| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 101/2016/00156/и |
| Дугаар | 001/ХТ2017/00156 |
| Огноо | 2017-02-09 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2017/00156
Ч.Энхтуулын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/05890 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1975 дугаар магадлалтай,
Ч.Энхтуулын нэхэмжлэлтэй,
“Рэйл тикет” ХХК-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгч Ч.Энхтуулын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Энхтуул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, Б.Наранцэцэг, хариуцагчийн төлөөлөгч Б.Батзориг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Б.Наранцэцэгийн гаргасан тайлбарт: “Миний бие "Рэйл тикет" ХХК-ийн захирлын 2013 оны 8 сарын 04-ний өдрийн 4 дүгээр тушаалаар тус компанийн "тасалбар бичигч"-ийн ажилд орж, 2013 оны 8 сарын 05-ны өдөр 4 тоот "Хөдөлмөрийн гэрээ"-г байгуулсан. Хөдөлмөрийн гэрээнд сарын 750 000 төгрөгийн үндсэн цалинтай, урамшууллын 200 000 төгрөг нэмж авахаар харилцан тохиролцсон юм. Эхний нэг жилийн хугацаанд ажил олгогч гэрээгээр тохиролцсон цалин хөлсийг тогтсон хугацаанд тогтмол өгч байсан боловч сүүлийн үед хугацаандаа цалингаа өгөлгүй хугацаа хожимдуулах болж, зарим саруудад цалин өгөлгүй өнждөг байсан. Тухайлбал, 2013 оны 3 дугаар сарын цалинг дутуу олгосон тул миний бие захиралд урьдчилан мэдэгдэж, түүний зөвшөөрснөөр 2016 оны 3 дугаар сарын 14, 17-ны өдрүүдийн гараанд тасалбар бичсэн орлогоосоо 83 000 төгрөгийг цалингийн дутууд нөхөж авсан. Гэтэл "Рэйл тикет" ХХК-ийн захирал Б.Батзориг 2016 оны 3 сарын 30-ны өдөр 4 дүгээр "Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай" тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, "Рэйл тикет" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 5 тоот тушаалын 2 дугаар хавсралтын 5 дугаар заалт, Хөдөлмөрийн гэрээний 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн намайг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр гаргасан байна. Би ажлаас халагдсан гэдгээ 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ажилдаа ирээд Р.Сувдмаагаас мэдсэн. Миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн болон хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг зөрчсөн зүйл байхгүй. Мөн цалингийн шинэ журам батлан гаргаж, дагаж мөрдсөн бол энэ талаар ажилтнуудад мэдэгдэх ёстой. Хөдөлмөрийн гэрээнд цалингийн талаар өөрчлөлт оруулаагүй. Иймд намайг ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан тасалбар бичигчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 3 сарын 16-ны өдрөөс 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх цалин гаргуулж, мөн энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, тэдгээрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Намайг ажлаас халах тушаал 2016 оны 3 сарын 31-ний өдөр гарсан ч 16-ны өдрөөс хойших хугацааны цалинг аваагүй. Би 2 дугаар сард амарсан тул цалингийн хэмжээ нийгмийн даатгалын дэвтэр дээр бага бичигдсэн.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сувдмаагийн гаргасан хариу тайлбарт: “Ч.Энхтуул 2013 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс тасалбар бичигчээр ажиллаж байсан. Тус компани 2016 оны 3 сарын 01-ний өдрийн цалингийн шинэ журам мөрдөж эхэлсэн бөгөөд тасалбар бичигч Ч.Энхтуул уг журмыг хүлээн зөвшөөрөхгүй, "Рэйл тикет" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03 тоот тушаалыг биелүүлээгүй, улмаар 2016 оны 3 дугаар сарын 14, 17-ны өдрийн компанийн тасалбар худалдсаны орлогыг тушаагаагүй буюу дутуу тушаасан ноцтой зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгосон. Уг цалингийн шинэ журам нь Ч.Энхтуултай байгуулсан хөдөлмөрийн гэрээг зөрчөөгүй бөгөөд ажилласан өдрөөр нь цалинг нь олгож байх тухай юм. Тухайлбал, Ч.Энхтуул хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу 7 хоногт ажлын 40 цаг ажиллавал гэрээнд тусгагдсан цалингаа бүтэн бодуулж авах байсан. Урьд нь Ч.Энхтуул 7 хоногт 24-32 цаг ажилладаг байсан хэдий ч гэрээнд тусгагдсан 40 цагаар цалингаа бодуулж авдаг байсан. Ч.Энхтуул 2016 оны 3 дугаар сарын 14, 17-ны өдрийн тасалбар худалдаалалтын орлого болох нийт 179 100 төгрөгийг тушаагаагүй, урьдчилан мэдэгдээгүй, өөрөө дур мэдэн өөртөө авсан нь ноцтой зөрчил гэж үзсэн тул Хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Мөн "Рэйл тикет" ХХК-ийн тасалбарын няравын үүргийн 5 дугаар зүйлд "Тасалбарын нярав нь орлогоос дутаасан тохиолдолд 100 хувь өөрөө хариуцна" гэж заасан байдаг бөгөөд Ч.Энхтуул 2016 оны 3 сарын 14, 17-ны өдрийн орлогоос дутаасан 179 100 төгрөгийг нөхөн төлөөгүй болно. Эдийн засгийн хямралтай холбоотойгоор компанийн орлого 2015 оны 6 дугаар сараас багассан нь үнэн боловч энэ нь ажилтан хөдөлмөрийн гэрээ, бусад дүрэм, журам зөрчих үндэслэлгүй биш. 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр цалин тавих үед маргаан гарч үүнээс үүдэн орлогоос мөнгө авсан байдаг. Мөн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 04 тоот "Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай" тушаалын 3 дугаар зүйлд тус кампанийн нягтлан бодогчид Ч.