Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/47

 

С.Энхбаатарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч С.Ганчимэг, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                               Д.Ганчимэг

Цагаатгагдсан этгээд                                            С.Энхбаатар

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч                  Б.Туяамандах

Нарийн бичгийн дарга                                         Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/317 дугаар цагаатгах тогтоолыг эс прокурор Д.Ганчимэгийн бичсэн эсэргүүцлээр С.Энхбаатарт холбогдох эрүүгийн 2421000000275 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Саруул овогт Сүхээгийн Энхбаатар, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Булган суманд 1974 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн нутаг “Хэрлэн барга” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд:

Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар 3 жилийн хорих ялыг хасаж, 2 жил 10 хоногийн хорих ялаар,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан. /РД: ЖГ74033072/.

2. С.Энхбаатар нь 2024 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 73-33 тоотод согтуугаар хохирогч Д.Нарангэрэлтэй “охин Н.Энхнаранг авч явна” гэх шалтгаанаар маргалдаж, цээжин тус газарт нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн талын 4, 5, 6, 7-р хавирганы хугарал, 2 талын уушгины няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас С.Энхбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Саруул овогт Сүхээгийн Энхбаатарыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сүхээгийн Энхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлтийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж,

Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Энхбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хохирогч Д.Нарангэрэлийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч С.Энхбаатар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг хэрэгт хавсаргаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Энхбаатар нь цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж, ... шийдвэрлэжээ.

5. Прокурор Д.Ганчимэг бичсэн эсэргүүцэлдээ: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Энхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл: Хохирогч Д.Нарангэрэлийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэг /хх 10-11х/, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дахин өгсөн мэдүүлэг /хх 14-20х/ зэрэг 2 удаагийн тогтвортой мэдүүлгийг шүүх дүгнэхдээ:

Хохирогчийн мэдүүлгийн “Энхбаатар намайг зодоод охиныг аваад манайхаас гараад явчихсан. Тэгэхээр нь би цагдаа руу залгасан” гэх хэсгийг дурдаж, гэрч Б.Батзоригийн “дуудлага ирсний дагуу очиход эмэгтэй, хуучин нөхөр, шинэ нөхөр, өөр нэг хүн, охин гээд 5 хүн байсан”, гэрч Б.Эрхэмбаярын “2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 12 цаг өнгөрөөгөөд манай 102-с “бага насны хүүхэд алга болсон байна” гэх дуудлага ирүүлсэн” гэсэн мэдүүлгээр үгүйсгэж “..тухайн цаг хугацаанд буюу 2024 оны 06 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд хохирогч Д.Нарангэрэл нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас үйл явдлыг тодорхой санахгүй байж болзошгүй байх тул хохирогчийн мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэх боломжгүй...” гэж,

мөн насанд хүрээгүй /6 настай/ гэрч Н.Энхнарангийн “Энхбаатар аав намайг аваад явна гээд байсан. Би Энхбаатар аавтай явах дургүй байсан” гэсэн мэдүүлгийг гэрч Б.Батзоригийн “...охин харин аавтайгаа явна гээд аавыгаа тэврээд байхаар нь тухайн дуудлага өгсөн эмэгтэйн салсан гэх хүнийг охиных нь хамт тухайн айлаас авч жижүүрийн машиндаа суулгаад ... охинтой нь хамт буяны ажил болж байгаа айл руу өөрөөр нь заалгаад 01 цаг өнгөрч байхад хүргэж өгсөн” гэсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч С.Энхбаатар, өмгөөлөгч Б.Туяамандах нар нь насанд хүрээгүй гэрч Н.Энхнарангийн мэдүүлгийн талаар “яллах дүгнэлт гардуулна гэж дуудахаар нь очиход прокурорын газар охин маань сууж байсан. Охин маань гүйж ирж надад үнсүүлээд “ааваа та ээжийг цохиогүй биз дээ, Батаа аав ээж 2 намайг ингэж хэл гэж чихэр, тоглоом авч өгсөн. Тэгэхээр нь охин нь хэлчихсэн” гэж хэлсэн” гэж хавтаст хэрэгт тусгагдаагүй мэдээлэл, гэр бүлийн хамаарал бүхий харилцаанд тулгуурлан түүний мэдүүлгийг эргэлзээтэй гэж яллах талын нотлох баримтыг үгүйсгэсэн байна.

