| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0705/Э |
| Дугаар | 854 |
| Огноо | 2018-06-11 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 854
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, шүүгч С.Олзод, С.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,
Иргэдийн төлөөлөгч Г.Цэвэлсүрэн,
Улсын яллагч Б.Ганбулган,
Хохирогчийн өмгөөлөгч М.Батмөнх,
Шүүгдэгч Ч.Г , түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Г т холбогдох эрүүгийн 1706 03933 0561 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 6 дугаар гудамжны 7 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ШВ64081911, хэрэг хариуцах чадвартай, Ч Г .
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ч.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 6 дугаар гудамжны 7 тоотод буюу өөрийн гэртээ иргэн Д.Баасандоржийн толгойн ар дагз хэсэгт 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Г мэдүүлэхдээ: “…2017 оны 12 дугаар сарын 13-ны шөнө хохирогч Д.Баасандоржийг Н.Эрдэнэбаяр дагуулж орж ирсэн. Тэгээд бид нар зургуулаа жоохон юм уусан байсан. Тэр хоёр 1 шил архи гаргаж ирээд бүгдээрээ хувааж уусан. Тэр архи бараг дуусах гэж байтал хохирогч Д.Баасандорж Х.Софиягийн хажууд очиж суусан. Х.София орон дээр сууж байсан. Тэгээд Д.Баасандорж нь Х.Софияг оролдоод дотно яриа өрнүүлэхээр нь би “боль” гэсэн. Тэгээд би “унтаж амармаар байна тарцгаа” гэхэд Д.Баасандорж нь “байж бай энэ архиа дуусгаадахъя” гээд намайг гарын ар талаар түлхсэн. Тэгээд би пошиктой уснаас 1 хутгаж уугаад гал тогооны ширээн дээр байсан хутгыг авсан. Хутгаар би хохирогчийн араас нь хатгасан.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Баасандоржийн өгсөн мэдүүлэг /хх-20-21/, гэрч Н.Эрдэнэбаярын өгсөн мэдүүлэг/хх-22/, шүүгдэгч Ч.Г ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-23/, гэрч Х.Софиягийн өгсөн мэдүүлэг /хх-26/, гэрч С.Үнэнзаяагийн өгсөн мэдүүлэг /хх-28/, гэрч Я.Сийлэгмаагийн өгсөн мэдүүлэг /хх-30, 34/, гэрч Б.Лувсанбатын өгсөн мэдүүлэг /хх-31/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 401 дугаартай дүгнэлт /хх-36/, шүүгдэгч Ч.Г ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-67-68/, шүүгдэгч Ч.Г иргэний үнэмлэхний хуулбар /хх-53/, шүүгдэгч Ч.Г ял шалгасан хуудас /хх-54/, хохирогч Д.Баасандоржийн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-6/, шинээр хохирол нэхэмжилсэн 6 хуудас баримт, шүүгдэгч Ц.Гантөмөрийн хувийн байдлыг тодруулсан баримт 1 хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 6 дугаар гудамжны 7 тоотод буюу өөрийн гэртээ иргэн Д.Баасандоржийн толгойн ар дагз хэсэгт 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Д.Баасандоржийн өгсөн: “….2017 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө би Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачууртад найз Пүрэвбатын гэрт очиж тэр үед би өөрөө согтуу очсон. Тэгээд Пүрэвбатын хажууд байдаг Энхбаяр гэх залуутай нийлж 1 шил 0.75 литрын архи хуваан уугаад “дахин нэмж архи уух” гээд Гачууртын эцэс рүү архинд явж дэлгүүрээс дахин нэг шил Хараа архи авсан. Тэр үед Энхбаяр манай танил ахын гэрт очиж ууя гээд Ч.Г ийн гэрт очсон. Тэгэхэд гэрт хүмүүс байсан. Би өөрөө нэлээд согтуу байсан болохоор сайн санахгүй байсан нэг санахад зуухны хажууд сууж байсан. Надад хундагатай архи өгөөд л байсан. Тэгээд миний толгойны ар руу нэг цохих шиг болсон түүнээс хойш би санахгүй эмнэлэгт сэрсэн. Миний хувьд гомдолтой байна, эмчилгээний зардал мөнгө гаргуулмаар байна...Би хоёр хөл дээрээ явж чадахгүй байгаа болохоор их гомдолтой байна.”/хх-20-21, 72-73/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Н.Эрдэнэбаярын өгсөн: "...Өнөөдөр 01 цагийн үед манай ах Цэрэндоржийн хамтаар Гачууртад Төмөө гэх айлын очсон. Бид хоёрыг очиход тэднийд 2 эмэгтэй, 4 залуу байсан. Бид нар 2 шил архи хувааж уусан. Нэг мэдэхэд тэр Төмөө ах миний урдуур алхсан. Тэгтэл хажууд сууж байсан Д.Баасандорж урагшаа унахаар нь хартал Төмөө гартаа цустай хутга барьчихсан байсан. Тэгээд би хутгыг нь булааж аваад булан руу шидээд цагдаа дуудсан юм. Төмөө ямар шалтгаанаар Д.Баасандорж ахын хутгалсныг мэдэхгүй байна, хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй...” /хх-22/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Х.Софиягийн өгсөн: “...Ирэхдээ халамцуу архи барьж орж ирж байгаа харагдсан. Тэгээд “та одоо унт” гээд байхаар нь би унтсан юм. Гэтэл нэг хүн татах шиг болсон. Сэрээд хартал 2 цагдаа 2 эмч ирсэн гаднаас орж ирсэн залуу зуух руу толгойгоо харуулаад хэвтэж байсан. Ингээд 103 нөгөө залууг эмнэлэг авч явсан. Ч.Г , Юүндэндорж хоёрыг цагдаа авч явсан. Би яг юу болсон гэдгийг нь мэдээгүй унтаж байсан. Бусад нь сэрүүн байсан гэсэн...” /хх-26/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч С.Үнэнзаяагийн өгсөн: “...Би байшингийн урагш харсан 1 том цонхны урд байх диван орон дээр эхнэр Я.Сийлэгмаагийн хамтаар амрах гээд хувцастайгаа зэрэгцэн би орны хойд талаар нь эхнэр урдуур хэвтсэн. Би хэсэг зуур унтсан байсан. Нэг мэдэхэд хөл дээр хүн суух шиг болсон хартал миний хөл дээр 1 залуу, өөр 1 залуу нь миний эсрэг талд ширээн дээр 1 залуу сууж байгаа харагдсан. Би эргээд унтаад өгсөн байсан нэг мэдэхэд дахин шуугиж сэртэл 2 цагдаа ирсэн байсан. Босоод хартал төслийн пийшингийн ойрхон 1 залуу нь дээш харсан шал нь их цус болсон байдалтай хэвтэж байсан. Удалгүй араас нь түргэний эмч орж ирээд дээрх гэмтсэн залууг авч явсан. Ч.Г ахыг 2 цагдаа нь авч яваад. Гэрт нь би эхнэртэйгээ Х.Софиягийн хамтаар үлдэж гэрт нь хоносон юм... Намайг цагдаа нарыг орж ирээд сэрэх үед эхнэр Я.Сийлэгмаа босоод миний хажууд орон дээр сууж байсан. Гэрт Ч.Г , Х.София, Б.Лувсанбат, эхнэр Я.Сийлэгмаа, 2 цагдаа, 2 залуу нар байсан. Ч.Г ийг хүн хутгалсан гэдгийг эхнэр Я.Сийлэгмаагаас сонссон. Цагдаа нар Ч.Г ахыг гавлаад байсан... Эхнэр Я.Сийлэгмаа Ч.Г ахыг хутгалсан гэдгийг нь хэнээс мэдсэн харсан эсэхийг нь би мэдэхгүй байна. Босоод би эхнэрээсээ юу болсон талаар асуутал “Ч.Г ах хүн хутгалсан” гэж л хэлсэн...Эхнэр Я.Сийлэгмаа эхнээсээ архи бараг уугаагүй эрүүл байсан. Гаднаас орж ирсэн 2 цагдаа манай эхнэрийг та л ганцхан эрүүл байна гээд байсан...Цагдаа нар орж ирээд “хэн хүн хутгалсан” талаар асуутал Ч.Г нь “би” гэж хэлж байсан...” /хх-33/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Я.Сийлэгмаагийн өгсөн: “...Архи хувааж ууцгаасан. Сүүлийн 0,5 литрын архины талыг нь ууж байтал Ч.Г ах “тарцгаа” гэж 1 удаа хэлсэн. Маргаан зодоон болоогүй хутгалуулсан гэх залуу Ч.Г Х.София хоёрын орны урд сандал дээр сууж байсан. Гэнэт тэр залуу пид гээд унах чимээ гарсан энэ үед би зүүрмэглээд байж байсан хартал шалаар цус болсон байсан. Х.София сэрүүн орон дээрээ сууж байсан. Юүндэн сандал дээр сууж байсан Б.Лувсанбат манай нөхөр унтаж байхаар нь би сэрээсэн. Нөгөө залуу нь байхгүй байсан удалгүй 2 цагдаа дагуулж гаднаас орж ирсэн...Юүндэн, Б.Лувсанбат, Х.София нар бүгд тэр залууг хутгалуулсан гэдгийг харсан байх ёстой. Би босоод тэр залууг дээш өргөх гээд дийлээгүй. Б.Лувсанбатын хамтаар тэр залууг дээш нь харуулсан Х.София нь “одоо би яана” гээд орон дээрээсээ ерөөсөө буугаагүй. Удалгүй цагдаа дагуулж орж ирсэн залуу нь “Х.София эгч танаас болсон шүү” гээд байсан. Ч.Гантөмөрт хутга байхыг нь хараагүй хутгалсан гэдгийг нь мэдсэн. Би “яасан юм бэ, юугаар цохисон юм бэ” гэж асуутал Ч.Г ах “би хутгалсан” гэж хэлж байсан. Мөн цагдаа гаднаас орж ирээд хэн хутгалсан талаар асуутал Ч.Г нь “би” гэж хэлж байсан..." /хх-34/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Лувсанбатын өгсөн: "...