Энхтуулын ажиллаж байсан сүүлийн 15 сарын хугацаанд шалгалт хийхийг үүрэг болгосны дагуу нягтлан бодогч Р.Сувдмаа иргэн Ч.Энхтуулыг хамт байлцуулан тасалбар борлуулалтын орлогод шалгалт хийхэд нийт 2 657 000 төгрөгийн зөрчил илэрсэн нь тогтоогдсон бөгөөд Ч.Энхтуул нь үүнийгээ тайлбарлаж чадаагүй болно. Компанийн билетийн касс нь Улаанбаатар төмөр замын төв кассын сүлжээнд холбогдсон байдаг ба өдөр бүрийн орлого программаар бодогдон гардаг. Тасалбар бичигч бүр өдөр бүр компанийн орлогыг Худалдаа хөгжлийн банкны 409024121 тоот төгрөгийн дансанд тушаадаг ба, баримт болох мөнгөний баримтуудыг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Ч.Энхтуулын тус компанид учруулсан 2 657 000 төгрөгийн хохирлыг барагдуулах талаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах гэж байсан боловч гаргаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/05890 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Ч.Энхтуулыг "Рэйл тикет" ХХК-ийн тасалбар бичигчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан "Рэйл тикет" ХХК-иас 5.438.104 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Энхтуулд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Ч.Энхтуулын ажилгүй байсан бүх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, холбогдох даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч "Рэйл тикет" ХХК-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч "Рэйл тикет" ХХК-иас 103 082 төгрөг гаргуулан улс-орон нутгийн төсөвт оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1906 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/05890 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Энхтуулын хариуцагч "Рэйл тикет" ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ч.Энхтуулын хяналтын журмаар гаргасан гомдолд: “...магадлалыг эс зөвшөөрч, ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: …магадлалын хянавал хэсэгт “Хариуцагч "Рэйл тикет” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, тус компанийн гүйцэтгэх захирлын 2013 оны 8 сарын 01-ний өдрийн 05 тоот тушаалын 2 дугаар хавсралтын 5 дугаар заалт, хөдөлмөрийн гэрээний 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн гүйцэтгэх захирлын 2016 оны 2 сарын 25-ны өдрийн 03 тоот тушаалыг биелүүлээгүй, 2016 оны 3 сарын 14, 17-ны өдрүүдийн тасалбар худалдсан орлогыг тушаагаагүй буюу дутуу тушаасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр 2016 оны 3 сарын 30-ны өдрийн 4 тоот тушаалаар тасалбар бичигч Ч.Энхтуултай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ 2016 оны 3 сарын 31-ний өдрөөр цуцалсан ба анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна" гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байх дараах үндэслэл байна. Учир нь Ч.Энхтуул миний бие Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ““Рейл тикет” ХХК-ийн захирлын 2016 оны 3 сарын 30-ны өдрийн 04 тоот тушаал буюу миний хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон актын хууль зүйн үндэслэлийг хянуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан ба шүүхээс “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, тус компанийн гүйцэтгэх захирлын 2013 оны 8 сарын 01-ний өдрийн 05 тоот тушаалын 2 дугаар хавсралтын 5 дугаар заалт, хөдөлмөрийн гэрээний 6.2 дахь заалтыг баримталсан нь үндэслэлтэй эсэхийг шүүх хянах учиртай билээ. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Ажил олгогч буюу хариуцагч тал тус компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 2 сарын 25-ны өдрийн 03 тоот тасалбар бичигч Р.Сувдмаа, Ч.Энхтуул нарын цалинг тухайн сард ажилласан өдрөөр нь тооцож олгох тухай тушаалыг нэхэмжлэгч Ч.Энхтуулд танилцуулаагүй байх бөгөөд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах нэг үндэслэлээ уг тушаалыг биелүүлээгүй гэж заасан нь буруу”, “...Хариуцагч "Рэйл тикет ” ХХК-ийн нэхэмжлэгч Ч.Энхтуулын дээрх үйлдлийг хулгай хийсэн гэх тайлбар нь ”... гэм буруутай нь хуулийи дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно... гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаа дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй" хэмээн дүгнэсэн атлаа ажлаас халсан нь үндэслэлтэй хэмээн эсрэг тэсрэг дүгнэлт хийснийг зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл нь “Рэйл тикэт” ХХК-ийи захирлын 2016 оны 3 сарын 30-ны өдрийн 4 тоот тушаалын хууль зүйн үндэслэлийг хянаагүй болно. Нөгөө талаас ажлаас халсан тушаалд заагаагүй үндэслэл буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр хариуцагчийн хариу тайлбарт дурдагдаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа нь ИХШХШТХуульд заасан иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэх зарчмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч Ч.Энхтуул нь хариуцагч “Рэйл тикет” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь тасалбар худалдсан орлогыг тушаагаагүй буюу дутуу тушаасан ноцтой зөрчил гаргасан гэж маргажээ.
