| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00388/И |
| Дугаар | 137/ШШ2025/00429 |
| Огноо | 2025-08-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 137/ШШ2025/00429
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч А.А нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Э холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох 20 сая төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д аймаг З сум ..-р баг Э... тоотод оршин суух Б овогт Э А /РД: ......., утас: .........../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э.А нь Э.Э 2013 онд танилцаад үерхэж байгаад 2014 онд албан ёсоор нэг гэрт орсон. Бидний хамтын амьдралын хугацаанд хүү М 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр, Хүү Э 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр, охин Э 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хамтын амьдралд сүүлийн жилүүдэд бидний хоорондын харилцаа болон зан аашны хувьд таарч тохирохгүй болж маргалдах болсон. Энэ байдал нь хүүхдүүдийн зан ааш болон хүмүүжил мөн тэдгээрийн эрх ашиг сөргөөр нөлөөлөх болсон учраас цаашид хамтран амьдрах боломжгүй байна. Сүүлийн хэдэн жил хоорондын харилцаа таарч тохирохгүйн улмаас салах шийдвэр гаргасан. Миний бие хүү Э.М, хүү Э.Э, охин Э.Э нарыг өөрийн асрамждаа авч эцэг Э.Э хуульд заасны дагуу гурван хүүхдэдээ тэтгэлэг гаргуулахыг хүсэж байна. Бидний хоорондын эд хөрөнгийн маргаан хувьд надад хэлэлгүй өөрийн нэр дээрх болон хамт амьдраад авсан хашаа байшингаа зарж үрэгдүүлсэн. Иймд өөрт болон хүүхдүүддээ ноогдох хувь авах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч Э.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Э овогтой А хариуцагч Э.Э хүүхдийн тэтгэмж тогтоолгож дундын хөрөнгөөс 20 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хувиараа ярилцаж тохиролцсоны улмаас шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлээсээ татгалзаж нэхэмжлэлийг татгалзаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.А нь Э.Э холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох 20 сая төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ хариуцагч Э.Э ярилцаж тохиролцсоны үндсэн дээрээс татгалзсан тайлбараа шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Э.А нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Э холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох 20 сая төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Э.А нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,799 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 163,899.5 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 163,899.5 төгрөгийг хариуцагч Э.Э тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.БОЛОРМАА