Тэгээд архиа хуваагаад уугаад дуусах үед 1 залуу нь дахиад 1 шил архи өврөөсөө гаргаж ирээд уух болсон энэ хооронд Ч.Г ах “харьцгаа” гэж байсан. Нэг залуу нь Х.Софиятай юм яриад байсан. Энэ хооронд би бие засаад буцаад гэрт ортол Х.Софиягийн орны хөлд сууж байсан залуу доош хараад хэвтэж байсан. Би юу болсон талаар асуухад Ч.Г ах “хутгаар толгой руу” хатгасан гэж хэлсэн. Ингээд би толгойг нь би гэрт байсан даавуугаар боож өгсөн. Удалгүй цагдаа ирээд намайг “харь“ гээд. Ч.Г , Юүндэн нарыг авч яваад гэрт нь Х.София, С.Үнэнзаяа, Я.Сийлэгмаа нарыг үлдээсэн юм...Х.София нь Ч.Г ийн хашаанд 1 гэр барьсан гэхдээ голдуу Ч.Г ахынд байдаг юм. Хамтран амьдрагч байхаа тэр өдөр хутгалуулсан гэх залуу нь Х.Софиягийн хажууд суугаад юм яриад байсан. Тэрнээс болоод Ч.Г ах дээрх залууг хутгалсан байх гэж бодож байна...” /хх-31/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 401 дугаартай дүгнэлтэд:
1. Хохирогч Баасандоржийн биед хүзүүний 2-р нугаламын түвшинд нугас тасрал, зүүн гар хөлд саажилт хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүү бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.7-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх-36/,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ч.Г ийн яллагдагчаар өгсөн: “…надтай өмнө нь хамт амьдарч байсан эмэгтэй хохирогч 2 дотно юм яриад гар, хөлөө барилцаад байхаар нь би хардаад “одоо орой болчихсон байна, тарцгаа” гэж хэлсэн чинь минийг үгийг тоохгүй дахиж 1 шил архи гаргаж ирээд “энгийг ууж дуусгаад явна” гээд хохирогч Д.Баасандорж намайг түлхсэн. Тэгэхээр нь би ширээн дээр байсан бор иштэй хутга аваад Д.Баасандоржийн ар талаас нь арын шилэн хүзүү хэсэгт 1 удаа хутгалсан. Тэр үед гарт байсан гарт байсан хутгыг булааж аваад цагдаа түргэн дуудсан. Харин хохирогч Д.Баасандорж газар шалан дээр хэвчихсэн цус их гарсан байдалтай байсан.” /хх-67-68/,
-Шүүгдэгч Ч.Г иргэний үнэмлэхний хуулбар /хх-53/,
-Шүүгдэгчийн ял шалгасан хуудас /хх-54/,
-Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-10, 15/,
-Өвчний түүх /хх-40-41/, томографийг зураг /хх-43-44/,
-Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-49-52, 62/,
-Хохирол төлбөр нэхэмжилсэн болон төлсөн баримтууд /хх-45-46, 78/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд шүүгдэгч Ч.Г үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн” гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч М.Батмөнх нь эмчилгээний зардалд 1.573.820 төгрөг, өмгөөллийн хөлс 500.000 төгрөг, нийт 2.073.820 төгрөг нэхэмжилсэнээс шүүгдэгч Ч.Г нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдсэн 1.573.820 төгрөгийн хохирлоо хохирогч Д.Баасандоржид төлж барагдуулсаныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д зүйлийн 1.2-д заасан “…учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж өмгөөлөгчийн хөлсний талаар заажээ. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчид төлсөн хөлсийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул дээрх 500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хохирогч Д.Баасандорж нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутгыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж байна.
Шүүхээс шүүгдэгч Ч.Г ял шийтгэл оногдуулахад гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ч.Г оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хутга хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Ч.Гантөмөрийг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ч.Г оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Ч.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Д.Баасандорж нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, Ч.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Г авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДаргалагЧ, ШҮҮГЧ Э.ЧИНГИС
ШҮҮГЧИд С.ОЛЗОД
с.ПҮРЭВСҮРЭН