Хариуцагч “Рэйл тикет” ХХК нь 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 04 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, тус компанийн гүйцэтгэх захирлын 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 5 дугаар заалт, хөдөлмөрийн гэрээний 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03 тоот тушаалыг биелүүлээгүй, 2016 оны 03 дугаар сарын 14,17-ны өдрүүдийн тасалбар худалдсан орлогыг тушаагаагүй буюу дутуу тушаасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэл зааж, Ч.Энхтуултай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.
Ч.Энхтуулын 2016 оны 3 дугаар сарын эхний цалин бүрэн олгогдоогүйгээс тухайн сарын 14,17-ны өдрийн тасалбар бичсэн орлогоос 83.000 төгрөгийг нэхэмжлэгч өөртөө авсан ба энэ тухайд талууд маргаагүй, харин энэ үйл баримт болсон шалтгаан нөхцөл, ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл мөн эсэх талаар маргасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэжээ. Энэ зохицуулалтаар ажилтныг сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халах нөхцлийг заахдаа “сахилгын зөрчил давтан гаргасан” эсхүл “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж тодорхойлсон ба ажилтны гаргасан зөрчил энэ хоёр үндэслэлийн алинд нь хамаарахыг ажлаас халсан тушаалд тодорхой тусгах нь ажил олгогчийн хуулиар хүлээсэн үүрэг юм.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд тасалбар бичигч Ч.Энхтуул нь 2016 оны 3 дугаар сарын 14,17-ны өдрийн тасалбар бичсэн орлогоос 83.000 төгрөгийг нэхэмжлэгч өөртөө авсан нь ажлаас халагдах үндэслэл болсон байх бөгөөд ажил олгогчийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 04 тоот тушаал нь хөдөлмөрийн гэрээний 6.2 дахь заалтыг үндэслэсэн, ажилтан өмнө нь сахилгын зөрчил гаргаж байсан, ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж хариуцагч тайлбар гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ зохигчдын тайлбарыг хэрэгт авагдсан баримттай харьцуулан үнэлж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэдэгт ямар зөрчил хамаарахыг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагаагүй байна гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй юм.
Иймээс ажил олгогчийн гаргасан тушаалд заасан “орлого дутуу тушаах” зөрчлийг хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагаагүй, хариуцагч энэ тухай нотолж чадаагүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо ажилтны № А0107582 улсын дугаар бүхий нийгмийн даатгалын дэвтэр дэх хөдөлмөрийн хөлсний бичилтийг харьцуулан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 555 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тодорхойлж, нэг өдрийн цалинг 40.888 төгрөгөөр бодож, 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ажлын 133 өдөрт 5.438.104 төгрөгийг хариуцагч буюу ажил олгогчоос гаргуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д нийцжээ.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэсэн байдаг тул Ч.Энхтуулын ажилгүй байсан бүх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтэрт бичилт хийх үүргийг хариуцагч даалган шийдвэрлэсэн нь зөв байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргаанд Хөдөлмөрийн хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үүрэгтэй бөгөөд ажилтны гаргасан зөрчил, гэрээ цуцлагдах үндэслэл нь хуулийн зохицуулалтад нийцсэн байх ёстой.
Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг үнэлэхдээ ажил олгогч болох хариуцагч “Рэйл тикет” ХХК нь 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 04 тоот тушаалд заагдаагүй буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэсэн үндэслэлийг ажилтан Ч.Энхтуулын 2016 оны 3 дугаар сарын 14,17-ны өдрийн тасалбар бичсэн орлогоос 83.000 төгрөгийг өөртөө авсан зөрчлийг хамааруулан тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-т заасныг зөрчсөн, ажилтны гаргасан нэг зөрчилд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг аль алиныг нь хамтатган тайлбарласан нь буруу тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгов.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1975 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/05890 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Нэхэмжлэгч Ч.Энхтуул нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН