Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 26

 

 Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Нэргүй   даргалж,

Нэхэмжлэгч:Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэн, тус сумын Төрийн банкны салбарын эрхлэгч Ч.Батжаргал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амардэлгэр

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:Тарагт сумын Засаг дарга, мөн сумын Ардчилсан намын дарга  Х.Дашдэлэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ч.Батжаргалын нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Сонгуулийн хороонд холбогдох “Тарагт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчээр бүртгүүлэх тухай”     захиргааны хэргийг  анхан шатны шүүхээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Монгол Ардын хувьсгалт намд 2004 оны 05 дугаар сарын 24-ний өдөр элсэж үнэмлэх гардаж авсан. 2011 онд намын нэр өөрчлөгдөж Монгол Ардын Нам болон өөрчлөгдөхөд гишүүний үнэмлэхээ хуучин оноороо шинэчлэгдсэн байдлаар надад өгч байсан.

Би 2010 оноос хойш Тарагт сумын Монгол Ардын намын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны тэргүүнээр сумаа төлөөлөн одоог хүртэл ажиллаж байна.

2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Сайн малчин” хөтөлбөр батлагдаж Улаанбаатар хотоос Жадамбаагийн Төмөрбаатар гэдэг хүн ирсэн. Тэгээд миний ажиллаж байгаа Төрийн банк нь Сангийн яамны харъяа засаг барьж байгаа нам нь Ардчилсан нам болохоор Төрийн банкны ажилчид Ардчилсан намын гишүүн байх ёстой намд элс гэсэн. Хэрвээ Ардчилсан намд элсэхгүй бол ажил, албан тушаалтай чинь ярина гэж хэлсэн.

Тэгээд би 2004 онд Монгол Ардын намд элссэн, ахиж өөр намд элсэх сонирхол байхгүй байна гэдгээ хэлж байсан. Энэ талаар сонсоод сумын Засаг дарга болон Ардчилсан намын дарга Х.Дашдэлэгт 2004 онд Монгол Ардын Хувьсгалт намд элссэн талаараа болон Монгол Ардын Намын залуучуудын холбооны тэргүүнээр ажиллаж байгаа талаараа хэлэхэд тийм үү гээд өөр зүйл надад хэлээгүй.      

Би одоо Монголд Ардын намаас орон нутгийн сонгуульд нэр дэвших гэсэн боловч хоёр намын харъяалалтай гэсэн үндэслэлээр сумын Сонгуулийн хороо бүртгэж авахаас татгалзсан. Иймд би сонгох сонгогдох эрхээ болон зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Намайг Ардчилсан намд хүчээр элсүүлсэн. Санаатайгаар ийм зүйл хийж байна гэж ойлгоод байгаа гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Ч.Батжаргал нь 2004 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Монгол Ардын Хувьсгалт намд элссэн байсан. Ардчилсан нам нь өөрөө  2010 онд Үндэсний зөвлөлдөх хорооноос гаргасан гишүүн элсүүлэх журмын 2.8-д заасан журмыг зөрчсөн байсан. Сумын сонгуулийн хороо Ч.Батжаргалыг 2 намын гишүүнчлэлтэй гээд нэр дэвшүүлэхийг татгалзсан.

 Танай намаас Ч.Батжаргалыг Ардчилсан намын гишүүн гэж харах зүйл байхгүй. Ганцхан анкет л байгаа байх. Ч.Батжаргал бол Ардчилсан намд өөрийн хүсэл зоригоороо биш хүчээр элссэн. Би таныг Сумын сонгуулийн хороонд нөлөөлж ойлгуулсан байх гэж бодож байна. Орон нутгийн сонгуульд Ч.Батжаргалыг бүртгэхгүй байгааг цаанаасаа зохион байгуулттай байна гэж харагдаад байна.

Ч.Батжаргалыг Ардчилсан намын гишүүн гэж үзэх эрх зүйн үндэс байхгүй. Би түрүүн хэлж байсан Ардчилсан намаас 2010 онд Үндэсний зөвлөлдөх хорооноос гаргасан гишүүн элсүүлэх журмын 2.8-дахь заалтыг зөрчсөн байсан. Танай намаас Ч.Батжаргалыг Ардчилсан намын гишүүн гэж харах зүйл байхгүй. Ганцхан анкет л байгаа байх.

 Одоо орон нутгийн сонгууль болоход хэдхэн хоног үлдээд байна. Иймд Ч.Батжаргалын сонгох, сонгогдох эрхийг сэргээж өгнө үү? гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа: Би нэхэмжлэгч талын тайлбарыг сонслоо. Орон нутгийн сонгуультай холбогдуулан 2016 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр нэр дэвшигчийг бүртгэх хуулийн хугацаанд Ч.Батжаргал нь 2 намын гишүүнчлэлтэй байсан болохоор бүртгэхээс Тарагт сумын сонгуулийн хороо татгалзсан.

 Яагаад татгалзсан бэ? гэхээр Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт заасан хоёр намын гишүүнчлэлтэй гишүүнийг бүртгэхгүй хасна гэсэн заалт байдаг.

 Үүнийг нэхэмжлэгч ойлгоод Ардчилсан намаас өөрийн хүсэлтээр гаргая гэсэн хүсэлтээ өгсөн байсан. Би энэ хүсэлттэй танилцаагүй байсан. Харин анхан шатны шүүх хуралдаан болох үед би хавтаст хэргээс харсан. Ч.Батжаргал  нь 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өрөөнд орж ирээд намаасаа гарах энэ өргөдлөө өгсөн. Миний өгсөн өргөдлийг даруйхан шийдэж өгөхийг надаас хүссэн. Намын удирдах зөвлөлийн хурал 10 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд болно. Энэ үеэр чиний өргөдлийг хэлэлцье гэж би хэлсэн.

 Энэ өдрүүдэд Намын удирдах зөвлөлийн хурал болох байсан боловч  цасан шуургатай хөдөөнөөс хүмүүс ирж чадаагүй учраас тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Ч.Батжаргал нь 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Ардчилсан намын гишүүний батлахаа гардаж авсан. Өргөдөл анкетаа өөрөө бөглөж өгч хүсэлт гаргасан тул миний бие сумын намын даргын хувьд гишүүнчлэлийн батлахыг гардуулж өгсөн.

Одоо Ч.Батжаргал Ардчилсан намын гишүүн хэвээрээ байгаа.Монгол Ардын Хувьсгалт Нам бол Монгол Ардын Нам болох процесс нь 2011 оны 11 дүгээр сарын 7-ноос 8-ны өдрүүдэд Намынхаа их хурлыг хийгээд илтгэл тавихдаа 150000 гишүүн төлөөлж 800000 гишүүнтэй байсан. Тэгэхэд Ч.Батжаргалын үнэмлэхний дугаар нэг дахин буюу 100000 хүний гишүүнчлэлийн хойно болон бичиг баримтны тоо зөрүүтэй байгаа юм. Ч.Батжаргал нь 2004 онд Амгалан, 2009 онд Бат-Эрдэнэ гэдэг хүнээс үнэмлэхүүдээ гардаж авахдаа 2004 онд олгосон эхний үнэмлэхний дугаартай байгаа. Монгол Ардын Хувьсгалт нам цаг хугацааны хувьд Тарагт суманд олгож үнэмлэхний дугаар 17 гэж байхад Ч:Батжаргалын үнэмлэхний дугаар мэдэгдэхгүй байдаг. Ийм болохоор би анхны шүүх хуралдаанд намын үнэмлэх дээр байгаа гарын үсэг, тамга тэмдгийг шинжлүүлэхээр хүсэлт гаргасан.

Ч.Батжаргал өөрөө Ардчилсан намын гишүүн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Сонгуулийн тухай хуулийн дагуу 2 намын гишүүнчлэлтэй байсан болохоор зөв шийдвэр гаргасан гэж миний зүгээс үзэж байна. Шүүхээс эцсийн шийдвэр гараагүй байхад Ч.Батжаргал сонгуулийн ухуулга хийж байгааг юу гэж ойлгох вэ? Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчээр бүртгүүлээгүй хүн сурталчилгааны материал тараахыг хориглосон зүйл заалт ч бий. Ч.Батжаргал давхар олон хуулийг зөрчиж байна.

 Би нэхэмжлэгч нарт өөрийнхөө намын батлахыг сайн үзээч гэж хэлмээр байна. Ч.Батжаргал бол Монгол Ардын Нам болон Ардчилсан Намын гишүүн гэдэг нь тогтоогдлоо. Хэрвээ чи Ардчилсан намд хүчээр элсүүлсэн гэж бодож байгаа бол Ж.Төмөрбаатартай учраа олох ёстой.

