| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0675/Э |
| Дугаар | 727 |
| Огноо | 2018-05-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 727
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,
Улсын яллагч Б.Ганбулган,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б холбогдох эрүүгийн 1806 0307 00810 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, " багш хийдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, ББ.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн хуучин эцсийн орчимд иргэн Ө.Өнөржаргалын нүүрэн тус газар нь 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ө.Өнөржаргалын мэдүүлэг /хх-7-8/, гэрч Б.Б мэдүүлэг /хх-12/, Шүүх эмнэлгийн шинжээчийн 180 дугаартай дүгнэлт /хх-14/, шүүгдэгч Б.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-30/, шүүгдэгч Б.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-17/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-18/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн хуучин эцсийн орчимд иргэн Ө.Өнөржаргалын нүүрэн тус газар нь 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Ө.Өнөржаргалын өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 02 ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг найз Даваажавын гэрт очиж бид хоёр 1 шил 0.75 хараа архи хувааж уусан тэр үед гаднаас Даваажавын хүргэн гээд Бямбабаяр орж ирсэн тэр үед архи дуусаж байсан болохоор би явлаа гэсэн чинь Даваажав чи гадаа хүлээж байя асуух зүйл байна гэхээр нь би гэрээс гараад хашаанд хүлээгээд зогсож байхад гэрээс Бямбабаяр гарч ирээд намайг чи одоо явчих гээд миний хувцаснаас татаад байхаар нь би гарын тавиулаад чи зүгээр байгаач гээд түлхсэн чинь зөрүүлээд шууд гараараа миний хамар луу нэг удаа цохисон тэгсэн чинь миний хамарнаас цус гараад тогтохгүй байхаар нь би гэрт орж толинд харсан чинь миний хамар хугарсан байхаар нь шууд цагдаа дуудаж өргөдөл гаргасан... Надад гомдол санал байхгүй Бямбабаяр миний эмчилгээний зардал гэж 600.000 мянган төгрөг өгсөн надад ямар нэгэн гомдол санал байхгүй..." /хх-7-8/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Б өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн хуучин эцсийн тэнд байдаг манай хадам ах Баатарын гэрт би 22 цагийн үед очсон чинь Өнөржаргал, хадам ах хоёр архи уугаад сууж байсан тэгэхээр нь би хадам ахыг авч явах гэхэд Өнөржаргал хүргээд өг гэхээр нь би хадам унтуулчхаад Өнөржаргалыг гэрээс авч гарсан чинь гадаа гараад над руу агсраад дайраад байхаар нь би чи ууж идсэнээ шингээ гэж хэлээд хоёр гарнаас нь барьсан чинь миний цээж рүү цохисон тэгэхээр нь би зөрүүлээд нүүр хэсэг рүү нь цохисон чинь Өнөржаргалын хамарнаас цус гараад тогтохгүй байсан тэр үед Өнөржаргал цагдаа дуудсан..., Энэ гэмтлийг би учруулсан, би Өнөржаргалаас уучлалт гуйж эмчилгээний зардал гэж 600.000 төгрөг өгсөн надад гомдол саналгүй гэсэн бичиг хийж өгсөн..." /хх-12/ гэх мэдүүлэг,
Шүүх эмнэлгийн шинжээчийн 180 дугаартай дүгнэлт:
1. Ө.Өнөржаргалд хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ШЭГЗТЖ-ын 2.4.1-т заасан хөнгөн зэргийн гэмтэл болно.
3. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй. /хх-14/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Б яллагдагчаар өгсөн: “...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн энэ ялыг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр шөнийн 22 цагийн үед би Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн хуучин эцсийн хажууд айлд хохирогч Өнөржаргалтай маргалдаж би нүүрэн тус газар цохиж хамрыг нь хугалж эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа..., Би дүгнэлтэд ямар нэгэн гомдол санал байхгүй дүгнэлтээр гарсан хөнгөн зэргийн гэмтлийг би цохиж үүсгэсэн... Надад ямар нэгэн гомдол санал байхгүй бүгд миний буруу би хийсэн хэргээ хүлээж байна.” /хх-30/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-17/,
Шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-18/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Б.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн хуучин эцсийн орчимд иргэн Ө.Өнөржаргалын нүүрэн тус газар нь 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Б нь хохирогчид 600.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Шүүгдэгч Б.Б нь хохирогчид 600.000 төгрөгийн хохирлыг төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болно гэж үзлээ.
Шүүх хялбаршуулсан журмаар Б.Б холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Б.Б 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б Бхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Б 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Б нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС