Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 110/2017/0063/З |
Дугаар | 221/МА2018/0200 |
Огноо | 2018-03-28 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2018/0200
Т.Б-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Т.Б-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3, 38.4 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 73 дугаар захирамжийн Ц.Х, Х.А, Х.А нарт 667 м.кв газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Т.Б давж заалдах гомдолдоо: “Шүүхээс “хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар иргэн Ц.Бгаас 310 м.кв газрыг 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр иргэн Т.Б-д шилжүүлэх гэрээ байгуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн болох нь тогтоогдож байгаа” гэж зөв дүгнэсэн хэдий ч “...эрхийн гэрчилгээг шилжүүлэгч болон шилжүүлэн авагчаас эрх бүхий этгээд болох тухайн шатны Засаг даргад хуульд заасан холбогдох баримт бичгийг хавсарган эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлт гаргаагүй, мөн тухайн шатны Засаг даргаас газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай шийдвэр гараагүй байх тул иргэн Ц.Б-аас 310 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээгээ Т.Б-д шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болоогүй байна” хэмээн дүгнэлт хийж, Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргасан эсэх нь гэрч н.З-ийн шүүхэд өгсөн "...2006 оны 07 дугаар сарын 28-ны өдөр иргэн Ц.Б биеэрээ ирж өөрийн эзэмшлийн газрыг Т.Б-д шилжүүлэх хүсэлт тавьж гэрээг баталгаажуулсан..." гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Үүнээс үзвэл, 2 талын хүсэл зоригоор газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх үйл ажиллагаа явагдсан бөгөөд энэ тохиолдолд газар шилжүүлэгч, газар шилжүүлэн авагч нар хоёулаа хүсэл зоригоо хэн нэгний дарамт шахалтгүйгээр илэрхийлж, үүнийг нотариатаар баталгаажуулсан байхад, шүүхээс талууд хүсэлт гараагүй, өөрөөр хэлбэл “хавсаргах баримт бичгийг дутуу бүрдүүлсэн” гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй.
Мөн хуулийн 38.2.2-т заасан эрх, үүргийг хүлээн зөвшөөрсөн нотолгооны хувьд, энэ нь тухайн "Эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэх гэрээ"-нд Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг тусгаж өгснөөрөө илэрхийлэгдэж байгаа болохыг шүүх анхаарч үзээгүй.
Нөгөөтэйгүүр, “...тухайн шатны Засаг даргаас газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай шийдвэр гараагүй...” гэх үндэслэлийн хувьд, ...газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан этгээд тухайн шатны Засаг даргад эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлт гаргах хугацааг хуулиар тодорхой заагаагүй, хэрэв хүсэлт гаргасан нөхцөлд ажлын 15 хоногийн дотор шийдвэрлэхээр хуульчилсан.
Өөрөөр хэлбэл, хуульд эрх шилжүүлэн авагч буюу иргэн нь хүсэлтээ хэзээ гаргах талаар огт хугацаа заагаагүй бөгөөд шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн хуулийн хугацааг тодорхойлсон байна.
Иймд, дээрх байдлаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан шаардлагыг бүрэн хангаж байх тул хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна.
“2010 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Т.Б, Т.Б нарын хооронд газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээг үндэслэн Өлгий сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 92 дугаар захирамжаар иргэн Ц.Б-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Т.Б-д шилжүүлэн эзэмшүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон боловч мөн хуулийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3-д заасантай тус тус нийцээгүй” гэжээ.
Энэхүү үндэслэлийг мөн адил дээр дурдсан үндэслэлээр няцааж байгаа бөгөөд Т.Б-д албан ёсны газар эзэмшүүлэх эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй хэдий ч иргэн Ц.Б-аас түүнд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх итгэмжлэл олгосон байх ба үүнийг үндэслэж нотариатч баталгаажуулалт хийснээрээ хүчин төгөлдөр болсон.
Түүнчлэн, Ц.Х 2008 онд маргаан бүхий газрыг өмчлөлдөө авахаас өмнө 310 м.кв газрыг түүний ах болох Ц.Б эзэмшиж, ашиглаж ирсэн нь гэрчийн мэдүүлэг болон бусад хөндлөнгийн нотлох баримтуудаар, мөн Ц.Б-аас Т.Б-д маргаан бүхий газрыг шилжүүлсний дараа Ц.Х, Т.Б, Т.Б нар нэг хашаанд хамт амьдарч байсан буюу гуравдагч этгээд Ц.Х-ийн зүгээс ямар нэгэн байдлаар маргаан гаргаж байгаагүй болох нь тус тус тогтоогддог.
Гэтэл, шүүх “2008 онд гуравдагч этгээд Ц.Х-д маргаан бүхий газрыг бүхэлд нь өмчлүүлэхээр шийдвэрлэсэн, тухайн шийдвэр нь хүчин төгөлдөр байхад 2010 онд тухайн газрын 310 м.кв талбай бүхий хэсгийг нэхэмжлэгч Т.Б-д дээрх байдлаар шилжүүлэн эзэмшүүлсэн шийдвэр нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгтэй нийцээгүй байна” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.
Учир нь, 2006 онд Ц.Б Т.Б-д газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай гэрээг нотариатаар баталгаажуулсан байсан, гэхдээ уг баталгаажуулалт нь хууль бус болсон гэж дүгнэжээ. Хэрэв хууль ёсны баталгаажуулалт явагдаагүй бол яагаад Ц.Б-ийн эзэмшлийн газрыг түүний зөвшөөрөлгүйгээр Ц.Х-д бүхэлд нь өмчлүүлсэн шийдвэр гарах болов гэсэн асуулт гарч ирэх ба Ц.Б маргаан үүсгээгүй явдал нь нэгэнт хашааны тал хэсэг болох 310 м.кв газрыг Т.Б-д хууль ёсны дагуу шилжүүлсэн гэж ойлгосноор маргаан гаргах шаардлага байгаагүй гэдэг нь харагдаж байна.
Харин Т.Б болон Т.Б нарын зүгээс тухайн үед маргаагүй шалтгааны хувьд газартаа оршин сууж, газрыг эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд гуравдагч этгээд Ц.Х-оос миний өмчлөлийн газар гэх байдлаар ямар нэгэн хэрүүл маргаан гаргаагүй байсантай шууд холбоотой. Иймд Т.Б-д биш, Ц.Х-д газар өмчлүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг ноцтой зөрчсөн үйлдэл юм.
Анхан шатны шүүх "...тухайн итгэмжлэлийг Ц.Б олгосон нь тогтоогдоогүйгээс гадна уг итгэмжлэлийн хугацаа 2009 онд дууссан..." гэжээ.
Ц.Б итгэмжлэл олгосон гэх эсэх нь гэрч н.З-ийн “...иргэн Ц.Б-аас Т.Б-д итгэмжлэл өгснийг мөн би нотариатаар баталгаажуулсан. Уг итгэмжлэлд Ц.Б-аас Т.Б-д гарын үсэг зурах, газар шилжүүлэх эрх олгосон байсан. Тэрээр итгэмжлэлийг үндэслэн Ц.Б гэдгийн хойно Т.Б гарын үсэг зурснаар баталгаажуулсан. Тухайн үед Т.Б 2006 оны гэрээ, итгэмжлэл, гэрчилгээ зэргийг авч ирсэн учраас 2010 онд газар шилжүүлэх гэрээг баталгаажуулсан болно...” гэх мэдүүлгээр болон тухайн үеийн бүртгэлийн дэвтэрт байгаа бүртгэл, түүний зурсан гарын үсэг зэрэг баримтуудаар, гэрч Т.Б-ийн “...2006 оны 07 дугаар сарын 28-ны өдөр эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэх гэрээ байгуулсан. Тухайн гэрээ байгуулах үед итгэмжлэл үйлдсэн. Ингээд уг итгэмжлэлийн дагуу Т.Б-д маргаан бүхий газрыг 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр, мөн итгэмжлэлд зурагдсан гарын үсэг Ц.Б-ийн гарын үсэг мөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон байхад “итгэмжлэл олгосон нь тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд дээрх баримтуудаар нотлогдохгүй байна.
“Гуравдагч этгээд Ц.Х-д маргаан бүхий газрыг бүхэлд нь өмчлүүлсэн шийдвэр нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1, 5.1.5.2, 20 дугаар зүйлийн 20.3, 21 дүгээр зүйлийн 21.1. дэх заалтыг тус тус зөрчсөн гэдэг нь тогтоогдсон боловч энэ талаар Ц.Б маргаагүй” гэжээ.
Нэгэнт уг газрыг Ц.Б-аас Т.Б-д шилжүүлсэн учраас Ц.Б маргаан гаргах эрхгүй бөгөөд энэ хэргийн хэргийн оролцогч биш учраас маргаан гаргах боломжгүй. Харин Т.Б-н хувьд дээр дурдсанчлан газар эзэмших үйл явц нь ямар ч хууль зөрчөөгүй буюу түүнд газар эзэмшүүлсэн шийдвэр нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байхад анхан шатны шүүхээс хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар үнэлэлт, дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг ноцтой зөрчсөн болно.
Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийх, хууль ёсны бөгөөд Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэж чадаагүй, бодит байдалд тулгуурлан дүгнэлт хийгээгүй байх тул Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Ц.Х-оос шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...анхан шатны шүүх асуудлыг тунгаан үзэж, үнэн, бодитой шийдвэрлэсэн тул шийдвэрийг хэвээр нь батлаж өгөхийг ... хүсэж байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч Т.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг зөв шийдвэрлэжээ.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн “Газар өмчлүүлэх тухай” 73 дугаар захирамжаар Өлгий сумын гэр хороололд газар өмчилж авахыг хүссэн 100 иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 89803,5 м.кв газрыг өмчлүүлсний дотор гуравдагч этгээд Ц.Х, Х.А, Х.А нарт тус сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 667 м.кв газрыг өмчлөх эрх олгожээ.
Нэхэмжлэгч Т.Б-аас дээрх захиргааны актын Ц.Х, Х.А, Х.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар “...Ц.Б-аас 2007 онд 310 м.кв газрыг, 51 м.кв байшингийн хамт худалдан авч, 2010 онд газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан нь хуулийн үндэслэлтэй байтал гуравдагч этгээд Ц.Х нар нь 2008 онд миний газрыг өөрийн нэр дээр давхцуулан өмчилж авсан нь хууль бус” гэж маргажээ.
1. Ц.Б нь маргаан бүхий 310 м.кв газарт 1974 оноос хойш суурьшин амьдарсан, уг газрыг эзэмших эрхтэй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3, 38.4-т зааснаар газар эзэмших эрхийг бусдад шилжүүлж байгаа болон шилжүүлэн авч байгаа талуудын хүсэл сонирхлыг илэрхийлсэн хүсэлт, нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, төлбөр төлсөн баримт зэргийг үндэслэн тухайн шатны Засаг даргын шийдвэрээр сумын газрын даамлын хийсэн бүртгэлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээд /Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага/-ийн эзэмшилд газар эзэмших эрх шилжихээр байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд маргаан бүхий газар эзэмших эрхийг шилжүүлэгч Ц.Б болон уг эрхийг шилжүүлэн авагч Т.Б нараас тухайн шатны Засаг даргад газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлт гаргаж байгаагүй, түүнчлэн Засаг даргаас эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай шийдвэр гараагүй, сумын газрын даамал шилжүүлсэн бүртгэл хийгээгүй болох нь тогтоогдож байх тул “Ц.Б-ийн 310 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг Т.Б-д шилжүүлэн эзэмшүүлээгүй, ...түүнд газар эзэмших эрх үүсээгүй, маргаан бүхий газрыг эзэмшигч биш” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, нэг талаас газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөх хүсэл сонирхол Ц.Б-д, нөгөө талаас уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах хүсэл сонирхол Т.Б-д байсан болох нь тэдгээрийн байгуулсан 2006 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Эзэмшил газрыг бусдад шилжүүлэх гэрээ”-ээр нотлогдож байгаа боловч Т.Б-д 310 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлэх тухайн шатны Засаг даргын шийдвэрийн үндэслэл болсон газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талуудын аль нэг нь гаргаагүй, түүнчлэн эрхийн гэрчилгээг шилжүүлсэн Засаг даргын шийдвэр байхгүй, Т.Б-д газар эзэмших эрхийн гэрчилгээг эзэмших эрх үүсээгүй байх тул “анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.
Мөн дээр дурдсанчлан Т.Б-д Ц.Бгийн 310 м.кв газрыг эзэмших, бусдад шилжүүлэх эрх үүсээгүй, Ц.Б-аас Т.Б-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлт гаргаагүй, гэрээ байгуулаагүй байхад 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Т.Б, Т.Б нарын хооронд байгуулсан “Эзэмшил газрыг бусдад шилжүүлэх гэрээ”-г үндэслэн Өлгий сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 92 дугаар захирамжаар Ц.Б-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Т.Б-д шилжүүлэн эзэмшүүлснийг Газрын тухай хуульд нийцээгүй, түүнийг хууль ёсны газар эзэмшигч биш талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ.
2. Ц.Б-аас Т.Б-д 2006 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Иргэний хуулийн 62.3 дахь хэсгийг үндэслэн газрын эрх шилжүүлэх гэрээ, хэлцэлд түүнийг төлөөлөн газрын үсэг зурах эрхийг олгосон итгэмжлэлийн хугацаа 2009 оны 07 дугаар сарын 28-ны өдөр дуусжээ.
Гэтэл хугацаа нь дууссан итгэмжлэлийг үндэслэн 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Т.Б-өөс Ц.Б-г төлөөлөн түүний 310 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг Т.Б-д шилжүүлэхээр “Эзэмшил газрыг бусдад шилжүүлэх гэрээ”[1]-г байгуулж, нотариатаар батлуулсан нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-д заасантай нийцээгүй байна.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.Б-ын “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн “Газар өмчлүүлэх тухай” 73 дугаар захирамжийн Ц.Х, Х.А, Х.А нарт 667 м.кв газрыг өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн эсэхэд хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн, Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж дүгнэлт өгсөн байх тул нэхэмжлэгчийн “хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар шүүх дүгнэлт хийсэн” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
[1] Хэргийн 1 дүгээр хавтас, 65 дахь тал