| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 124/2026/0019/з |
| Дугаар | 124/ШШ2026/0022 |
| Огноо | 2026-06-30 |
| Маргааны төрөл | Газар, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 124/ШШ2026/0022
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:”М” ХХК/РД:............../ /...................тоот/
Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан,
“Увс аймгийн Засаг даргаас 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1/415 дугаартай албан бичгээр “М” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 8516017891 дугаартай 1063м2 газрын зориулалтыг өөрчлөхөөс татгалзаж шийдвэрлэснийг хууль бус болохыг тогтоон, газрын зориулалтаар өөрчлөх шийдвэр гаргахыг Увс аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, түүний өмгөөлөгч Б.Б/цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, Л.Н, Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “М” ХХК нь анх Увс аймгийн Засаг даргад холбогдуулан “Газрын зориулалт өөрчлөхгүй байгаа Увс аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч “М” ХХК-нд олгогдсон 8516017891, 8516017893 нэгж талбарын дугаартай орон сууцны зориулалтаар олгогдсон газрын зориулалтыг үйлчилгээний зориулалттай орон сууц болгон нэмж өөрчлөхийг даалгах, маргаан бүхий асуудлыг 2024 онд шийдвэрлэхдээ нэхэмжлэгчээс нэмэлт материал шаардаагүй, бодит нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, батлагдсан зураг төсөл, архитектурын баримт бичгийг харгалзан үзээгүй ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн тодруулгадаа нэхэмжлэлийн шаардлагыг “М” ХХК-ны эзэмшлийн нэгж талбарын 8516017891 дугаартай, 1063 м2 талбай бүхий газрын зориулалт өөрчлөхгүй байгаа Увс аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгон, газрын зориулалтыг үйлчилгээтэй орон сууц болгон нэмж өөрчлөхийг даалгах” гэжээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “анх шүүхэд гаргасан нэхэмжлэлээс 8516017893 нэгж талбарын дугаартай газрын зориулалтыг өөрчлүүлэхтэй холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа “М” ХХК-ийн эзэмшлийн 8516017891 нэгж талбарын дугаартай, 1063м2 газрын зориулалт өөрчлөхөөс татгалзсан Увс аймгийн Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1/415 дугаартай албан бичгээр татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоон, газрын зориулалтыг “үйлчилгээтэй орон сууц” болгон өөрчлөхийг даалгуулах гэж тодорхойлсон болно.
2.Увс аймгийн Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1/415 дугаартай албан бичгээр “М” ХХК-ийн газрын зориулалт өөрчлөх хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар хариуг өгчээ.
Нэхэмжлэгчээс 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд хандсан байна.
3.Нэхэмжлэгч “М” ХХК-аас Ц.Гт 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдөр тус компанийг төлөөлөн нэхэмжлэл гаргах болон бусад эрхийг нотариатаар баталгаажуулсан итгэмжлэлээр 1 жилийн хугацаатай олгосон байна.
4.Нэхэмжлэгч “М” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М” ХХК нь Увс аймгийн 3-р багийн нутаг дэвсгэрт үйлчилгээтэй, 32 айлын орон сууцны зориулалттай барилгыг барьж ашиглалтад оруулсан ба тус барилга нь анхнаасаа “үйлчилгээтэй, 9 давхар орон сууцны барилга” байдлаар төлөвлөгдөж, холбогдох эскиз зураг, архитектур төлөвлөлт, зураг төслөөр боловсруулагдан, Увс аймгийн Ерөнхий архитектораар батлагдсан болно.
Өөрөөр хэлбэл уг барилга нь зөвхөн орон сууцны зориулалттай биш, харин 1 дүгээр давхартаа үйлчилгээний зориулалттай, бусад давхартаа орон сууцны зориулалттай холимог ашиглалттай барилга юм.
Улмаар тухайн барилга нь батлагдсан зураг төслийн дагуу баригдаж, 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад орсон болно.
Гэтэл газрын эрхийн бүртгэл, зориулалтын асуудалд тухайн газрын зориулалтыг зөвхөн нийтийн орон сууцны зориулалттай байдлаар бүртгэсний улмаас барилгын бодит ашиглалт, батлагдсан зураг төсөл, улсын бүртгэлийн шаардлагын хооронд зөрүү үүссэн.
Иймд нэхэмжлэгчээс 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №116 тоот хүсэлтээр тухайн газрын зориулалтад “үйлчилгээний зориулалт” нэмэх тухай хүсэлтийг Увс аймгийн засаг даргад гаргасан.
Увс аймгийн Засаг даргаас2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №1/415 дугаартай албан бичгээр уг хүсэлтийг хангахаас татгалзсан хариу өгсөн ба нэхэмжлэгч “М” ХХК энэхүү шийдвэрийг өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус шийдвэр гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтийн агуулга нь Газрын зориулалтад “үйлчилгээний зориулалт” нэмэх тухай байсан болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь орон сууцны зориулалтыг хүчингүй болгуулах, эсхүл өөр зориулалтаар бүрэн солих бус, харин батлагдсан зураг төсөл, бодит ашиглалт, улсын бүртгэлийн шаардлагад нийцүүлэн үйлчилгээний зориулалтыг нэмж тусгуулах хүсэлт гаргасан.
Гэтэл хариуцагч нь уг хүсэлтийн агуулгыг зөв тодорхойлж, бодит шаардлагыг үнэлэн шийдвэрлээгүй гэж үзэж байна. Увс аймгийн Засаг даргын зүгээс 2024 онд зориулалт өөрчлөх хүсэлтийг шийдвэрлэсэн, дахин өөрчлөлт оруулах боломжгүй гэжээ. Нэхэмжлэгчийн зүгээс 2024 онд газрын зориулалт өөрчлүүлэх хүсэлт гаргахдаа “үйлчилгээтэй” гэдгийг орхигдуулж, зөвхөн орон сууцны зориулалтаар гэсэн нь бичиг техникийн алдаа байсан байх ба бид хүсэлтдээ тусгаагүй байж болох хэдий ч энэ нь хариуцагчийг бодит нөхцөл байдлыг тогтоох, холбогдох баримт бичгийг шаардах, батлагдсан зураг төсөл, архитектурын төлөвлөлтийг шалгах, ашиглалтын бодит нөхцөл байдлыг үнэлэх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна.
Тодруулбал хариуцагч нь маргаан бүхий асуудлыг шийдвэрлэхдээ дараах баримт, нөхцөл байдлыг шалгах ёстой байсан гэж үзэж байна. Үүнд: батлагдсан эскиз зураг, батлагдсан архитектур төлөвлөлт, барилгын зураг төсөл, барилгын 1-р давхрын зориулалт, барилгын ашиглалтад орсон байдал улсын бүртгэлийн байгууллагын шаардлага зэрэг болно. Гэтэл хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчээс дээрхтэй холбоотой ямар нэгэн нэмэлт материал гаргуулж аваагүй, бодит нөхцөл байдлыг газар дээр нь болон баримтаар бүрэн шалгаж тогтоогоогүй, улмаар дутуу нөхцөл байдалд тулгуурлан шийдвэр гаргасан байна.
Захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх шаардлагатай. Харин энэ тохиолдолд хариуцагчийн гаргасан шийдвэр нь бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүйгээс үндэслэлгүй болсон байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллага нь өөрийн эрх хэмжээний хүрээнд батлагдсан архитектур, төлөвлөлтийн баримт бичиг, бодит ашиглалтын нөхцөл байдлыг мэдэх, мэдэх боломжтой, шалгаж тогтоох үүрэгтэй байсан.
Гэтэл хариуцагч байгууллага нь дээрх баримт, нөхцөл байдлыг үл харгалзан зөвхөн орон сууцны зориулалт гэсэн байдлаар шийдвэрлэсэн нь бодит нөхцөл байдалд нийцээгүй, хууль бус шийдвэр болсон байна.
Хариуцагч байгууллага өөрийн өмнөх батлагдсан баримт бичигтэй зөрчилдсөн шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Нэг талаас Увс аймгийн эрх бүхий байгууллага, түүний дотор холбогдох архитектур, төлөвлөлтийн шатанд тухайн барилгыг үйлчилгээтэй байдлаар баталсан. Нөгөө талаас дараагийн шатанд газрын зориулалтыг зөвхөн орон сууцны зориулалттай байдлаар авч үзэн, үйлчилгээний зориулалтыг нэмэх хүсэлтийг хангахаас татгалзсан.
Мөн “Барилга ашиглалтад орсон тул өөрчлөх боломжгүй” гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь барилга ашиглалтад орсон нь газрын зориулалт, эрхийн бүртгэлийг батлагдсан зураг төсөл, бодит ашиглалт, улсын бүртгэлийн шаардлагатай нийцүүлэн шийдвэрлэх боломжийг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж үзэж байна.
Дээрх хууль бус шийдвэр, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн дараах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. Үүнд:
1.Барилгын бодит ашиглалт, батлагдсан зураг төсөлтэй нийцсэн байдлаар газрын зориулалтаа бүртгүүлэх боломж хязгаарлагдсан;
2.Улсын бүртгэлийн шаардлагыг хангах ажиллагаа саатсан;
3.Барилгын үйлчилгээний зориулалттай хэсгийг хууль ёсоор бүрэн бүртгүүлж, ашиглуулах, холбогдох эрхээ хэрэгжүүлэх боломж алдагдсан;
4.Компанийн эд хөрөнгийн болон аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн.
Иймд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү” гэжээ.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байгаа.Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2016 онд ашиглалтад орсон байрны газартай холбоотой нэхэмжлэл хамт бичигдсэн байна. 8516017893 нэгж талбарын дугаартай газрын зориулалтыг өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. 8516017891 дугаартай нэгж талбарын зориулалтыг өөрчлүүлэх хүсэлтийг хангаагүй татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоон,газрын зориулалтыг өөрчлөх шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаа тул нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү.
Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага нь газрын зориулалтад үйлчилгээний зориулалтыг нэмэх тухай байсан. Гэтэл хариуцагч талаас бодит шаардлагыг үнэлэн шийдвэрлээгүй гэж үзэж байна. Увс аймгийн Засаг даргаас 2026 онд зориулалт өөрчлөх хүсэлтийг шийдвэрлээд дахин өөрчлөлт оруулах боломжгүй талаараа мэдэгдсэн. Хариуцагч тал бодит байдлыг тогтоох, холбогдох баримт бичгийг биднээс шаардаж авах, батлагдсан зураг төслийг шалгах, ашиглалтын бодит байдлыг үнэлэх ёстой гэж үзэж байна. Тодруулбал, хариуцагч нь маргаан бүхий холбогдох баримт бичгийг шалгах ёстой байсан. Үүнд батлагдсан эскиз зураг, төлөвлөлт, барилгын зураг төсөл, барилгын 1 давхрын зориулалт, улсын бүртгэлийн байгууллагын шаардлага зэргийг үндэслэж болно. Гэтэл хариуцагч талаас нэхэмжлэгчээс дээрхтэй холбоотой ямар нэгэн баримт гаргуулж аваагүй. Бодит нөхцөл байдлыг баримтаар болон газар дээр нь бүрэн шалгаагүйн улмаас дутуу нөхцөл байдалд тулгуурлан шийдвэр гаргасан гэж үзэж байна” гэв.
6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК нь 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Увс аймгийн Засаг даргын А/126 дугаартай захирамжаар 2000 м.кв талбай бүхий газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж байсан. Мөн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн захирамжаар 1400 м.кв талбай бүхий газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж байгаа. Нэгж талбарын дугаарыг нэгтгэх тухай 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/451 дугаартай захирамжаар нэгж талбарыг нэгтгэж 3400 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн. Хэрэгт авагдсан барилгын ажлын зургийг аваад харахаар 1 давхрын байгуулалтыг харахаар үйлчилгээ 1, 2, 3, 4 гээд дугаарласан байдаг. Тэгэхээр маргаад байгаа 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/687 дугаартай захирамж гарахаас өмнө барилгын зураг төсөл, барилгын ажил, барилгын давхар бүрд нь юу байх талаар ажил нь хийгдэж байсан. Анх 3400 м.кв орон сууцны зориулалттай талбай байсан боловч тухайн барьж байгаа барилга нь 1 давхартаа үйлчилгээний зориулалтаар ашиглах шаардлага гарсан тул газрын зориулалтыг өөрчлөх хэрэгцээ шаардлага үүссэн. Энэ дагуу хүсэлтээ гаргасан. Увс аймгийн Засаг даргаас газрын зориулалтыг өөрчлөх боломжгүй байна гэх байдлаар албан бичгээр хариу өгсөн. Тухайн татгалзал нь үндэслэлгүй байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын нэг дэх үндэслэл нь “М” ХХК-ийн эзэмшлийн “М” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 8516017891 дугаартай 1063м2 газрын зориулалтыг өөрчлөхөөс татгалзаж байгаа татгалзал нь хууль бус байна гэж шаардлагаа гаргасан. Хоёр дахь шаардлага нь 8516017891, 8516017893 нэгж талбарын дугаартай газрын зориулалтыг өөрчлүүлэх тухай шаардлага гаргасан боловч 8516017893 нэгж талбарын дугаартай газрын зориулалтыг өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа Мөн хэрэгт авагдсан хувийн хэрэгт тухайн барилга, орон сууцтай холбоотой асуудал 2023 онд батлагдаад 2025 онд улсын комисс хүлээж авсан байдаг. Бодит байдлыг шалгаж тогтоохгүйгээр захирамж гаргасан нь үндэслэлгүй гэж бодож байна.Төрийн байгууллага өөрийн гаргасан шийдвэрийн эсрэг шийдвэр гаргасан гэж үзэж байна” гэв.
7.Хариуцагч Увс аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Аймгийн Засаг даргын 2016 оны А/228 дугаар захирамжаар нэхэмжлэгч М ХХК-д 1400 мкв газрыг зөвхөн орон сууцны зориулалтаар олгосон бөгөөд үйлчилгээний орон сууцны зориулалтаар олгогдоогүй болно.
Батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар барилгын зураг төсөл нь аймгийн Засаг даргын захирамжийн зориулалтад нийцсэн байх бөгөөд давхрын тоо, үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрт тусгагдаагүй өөрчлөлтийг архитектур төлөвлөлтийн даалгаварт оруулж батлуулсан байдаг. Мөн газрын хэмжээ, зориулалтад өөрчлөлт орсон тохиолдолд архитектур төлөвлөлтийн даалгавар нь шинэчлэгдэх ёстой.
Нэгж талбар нэгтгэх тухай аймгийн Засаг даргын 2024 оны А/451, газар эзэмших эрх хэсэгчлэн шилжүүлэх тухай А/687 дугаар захирамжуудыг гэмт хэргийн шинжтэй гэж үзэж Авлигатай тэмцэх газарт хандахаар хүсэлт гаргаж байгаа бөгөөд шалган шийдвэрлэх хүртэлх хугацаанд “М” ХХК-ийн Аймгийн Засаг даргад гаргасан 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 116 дугаар хүсэлтийн дагуу өөрчлөлт оруулж шийдвэр гаргах боломжгүй байна.
Иймд М ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг Увс аймгийн Засаг даргаас бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Маргааны бодит нөхцөл байдлын хувьд “М” ХХК-д холбогдох 8516017891 нэгж талбарын дугаар бүхий газрыг Увс аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/228 дугаартай захирамжаар орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байдаг. Улмаар уг газрын эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулахдаа 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/451 дугаартай захирамжаар нэгж талбарыг нэгтгэж газрын зориулалтыг орон сууцны зориулалттай гэж хэвээр хадгалсан. 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/687 дугаартай газар эзэмших эрхийг хэсэгчлэн шилжүүлэх тухай захирамжаар 1063 м.кв газрыг салгаж эзэмшүүлэхдээ мөн орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн байдаг. 3 удаагийн захиргааны актын аль алинд нь тухайн газрын зориулалт орон сууц гэж тогтоогдсон бөгөөд өнөөдрийг хүртэл уг захиргааны актыг өөрчилсөн зүйл байхгүй. Хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Нэхэмжлэгч талаас архитектур төлөвлөлтийн даалгаварт үйлчилгээтэй орон сууц гэж тусгагдсан тул зориулалт өөрчлөгдсөн гэж тайлбарлаж байгаа. Уг тайлбарыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Архитектур төлөвлөлтийн даалгавар нь барилгын зураг төсөл боловсруулах техникийн нөхцөл шаардлагыг тогтоодог баримт бичиг юм. Газрын эрх үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох захиргааны акт биш. Өөрөөр хэлбэл архитектур төлөвлөлтийн даалгавар нь аймгийн засаг даргын захирамжид нийцсэн байх ёстой гэж үзэж байна. Газрын зориулалтыг Газрын тухай хуульд зааснаар эрх бүхий байгууллагын шийдвэрээр буюу Засаг даргын захирамжаар өөрчилдөг. Иймд газрын зориулалтыг өөрчлөх боломжгүй байна. Мөн татгалзлын тухайд тайлбар хэлэхэд нэхэмжлэгч газрын зориулалт өөрчлөх хүсэлтэд гаргасныг Аймгийн Засаг дарга холбогдох хууль тогтоомж, газар эзэмших эрх үүссэн үндэслэл, өмнө нь гарсан захиргааны актууд болон газрын хувийн хэрэг болон холбогдох баримт материалыг судалж, шийдвэрлэсэн байдаг. Газрын зориулалт өөрчлөхийг шүүхээр даалгах үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь архитектур төлөвлөлтийн даалгаварт хэрэглэгдсэн нэр томьёог үндэслэн газрын зориулалт өөрчлөхийг шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Барилгын зураг төслийн дагуу баригдаад улсын комисс хүлээж аваад зураг болон барилгын баримт бичгийг архивд хүлээлгэн өгсний дараа дахин өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж өгнө үү...” гэв.
9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Мегемакс групп” ХХК нь 2016 онд орон сууцны зориулалтаар Улаангом сумын 3 дугаар багт 1400 м.кв газрыг эзэмшүүлсэн байдаг. Тухайн газар дээрээ 2023 онд А даалгавар авсан. А даалгавар нь 2016 оны захирамж, шийдвэрийг үндэслэсэн байдаг. Тухайн даалгавар нь газрын зориулалт ямар байгаатай холбоотой гарах ёстой. Нэхэмжлэгч “М” ХХК нь 2024 онд тухайн газрын зориулалт өөрчлүүлэх тухай хүсэлт гаргаж байсан. Газрын зориулалт нэмэх зохицуулалт нь хууль тогтоомж, журамд байхгүй. Газар эзэмших зориулалтыг өөрчлөх гэж байдаг. Энэ нь 2025 оны 121 дугаартай тогтоолын 2 дугаар хавсралтыг үндэслэн хийгддэг ажил байгаа. Архитектур даалгавар болон барилгын зураг шаардаагүй талаар хэлж байна. Дээрх тогтоолын 7 дугаар хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд хүсэлт гаргасныг хүлээн аваад хүсэлтийн үндэслэлийг тодорхой болгоод зориулалт өөрчлөх асуудлыг шийддэг.Барилгыг ашиглалтад хүлээлгэн өгсний дараа газар эзэмших эрхийн зориулалтыг өөрчлөх боломжгүй.Уг нь бол анхнаасаа газрын зориулалт тодорхой байх ёстой.Сүүлд нь газрын зориулалтыг нийцүүлэх ёсгүй гэв...” гэв.
10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж гаргах тайлбаргүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд “Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан 8516017893 нэгж талбарын дугаартай газрын зориулалт өөрчлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, зориулалт нэмж өөрчлөхийг даалгах, нөхцөл байдлыг бүрэн шалгаж, баримт бичгийг харгалзан үзээгүй ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлээсээ татгалзсан тул татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн, үлдэх “Увс аймгийн Засаг даргаас 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1/415 дугаартай албан бичгээр “М” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 8516017891 дугаартай 1063м2 газрын зориулалтыг өөрчлөхөөс татгалзаж шийдвэрлэснийг хууль бус болохыг тогтоон, газрын зориулалтаар өөрчлөх шийдвэр гаргахыг Увс аймгийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч нь хүсэлтийн агуулгыг зөв тодорхойлж, бодит шаардлагыг үнэлэн шийдвэрлээгүй буюу барилгын батлагдсан зураг, барилгыг ашиглалтад оруулсан баримт зэргийг шалгаж үзээгүй ба өөрийн өмнөх батлагдсан бичиг баримтуудтай зөрчилдсөн шийдвэр гаргасан, өмнө нь 2024 онд нэхэмжлэгч хүсэлт гаргахдаа үйлчилгээтэй гэдгийг орхигдуулж алдаа гаргасан байсан ба хариуцагчаас өмнө нь зориулалт өөрчилсөн гэх үндэслэлээр дахин өөрчлөлт оруулах боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй, бодит ашиглалтын байдлыг харгалзан үзээгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хариуцагч талаас “улсын комисс барилгыг ашиглалтад оруулсан тул газрын зориулалтыг өөрчлөх боломжгүй, барилгын бичиг баримтууд гарахаас өмнө газрынхаа зориулалтыг өөрчлүүлэх ёстой байсан ба ашиглалтад орсны дараа зориулалт өөрчлөх боломжгүй” гэж тайлбарлан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй байна.
4. “М” ХХК-аас 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 116 дугаартай албан бичгээр 516017891 нэгж талбарын дугаартай газрын зориулалтыг “үйлчилгээтэй орон сууц”-ны зориулалттай болгож өөрчлүүлэх тухай хүсэлтийг Увс аймгийн Засаг даргад хандан гаргажээ.
