Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2019/0085/з |
Дугаар | 416 |
Огноо | 2019-12-16 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 416
“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Б.Мөнхтуяа,
Шүүгчид: Г.Банзрагч,
Д.Мөнхтуяа,
Ч.Тунгалаг,
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаалыг хүчингүй болгоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгохыг даалгах,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0481 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 543 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч “И” ХХК-ийн захирал Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0481 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.7, 43 дугаар зүйлийн 43.1, 48 дугаар зүйлийн 48.2, 50 дугаар зүйлийн 50.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаалыг хүчингүй болгоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаалаа хүчингүй болгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 543 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0481 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалд Захиргааны ерөнхий хуулийн 48, 50 дугаар зүйлд заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн.Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хөөн хэлэлцэх хугацаа үл хамааран гаргасан гомдлыг үндэслэн тухайн захиргааны байгууллага хүчингүй болгох тухай ойлголт болохоос захиргааны актаа хууль бус эсэхийг гаргасан байгууллага нь шийдвэрлэх эрхийн тухай ойлголт биш. Өөрөөр хэлбэл, хуулийн 48.1 дэх заалт бол захиргааны байгууллагад үүрэг болгосон хэм хэмжээ юм.
4. Хэргийн нөхцөл байдлын хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 тушаалын үндэслэл нь “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 144 дүгээр шийдвэр байсан. Уг шийдвэр давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 21 тогтоолоор хүчингүй болсон буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 захирамжийн “И” ХХК-ийн үйлчлэл сэргэсэн. Иймээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/407 захирамж нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй, хууль бус захиргааны акт ба Захиргааны ерөнхий хуулийн 48.1-д зааснаар хэсэгчлэн болон бүхэлд нь хүчингүй болгох үр дагавартай. Өөрөөр хэлбэл, А/407 дугаар акттай холбогдуулж хүчингүй болгуулахаар гаргасан хүсэлтийг Захиргааны Ерөнхий хуулийн 48.1 болон Газрын тухай хуулийн 61.1-д зааснаар Хариуцагч хүчингүй болгох шийдвэр гаргах үүрэгтэй юм. Энэхүү хуулийн заалтууд нь газар эзэмшигч, ашиглагчийн газар эзэмших, ашиглах эрхийг хамгаалсан зүйлчлэл болохыг дурдах нь зүйтэй.
5. “Г” ХХК нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг давж заалдах шатны шүүхийн тогтоолоор баталж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосноор сайдын 87 дугаар тушаал хүчин төгөлдөр хэвээр үлдэж “И” ХХК газар ашиглах эрх хадгалагдаж үлдсэн. Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д “Захиргааны актын үндэслэж байгаа бодит эсхүл эрх зүйн нөхцөл байдал нь хаяглагдсан этгээдийн талд хожим эерэгээр өөрчлөгдсөн” бол хаяглагдсан этгээдийн хүсэлтээр захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийж болно гэж заасан билээ. Өөрөөр хэлбэл, актын үндэслэл эсхүл эрх зүйн нөхцөл байдал эерэгээр буюу А/407 тушаалын үндэслэл болсон анхан шатны шүүхийн 144 дүгээр шийдвэр нь давж заалдах шатны шүүхийн 21 дүгээр тогтоолоор хүчингүй болж улмаар Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан акт гаргах ажиллагаа дахих хийх үндэслэл нэхэмжлэгч компанийн хүсэлтээр үүссэн байсан.
6. Захиргааны ерөнхий хууль ёсоор уг хүсэлтийг үндэслэн Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д зааснаар актыг дахин гаргахдаа тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-г удирдлага болгон А/407 тушаал хүчингүй болох үр дагавар үүсэх ёстой байсан. Үүнийг ч анхан шатны шүүх зөв дүгнэн шийдвэр гаргасан байхад давж заалдах шатны шүүх хүсэлт гаргасны улмаас дээрх ажиллагаа хийгдэх учиртайг огт анзааралгүй бусад хуулийн этгээд буюу “Г” ХХК-ийн эрх ашиг хөндөгдөх мэтээр шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-ийг буруу тайлбарлан хэрэглэх нөхцөл бүрдсэн.
