Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 115/ШШ2026/0023

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Отгонтуяа би, “БТБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Б болон нягтлан бодогч З.М нарын гомдолтой Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч Г.Ст холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

“БТБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Б шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Манай компани нь 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн З сумын Нийгмийн даатгалын тасагт хүсэлт гаргасан ба уг хүсэлтээ шинээр томилогдсон нягтлан бодогч 3.М нь ажилдаа алдаа гаргаж, нийгмийн даатгалын тайлан илгээхдээ шинээр ажилд орсон С.Мгийн нийгмийн даатгалын шимтгэлийн шивэлтийг хийгээгүй алдаа гаргасан тул тухайн ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийн шивэлтийг хийж алдааг засварлах шаардлагатай байгаа талаар" албан тоот хүргүүлсэн. Уг хүсэлттэй холбоотойгоор Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 05 дугааp сарын 22-ны өдрийн 1 дугаар "Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай" улсын байцаагчийн акт ирсэн. Дээрх актын 2-т" 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор шилжүүлэхийг БТБ ХХК-ийн захирал, нягтлан бодогч нарт үүрэг болгосугай", 4-т " төлбөрийг заасан хугацаанд барагдуулж, зөрчлийг арилгаагүй тохиолдолд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг анхааруулсугай" гэсэн актыг хүлээн авч, зөвшөөрч 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төлбөрийг барагдуулсан.

Гэвч 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Нийгмийн даатгалын улсын байцаагч Г.С нь дуудаж манай байгууллага болон нягтлан бодогч 3. Мт Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан талаар мэдэгдэж 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2, 3 дугаартай шийтгэлийн хуудсыг өгсөн. Ямар шалтгааны улмаас торгуулийн арга хэмжээ авсан талаараа тайлбарлаж өгөлгүй, шүүхэд хандаж болно гэсэн.

Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1 дугаар улсын байцаагийн актаар тогтоосон төлбөрийг тогтоосон хугацааны дотор төлсөн байхад Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт "Сар, улиралд батлагдсан цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг бүрэн тодорхойлоогүй, түүнд оногдох шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр үнэн зөв суутган тооцоогүйгээс үүссэн хохирлыг санд нөхөн төлүүлж, хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" зааснаар 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 3 дугаар шийтгэврээр нягтлан бодогч С.Мийг 100 нэгжтэй тэнцэх буюу 100,000 төгрөгөөр мөн 2 дугаар шийтгэврээр манай байгууллагыг 1000 нэгжтэй тэнцэх буюу 1,000,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж улсын байцаагчийн шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна.

Эрх бүхий албан тушаалтан нь манай байгууллагад хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж эрх мэдлээ хэтрүүлэн торгох шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд холбогдогчийн эрх, үүргийг хуульчилсан байхад ЭБАТ нь эрх үүрэг тайлбарлаж өгөөгүй, мөн хуулийн 4.8 дугаар зүйлд мэдүүлэх авах ажиллагааг хийгээгүй, зөрчлийн хэргийн материалыг танилцуулаагүй зэрэг ноцтой зөрчлүүдийг гаргасан. Шийтгэврийн хуудсыг гардан авах үед ямар, ямар баримтыг үндэслэн шийтгэл оногдуулж байгаа талаар баримт бичиг танилцуулаагүй болно.

Мөн эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна" гэж заасан хуулийн зохицуулалтыг анхаараагүй байна.

Иймд зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж шийтгэл оногдуулсан Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2, 3 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч Г.С шүүхэд гаргасан тайлбартаа:

“Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч Г.С миний бие нь 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр "БТБ" ХХК-ний №02 дугаартай албан хүсэлтийг хүлээн авсан. Уг хүсэлтийн дагуу даатгуулагч С.Мгийн Нийгмийн даатгалын шимтгэлийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1 тоот улсын байцаагчийн актаар нөхөн төлүүлж, мөн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.9 дэх заалтын дагуу Зөрчлийн хуулийн 10.17 дугаар зүйлийн 10.17.8 дахь хэсэгт зааснаар Хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэж, торгох шийтгэл оногдуулсан. Шийтгэлийн хуудасны нөөц байхгүйн улмаас Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газарт захиж авчруулсан. Шийтгэлийн хуудас 2026 оны 05 дугаар сарын 29-ний орой ажлын цаг тарсан хойно ирсэн учир 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шийтгэлийн хуудсыг тухайн байгууллагад гардуулж өгсөн.

БТБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Б болон нягтлан бодогч З.М нарын гаргасан “Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2, 3 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна.

Миний зүгээс шийтгэлийн хуудсыг хоцроож байгууллагад өгсөн зэргээс шалтгаалж уг байгууллагын гомдлыг буюу “Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2, 3 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталсан шүүгчийн захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1. Хариуцагч Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч Г.С нь 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн "Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" 2 дугаар “Шийтгэлийн хуудас”-аар “БТБ” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр, мөн өдрийн 3 дугаар “Шийтгэлийн хуудас”-аар “БТБ” ХХК-ийн нягтлан бодогч З.Мт Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

 “БТБ” ХХК, /гүйцэтгэх захирал Л.Б/ нягтлан бодогч З.М нарын Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2, 3 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг тус тус хүчингүй болгуулахаар гаргасан гомдлыг хариуцагч эрх бүхий албан тушаалтан болох Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч Г.С нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, өөрийн зөвшөөрлөө шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд ийнхүү хариуцагчаас нэхэмжлэлийн гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.  

          Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1. “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн "Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" 2, 3 дугаар “Шийтгэлийн хуудас”-ыг тус тус хүчингүй болгуулах тухай “БТБ” ХХК /гүйцэтгэх захирал Л.Б/, тус компаний нягтлан бодогч З.М нарын гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч Г.Сийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

          Шүүхээс хэргийн оролцогчдод хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд уг шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх үр дагаврыг танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан “БТБ” ХХК болон тус компаний нягтлан бодогч З.М нарын гаргасан “Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч Г.Сийн 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" 2, 3 дугаар “Шийтгэлийн хуудас”-ыг тус тус хүчингүй болгуулах тухай” гомдлыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч Г.Сийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж гомдол гаргагч “БТБ” ХХК-д олгосугай.

 

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                С.ОТГОНТУЯА