| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2306 01977 0036 |
| Дугаар | 2024/ДШМ/1363 |
| Огноо | 2024-12-17 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Сүхчулуун |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2024/ДШМ/1363
Ч.Мт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Сүхчулуун,
яллагдагч Ч.М, түүний өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/2591 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Л.Наранхүүгийн бичсэн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 59 дүгээр эсэргүүцлээр Ч.Мт холбогдох 2306 01977 0036 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Ч-ийн М, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, ... настай, э...., дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “...” ХХК-д нягтлан бодогч ажилтай, , ам бүл .... хамт ... дүүргийн .... дүгээр хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .../,
урьд: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 444 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр бүрэн биелүүлсэн,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 887 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Яллагдагч Ч.М нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Д хүүхдийг “Мэргэжлийн хяналтын газар” ажилд оруулж өгнө, энэ ажилд зарцуулна, ажилд оруулах хүнд өгнө, мөнгө хэрэгтэй” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “Хаан банк” дахь Х.Чгийн эзэмшлийн .... дугаарын дансаар 8,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
хохирогч Ч.Ц-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хураагдсан орон сууцыг хямд үнээр дуудлага худалдаанд оролцож авч өгөх боломжтой, цагдаагийн хурандаа нар байгаа, урьдчилгаа 3 сая төгрөгийг шилжүүлэх шаардлагатай байна” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогчоос Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хорго” хотхоны АТМ-р дамжуулан 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байрны төлбөрт гэх зориулалтаар шилжүүлсэн 3 сая төгрөгийг “....” дахь О.С-ийн эзэмшлийн ... дугаартай дансаар авч залилсан,
“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хураагдсан байрнаас хямд авах боломж байна”, “тал үнээр нь авдаг юм”, “байр дуудлага худалдаанд орох гээд байна” гэх мэтээр хохирогч Н.Я-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогчийн 2021 оны 11 дүгээр сарын 20, 22-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн нийт 3 сая төгрөгийг “Хаан банк” дахь О.С-ийн эзэмшлийн .... тоот дансаа шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ч.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Хохирогч Н.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Г-ийн ээж М-тэй гар утсаар холбогдоход Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ойролцоо байрлах манай зочид буудал дээр хүүтэйгээ хүрээд ир, ажилд оруулж өгөхөөр болчихлоо гэхээр нь би хүүгээ дагуулаад тухайн зочид буудалд очиход “би Гийн ээж байна” гээд М гэх эмэгтэйтэй уулзсан. Тухайн М гэх эмэгтэй нь энэ хүн ажилд оруулах гэж байгаа гээд Д гэх хүнтэй танилцсан бөгөөд гар утасны дугаар зэргийг нь өгсөн юм. М гэх хүн нь 8,000,000 төгрөг танд байна уу, хэрэгцээ шаардлагатай байна гэхэд нь хүлээн зөвшөөрөөд тухайн газраасаа 10 дугаар хорооллын ойролцоо байрлах Хаан банкны АТМ-ээс 8,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн .... тоот дугаарын данснаас ... тоот дугаарын Хаан банкны Х Ч гэсэн эзэмшигчтэй данс руу 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 17 цаг 31 минутад шилжүүлсэн...” гэх,
хохирогч Н.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Мийн надад өгсөн Ч гэх нэртээ Хаан банкны тоот дансанд өөрийн данснаасаа 8 сая төгрөг шилжүүлсэн. Тухайн үед би М энэ данс чинь чиний данс биш байна ш дээ гэсэн чинь М надад хандан манай ээжийн данс байгаа юм, би өөрөө хэрэглэдэг юм ямар ч асуудалгүй мөнгөө хийчих гэхээр нь би мөнгө хийсэн. Сүүлд нь би мөнгөө хэн гэж хүний дансанд хийсэн талаараа лавлаж асуухад Чагнаа гэх хүний данс байсан. Мөн Мийн төрсөн ээжийн данс нь байсан. Миний мөнгийг Д, М 2 хааш нь яаж захиран зарцуулсан талаар сайн мэдэхгүй байна. Мийн хүү Г нь амьд сэрүүн байхдаа таны мөнгийг манай ээж Дн ахад өгсөн гэж ээж хэлж байсан гэж хэлж байсан...” гэжээ.
