэл анхан шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 1825 тоот шүүгчийн захирамжаар хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр тогтоосон. Ингэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 6 дахь хэсгийн алийг нь С.З хангаагүй талаар дурдалгүй 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсанд гомдолтой байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл бүрэн хангагдсан гэж үзэж байна. Тодруулбал, үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээж, хохирогчид 13.300.000 төгрөгийг төлж бусдад төлөх төлбөргүй болсон. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй. Ийм байхад шүүх хэргийг ердийн журмаар шийдвэрлэж, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн. С.З нь давж заалдах гомдолдоо өөрт холбогдох хувийн байдалтай холбоотой баримтуудаа гаргаж өгсөн. Тэрээр 2 сартай, 3 настай хоёр хүүхдийн хамт амьдардаг. Том хүүхэд нь Улаанбаатар их сургуулийн цэцэрлэгт явдаг бол бага хүүхдээ өөрөө асарч харангаа Олон Улсын Улаанбаатар их сургуульд гэр бүл судлал чиглэлээр магистраар суралцдаг. Утааны байдлаас болоод хоёр хүүхдээ хөдөө орон нутаг руу авч явах хэрэг байгаа. Төрөөд 3 сар болох гэж байгаа, нялх биетэй бөгөөд хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, түүний хувийн байдлыг харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.
Прокурор Б.Мандалмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.З нь 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хохирогч З.Тийг Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо “Шинэчлэл” хотхоны “Түвшин төвд” үйл ажиллагаа явуулж байхад нь түүний “З.Б” гэх фейсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг гар утасны дугаараар нь тохируулан кибер орчин буюу фейсбүүк цахим хаягт зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн гэх гэмт хэрэгт холбогдсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. С.З нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруудаа маргахгүй гэсэн тул улсын яллагч, яллагдагч нар ял тохирч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн. Мөн шүүх ял оногдуулахдаа шударга ёсны, гэм буруугийн зарчим, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
1. Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
С.З нь 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хохирогч З.Тийг Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо ’’Шинэчлэл” хотхоны “Түвшин төвд” үйл ажиллагаа явуулж байхад нь түүний “З.Б” гэх фейсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг гар утасны дугаараар нь тохируулан кибер орчин буюу фэйсбүүк цахим хаягт зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч С.З нь хохирогч З.Тийн цахим орчинд халдаж бусдыг доромжилсон утгатай зүйлс бичсэн гэрэл зургууд /1хх 14-17, 64-66, 104-108/,
хохирогч З.Т: “...Үл таних хүн миний цахим орчинд халдаж миний төрсөн охин Т.Э болон манай гэр бүлийн талаар өс хөнзөнгийн шинжтэй худал мэдээлэл удаа дараа цахим орчинд тараасан. ...2023.9.22-ны өдөр миний өөр нэг хаяг болох TZ нэртэй хаягийг дахин хууль бусаар халдан миний охиныг янхан гэх зэргээр худал гүтгэлэг явуулсан. ... “..Манай охин Т.Э нь Хятад компанид захирлын орчуулагч хийдэг. ....З нь тэр Хятад захирлын эхнэр гэж манай охин надад хэлсэн. ... Манай охин Т.Э БНХАУ-н өвөр Монголын өөртөө засах оронд суралцдаг. Ирэх боломжгүй тул мэдүүлэг өгөх боломжгүй би тус хэрэгт ганцаараа хохирогчоор тогтоогдон явах болно. .. Манай гэр бүлийг ална, шатаана гэх зэргээр сүрдүүлсэн чат явуулаад байгаа юм. Энэ бүгдийг З хийж байгаа тэр хүнээс өөр хүн бид нарын талаар ийм мэдээлэл цацахгүй. ...Нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй. ...” гэх мэдүүлэг /1хх 22-23, 45, 79-81, 87, 135/,
шүүгдэгч С.З сэжигтнээр: “...Би БНХАУ-н иргэн Ж Р гэдэг хүнтэй хамт амьдардаг бөгөөд бид 2 дундаасаа 1 хүүхэдтэй. ...Энхзул нь манай нөхрийн орчуулагчаар ажилладаг. ...Э нь манай нөхөртэй эр, эмийн харилцаанд орсон гэдгийг мэдээд Этай ярилцаж үзэхэд ойлголцолд хүрээгүй. ...Энэ асуудлаас болж би зулбасан. ...Энхзул бас л манай нөхөртэй уулзаад байсан. ...Тэгээд Энхзултай холбогдож чадахгүй байсан болохоор Э-ын ээж Тийн /хохирогч/ цахим хаягаар оролдож эхэлсэн. ...Тэгээд .... дугаарыг нэвтрэх нэр, нууц хэсэгт оруулахад “З.Б” нэртэй /хохирогчийн хаяг/ хаяг руу нэвтрээд орчихсон. ....Тэгээд Э-ын талаар мэдээлэл оруулдаг болсон. ... Тийн /хохирогч/ “З.Б” нэртэй хаяг руу ороод хувийн мэдээлэл хэсэгт TZ гэсэн майл байсан. ...Тухайн нэрийг нэвтрэх хэсэгт, нууц үг хэсэгт 95700657 гэх дугаарыг хийхэд Тийн “TZ” нэртэй фейсбүүк руу нэвтэрч орсон. ...Уг асуудалд харамсаж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ....” гэх мэдүүлэг /1хх 53-55, 98-99/,
Фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 27-40/, Юнивишн ХХК: IP хаягаас үзэхэд гэрээний дугаартай хэрэглэгч нь С овогтой З гэх хэрэглэгч байна. ... гэх мэдээлэл /1хх 44/, шүүгдэгчээс хохирогчид нийт 13,300,000 төгрөг шилжүүлсэн баримт /1хх 146-147/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байх төдийгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан “Кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолжээ.
2. Анхан шатны шүүх, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч С.Зийг “кибер орчинд зөвшөөрөлгүй хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байх бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.
Шүүгдэгч С.З “Зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэх агуулга бүхий гомдол гаргасан.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцүүлэн тус хэргийг шүүгдэгч С.Зийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд эцэслэн хянан шийдвэрлэж, шүүгдэгч С.Зийн ”...зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэх гомдлыг бүхэлд нь хангах нь зүйтэй байна гэж үзлээ.
Тодруулбал, С.Зийн бусдын цахим орчинд зөвшөөрөлгүй халдснаа мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн болон нялх хүүхэдтэй зэрэг түүний хувийн нөхцөл байдал, хохирогч З.Тийн “...гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын санкцаас С.Зт торгох ялыг сонгон хэрэглэж, мөн зүйлд зааснаар 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж байна.
5. Харин хохирогч З.Тээс 2024 оны 4 дүгээр сарын 03-ны мэдүүлэг авахдаа /1хх 45/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2, 8.3, 25.1 дүгээр зүйлүүдэд заасны дагуу түүнд эрх үүрэг танилцуулаагүй байхыг анхааруулан тэмдэглэж цаашид мөрдөгч, прокурор ийм алдаа зөрчил гаргахгүй ажиллахыг анхааруулж байна.
6. Мөн прокуророос хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. /1хх 151/
Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж хэт ерөнхий байдлаар дүгнэн яг аль нөхцөл байдал нь хангагдаагүй талаар дүгнэлт хийлгүйгээр хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн болох нь ойлгомжгүй байгааг тэмдэглэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/775 дугаар шийтгэх тогтоолын:
1. Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Зт 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Зт 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын 3, 4, 5, 6 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.З нь торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэсэн,
- “Шүүгдэгч С.Зт оногдуулсан 3,500,000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай. ...” гэсэн нэмэлт заалтуудыг оруулсугай.
4. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Зийн “зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар солиулах” тухай давж заалдах гомдлыг хангасугай.
5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