Гэтэл насанд хүрээгүй гэрч Н.Энхнаран мэдүүлэгтээ “...Энхбаатар аав маань “намайг аваад явна” гээд байсан. Би Энхбаатар аавтай явах дургүй байсан юм. Тэгээд ээж маань Энхбаатар аавд “намайг өгч явуулахгүй” гээд Энхбаатар аавтай муудсан. Тэгээд Энхбаатар аав урт түрийтэй бажинкан гуталтай /бакал/ хөлөөрөө ээжийн маань цээж рүү /цээжний баруун дээд хэсэг рүү заав/ 1 удаа өшиглөсөн. Ээж маань цагдаа дуудсан. Цагдаа ирээд Энхбаатар аав намайг аваад явсан. Нуур хороололд Энхбаатар аавын найзынд хоносон. Маргааш өглөө нь ээж намайг ирж авсан. Ээж маань одоо Энхбаатар аавд зодуулсан газар нь өвдөөд шөнө унтаж чадахгүй байгаа...” /хх-ийн 24-25х/ гэсэн бөгөөд уг мэдүүлгээр яллагдагч С.Энхбаатар, Д.Нарангэрэл нарын дунд маргаан болж, хохирогч Д.Нарангэрэл цагдаа дуудсан. Цагдаагийн дээрх нэр бүхий 2 албан хаагч ирж, охин Н.Энхнаранг төрсөн эцэг С.Энхбаатартай нь хамт авч явсан.

Мөн гэрч Б.Батзориг, Б.Эрхэмбаяр нарын дээрх мэдүүлгүүдэд “...эмэгтэй салсан нөхрөө намайг түлхсэн, гомдолтой гэх зүйл ярьж байсан...”, “хүүхдийн ээж гэх халимаг үстэй эмэгтэй ирээд “өчигдөр аав нь ирээд аваад явсан. Намайг гэртээ байхад агсам тавиад намайг цохиод би цагдаад дуудлага өгсөн...” талаар дурдагдсан байх ба хохирогч Д.Нарангэрэл нь тухайн үед С.Энхбаатар биед нь халдсан талаар хэлж, ярьсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу 2024 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө яллагдагч С.Энхбаатар, хохирогч Д.Нарангэрэл, гэрч С.Батсайхан, Р.Лхагвасүрэн нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд тухайн нөхцөл байдлыг өөрсдийн харж, ойлгож, дүгнэсэн хэмжээ хязгаарын дотор мэдүүлсэн мэдүүлгийн нотлох баримтууд болон насанд хүрээгүй гэрч Н.Энхнаран, гэрч Б.Батзориг, Б.Эрхэмбаяр нарын мэдүүлэгт үндэслэл бүхий эргэлзээ төрүүлэхүйц эрс зөрүүтэй мэдээлэл агуулагдаагүй байхад яллагдагч С.Энхбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.

6. Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Туяамандах шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж оролцож байна. Прокурорын гаргасан саналыг эсэргүүцэж байна. Тухайн хэргийн хувьд шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо жинхэнэ нөхцөл байдалд тулгуурлаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдаан дээр прокурор, хохирогч, өмгөөлөгч нар оролцож мэтгэлцсэн. Зөвхөн мэдүүлгийн дагуу яллах нь зүй бус гэдгийг Улсын Дээд шүүхийн тайлбарт ч тайлбарласан байдаг. Хохирогчтой ашиг сонирхол нэг этгээдүүд болох насанд хүрээгүй гэрч, гэрч нарын мэдүүлгийг л прокурор дурдаад байна. Насанд хүрээгүй гэрч Энхнарангийн мэдүүлэгт анхан шатны шүүхээс дүгнэлт хийсэн ба энэ нь үндэслэлтэй байна. Хохирогч анх дуудлага өгөхдөө “хэрүүл шуугиан үүсгээд байна” гэж цагдаагийн газарт хандсан. Цагдаагийн албан хаагч нарын хувьд яг тухайн байрны хажууд явж байсан учраас шууд буюу утсаа ч таслаагүй байхад нь орж ирсэн байдаг. Энэ үед цохиж зодсон талаар огт дурдаагүй ба түлхсэн гэж хэлсэн байгаа. Охин Энхнаранг хойд аав нь чихэр, жимс идлээ гээд алгадахаар нь Энхбаатар “чи миний охиныг миний нүдний өмнө алгадлаа” гэхэд ээж  Нарангэрэл нь “хоёр аавынхаа дунд яс хаялаа” гээд хэрүүл маргаан үүссэн. Хэрэгт дурдагдаж буй этгээдийн гэм буруу хөдлөшгүйгээр тогтоогдсон бол гэм буруутайд тооцдог байгаа. Гэтэл тийм зүйл байхгүй байсан учраас цагаатгасан. Хохирогчийн биед гэмтэл учирсан хэдий ч түүнийг Энхбаатар учруулсан гэх баримт байхгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