Хохирогч Н.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн 2 удаагийн мэдүүлгээр хэрэг гарсан тухайн цаг хугацаанд буюу 2021 оны 07 дугаар сарын 27- ны өдөр “Хан” зочид буудалд Ч.М, Б.Д нар нь хамт байсан гэх, яллагдагч Ч.М нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “би тус 8,000,000 төгрөгийг тухайн өдөр Өргөө кино театрын урд байрлах Хаан банкны АТМ-ээс бэлнээр авч тэр даруй Б.Д гэх хүнд өгсөн. Би 150,000 төгрөгийг авсан...” гэх мэдүүлгийг гаргаж байх тул Б.Д-гээс дахин мэдүүлэг авч, уг гэмт хэрэгт хамтран оролцоо байгаа эсэхийг шалгаж, хэргийн үйл баримтыг мухарлах нь зүйтэй.
Мөн Х.Чгийн ... тоот дансанд үзлэг хийж, уг мөнгийг Өргөө кино театрын урд байрлах Хаан банкны АТМ-ээс бэлнээр авсан эсэхийг тодруулах ажиллагааг хийх шаардлагатай байна гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж, яллагдагчид урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Л.Наранхүү эсэргүүцэлдээ: “...Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг прокуророос өөрийн эрх, үүргийн хүрээнд нотолж, яллах дүгнэлт үйлдэх бөгөөд үүнийг тогтоох эсхүл үгүйсгэх эрх, үүрэг шүүхийн бүрэн эрхэд хамаарах асуудал байдаг билээ. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанд, мөрдөн байцаалтад зөрчилтэй хийгдсэн болон огт хийгдээгүй аль ч ажиллагаа хамаарч болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Д-ээс мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэрчийн эрх үүргийг танилцуулсны үндсэн дээр хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг тайлбарлаж, хангасны үндсэн дээр мэдүүлэг авсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” мөн хуулийн 2 дахь хэсэгт “Гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж хуульчилсан бөгөөд нэр бүхий гэрч нар нь хэргийн үйл баримтын талаар харсан зүйлээ мэдүүлсэн байна. Түүнчлэн гэрч, хохирогч нарын мэдүүлэгт зөрүү байхгүй, гэрч Б.Д-гээс дахин мэдүүлэг авах шаардлагагүй бөгөөд прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг үндэслэн нотлох баримтыг үнэлсэн болно. Хохирогч Н.Д нь Ч.М, Б.Д нартай уулзаж хүүхдээ мэргэжлийн хяналтын газар ажилд оруулж гэсний дагуу 8,000,000 төгрөгийг Ч М нь Хаан банкны ... тоот дансанд шилжүүлэн авсан гэж, Ч.М нь “8,000,000 төгрөгийг бэлнээр Б.Д-д өгсөн” гэх мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн 2 удаагийн, шүүхийн урьдчилан хэлэлцүүлэгт “би 150,000 төгрөгийг авч, үлдэгдэл 7,850,000 төгрөгийг Б.Дд өгсөн” гэж тус тус зөрүүтэй мэдүүлсэн, Б.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би Д гэж хүнийг танихгүй. Ч.М нь надтай мэргэжлийн хяналтын байгууллагад хүн ажилд оруулж өгөх талаар ярьсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, дээрх дурдсан мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас хууль сануулж авсан мэдүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу дээрх үйлдэлд Б.Дг яллагдагчаар татах үндэслэл тогтоогдоогүй болно. Ч.М нь Б.Дг энэ гэмт хэрэгт хамааралтайг А.Г нотолно гэж мэдүүлдэг боловч, А.Г нь 2023 оны 07 дугаар сард нас барсан болох нь Улсын бүртгэлийн байгууллагад нас барсныг бүртгэсэн мэдээлэл, Ч.Мийн мэдүүлэг зэргээр тогтоогддог ба энэ хэрэгт А.Гээс гэрчээр тооцож мэдүүлэг аваагүй болно. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Н.Д, гэрч Б.Д нарыг мэдүүлэг авахаар оролцуулах бүрэн боломжтой. Мөн хавтаст хэрэгт авагдсан гэрч Х.Чгийн мэдүүлэг, Хаан банк дахь ... тоот дансны дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд хангалттай авагдсан байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана’’ гэж хуульчилсан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/2591 дугаартай захирамж нь бүхэлдээ хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлага хангаагүй, шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэлүүдээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байна. Иймд шүүгчийн 2024/ШЗ/2591 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.
Прокурор Н.Сүхчулуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний бие яллагдагч Ч.Мт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагч Д.Наранхүү оролцсон. Прокуророос яллагдагчийг 3 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж дээрх 3 үйлдлийг нь “үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилсан” гэж ялласан. Мөрдөн байцаалтын шатанд Б.Д нь яллагдагч Ч.Мтэй бүлэглэн хохирогч Н.Дийн төрсөн хүүхдийг төрийн байгууллага буюу Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажилд оруулж өгнө гэж урьдчилан амлаж бусдын эд хөрөнгө болох 8,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан хэрэгт холбогдуулан шалгасан. Ч.Мт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх үед энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Д цагдан хоригдож байсан. Тухайн үед өөр гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн байсан ялтан Б.Дг дуудлагаар авч, дахин эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгах ажиллагаа явуулж байсан бөгөөд Ч.Мийн үйлдэл холбогдолтой Б.Дг хамааралтай буюу хамтран оролцсон оролцоо байх боломжтой гэж үзэж шалгасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан баримтууд болон хохирогч Н.Дийн хувьд анхнаасаа хууль бус шаардлага тавьсан, түүнийг нь яллагдагч Ч.М хүлээн авч, хохирогчийн тавьж байгаа саналыг биелүүлэх боломжтой буюу хүүхдийг нь шууд ажилд оруулах боломжтой гэж бүрэн итгүүлэн 8,000,000 төгрөг авсан болох нь тогтоогдсон. Хохирогч болон түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлгээр 8,000,000 төгрөгийг Ч.Мийн төрсөн эх Чагнаагийн Хаан банкны тоот данс руу шилжүүлсэн болох нь тогтоогддог. “Хэдийгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажилд оруулах боломж нь Б.Дд байсан, Б.Д надад ийм санал тавихаар нь би үүнийг цааш дамжуулж, зуучлалын үйл ажиллагаа явуулж Д гэх хүнд өгсөн” гэдэг боловч түүний мэдүүлэг өөр бусад нотлох баримтаар тогтоогдож чадаагүй. Түүний мэдүүлгийг хэн нотлох вэ гэж асуухаар “Миний төрсөн хүү А.Г нотолно” гэж мэдүүлдэг. Гэтэл А.Г нь 2023 оны 7 дугаар сард нас барсан болох нь Улсын бүртгэлийн байгууллагад нас барсныг бүртгэсэн мэдээлэл, Ч.Мийн мэдүүлэг зэргээр тогтоогддог ба энэ хэрэгт А.Гээс гэрчээр тооцож мэдүүлэг аваагүй. Тиймээс Б.Дгийн үйлдэл холбогдлыг тогтоож чадаагүй учраас түүнийг Ч.Мтэй бүлэглэн гэмт хэрэг үйлдэх боломжгүй гэж үзээд хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байхад нь түүнээс гэрчээр хоёр удаа мэдүүлэг авсан. Нөгөө талдаа хохирогч Н.Дөөс авсан 8,000,000 төгрөгийг Б.Дд хүлээлгэн өгсөн гэх баримт хэрэгт огт байдаггүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 8,000,000 төгрөгийг Ч.М данснаасаа авч Б.Дд бүгдийг нь өгсөн гэж мэдүүлдэг бол анхан шатны шүүх хуралдаанд дахин мэдүүлэг өгөхдөө “Би тэр мөнгөнөөс 150,000 төгрөгийг өөртөө авч, үлдсэн мөнгийг Б.Дд өгсөн” гэдэг. Гэтэл өгсөн гэх ямар ч нотлох баримт байдаггүй. Б.Д, Ч.М нар хоорондоо харилцаатай байсан ч тэднийг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Ийм учраас Б.Дд холбогдох хэргийг шалгах үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж эсэргүүцэл бичсэн. Шаардлагатай бол энэ шүүх хуралдаанд хохирогч, гэрчүүдийг оролцуулан тодруулах боломжтой. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Яллагдагч Ч.Мийн өмгөөлөгч Ю.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих зарим зүйлс нотлогдоогүй гэж үзэж маргасан. Учир нь, хэргийн 194, 195 дахь талд миний үйлчлүүлэгчийн цагдан хоригдож байхдаа өгсөн тайлбар, мэдүүлэг байдаг бөгөөд тэрээр “8,000,000 төгрөг орсон, үүнээс 150,000 төгрөг надад үлдсэн” гэдэг. Энэ үйл баримт нь хэрэгт сүүлд гаргаж өгсөн баримт болох 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн дансны хуулгаар нотлогддог. Анхан шатны шүүхээс 7,850,000 төгрөг Ч.Мийн мэдүүлэгт дурдсан цаг хугацаанд 30 минутын дотор “Өргөө”-ийн хажууд байх АТМ-ээс гаргаж өгсөн гэх бөгөөд уг мэдүүлгийг бүрэн нотлоогүй, нотолбол зохих зүйл нотлогдох ёстой гэсэн. Иймд шүүгчийн захирамжийг хүчин төгөлдөр гэж үзэж байх тул захирамжийг хэвээр үлдээж, хэргийг прокурорт буцааж шаардлагатай нөхцөл байдлыг тодруулж, үйл баримтыг цуглуулах нь зүйтэй. ...” гэв.
Яллагдагч Ч.М тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд яллагдагч Ч.Мт холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй болжээ.
Анхан шатны шүүхээс “…нотолбол зохих байдал нотлогдоогүй, Б.Дгээс дахин мэдүүлэг авч, уг гэмт хэрэгт хамтран оролцоо байгаа эсэхийг шалгах, Х.Чгийн дансанд үзлэг хийж, уг мөнгийг Өргөө кинотеатрын урд байрлах Хаан банкны АТМ-с бэлнээр авсан эсэхийг тодруулах” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байх бөгөөд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүйгээс гадна энэхүү зөрчлийг арилгасны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.
1. Өөрөөр хэлбэл гэрч Б.Дгээс дахин мэдүүлэг авч хохирогч Н.Дөөс авсан 8,000,000 төгрөгийг хэн авсан, хэрхэн зарцуулсан зэргийг шалган тодруулах нь ач холбогдол бүхий бөгөөд уг гэмт хэрэгт хамтран оролцоо байгаа эсэхийг шалгах нь зүйтэй байна.
Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шударга ёсны зарчим”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйл, 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, журамд нийцнэ.
2. Мөн хохирогч Н.Д: “...АТМ-ээс 8,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ... тоот дугаарын данснаас .... тоот дугаарын Хаан банкны Х Ч гэсэн эзэмшигчтэй данс руу 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 17 цаг 31 минутад шилжүүлсэн.
Яллагдагч Ч.М: “...би тус 8,000,000 төгрөгийг тухайн өдөр Өргөө кино театрын урд байрлах Хаан банкны АТМ-ээс бэлнээр авч тэр даруй Б.Д гэх хүнд өгсөн. Би 150,000 төгрөгийг авсан.. ...” гэж мэдүүлжээ.
Гэтэл хэрэгт Х.Чгийн эзэмшлийн ... тоот данснаас 8,000,000 төгрөг гарсан эсэхийг үзлэг хийж бүрэн дүүрэн шалган тодруулаагүй, Х.М нь дээрх мөнгийг Өргөө кинотеатрын урд байрлах Хаан банкны АТМ-с бэлнээр авсан гэх боловч энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулаагүй, шалгах ёстой зайлшгүй шаардлагатай асуудлыг орхигдуулсан...” гэх ажиллагааг бүрэн гүйцэд хийж ирүүлснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд хангагдах боломжтой.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдээгүй ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/2591 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр, бүрэн гүйцэд хийх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/2591 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Л.Наранхүүгийн бичсэн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 59 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хэргийг прокурорт очтол Ч.Мт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