5.Увс аймгийн Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1/415 дугаартай албан бичгээр “2024 онд ирүүлсэн зориулалт өөрчлөх хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын 2024 оны А/451 дугаар захирамжаар 9 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууцны зориулалт болгон өөрчилсөн байна.Мөн 2025 оны 7 сарын 18-ны өдөр улсын комисс ажиллаж ашиглалтад оруулсан тул тухайн газарт өөрчлөлт оруулах боломжгүй” гэх үндэслэл дурдан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
6.“М” ХХК-д Увс аймгийн Засагд аргын 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/228 дугаартай захирамжаар орон сууцны зориулалтаар 1400м2 газрыг, 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/126 дугаартай захирамжаар “М” ХХК-д / хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар нэр өөрчлөгдөж “М” ХХК болсон/ орон сууцны зориулалтаар 2000м2 газрыг эзэмшүүлснийг Увс аймгийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/451 дугаартай захирамжаар 1400м2 болон 2000м2 газрыг нэгтгэн 3400м2 газрыг 9 ба түүнээс дээш давхрын орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
7.“М” ХХК-аас 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 24/912 дугаартай албан бичгээр аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газарт “9 давхар орон сууцны барилгын төслийн гадна зогсоолыг бүрэн цутгамал хийцлэлтэй, дээрээ ил зогсоол бүхий иж бүрэн тохижилттой байхаар төлөвлөж байгаа тул газрын зориулалтыг өөрчилж өгөх тухай” хүсэлтийг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10/25 дугаартай албан бичгээр Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт“ 3400м2 газарт 2 блок орон сууц болон авто машины зогсоол барьсан. Дээрх газрын гэрчилгээг 1063м2 болон 921м2 газрыг орон сууц, 1416м2 газрыг орон сууц, 1416м2 газрыг авто машины зогсоолын зориулалтаар хэсэгчлэн гэрчилгээ гаргаж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан.
Увс аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/687 дугаартай захирамжаар “М” ХХК-ийн орон сууцны зориулалтаар эзэмшиж байгаа 3400м2 газраас 1063м2 газрыг орон сууцны зориулалтаар, 1416м2 газрыг авто зогсоолын зориулалтаар, үлдсэн 921 м2 газрыг орон сууцны зориулалтаар тус тус 10 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
8.Нэхэмжлэгчээс 921м2 газарт 9 давхар барилгыг барьж 2016 онд ашиглалтад оруулсан тул 921м2 газартай холбоотой маргаан байхгүй.
9.Нэхэмжлэгчээс 1063 м2 газарт 1 давхартаа үйлчилгээтэй, 9 давхар барилгыг барьж 2025 онд ашиглалтад оруулсан нь 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр тогтоогдсон.
Мөн шүүхээс хийсэн үзлэгээр уг барьсан барилга нь 9 давхар баригдсан, 1 давхартаа 101, 102, 103, 104 гэж дугаарлагдсан 4 хаалгатай, үүний 102 тоотод кофе шоп үйл ажиллагаа явуулдаг, барилгын гадна тусдаа хаалгатай, мөн 103 тоот гадна хаалгатай, үйл ажиллагаа явуулаагүй байдалтай байсан болно.
10.Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Засгийн газар газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
18.1.9.газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг батлах гэж заасан.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 121 дугаар тогтоолын 2-р хавсралтаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам"-ыг баталсан ба журмын 7 дахь хэсэгт газрын зориулалт өөрчлөх журмыг зохицуулсан.
Тус журмын 7.1. Хүсэлт гаргагч нь Газрын тухай хуулийн 20.1.2, 21.2.6-д тус тус заасны дагуу аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлэн, эсхүл эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэхээр газрын зориулалт өөрчлөх хүсэлт гаргаж болно.
7.2.Хүсэлт нь Газрын тухай хуулийн 20.1.2-т заасан аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн батлагдсан төлөвлөгөөнд нийцсэн байна.
7.3.Газрын алба нь тухайн газрын байршлыг нягтлан шалгаж, давхцалтай бол хүсэлтийг буцаана.
7.4.Энэ журмын 7.2, 7.3-т заасан шаардлагыг хангасан тохиолдолд Газрын алба нь газар эзэмших, ашиглах эрхийн зориулалт өөрчлөх тухай шийдвэрийн төслийг боловсруулан эрх бүхий этгээдэд хүргүүлнэ.
7.5.Эрх бүхий этгээд нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 8-д заасны дагуу хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан шийдвэрлэнэ.
7.6.Газрын зориулалт өөрчлөгдсөн газар эзэмших, ашиглах эрхийн хугацаа нь тухайн нэгж талбарын газрын эрхийн үлдсэн хугацаагаар бүртгэгдэнэ гэж зохицуулсан байна.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засгийн даргын бүрэн эрхийг хуульчилсан ба мөн зүйлийн 21.2.6-д “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, дуусгавар болгох, газрын байршил болон хэмжээ, зориулалт өөрчлөх асуудлыг шийдвэрлэх” гэж заасны хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх олгогдсон газрын зориулалт өөрчлөх асуудлыг шийдвэрлэх эрхийг хэрэгжүүлэхээр байна.
11.Нэхэмжлэгчээс барьж, ашиглалтад оруулсан үйлчилгээтэй 9 давхар орон сууцны үйлчилгээний зориулалттай баригдсан хэсэгт үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгоход газрын зориулалтад “үйлчилгээ”-тэй байх зориулалт байхгүй гэх үндэслэлээр улсын бүртгэл хийгдэхгүй болсон тул газрын зориулалтыг өөрчлөх шаардлага үүссэн талаар тайлбарласан ба хариуцагч талаас мөн “улсын бүртгэлд үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө бүртгүүлэхэд газар эзэмших эрх “үйлчилгээний” зориулалттай байх шаардлага тавигддаг” талаар тайлбарлаж, энэ талаар маргаангүй.
12.Нэгж талбарын 8516017891 дугаарт баригдсан барилгын хувьд аймгийн ерөнхий архитектор Б.Батболд 2023 онд “М” ХХК-ийн үйлчилгээтэй 9 давхар орон сууцны барилгын загвар зургийг, 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр АТД-85-49/2023 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг тус тус баталсан ба архитектур төлөвлөлтийн даалгавар “үйлчилгээтэй 9 давхар орон сууц” гэж батлагдсан, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр олгогдсон БАЭҮЗ-85-0016/24 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд байгууламжийн зориулалт хэсэгт “Үйлчилгээтэй 9 давхар орон сууц” гэж мэдээлэгдсэн, үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлын зургийг /2024 он, ЕГ Шифр:ЭС-08/23 / Увс аймгийн Ерөнхий архитектор баталсан, уг зургийн 1-р давхрын зохион байгуулалтын зурагт үйлчилгээний 4 өрөө байхаар төлөвлөгдсөн байна. Мөн тухайн барилгад олгогдсон техникийн нөхцөлүүд “Үйлчилгээтэй 9 давхар орон сууцны барилга” гэж олгогджээ.
13.Тухайн барилгыг байнгын ашиглалтад оруулах комиссыг Увс аймгийн Засаг даргын 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/392 дугаартай захирамжаар томилсон байх ба 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр комисс барилгад ажиллаж хуралдаанаар саналаа хэлэлцэн үүрэг даалгавартайгаар 100 хувийн саналаар байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэн, 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 18/2025 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр Шифр:ЭС-08/23 зураг төсөл бүхий үйлчилгээтэй 32 айлын орон сууцыг ашиглалтад оруулжээ.
Тухайн байр ашиглалтад орж үйлчилгээний хэсэгт кофе шоп ажиллаж эхэлсэн нөхцөл байдалтай байгаа нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон.
14.Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Барилгын ажлын зөвшөөрлийг дараах эрх бүхий этгээд олгоно:
27.1.3.энэ хуулийн 27.1.1, 27.1.2-т зааснаас бусад зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгохоор заасны хүрээнд барилгын ажлын зөвшөөрөл олгогдсон байх бөгөөд мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Энэ хуулийн 27.1-д заасан байгууллагаас олгосон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд дараах мэдээллийг тусгана:
29.1.1.барилга байгууламжийн байршлын талаарх мэдээлэл;
29.1.2.газрын бүртгэлийн мэдээлэл, кадастрын код;
29.1.3.барилгын ажлын зөвшөөрөл олгосон он, сар, өдөр, зөвшөөрлийн дугаар;
29.1.4.барилгын ажлын зөвшөөрлийн хүчинтэй хугацаа;
29.1.5.барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа үйлчилж эхлэх он, сар, өдөр;
29.1.6.барилга байгууламжийн зориулалт, хүчин чадлын талаарх мэдээлэл;
29.1.7.барилга байгууламжийн ангилал;
29.1.8.барилгын ажлын захиалагч, гүйцэтгэгчийн талаарх мэдээлэл;
29.1.9.барилгын ажлын зөвшөөрөл олгосон ажилтны албан тушаал, гарын үсэг гэж заасан.
Өөрөөр хэлбэл, барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо тухайн газрын зориулалт барилгын зориулалттай нийцэж байгаа эсэхийг эрх бүхий захиргааны байгууллага, албан тушаалтан хянах боломжтой байсан байна.
15.Дээр дурдсан барилгын бичиг баримтуудад анхнаасаа “үйлчилгээтэй орон сууцны зориулалттай барилга барих” зориулалт тусгагдаж, нэхэмжлэгчээс эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлүүдийг бүрэн авчээ.
16.Барилга байгууламж барихад шаардлагатай бүхий л бичиг баримтуудад “үйлчилгээтэй орон сууц” гэх нэр томьёо хэрэглэгдэж, уг зориулалтаар барилга ашиглалтад орсон энэ тохиолдолд орон сууцны зориулалттай олгогдсон газрын зориулалтыг ” үйлчилгээтэй орон сууц”-ны зориулалтай болгон өөрчлүүлэх хүсэлтийг аймгийн Засаг даргаас хянан шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, мөн зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг баримтлахгүйгээр “барилга ашиглалтад орсон” гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
17.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл дэх тайлбарт хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно гэж тайлбарласан.
Өөрөөр хэлбэл “үйлчилгээтэй орон сууц” барихад бүрдүүлсэн баримт бичгүүдэд төрийн захиргааны байгууллагаас холбогдох зөвшөөрөл олгож “үйлчилгээтэй орон сууц” барих зөвшөөрлийг олгосон энэхүү нөхцөлд нэхэмжлэгчид үйлчилгээтэй орон сууц барих бүрэн итгэл үүсэж холбогдох зардлыг гарган барилгыг барьж ашиглалтад оруулсан гэж үзнэ.
18.Хариуцагчаас газрын зориулалт өөрчлүүлэх болсон нөхцөл байдлыг тодруулж тухайн нөхцөлд тохирсон шийдвэр гаргах, барилгын бодит зориулалттай газрын зориулалтыг нийцүүлэн өөрчлөн шийдвэрлэх боломжтой буюу төр өмнө олгосон зөвшөөрлийнхөө үр дагаврыг хүлээн зөвшөөрөхгүйгээр газрын зориулалт өөрчлөхийг татгалзсанаар ямар зорилгод хүрэх, захиргааны үйл ажиллагаа ямар үр нөлөөтэй байх нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.
19.Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тухайн зориулалт өөрчлүүлэхийг хүссэн газар нь аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн батлагдсан төлөвлөгөөнд харшлахгүй талаар тайлбарласан тул “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам"-ын 7.2, 7.3-т заасан шаардлагыг хангасан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн газрын зориулалт өөрчлүүлэх хүсэлт тухайн газар нь бусдын газартай давхцалгүй, аймаг, сумын газар зохион байгуулалтын болон хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн байх тул хүсэлтийг хангахаас татгалзах нөхцөл үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй.
20.Түүнчлэн “М” ХХК-ийн 2024 онд гаргасан хүсэлтийн агуулга нь нэгтгэсэн нэгж талбарын газраас 9 давхар хоёр барилгын доорх газар, авто машины зогсоол барих газрыг тус тусын зориулалтаар эзэмшүүлэх тухай байх ба аймгийн Засаг дарга хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэжээ.
Өөрөөр хэлбэл, өмнө нь газрын зориулалтыг үйлчилгээтэй орон сууцны зориулалттай болгуулах талаар “М” ХХК хүсэлтдээ дурдаагүй байхад хариуцагчаас “өмнө нь 2024 онд газрын зориулалтыг 9 ба түүнээс дээш орон сууцны зориулалттай” болгож өөрчилсөн гэх үндэслэлээр татгалзсан татгалзал үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, өмнө нэгж талбарыг хэсэгчлэн хуваах тухай хүсэлт шийдвэрлэсэн байдал нь газрын зориулалт өөрчлүүлэх хүсэлтийг шийдвэрлэхэд татгалзах нөхцөл болохгүй юм.
21.Иймд дээр дурдсан дүгнэлтүүдэд үндэслэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн маргаж буй тайлбар үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн Газрын зориулалтыг үйлчилгээтэй орон сууц болгож өөрчлөхөөс татгалзсан татгалзал нь нэхэмжлэгчийн тодорхойлсон тухайн барилгын үйлчилгээний талбайн хэсгүүдэд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, хууль бус шийдвэр гэж үзэн газрын зориулалтыг өөрчлөх шийдвэр гаргахыг Увс аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
22.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 107 дугаар зүйлийн 107.5, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “8516017893 нэгж талбарын дугаартай газрын зориулалтыг өөрчлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, зориулалт нэмж өөрчлөхийг даалгах, нөхцөл байдлыг бүрэн шалгаж, баримт бичгийг харгалзан үзээгүй ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.9, 21 дүгээр зүйлийн 21.2.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн үлдэх нэхэмжлэлийг хангаж, Увс аймгийн Засаг даргаас 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1/415 дугаартай албан бичгээр “М” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 8516017891 дугаартай 1063м2 газрын зориулалтыг өөрчлөхөөс татгалзаж шийдвэрлэснийг хууль бус болохыг тогтоон, 8516017891 нэгж талбарын дугаартай газрын зориулалтыг “үйлчилгээтэй орон сууц”-ны зориулалтаар өөрчлөх шийдвэр гаргахыг Увс аймгийн Засаг даргад даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