7. Дээрх байдал нь мөн магадлалын хянавал хэсэгт “тухайн маргаж байгаа газар нь Богдхан уулсын дархан цаазат газарт хамаарахаас гадна Бурхан багшийн хөшөөтэй цэцэрлэгт хүрээлэнгийн газар байгаатай холбоотой тухайн газарт ашиглах эрхтэй болсон хуулийн этгээдүүдийн хэн алиных нь эрхийг цуцалсан байх тул нэхэмжлэгчид өөрчлөлт гарсан гэж үзэхээргүй байна” гэж дүгнэсэн нь бодит байдалтай огт нийцээгүй байна.
8. Учир нь, маргаан бүхий газар нь Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 310 дугаар тогтоолоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэдэлд очсон, мөн маргаан бүхий А/407 дугаар тушаалын 2 дугаар заалтаар уг газрын хэмжээг нэмэгдүүлж 2 га болгон яам өөртөө дахин авсан зэрэг үйл баримтууд хэргийн материалаар нотлогдсон байхад шүүх тухайн маргаж байгаа газар нь Богдхан уулсын дархан цаазат газарт хамаарахаас гадна гэж дүгнэсэн нь илтэд алдаатай дүгнэлт болсон.
9. Мөн тухайн газарт ашиглах эрхтэй болсон хуулийн этгээдүүдийн хэн алиных нь эрхийг цуцалсан байх тул нэхэмжлэгчид эерэг өөрчлөлт гарсан гэж үзэхээргүй байна гэснийг үнэхээр ойлгосонгүй. Учир нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 144 дүгээр шийдвэр нь давж заалдах шатны шүүхийн 2019 оны 21 тогтоолоор хүчингүй болсноор сайдын 87 дугаар тушаал хүчин төгөлдөр хэвээр үлдэж “И” ХХК газар ашиглах эрх сэргэсэн.
10. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 543 дугаар магадлалын хянавал хэсэгт “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй, хуулийг буруу хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан,нотлох баримтыг бүрэн цуглуулалгүйгээр хэргийн үйл баримтыг дутуу дүгнэсэн” гэжээ. Улмаар тогтоох хэсэгт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1,121.1.4, 121.3.3, 121.3.4-д тус тус заасныг удирдлага болгосон байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх яг ямар үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь тодорхой бус болжээ. Хянавал хэсэгт анхан шатны шүүх захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг зөрчсөн, үүний улмаас шүүхийн шийдвэр гарахад хэрхэн нөлөөлсөн талаар магадлалд огт дурдагдаагүй байна.
11. Үүнээс гадна, хэрэв үнэхээр хуулийг буруу хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан гэж үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.3.5-д заасныг тогтоох хэсэгт зааж өгөх ёстой байсан ч оруулаагүй байгаа нь магадлал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 123.2.2-д заасныг зөрчсөн байна.
12. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт гаргаж шийдвэр гаргах нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д, ийнхүү гаргасан шийдвэрт давж заалдах гомдол гаргасан бол Давж заалдах шатны шүүх тус хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдлын хүрээнд хэргийг хянадаг. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн төгсгөлд бичигдсэн “тухайн газрын байршил, давхцалтай байгаа эсэх, эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авсан, аялал жуулчлалын гэж төсөл нь дархан цаазат газарт хуулиар зөвшөөрсөн барилга барих, үйл ажиллагаа явуулах эсэх” гэх мэттэй холбоотой баримт цуглуулж А/407 дугаар тушаалын хууль зүйн үндэслэл, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байхаар шийдвэр гаргасанд гайхаж байна.
13. Учир нь дээрх үйл баримтын талаар анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн
шаардлагад тусгагдаагүй тул хэлэлцээгүй, мөн давж заалдах журмаар гаргасан хариуцагчийн гомдолд дээрх агуулга тусгагдаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд дээрх асуудал огт яригдаагүй байхад давж заалдах шатны шүүх хаанаас хэнээс ирүүлсэн мэдээлэл, гомдолд үндэслэн ийм магадлал гаргасан нь тодорхойгүй.
14. Иймээс магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
15. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
16. Нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаалыг хүчингүй болгоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгохыг даалгах нэхэмжлэл гаргажээ.
17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.2 дахь хэсэгт зааснаар захиргааны актыг хүчингүй болгох, эсхүл захиргааны байгууллагын үйлдэл, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргах бөгөөд эдгээр шаардлагууд нь өөр өөр тохиолдолд хэрэглэгдэж, нэг үйл баримтад холбогдуулан зэрэгцсэн нэхэмжлэлийн шаардлага болж чадахгүй тул давж заалдах шатны шүүхийн “нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй” тухай дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
18. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаалаар “Бурхан багшийн хөшөөний эдэлбэр газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглуулсан” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “И” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, гэрээг цуцалж, шийдвэрлэсэн, нэгэнт захиргааны байгууллагаас тодорхой захиргааны акт гаргасан тул хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй, улмаар тухайн асуудлаар захиргааны акт гаргасан байхад “дахин захиргааны акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэлгүй, тухайн асуудлаар, тодорхой зохицуулалт хийсэн, захиргааны актыг хүчингүй болгуулах замаар өөрийн эрхийг сэргээлгэх шаардлага гаргах, эсхүл захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүйг тодорхой тогтоолгосны дараа шинээр акт гаргахыг шаардах эрх үүснэ.
19. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 дугаар тушаалаар “Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд байрлах, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны газраас 0.14 га газрын эрхийг хүчингүй болгож, нэхэмжлэгч хуулийн этгээдэд 0.44 га газар ашиглах зөвшөөрөл олгосон байгаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт хэрхэн нийцэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай.
20. Хэрэгт маргааны үйл баримтын талаар эсрэг, тэсрэг нотлох баримтууд байхад эдгээр баримтын эргэлзээг арилгаагүй, хэргийн шийдэлд хэрхэн нөлөөлөх талаар үнэлж дүгнээгүй байна. Тухайлбал, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1115 дугаар албан бичигт “Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн газрыг 2008 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 201 тоот тушаалаар 1.9 га газрыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд ашиглуулахаар шийдвэрлэсэн” гэсэн байх боловч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 207 дугаар албан бичигт “газар ашиглах тухай “И” ХХК-ийн 4405 мкв талбай бүхий газар нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/44 тоот тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд авсан БОНХАЖ яамны газар буюу Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн газарт хамаарагдаж буй болохыг тодорхойлов” гэсэн байгаа нь тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэсэн, давж заалдах шатны шүүхийн “захиргааны байгууллагын шийдвэрийн бусад үндэслэлд холбогдох нотлох баримтыг цуглуулах, газрын давхцал байгаа эсэх, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан эсэх, Бурхан багшийн хөшөө, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалт, нийтээр ашиглах боломжийг алдагдуулах эсэхийг тодруулах” тухай дүгнэлт зөв байна.
21. Нэхэмжлэгч “И” ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “шүүхийн шийдвэр биелүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, захиргааны акт гаргахыг даалгах” нэхэмжлэл гаргаж байсан боловч уг нэхэмжлэлээ дэмжиж “шүүхэд ирээгүй” гэх үндэслэлээр 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байна. Энэ хэргийн нэхэмжлэлийн үндэслэл нь одоогийн нэхэмжлэлийн үндэслэлтэй адилхан байгаа эсэх, хэрэв адилхан бол ямар үр дагавар үүсэх талаар эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.
22. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 144 дүгээр шийдвэрээр “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдох “А/87 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэж, маргаан бүхий захиргааны актыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн, улмаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
23. Энэхүү “Г” ХХК-ийн нэхэмжлэлээс татгалзсан байдал нь захиргааны байгууллагын хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй, анхан шатны шүүхийн ““Г” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж, 144 дүгээр шүүхийн шийдвэр хүчингүй болсон нь нэхэмжлэгч “И” ХХК-д эерэгээр өөрчлөгдсөн, ашигтай шийдвэр гарсан” тухай дүгнэлт буруу болжээ.
24. Иймээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 543 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