| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00494/И |
| Дугаар | 137/ШШ2025/00423 |
| Огноо | 2025-08-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 137/ШШ2025/00423
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч С лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.О холбогдох зээлийн гэрээний үүрэг 720,311.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 08 сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У хот Ч дүүрэг .-р хороо, Ж , ...... давхарт байрлах, С лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК /ХХД: ......., РД: ......., утас: ......../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.О 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр БЗГ22-...... дугаартай "Барьцаат зээлийн гэрээ”-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 2,849,900 төгрөгийн зээлийг сарын 3.30%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн. Үндсэн зээл 2,849,900 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно..." гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож, нийт 4,725,511.97 төгрөг болсон. Энэхүү мөнгөн дүнгээс 4,014,500 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 711,011.97 төгрөг үлдсэн байна. Энэхүү дүн дээр нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 720,311.97 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч: Д аймаг, З сум .-р баг, Б гудамж ... тоотод оршин суух Б овогт Н О /РД: ....., утас: ....../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Н.О миний бие С лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Н.О би С лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-аас зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа 720,311.97 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК хариуцагч Н.О холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 720,311.97 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.О нь зээлийн гэрээний үүрэгт 720,311.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.О холбогдох зээлийн гэрээний үүрэг 720,311.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.О нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,837 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 10,918.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 10,918.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Н.О нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.БОЛОРМАА