Хариуцагч Тарагт сумын Сонгуулийн хорооноос шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ:Нэхэмжлэгч Ч.Батжаргалын Тарагт сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаанд тамга, тэмдэг зөрөөтэй гарын үсэг хуурамч гэсэн асуудлаар шинжээч томилж хуралдаан зарлагдаж байгаа учраас хуралдаанд оролцох боломжгүй, сумын сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн дагуу Ч.Батжаргал хоёр намын гишүүнчлэлтэй заалтаар нэр дэвшүүлэхийг түдгэлзүүлсэн. Иймд Сонгуулийн хорооны ажилд энэ асуудал хамаагүй учраас шүүх хуралдаанд оролцохыг татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

   Тус шүүх хуралдаанаар Ч.Батжаргалын нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Сонгуулийн хороонд холбогдох “Тарагт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчээр бүртгүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ч.Батжаргал нь 2004 оны 05 дугаар сарын 24-нд МАХН-д элссэн боловч нам нь нэрээ өөрчилж МАН-д мөн өдрөө элсэж шинээр намын үнэмлэх олгосон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Гуравдагч этгээдээс МАХН-ын үнэмлэхийг олгосон дарга Ц.Амгалангийн гарын үсэг, тамга тэмдэг нь хуурамч байна гэсэн үнэдслэлээр Шүүхийн шинжилгээний албанд шинжээч томилуулахаар хүсэлт гаргасны дагуу Шүүгчийн захирамжаар шинжээч томилоход дараах дүгнэлт гаргасан байна.

2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221 дугаартай Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний албаны кримналистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Нарангэрэл гаргасан дүгнэлтэндээ:

1.2004 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн Ч.Батжаргалд олгосон МАХН-ын үнэмлэхний гарын үсэг зурах хэсэгт зурагдсан гарын үсэг харьцуулах загвараар ирүүлсэн Ц.Амгалангийн гарын үсэгтэй тохирч байна.

2. 2004 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн Ч.Батжаргалд олгосон МАХН-ын үнэмлэхэнд дарагдсан тэмдэг нь №218048 Сүү-Адъяагийн Энхмаад 2003 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олгосон МАХН-ын үнэмлэхэнд дарагдсан тэмдэгтэй тохирч байна.

3.Шинжилгээнд ирүүлсэн харьцуулах загвар хангалтгүй тул серийн дугаарыг тогтоох боломжгүй гэжээ.

2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Ардчилсан намд элсүүлэн олгосон гэх Ч.Батжаргалын үнэмлэхэнд өөрийнх нь гарын үсэг зурагдаагүй байна.Харин тус намд элссэн анкетанд өөрийнх нь гарын үсэг зурагджээ.

Мөн нэхэмжлэгч Ч.Батжаргал шүүхэд гаргаж байгаа тайлбартаа тухайн үед би Тарагт сумын Төрийн банкны салбарын захирлаар ажиллаж байсан.Гэтэл Улаанбаатар хотын Төрийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн Жадамбаагийн Төмөрбаатар гэдэг хүн ирээд Төрийн банкны ажилчид бүгд Ардчилсан намын гишүүн байх ёстой. Элсэхгүй бол тус банкинд ажиллуулахгүй гэж дарамталж тулгасан.Ажилгүй болохгүйн тулд Ардчилсан намд элссэн ба өөрийн итгэл үнэмшлээр тус намд элсээгүй юм.Би тухайн үед сумынхаа Монгол Ардын намын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны Тэргүүлэгч нь байсан.Одоогоороо энэ ажлаа хийж байна гэжээ.

Ж.Төмөрбаатар нь Тарагт сумын Ардчилсан намд хүний эрх, эрх чөлөөг зөрчин тулган дарамталж, Ч.Батжаргалыг намдаа элсүүлсэн, түүний өөрийн итгэл үнэмшлээрээ элсээгүй гэсэн үндэслэлээр Ардчилсан намаас татгалзаж 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан өргөдлийг тус сумын Ардчилсан нам хүлээж авсан боловч   шуурхай шийдвэрлээгүй  тул холбогдох хуулиудыг зөрчсөн гэж шүүх үзэв.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4,106.3.12-т  зааснуудыг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1.Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,128 дугаар зүйлийн 128.1-д зааснуудыг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Ч.Батжаргалын 269 дугаартай, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр олгосон Ардчилсан намын үнэмлэх, Тарагт сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг тус тус хүчингүйд тооцож, Ч.Батжаргалыг  Монгол Ардын Намаас нэр дэвшигчээр бүртгэхийг Тарагт сумын Сонгуулийн хороонд даалгасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48,2-т   тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

        3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Ц.НЭРГҮЙ