7. Прокурор Д.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хуралдааны явцад тухайн гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулах саналыг шүүгдэгчийн өмгөөлөгч гаргаж байсан. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийг шийдвэрлэх боломжтой гэж улсын яллагчийн зүгээс үзээд хуралдааныг цааш үргэлжлүүлэх саналыг гаргаж байсан. Ингээд хэргийг шийдвэрлээд шүүхээс цагаатгах тогтоол гаргасан. Хохирогчийн хувьд мөн анхан шатны шүүх хуралдаанд оролцох саналыг гаргаж байсан. Зөвхөн хохирогчийн мэдүүлгийг гол эх сурвалж болгоогүй. Насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг ч гэсэн Энхбаатар хохирогчийг зодсон болохыг зааж өгдөг. Эсэргүүцлээ бүрэн дүүрэн дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

2. Дорнод аймгийн Прокурорын газраас С.Энхбаатарыг 2024 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, Ялалтын 73-33 тоотод согтуугаар хохирогч Д.Наранцэцэгтэй “...охин Н.Энхнаранг авч явна” гэх шалтгаанаар маргалдаж, цээжин тус газарт нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн талын 4, 5, 6, 7-р хавирганы хугарал, 2 талын уушигны няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

3. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Энхбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” гэх үндэслэлээр яллах дүгнэлтийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаан, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн цагаатгах тогтоол нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Тухайлбал, хохирогч Д.Нарангэрэл мөрдөн шалгах ажиллагааны явцад 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “...20 цагийн үед 73-33 тоотод гэртээ байхад хуучин нөхөр Энхбаатар архи уучихсан халамцуу ирсэн. Ирснээ охиныг авч явна гээд байхаар нь согтуу хүнд хүүхдээ өгч явуулахгүй гэсэн чинь би эцэг нь хүүхдээ мэдэж байна гээд өмсөж байсан түрийтэй бакал гутлаараа миний хавирга руу 2 удаа өшиглөөд охиныг маань аваад явчихсан. Тэгээд би цагдаа дуудаад маргааш нь охиноо цагдаатай хамт очоод авч ирсэн. Би хэд хоног босож чадахгүй хавирга өвдөөд 06 дугаар сарын 16-ны өдөр эмнэлэгт үзүүлээд гэмтэлд шууд хэвтсэн...” /хх-ийн 09-11х/ гэх, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “...тухайн үед би архи дарс уугаагүй эрүүл байсан. ...21 цагийн үед байх Энхбаатар охиноо аваад явна гэсэн. Би “согтуу хүнд охиноо өгч явуулахгүй, эрүүл байсан бол охиныг чинь өгөөд явуулна” гэхэд Энхбаатар уурлаад миний цээжний баруун хэсэгт өшиглөж намайг газарт унагаасан. Газарт унахад дээрээс дахиад цээж рүү 2 удаа дэвссэн. Энхбаатар түрийтэй бакал ч юм уу, хром ч юм уу тийм гуталтай байсан. Тэгээд охиноо аваад манайхаас гараад явсан. Тэгэхээр нь би цагдаа руу залгаад “манай салсан нөхөр Энхбаатар намайг зодоод, хүүхдийг маань аваад явчихлаа” гэж дуудлага өгсөн. ...Энхбаатартай хамт явсан хүн нь ч яваад өгсөн ба нөхөр бид хоёр гэртээ амарсан. ...болсон явдлыг бол би сайн санаж байна. Манай нөхөр ер нь сүүлд өөрийнхөө авчирсан архийг уугаад тасраад унтсан...” /хх-ийн 14-20х/ гэх мэдүүлэг,

-насанд хүрээгүй гэрч Н.Энхнарангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өгсөн “ ...Ээж маань намайг өгч явуулахгүй гээд Энхбаатар аавтай муудсан. Тэгээд Энхбаатар аав урт түрийтэй бажинкан гуталтай /бакал/ хөлөөрөө ээжийн цээж рүү “цээжний баруун дээд хэсэг рүү заав/ 1 удаа өшиглөсөн. ...Ээж маань одоо Энхбаатар аавд зодуулсан газар нь өвдөөд шөнө унтаж чадахгүй байгаа. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25х/, 

-2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр өгсөн “ ...Энхбаатар аав ээжид “охиныг чинь аваад явна.” гэсэн чинь ээж “явуулахгүй, чи эрүүл дээрээ аваач” гэсэн чинь Энхбаатар аав “чамд ямар хамаатай  юм, согтуу гөлөг минь” гэж хэлээд ээжийг орон дээр байхад нь газар унагаад дээрээс нь дэвсээд хавирга руу нь өшиглөөд, алгадаад байсан. Ээжийг боль гэсэн чинь болихгүй байсан. Батсайхан аав энэ үед унтаж байгаад ээжийг яг дахиад зодож байхад нь сэрээд боль гээд болиулсан. ...” /хх-ийн 29-30х/ гэх мэдүүлгүүдийг тогтвортой мэдүүлжээ.

Түүнчлэн хохирогчийн цагдаагийн газарт 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 00:37:22-д “манай салсан нөхөр согтуу ирээд маргаан үүсгээд байна” гэх, 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 12:49:15-д “...Н.Энхнаран /эм 6н/-гэрээсээ гараад олдохгүй байна” гэх 2 удаагийн дуудлага өгснөөс үзэхэд тухайн цаг хугацаанд болсон үйл явдлыг дараалалгүй, эмх замбараагүй мэдүүлсэн байх боломжтой байхад шүүх хохирогч Д.Нарангэрэлийн удаа дараагийн тогтвортойгоор өгсөн мэдүүлгийг гэрч Б.Батзориг, Б.Эрхэмбаяр нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, Дорнод аймгийн Цагдаагийн газрын дуудлагын лавлагааны хуудас зэрэг нотлох баримтуудтай харьцуулан дүгнэхдээ тухайн цаг хугацаанд буюу 2024 оны 06 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд хохирогч Д.Нарангэрэл нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас үйл явдлыг тодорхой санахгүй байж болзошгүй гэсэн үндэслэлээр хохирогчийн мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэх боломжгүй гэж, мөн насанд хүрээгүй гэрч Н.Энхнарангийн мэдүүлгийг үгүйсгэхдээ ...гэр бүлийн хамаарал бүхий харилцаанд тулгуурлан эргэлзээтэй гэж тус тус дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

4. Шүүх хэргийн үйл баримт, нөхцөл байдал болон хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хохирогч, насанд хүрээгүй гэрчүүдийн мэдүүлгүүдийг хооронд нь харьцуулан судлахдаа эрүүгийн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэх талаар тал бүрээс нь нягт, бүрэн бодит байдлаар хянан шалгаж, үнэлж дүгнэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байх ба энэ талаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

5. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй байна гэж дүгнэв.

6. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч С.Энхбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/317 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

2. Шүүгдэгч С.Энхбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Г.УРТНАСАН

ШҮҮГЧИД                                                            С.ГАНЧИМЭГ

                                                              Ц.ЭРДЭНЭЗУУ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Өөрөөр хэлбэл хохирогч Д.Нарангэрэлийн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-11х/, 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-20х/ зэрэг удаа дараагийн, тогтвортой мэдүүлгийг шүүх дүгнэхдээ “...Энхбаатар намайг зодоод охиныг аваад манайхаас гараад явчихсан. Тэгэхээр нь би цагдаа руу залгасан” гэх, гэрч Б.Эрхэмбаярын “2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 12 цаг өнгөрөөгөөд манай 102-с “бага насны хүүхэд алга болсон байна” гэх дуудлага ирүүлсэн” гэсэн мэдүүлгээр үгүйсгэж, “...тухайн цаг хугацаанд буюу 2024 оны 6 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд хохирогч Д.Нарангэрэл нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас үйл явдлыг тодорхой санахгүй байж болзошгүй байх тул хохирогчийн мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэх боломжгүй.” гэж таамаглах байдлаар түүний мэдүүлгийг эргэлзээтэй гэж нотлох баримтыг  үгүйсгэн үндэслэлгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасныг үндэслэл болгон, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Энхбаатарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэжээ.