| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2025/1035/З |
| Дугаар | 128/ШШ2026/0665 |
| Огноо | 2026-07-06 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2026/0665
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э******* ХХК /РД:*******/,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс, Жижиг татвар төлөгчтэй харилцах тасаг, татварын улсын байцаагч Т.М,
Маргааны төрөл: банк бус санхүүгийн байгууллага өмчлөлд нь бүртгэлтэй автотээврийн хэрэгслийн албан татварыг эзэмшигчид ногдуулахыг шаардаж маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц*******, хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагч татварын улсын байцаагч Т.М нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг О.Цэцэнзул хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 25/20-******* тоот нэхэмжлэхээр Э******* ХХК /хуучин нэрээр Ж******* ХХК/-д 216 автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл /цаашид автотээврийн хэрэгсэл гэх/-д автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөр /цаашид автотээврийн хэрэгслийн албан татвар гэх/ 69,876,181.00 төгрөгийн ногдол үүсгэснээс төлөгдөөгүй үлдсэн 45 тээврийн хэрэгсэлд хамаарах 13,552,257 төгрөгийн татварын өр үүсгэн нэхэмжилсэн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах,
1.2. Нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын цахим системд бүртгэлтэй байгаа автотээврийн хэрэгслийн эзэмшигчийн бүртгэлийн дагуу татварын удирдлагын нэгдсэн системд татвар төлөгчөөр автотээврийн хэрэгслийн эзэмшигчийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, автотээврийн хэрэгслийн эзэмшигчийг татвар төлөгчөөр бүртгэж, татвар ногдуулахыг даалгах.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга, улсын байцаагч нар 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 25/20-******* тоот нэхэмжлэхээр Ж******* ХХК-д авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварт 39,266,674 төгрөгийн, авто зам ашигласны төлбөрт 29,573,907 төгрөгийн, агаарын бохирдлын төлбөрт 1,035,600 төгрөгийн, нийт 69,876,181 төгрөгийн албан татварын ногдол үүссэнийг, татварын өрийг хугацаанд төлөхгүй тохиолдолд торгууль, алдангийн хариуцлага хүлээлгэхийг мэдэгдсэн.
2.2. Нэхэмжлэгч Э******* ХХК /хуучин нэрээр Ж******* ХХК/ 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 25/1749 дугаар албан бичгээр дээрх 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 25/20-******* тоот нэхэмжлэхийг эс зөвшөөрч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн даргад гомдол гаргасныг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 03/2800 дугаар албан бичгээр хангахаас татгалзсанаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга Б.Б*******, хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч Т.М нараас 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 25/02-******* тоот нэхэмжлэхээр манай компанид авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, автозам ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөр /хамтад нь "автомашины татвар" гэх/-ийн өр үүссэн гэж үзээд нийт 69,876,181 төгрөгийн татварын өрийг төлүүлэх нэхэмжлэх ирүүлсэн.
Нэхэмжлэгч компани нь дээрх татварын өрийг төлөх үндэслэлгүй буюу автомашины татварыг төлөх үүрэгтэй этгээд биш гэж үздэг тул дээрх нэхэмжлэхийг төлөх ёсгүй талаар холбогдох тайлбарыг хариу албан бичгээр хүргүүлсэн.
Гэтэл хариуцагчаас дээрх автомашины татварын өрийг төлүүлэх зорилгоор 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр манай компанийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот төгрөгийн дансыг 66,175,267.00 төгрөгийн хэмжээнд, Худалдаа хөгжлийн банкны ******* тоот төгрөгийн дансыг 69,876,181 төгрөгийн хэмжээнд тус тус битүүмжилсэн.
Хариуцагчийн дээрх шийдвэр, үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй буюу илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа бөгөөд энэ талаарх үндэслэлийг дор дэлгэрүүлэн тайлбарлая.
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 3 дугаар зүйлд "Монгол Улсын нутаг дэвсгэрт авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна" гэж, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т "авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч" нь агаарын бохирдлын төлбөр төлөгч байна гэж, мөн Авто замын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.1, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т Авто зам ашиглагч нь авто зам ашигласны төлбөрийг төлөх талаар тус тус заасан.
Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхэлдэг банк бус санхүүгийн байгууллага /цаашид "ББСБ" гэх/-аас Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан "Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/"-ийн дагуу өмчлөгчөөр бүртгүүлсэн тээврийн хэрэгсэлд холбогдох татвар хураамжийг ББСБ болон зээлдэгч /автомашиныг бодитоор эзэмшиж, ашиглаж буй этгээд/ нарын хэн нь төлөх эсэх асуудал саяхныг хүртэл маргаантай явж ирсэн байдаг. Харин, уг асуудал 2020 онд Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж байсан бөгөөд Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны холбогдох тогтоолыг үзвэл, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 3 дугаар зүйл, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан "эзэмшигч" гэдгийг "тухайн авто тээврийн хэрэгслийг эзэмших эрхтэйгээр бүртгүүлсэн этгээд" гэж үзсэн байдаг.
Үүнтэй холбоотойгоор, Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийг Авто тээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлд зааснаар авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллага буюу Авто тээврийн үндэсний төв хариуцан ажилладаг. Авто тээврийн үндэсний төв нь анх 2021 оны 10 дугаар сар /манай компани мэдээлэл нийлүүлж эхэлсэн хугацаа/-аас эхлэн ББСБ-ын Фидуцийн гэрээний дагуу нэр шилжүүлэн авсан барьцаа тээврийн хэрэгсэл дээр тухайн тээврийн хэрэгслийг бодитоор эзэмшиж, ашиглаж буй этгээд буюу "эзэмшигч"-ийн бүртгэлийг шинээр хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, ББСБ-ын нэр дээрх тээврийн хэрэгслийн тухайд "өмчлөгч"-оор ББСБ, харин "эзэмшигч" этгээдээр зээлдэгч иргэн бороо бүртгэлтэй байдаг болсон,
Хариуцагчийн нэхэмжилсэн татвар өр болох 69,876,181 төгрөг нь манай компанийн өмчлөлд бүртгэлтэй нийт 216 ширхэг тээврийн хэрэгсэлд хамаарах автомашины татвар бөгөөд тэдгээр 216 ширхэг тээврийн хэрэгсэл тус бүрийн "эзэмшигч этгээд"-ээp нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулж, тухайн тээврийн хэрэгслийг бодитоор эзэмшиж, ашиглаж, жолоодож яваа этгээдийн дэлгэрэнгүй мэдээлэл Авто тээврийн үндэсний төвийн бүртгэлд бүртгэгдсэн байгаа. Үүнтэй холбоотой тодорхой тооны тээврийн хэрэгслийн эзэмшигч этгээдийн мэдээлэл, лавлагааг Авто тээврийн үндэсний төвөөс гаргуулан уг нэхэмжлэлд нотлох баримтаар хавсаргасан болно. Харин, маргаан бүхий актад хамааралтай бүх тээврийн хэрэгслийн эзэмшигч этгээдийн лавлагааг гаргуулах хүсэлтийг Авто тээврийн үндэсний төвд нэхэмжлэгчээс удаа дараа өгсөн боловч Авто тээврийн үндэсний төвийн эс үйлдэхүй, мөн хууль бус татгалзлын улмаас бүх жагсаалтыг гаргуулан авч чадаагүй. Тиймээс, энэхүү нэхэмжлэлийн араас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүхийн журмаар маргаан бүхий актад холбогдох тээврийн хэрэгслийн эзэмшигч этгээдийн мэдээллийг цуглуулахаар төлөвлөж байна. Эндээс үзвэл, маргааны бүхий автомашины татварыг төлөх үүрэгтэй этгээд нь тухайн тээврийн хэрэгслийг бодитоор эзэмшиж, ашиглаж буй этгээд буюу Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлд "эзэмшигч"-ээр бүртгүүлсэн этгээд төлөх нь хуульд, мөн Улсын дээд шүүхийн шийдвэр тогтоолд нийцэхээр байна.
Дээр дурдсанчлан хариуцагчаас ирүүлсэн 25/02-******* тоот нэхэмжлэхэд бичигдсэн 69,876,181 төгрөгийн автомашины татварт хамаарах тээврийн хэрэгслүүдийн "эзэмшигч"-ээр манай компанийн зээлдэгч нар албан ёсоор бүртгэлтэй байгаа бөгөөд Зам, тээврийн яам болон хариуцагч нарын хооронд байгуулсан "Мэдээлэл харилцан солилцох тухай гэрээ"-ний дагуу, мөн төрийн байгууллага хооронд мэдээлэл харилцан солилцох хууль тогтоомжийн дагуу Зам, тээврийн яамны харьяа байгууллага Авто тээврийн үндэсний төвөөс нэхэмжлэгч компанийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдийн "эзэмшигч"-ийн бүртгэлийн мэдээллийг татан авч, хариуцагч тус мэдээллийг татварын мэдээллийн санд бүртгэн, хуульд заасан татвар төлөх үүрэгтэй этгээд болох "эзэмшигч"-д албан татвар, төлбөр ногдуулах ёстой.
Гэтэл хариуцагч хууль ёсны татвар төлөх үүрэг бүхий этгээдээр татвар төлүүлэх ажиллагааг хийлгүй, манай компанид татварын өр үүсгэн, улмаар данс битүүмжлэх хүртэлх арга хэмжээ авч, манай компанийн эрх ашигт ноцтой хохирол учруулж буй үйлдэл нь хууль бус юм.
Дээрхээс үзвэл, автомашины татварыг төлөх үүрэгтэй этгээдийг ББСБ гэж үзээд, манай компани дээр татварын өр үүсгэсэн нь Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 3 дугаар зүйлд "Монгол Улсын нутаг дэвсгэрт авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна", Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт "авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч" агаарын бохирдлын төлбөр төлөгч байна, Авто замын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.1 дэх хэсэг, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт авто зам ашиглагч нь авто зам ашигласны төлбөр төлөх, Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.20 дахь хэсэгт "татвар төлөгч" гэж татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөх үүрэг бүхий этгээдийг хэлнэ гэж тус тус заасантай нийцэхгүй юм.
Өөрөөр хэлбэл, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 3 дугаар зүйл, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт тус тус татвар төлөгчийг "эзэмшигч" гэж тодорхойлсон бөгөөд "өмчлөгч"- д татвар төлөх үүрэг хүлээлгээгүй. Нэхэмжлэгчийн хувьд энэхүү "эзэмшигч" гэдгийг тухайн автомашиныг өөрийн хяналтад байлгаж, хадгалж, ашиглаж, байнга жолоодох боломжтой этгээд гэж үзэж байгаа бөгөөд үүнийг хариуцагч тал эс зөвшөөрч байгаа бол тодорхой хууль зүйн үндэслэлтэйгээр няцаах ёстой. Түүнчлэн, маргаан бүхий автомашины татвар ногдуулсан тээврийн хэрэгслүүдийг нэхэмжлэгч тал ямар нэгэн байдлаар эзэмшиж, ашиглаж байгаагүй, мөн эзэмшиж, ашиглаж байсан баримт байхгүй билээ. Хариуцагч энэ талаар мөн маргаантай гэж үзэж байгаа бол тэр тухайгаа тодорхой илэрхийлэх шаардлагатай юм. Нэхэмжлэгчийн хувьд дээр дурдсан асуудлаар өөрийн байр суурь, тайлбарыг нотлох боломжтой. Харин, хариуцагч эдгээр асуудлаар няцаалт хийхгүй бол дээрх нэхэмжлэгчийн байр суурийн талаар талуудын хооронд маргаан байхгүй гэж ойлгох ёстой.
Гэтэл, Авто тээврийн үндэсний төв дээрх авто тээврийн хэрэгслийн албан ёсны буюу хууль ёсны бүртгэлд тухайн тээврийн хэрэгслийн "өмчлөгч" этгээдээс гадна "эзэмшигч" этгээдийг тусгайлан бүртгэсэн байтал манай компанийг татвар төлөгчөөр тодорхойлж, татварын өр үүсгэж буй захиргааны шийдвэр, үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус захиргааны акт болно.
Хариуцагч нь Авто тээврийн үндэсний төвд хүсэлт гаргаснаар татвар төлөх үүрэгтэй "эзэмшигч" этгээдийн мэдээллийг шууд авах боломжтой байсан боловч зохих мэдээллийг цуглуулалгүй эс үйлдэл гаргасан нь өөрөө хууль бус үйлдэл гэж үзэхээр байна. Хэрвээ хариуцагч Авто тээврийн үндэсний төвийн бүртгэлд дээрх "эзэмшигч" этгээдийн мэдээлэл байгааг мэдээгүй байсан гэж үзсэн ч энэ нь хариуцагчийн албан үүргийн хувьд зайлшгүй мэдэх ёстой байсан буюу хэрэгжүүлэх ёстой арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй үйлдэл болох тул хариуцагчийн энэхүү илт хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хууль бус татварын өр үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
Ийнхүү илт хууль бус захиргааны акт /нэхэмжлэгчийг автомашины татварыг төлөх үүрэгтэй гэж үзээд, татварын өр үүсгэж, нэхэмжилсэн шийдвэр, үйл ажиллагаа/ дээр үндэслэн явагдсан нэхэмжлэгч компанийн нэр дээрх арилжааны банкны дансыг битүүмжилсэн шийдвэр, үйл ажиллагаа нь мөн хууль бус болно
Иймд, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга болон татварын улсын байцаагч нарын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 25/02-******* тоот нэхэмжлэхээр манай компанид холбогдуулан авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөрт нийт 69,876,181 төгрөгийн татварын өр үүсгэсэн шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.
3.2. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлсэн үндэслэлдээ: “...2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 25/02-******* тоот нэхэмжлэхээр Ж******* ХХК-д холбогдуулан авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөрт нийт 69,876,181 төгрөгийн татварын өр үүсгэн нэхэмжилсэн шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба энэхүү 69,876,181 төгрөгийн татварын өр нь нийт 230 тээврийн хэрэгсэлд хамаардаг бөгөөд үүнээс манайд огт хамааралтгүй 14 тээврийн хэрэгслийг хасахад 216 тээврийн хэрэгсэл болно. Гэтэл 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт 171 тээврийн хэрэгслийн татварыг тухайн тээврийн хэрэгслийг эзэмшиж буй хувь иргэн (зээлдэгч) өөрсдөө аль хэдийн төлсөн байна. Иймд уг хэрэгт маргаан бүхий акт буюу түүний дүн нь үлдсэн 45 тээврийн хэрэгсэл 13,552,257 төгрөгөөр хязгаарлагдаж байгааг тодруулж байна.
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга болон татварын улсын байцаагч нарт холбогдуулж дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд:
Татварын ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д "Татварын хуулиар татвар төлөх, эсхүл татвар суутгах үүрэг бүхий этгээд нь татвар төлөгчөөр бүртгүүлнэ", мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т "Энэ хуулийн 25.1-д заасан татвар төлөх үүрэг бүхий этгээдийг татварын алба татвар төлөгчөөр татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ" гэж тус тус заасан. Энэхүү хэрэг дээр татварын алба нь нэхэмжлэгч компанийг тээврийн хэрэгслийн "эзэмшигч" гэж үзэн татвар ногдуулсан байдаг. Гэтэл, Нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын гэрч нараас "тээврийн хэрэгслийн улсын бүртгэл дээр өмчлөгч болон эзэмшигч этгээдийн бүртгэл ялгаатай буюу тусдаа байдаг" болох, "нэхэмжлэгч компанийг тээврийн хэрэгслийн "эзэмшигч" гэсэн нэршлээр бүртгэгдэн гарч ирж байгаа нь буруу буюу алдаатай" болох, "нэхэмжлэгч этгээд нь тээврийн хэрэгслийн "өмчлөгч”-өөр авто тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвийн цахим системд бүртгэлтэй байдаг" болох талаар шүүхэд мэдүүлсэн. Эндээс үзвэл, татвар төлөх үүрэг бүхий этгээдийг татварын алба тодорхойлох үйл ажиллагаа хууль бус байсан буюу татвар төлөх үүрэггүй этгээдэд татвар ногдуулсан нь тодорхой харагдаж байна. Түүнчлэн, Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т "Татварын алба татвар төлөгчийн талаар хөндлөнгийн мэдээлэл цуглуулж, хөндлөнгийн мэдээллийн санг бүрдүүлж, мэдээллийг татварын хяналт шалгалт, татвар ногдуулалт, хураалт болон татвар төлөгчийн эрсдэл, бүртгэлийн үйл ажиллагаанд ашиглах...", мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Татварын алба нь энэ хуулийн 33.1.2-т заасан бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн хөтлөх бөгөөд татвар төлөгч бүрийн төлбөл зохих татварын ногдол, хөнгөлөлт, чөлөөлөлт, алданги, торгууль, тэдгээрийн төлөлт, өрийг анхан шатны баримтад үндэслэн татварын бүртгэлд бүрэн тусгана" гэж тус тус заасан байдаг. Дээрх 34.1 дэх заалтаас үзвэл Татварын алба нь бүртгэлийн байгууллагын мэдээллийг татвар ногдуулалтын үйл ажиллагаанд ашиглах бөгөөд ингэхдээ дээрх 33.2 дахь заалтын дагууy татвар ногдуулах гол үндэслэлийг "анхан шатны баримт"-д үндэслэн татварын бүртгэлд тусгах ёстой байна.
Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т "анхан шатны баримтад үндэслэн татварын бүртгэлд бүрэн тусгана" гэж тодорхой заасан бөгөөд, харин 34.1-т бүртгэлийн байгууллагын мэдээллийг татварын үйл ажиллагаанд "ашиглах” тухай зохицуулсан байдаг, Энэ нь санамсаргүй үгийн сонголтын ялгаа биш юм. Монголын хууль тогтоомжид "үндэслэх" гэдэг нь хууль зүйн үр дагавар үүсгэх шууд эрх зүйн суурийг илэрхийлдэг. Уг нэр томьёо нь "хуульд үндэслэн шийдвэр гаргах", "нотлох баримтал үндэслэн дүгнэлт хийх" зэрэг эрх зүйн үйл ажиллагааны хууль ёсны тулгуурыг заасан нөхцөлд тогтвортой хэрэглэгддэг. Харин "ашиглах" гэдэг нь тодорхой зорилгын хүрээнд мэдээлэл, нөөцийг хэрэглэж, эш татаж, түшиглэхийг илэрхийлдэг бөгөөд энэ нь илүү сул, туслах шинжтэй харилцааг заана.
Хууль тогтоогч эдгээр хоёр үгийг зориуд ялган хэрэглэсний дүгнэлт нь ганцхан байна. Бүртгэлийн байгууллагын мэдээлэл нь татварын үйл ажиллагаанд лавлагаа, хэрэглээний зориулалтаар "ашиглаж" болох мэдээлэл мөн боловч, татвар ногдуулах эрх зүйн "үндэслэл" болж үл чадна. Татвар ногдуулах үндэслэл болж чадах зүйл нь 33.2-т тодорхой заасан анхан шатны баримт, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс бүртгэлийн байгууллагад гаргаж өгсөн хүсэлтээр л хязгаарлагдана.
Хариуцагч нь "бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн эзэмшигчийн мэдээллийг ашиглаж татвар ногдуулсан" гэж тайлбарласан. Энэ нь харин ч, хариуцагч өөрөө 34.1 дэх нэр томьёог ягштал хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөнтэй адил юм. Өөрөөр хэлбэл, 34.1-т "ашиглаж болно" гэж заасан мэдээллийг л ашигласан болохоос биш, түүнийг татвар ногдуулах “үндэслэл" болгон хэрэглэх эрхийг олгосон ямар нэгэн заалт Татварын ерөнхий хуулийн хаана ч байхгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс бүртгэлийн байгууллагад хандан гаргасан "тээврийн хэрэгслийн өмчлөгч нь ББСБ буюу нэхэмжлэгч компани, харин эзэмшигч этгээд нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодож, ашиглаж байгаа зээлдэгч буюу хувь иргэн" гэх хүсэлт, мэдээлэл нь энэхүү анхан шатны баримт болох ёстой юм Гэтэл, хариуцагч татварын байгууллага нь энэхүү анхан шатны баримтыг үл хэрэгсэж, дээр дурдсан гэрчийн мэдүүлгээр тогтоогдсончлон алдаатай эзэмшигч этгээдийн жагсаалтыг татварын системээс татан, татвар ногдуулж буй нь Татварын ерөнхий хуулийн 33.2 дахь заалтыг зөрчиж байна.
Нөгөө талаас, Татварын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-т "Энэ хуулийн 26.3, 26.4-т заасан мэдээллийг татварын алба бусад хөндлөнгийн мэдээлэлд үндэслэн өөрчлөх шаардлагатай гэж үзвэл татвар төлөгчид мэдэгдэх бөгөөд татвар төлөгч энэ хуулийн 26.4-т заасан хугацаанд баталгаажуулна. Татвар төлөгч баталгаажуулаагүй тохиолдолд эрсдэлтэй гэж үзэн хувийн хэрэгт бүртгэх бөгөөд хяналт шалгалт хийх үндэслэл болно" гэж заасан байна. Хариуцагч татварын байгууллага нь авто тээврийн бүртгэлийн байгууллагаас оруулсан ирүүлсэн/ мэдээлэлд үндэслэн Нэхэмжлэгчийг "тээврийн хэрэгслийн эзэмшигч" гэж үзэн татвар ногдуулдаг. Гэтэл, Татварын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-т зааснаас үзвэл, мөн дээр дурдсан нөхцөл байдлаас үзвэл, тээврийн хэрэгслийн эзэмшигч этгээд хэмээн нэхэмжлэгчид татвар ногдуулахдаа манай талд мэдэгдэх, тодруулах шаардлага байсан байна. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч татварын албанд удаа дараа хандаж, "манай компани нь тээврийн хэрэгслийн эзэмшигч биш, харин өмчлөгч" гэж тайлбарлаж, албан бичиг, хүсэлт, мэдээлэл хүргүүлж ирсэн байдаг. Эндээс үзвэл татварын алба нь хуулийн 26.6 дахь заалтыг зөрчиж, татвар ногдуулах ажиллагааг хийсэн байна.
Мөн, Татварын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т "Татвар ногдох зүйлийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эсхүл татвар ногдох зүйл бүхий этгээд, татвар төлөгчид олгосон болон өмчлөл, эзэмших, ашиглалтад шилжүүлсэн зөвшөөрлийн мэдээллийг бүртгэх эрх бүхий байгууллагын мэдээлэл, эсхүл татвар төлөгчийн хүсэлтийг үндэслэн татварын алба тухай бүр татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ” гэж заасан. Үүнтэй холбоотойгоор, нэхэмжлэгчээс хариуцагч татварын байгууллагад хандаж илгээсэн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн албан бичиг болон түүнээс өмнө, хойно илгээж байсан хүсэлт, гомдол, мэдэгдэлд "манай компанийг тээврийн хэрэгслийн эзэмшигч гэж үзэн татвар ногдуулж буй үйл ажиллагааг зогсоож, эзэмшигчийн мэдээллийг засах, өөрчлөх, залруулах" талаар удаа дараа мэдэгдэж байсан. Эдгээр хүсэлт гомдлыг хариуцагч хүлээн авдаг боловч тухай бүр засах, залруулах үүргээ биелүүлэхгүй, татварын бүртгэл, мэдээллийн сандаа өөрчлөлт оруулах ажиллагааг хийлгүй, нэхэмжлэгчид татвар ногдуулсаар ирсэн нь хуулийн 26.3 дахь заалтыг зорчиж байгаа юм.
Дээрхээс үзвэл, Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.17-д зааснаар авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн байгууллага нь тээврийн хэрэгслийн "өмчлөгч" болов "эзэмшигч"-ийн мэдээллийг ялгаж гарган, татварын албанд хүргүүлэх ёстой боловч авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн байгууллагаас ирсэн гэрчийн мэдүүлгээр хуулийн 34.17-д заасны дагуу зохих мэдээлэл татварын албанд илгээгдэхгүй, алдаатай буюу зөрүүтэй мэдээлэл илгээгдэж байгаа гэдэг нь тодорхой болсон. Өөрөөр хэлбэл, хуулийн 34.17-д заасан үнэн зөв мэдээлэл татварын албанд ирээгүй буюу татварын алба "бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн эзэмшигчийн мэдээллийг л бид ашиглаж татвар ногдуулсан". "татварын системээс дуудахад гарч ирсэн мэдээллийг л ашигладаг" гэж өөрсдийн шийдвэр үйл ажиллагааг зөвтгөж байгаа боловч бүртгэх эрх бүхий байгууллагаас илгээсэн, эсвэл төрийн мэдээлэл солилцооны нэгдсэн системд нийлүүлэгдсэн мэдээлэл нь өөрөө Татварын ерөнхий хуулийн 34.17 дахь заалтыг илтэд зорчиж байгаа тул тус алдаатай, хууль бус мэдээлэлд тулгуурласан татвар ногдуулалт нь мөн хууль бус болно.
Хариуцагч татварын албаны хариу тайлбараар "бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн эзэмшигчийн мэдээллийг л бид ашиглаж татвар ногдуулсан", "татварын системээс дуудахад гарч ирсэн мэдээллийг л ашигладаг" гэх боловч, эдгээр татварын удирдлагын нэгдсэн системийг бүтээж, нэвтрүүлж, сүүлийн байдлаар зөвшөөрч, татвар ногдуулалтын үйл ажиллагаанд ашиглаж байгаа этгээд нь хариуцагч татварын байгууллага өөрөө юм. Алдаатай, доголдолтой, эсвэл мэдээллийн удирдлагын үйл ажиллагаа нь бүрэн бус систем сонгож, ашиглаж буйтай холбоотой үүрэг хариуцлага нь системийг нэвтрүүлж, ашиглаж байгаа татварын байгууллагад хамаарна. Захиргааны байгууллага "өөрөө нэвтрүүлж, ашиглаж буй системийн доголдол, бүрэн бус байдал, асуудал"-ыг шалтгаан болгож, татварын хууль тогтоомжоор хүлээсэн татвар төлөгчийг зөвөөр тодорхойлох, татвар ногдуулах үйл ажиллагааг хуульд нийцүүлэх, мэдээллийн үнэн зөв байдлыг шалгаж, зөрүүтэй бол засах, залруулах үүргээ хэрэгжүүлээгүй нөхцөл байдлыг зөвтгөх боломжгүй. Хэрэв, хариуцагч татварын байгууллагын хариу тайлбар хийдэг шиг "системийн хувьд боломжгүй, системээс мэдээлэл дуудахад зөвхөн нэхэмжлэгч этгээд л эзэмшигчээр гарч ирдэг" гэдэн асуудал байгаа бол энэ нь татварын байгууллага дотооддоо шийдвэрлэх ёстой асуудал юм. Тухайн систем, программ хангамж, мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үеийн алдааны асуудлыг татвар төлөх үүргийг хуулиар хүлээгээгүй гуравдагч этгээдэд хариуцуулж, татвар ногдуулж буй нь хууль бус юм.
Иймд, хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга болон татварын улсын байцаагч нарт холбогдуулж Татварын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т "Татвар ногдох зүйлийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эсхүл татвар ногдох зүйл бүхий этгээд, татвар төлөгчид олгосон болон өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн зөвшөөрлийн мэдээллийг бүртгэх эрх бүхий байгууллагын мэдээлэл, эсхүл татвар төлөгчийн хүсэлтийг үндэслэн татварын алба тухай бүр татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ" гэж, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т "Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй", мөн зүйлийн 45.2-т "Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актын илэрхий алдааг засахыг шаардах эрхтэй” гэж тус тус заасныг үндэслэл болгон "татвар ногдуулалтын үйл ажиллагаанд ашиглаж буй татварын цахим систем буюу татварын удирдлагын нэгдсэн системд нэхэмжлэгч компанийг тээврийн хэрэгслийн эзэмшигч этгээд гэсэн байдлаар гарч ирж буй мэдээллийг засварлаж, нэхэмжлэгч этгээдээс гаргаж өгсөн жинхэнэ эзэмшигч этгээдийн мэдээллийн дагуу татвар төлөгчийн бүртгэлийг залруулан оруулахыг даалгах" шаардлагыг нэмэлтээр гаргаж байна.
Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т "Татварын алба татвар төлөгчийн талаар хөндлөнгийн мэдээлэл цуглуулж, хөндлөнгийн мэдээллийн санг бүрдүүлж, мэдээллийг татварын хяналт шалгалт, татвар ногдуулалт, хураалт болон татвар төлөгчийн эрсдэл, бүртгэлийн үйл ажиллагаанд ашиглах бөгөөд энэ хуулийн 34.17-д заасан байгууллага, албан тушаалтан татварын албанд шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх, татварын зорилгоор хамтран ажиллах үүрэг хүлээнэ" гэж, мөн зүйлийн 34.2-т "Байгууллага, албан тушаалтан татварын албаны хөндлөнгийн мэдээллийн санг бүрдүүлэх зорилгоор энэ хуулийн 34.17-д заасан мэдээллийг цахим хэлбэрээр хүргүүлэх бөгөөд хугацааг тусгайлан өөрөөр заагаагүй бол сар бүрийн 10-ны өдрийн дотор татварын албанд тогтмол мэдээлэх үүрэг хүлээнэ" гэж, мөн зүйлийн 34.17-д "Авто тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Монгол Улсын авто тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч, түүний өөрчлөлтийн талаарх мэдээллийг гаргаж, татварын албанд хүргүүлнэ", 34.18-т "Авто тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага татварын албаны авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажилд дэмжлэг үзүүлж, хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулна" гэж тус тус хуульчлагдсан.
Нэхэмжлэгчийн нэгдүгээр шаардлага буюу "Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөрт татварын өр үүсгэн нэхэмжилсэн шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох" шаардлага, дээрх 3.1-т заасны дагуу нэмэгдүүлсэн шаардлага буюу хоёрдугаар шаардлага болох "татварын удирдлагын нэгдсэн системд нэхэмжлэгч компанийг тээврийн хэрэгслийн эзэмшигч этгээд гэн байдлаар гарч ирж буй мэдээллийг засварлахыг даалгах" шаардлагын аль аль нь тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийн адилхан алдаатай бүртгэлтэй шууд хамааралтай билээ. Тодруулбал, тээврийн хэрэгслийг бүртгэх эрх бүхий байгууллага боловсруулж, төрийн систем рүү зөрүүтэй буюу алдаатай мэдээлэл мэдээлэл солилцооны дундын оруулсан /илгээсэн/ үйлдэл болон түүнд үндэслэж хариуцагч татварын байгууллага нэхэмжлэгч компанийг "тээврийн хэрэгслийн эзэмшигч" гэж андуурч, хуулийн үндэслэлгүйгээр татвар ногдуулж буй шийдвэр, үйл ажиллагаа нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна. Өөрөөр хэлбэл, "татварын систем дээр бүртгэгдсэн л бол татвар ногдуулж буй нь зүй ёсны" гэх маргааны зүйл бүхий энэхүү захиргааны хэрэг дээр "буруу буюу зөрүүтэй" цахим системийн бүртгэлийн шалтгаан нөхцөлийг нөгөө талаас "Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ" гэх захиргааны байгууллага үүсгэж байгаа.” гэжээ.
3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, тайлбартаа: “...Маргааны үйл баримтыг харахад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тодорхой болсон маргах шаардлагагүй үйл баримтуудын хувьд татвар ногдуулалтын суурь үндсэн мэдээллүүдийг гаргаж буй бүртгэлийн байгууллага нь Нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ байна. Бүртгэл ёсоор автомашины эзэмшигч, өмчлөгч гэсэн ойлголтууд нь ялгаатай буюу тус тусад нь хийгддэг. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд эдгээр автомашинуудыг эзэмшиж, ашиглаж байгаа зүйл байхгүй бөгөөд бүртгэх байгууллагын мэдээллээр өмчлөгчөөр бүртгэлтэй байдаг. Харин эзэмшигчээр зээлдэгч хувь иргэн бүртгэлтэй байдаг. Энэ үйл баримт нь хэрэгт цугларсан нотлох баримт болоод гэрчийн мэдүүлэг өгсөн Нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-н мэргэжилтний мэдүүлгээр нотлогдож байна.
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна”, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Дoр дурдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага агаарын бохирдлын төлбөр төлөгч байна”, 4.1.4-д “автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч”, Авто замын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.1-д “хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд авто зам, замын байгууламжийг үнэ төлбөргүй ашиглах”, 30 дугаар зүйлийн 30.1-т “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах замын чиглэл, замын урт, төлбөрийн хэмжээг Засгийн газар, нийслэл, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах замын чиглэл, замын урт, төлбөрийн хэмжээг тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тус тус тогтооно” гэж тус тус зааснаар тээврийн хэрэгслийн эзэмшигч гэдэг нь хэн бэ гэдэг асуудал нь Улсын дээд шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 404 дүгээр тогтоолоор тодорхой болсон.
Бүртгэх эрх бүхий байгууллагаас татварын хууль тогтоомжид заасан үүргийнхээ дагуу дундын мэдээлэл солилцох системээр эзэмшигчийн мэдээлэл гэж илгээдэг, өмчлөгчийн мэдээлэл гэж тусад нь бүртгэдэг байна. Татварын байгууллага дээр татвараа ногдуулъя гээд мэдээллээ дуудахаар автомашины эзэмшигч этгээдээр улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчөөр бүртгэлтэй байгаа банк бус санхүүгийн байгууллага гарч ирдэг зөрүүтэй буруу мэдээлэл гарч ирээд байна.
Одоо энэ тохиолдолд яах вэ? гэдэг асуудал яригдана. Техникийн эсхүл системийн асуудлаас болоод ХУР системд мэдээлэл буруу орж, бүрэн нийлүүлэгдэхгүй байгаа асуудал нь хариуцагч татварын байгууллагыг зөвтгөх үндэслэл болохгүй. Маргааны нэг үйл баримт мөн үү гэвэл мөн. Гэхдээ маргаан бүхий акт буюу татварын байгууллага дээр тээврийн хэрэгслийн татварын өр төлбөр ногдуулсан шийдвэр, данс битүүмжилсэн шийдвэрүүд нь зөвтгөх үндэслэл болохгүй л гэсэн үг. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.17-д “Авто тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Монгол Улсын автотээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч, түүний өөрчлөлтийн талаарх мэдээллийг гаргаж, татварын албанд хүргүүлнэ” гэж заасныг баримтлан тайлбарладаг.
Бид энэ татгалзлыг үндэслэлгүй гэж үзэж байна.
Нэгдүгээрт, татварын албаны үндсэн чиг үүрэгтэй холбоотойгоор татвар төлөгчийг тодорхойлох, бүртгэхтэй холбоотой асуудал байна. Нэхэмжлэгчээс хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс нь энэ чиг үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас энэ маргаан үүссэн гэж үзэж байна. Татварын ерөнхий хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйл, 75 дугаар зүйлд зааснаар татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах буюу хэн татвар төлөх эрхтэй этгээд гэдгийг тодруулах, тэдгээрийг бүртгэж нэгдсэн санд оруулах ажил нь татварын байгууллагын өөрсдийнх нь үндсэн чиг үүрэг гэж үзэж байна. Хариуцагчийн хувьд “...цахим системд хэн гарч ирнэ тэр нь татвар төлөгч байна гээд манай татварын нэгдсэн системд тээврийн хэрэгслийн эзэмшигчээр Э******* ХХК гарч ирсэн тул бид татвар ногдуулсан тул хууль зөрчөөгүй” гэдэг нь үндэслэлгүй. Бүртгэлийн хувьд банк бус санхүүгийн байгууллага өмчлөгчөөр, зээлдэгч эзэмшигчээр бүртгэгддэг гэдэгтэй татварын байгууллагаас маргадаггүй. Хууль ёсны татвар төлөх эрх бүхий этгээд бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн байхад төрийн алба мэдээллийг олж тогтоох, хайх үйл ажиллагаа чиг үүргээ хэрэгжүүлэхгүйгээр татвар төлөх үүрэггүй этгээдэд татвар ногдуулсан нь буруу байна.
Хоёрдугаарт, татвар төлөгчийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг хөтлөхтэй холбоотойгоор Татварын ерөнхий хуульд заасан нийтлэг журмыг хариуцагч Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс зөрчсөн гэх үндэслэлийг гаргаж байна. Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Татварын алба татвар төлөгчийн талаар хөндлөнгийн мэдээлэл цуглуулж, хөндлөнгийн мэдээллийн санг бүрдүүлж, мэдээллийг татварын хяналт шалгалт, татвар ногдуулалт, хураалт болон татвар төлөгчийн эрсдэл, бүртгэлийн үйл ажиллагаанд ашиглах бөгөөд энэ хуулийн 34.3, 34.4, 34.5, 34.6, 34.7, 34.8, 34.9, 34.10, 34.11, 34.12, 34.13, 34.14, 34.15, 34.16, 34.17, 34.18, 34.19, 34.20, 34.21, 34.22, 34.23, 34.24, 34.25, 34.26, 34.27, 34.28-д заасан байгууллага, албан тушаалтан татварын албанд шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх, татварын зорилгоор хамтран ажиллах үүрэг хүлээнэ”, 33 дугаар зүйлийн 33.2-т “Татварын алба нь энэ хуулийн 33.1.2-т заасан бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн хөтлөх бөгөөд татвар төлөгч бүрийн төлбөл зохих татварын ногдол, хөнгөлөлт, чөлөөлөлт, алданги, торгууль, тэдгээрийн төлөлт, өрийг анхан шатны баримтад үндэслэн татварын бүртгэлд бүрэн тусгана” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгчээс бүртгэлийн байгууллагад хандан гаргасан хүсэлт, хүсэлтэд хавсаргасан баримтыг гаргаж өгсөөр байхад татварын байгууллага анхан шатны баримтыг үл хэрэгсэн бодит нөхцөл байдалд тээврийн хэрэгслийн эзэмшигч биш этгээдэд татвар ногдуулж байгаа нь хуулийн зохицуулалтыг зөрчиж байна гэж үзэж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т энэ хуулийн 24.1-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасан хуулийн зохицуулалттай хариуцагч татварын байгууллагын үйл ажиллагаа нь шууд хамааралтай учраас Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 33 дугаар зүйлийн 33.2-т заасан зохицуулалттай холбоотой эрх зүйн дүгнэлт хийж өгнө үү.
Гуравдугаарт, Татварын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан татвар төлөгчийг бүртгэхтэй холбоотой нийтлэг журмыг зөрчсөн гэх үндэслэлийг нэхэмжлэгчээс гаргаж байгаа. Хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Татвар ногдох зүйлийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эсхүл татвар ногдох зүйл бүхий этгээд, татвар төлөгчид олгосон болон өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн зөвшөөрлийн мэдээллийг бүртгэх эрх бүхий байгууллагын мэдээлэл, эсхүл татвар төлөгчийн хүсэлтийг үндэслэн татварын алба тухай бүр татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ”, 26.4-т “Татвар төлөгч нь татвар төлөгчийн бүртгэлийн мэдээлэл, түүний өөрчлөлт, энэ хуулийн 26.2, 26.3-т заасан мэдээллийг 7 хоногийн дотор татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд өөрөө бүртгүүлэх, эсхүл татварын албанаас мэдэгдсэнээр мөн хугацаанд баталгаажуулах үүргийг хүлээж, татвар төлөгчийн гэрчилгээнд тэмдэглүүлнэ”, 26.6-д “Энэ хуулийн 26.3, 26.4-т заасан мэдээллийг татварын алба бусад хөндлөнгийн мэдээлэлд үндэслэн өөрчлөх шаардлагатай гэж үзвэл татвар төлөгчид мэдэгдэх бөгөөд татвар төлөгч энэ хуулийн 26.4-т заасан хугацаанд баталгаажуулна. Татвар төлөгч баталгаажуулаагүй тохиолдолд эрсдэлтэй гэж үзэн хувийн хэрэгт бүртгэх бөгөөд хяналт шалгалт хийх үндэслэл болно” гэж тус тус заасан нийтлэг журам хуульчлагдсан байна.
Мөн Татварын ерөнхий газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нарын хамтарсан тушаалаар батлагдсан 2019 оны журам байна. Уг журмын 3 дугаар зүйлд татвар төлөгчийн бүртгэлийн мэдээлэл дараахь төрлөөр өөрчлөлт оруулна гээд татвар төлөгчийн хүсэлтээр, хөндлөнгийн мэдээлэлд үндэслэн гэх доошоо 5 жагсаалт бүхий үндэслэлийг тусгасан. Татварын ерөнхий хуулийн 26 дугаар зүйл болон уг журамд зааснаар юуг хэлэх гэсэн бэ гэхээр нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч татварын байгууллагад удаа дараа тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй холбоотойгоор гомдол, хүсэлтийг гаргаж байсан. Хариуцагчаас эдгээр гомдол, хүсэлтийг хүлээн авдаг болов ч ямарваа нэгэн байдлаар засах, залруулах үүргээ биелүүлээгүй.
Алдаатай, буруу мэдээлэл дамжуулсан систем ашиглаж байгаа үүрэг хариуцлага, үүнээс гарсан хор уршгийг систем ашиглаж байгаа татварын байгууллага хүлээх ёстой. Захиргааны байгууллагын нэвтрүүлээд ашиглаж буй системийн доголдлын асуудал, мэдээлэл солилцооны бүрэн бус байдлын асуудал нь татварын хууль тогтоомжоор хүлээсэн татвар төлөгчийг зөвөөр тодорхойлох, татвар ногдуулах үйл ажиллагаагаа хуульд нийцүүлэх, мэдээллийн эх сурвалжийн үнэн зөв байдлыг шалгах, зөрүүтэй байх юм бол засаж залруулах үүргээ системийн алдаа гэдэг зүйлээр зөвтгөх боломжгүй.
Дээр дурдсан үндэслэл, тайлбаруудаас үзвэл Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга болон татварын улсын байцаагч нарын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 25/02-******* тоот нэхэмжлэхээр Э******* ХХК-д холбогдуулан авто тээврийн хэрэгслийн албан татварыг ногдуулсан шийдвэр, захиргааны үйл ажиллагаа хууль бус болох нь тогтоогдож байна.
Иймд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга болон татварын улсын байцаагч нарын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 25/02-******* тоот нэхэмжлэхээр Э******* ХХК-д холбогдуулан авто тээврийн хэрэгслийн албан татварыг ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, Нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-д бүртгэлтэй байгаа тээврийн хэрэгслийн жинхэнэ эзэмшигчийн мэдээллийн дагуу автомашины жинхэнэ эзэмшигчдэд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, агаарын бохирдлын татварын төлбөрийг ногдуулахыг даалгаж өгнө үү” гэв.
3.4. Хариуцагч нараас шүүхэд гаргасан бичгийн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч хуучнаар Ж******* ХХК-д тус хэлтсийн татварын удирдлагын нэгдсэн системд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийн төрлөөр анх 69,876,181 төгрөгийн татварын өр үүссэн.
Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд "Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна", 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт "Улсын бүртгэлд байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулна" гэж тус тус заасан.
Татварын ерөнхий хуулийн 32 дугаар зүйл, 34 дүгээр зүйлийн 34.17 дах хэсэг, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйл, "Автотээврийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2009 оны 251 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор нэг талаас Зам тээврийн хөгжлийн яам нөгөө талаас Татварын ерөнхий газар хооронд "Мэдээлэл харилцан солилцох тухай гэрээ" хийгдсэн бөгөөд тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар Зам тээврийн хөгжлийн яамны харьяа байгууллага /Автотээврийн үндэсний төв ТӨҮГ/-аас ирүүлсэн автотээврийн хэрэгсэл эзэмшигчийн бүртгэлийн мэдээллийг мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар Татварын ерөнхий газар мэдээллийн санд бүртгэн албан татвар, төлбөр ногдуулдаг.
Танай байгууллага нь эд хөрөнгийг /авто машиныг/ өөрийн өмчлөлд шилжүүлж автотээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр эзэмшигчээр бүртгүүлсэн тул Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйл албан татвар төлөгч 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт "Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна" гэж заасны дагуу автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлөгч болж байна.
Татварын алба Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.1.1, 55.2, 55.2.1, 55.2.2 дах заалтыг тус тус үндэслэн хуулийн хугацаанд төлөөгүй авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөрийг хураах буюу 55.2.1 дэх заалт "нэхэмжлэх хүргүүлэх;", 55.2.2 дах заалт "татварын өрийг үл маргах журмаар гаргуулах, ажиллагааг хэрэгжүүлсэн. Татварын өрийг үл маргаах журмаар гаргуулах ажиллагаа нь: Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт "Үл маргах журмаар татвар төлөгчийн банкан дахь дансыг битүүмжлэх, татварын өрийг гаргуулахад дараах журмыг баримтална:", 63.1.1 дэх заалтад "татварын улсын байцаагч татварын өрийг өртэй татвар төлөгчийн банкан дахь мөнгөн хөрөнгөөс хураах тухай битүүмжлэх мэдэгдэх хуудсыг татварын албаны даргаар батлуулан харилцагч банканд хүргүүлэх;", 63.1.3 дах заалтад “битүүмжлэх мэдэгдэх хуудас хүлээн авсан даруйд банк битүүмжлэх мэдэгдэх хуудсанд заасан дансанд өртэй татвар төлөгчийн нэг буюу түүнээс дээш дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс татварын өрийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн шилжүүлэх;", 63.1.4 дэх заалтад "банкан дахь мөнгөн хөрөнгө нь татварын өрийг төлөхөд хүрэлцэхээргүй бол уг данснаас төлөгдөх шүүхийн шийдвэрээр төлөх үүрэг бүхий авлагыг хамруулсан бусад зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоож, тухайн данснаас татварын өрийг битүүмжлэх мэдэгдэх хуудсанд заасан дансанд шилжүүлэх." гэж заасныг үндэслэн хэрэгждэг болно.
Нэхэмжлэлд авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөрийн өрийн мэдээллийн талаар 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 25/02-******* тоот нэхэмжлэх хүлээн авсан болохоо илэрхийлсэн байдаг. Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд "Монгол Улсын нутаг дэвсгэрт авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна", Татварын ерөнхий хуулийн 6дугаар зүйлийн 6.1.20 дахь заалтад "татвар төлөгч" гэж татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөх үүрэг бүхий этгээд, эсхүл суутган төлөгчийг," ойлгохоор зохицуулсан.
Нэхэмжлэлд дурдсан тээврийн хэрэгслийн эзэмшигч хуучнаар Ж******* ХХК нь Татварын албаны татварын удирдлагын нэгдсэн системд бүртгэлтэй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг зөрчсөн илт хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэхээргүй, Татварын улсын байцаагчийн татварын өрийг үл маргах журмаар гаргуулахаар банканд хүргүүлсэн үйлдэх баримт бичгийг хүчингүй болгох үндэслэлгүй юм.
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд "Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна", 6 дугаар зүйлийн 1-д "Улсын бүртгэлд байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулна" гэж, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1- д "Дор дурдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага агаарын бохирдлын төлбөр төлөгч байна.", 4.1.4. "автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч" гэж тус тус заасан.
Дээрх хуульд татвар төлөгчийг "автотээврийн хэрэгслийн өмчлөгч" гээгүй харин "эзэмшиж буй этгээд" буюу "эзэмшигч" гэж заасан ба эзэмшигч гэдгийг "тухайн автотээврийн хэрэгслийг эзэмших эрхтэйгээр бүртгүүлсэн этгээд" гэж ойлгохоор байна. Энэ нь татварын хууль тогтоомжид татвар төлөгчийг шууд буюу хоёрдмол утгагүйгээр тодорхой заасныг илэрхийлж байна.
Татварын ерөнхий хуулийн 32 дугаар зүйл, 34 дүгээр зүйлийн 34.17 дах хэсэг, Зам тээврийн хөгжлийн яам нөгөө талаас Татварын ерөнхий газар хооронд "Мэдээлэл харилцан солилцох тухай гэрээ" хийгдсэн бөгөөд тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар Зам тээврийн хөгжлийн яамны харьяа байгууллага /Автотээврийн үндэсний төв ТӨҮГ/-аас ирүүлсэн автотээврийн хэрэгсэл эзэмшигчийн бүртгэлийн мэдээллийг мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар Татварын ерөнхий газар мэдээллийн санд бүртгэн албан татвар, төлбөр ногдуулдаг.
Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 196 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам"-аар зохицуулагдсан төрийн байгууллага хооронд мэдээлэл солилцох үндсэн систем болох "ХУР" систем юм.
Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.17 дахь хэсэгт "Авто тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Монгол Улсын автотээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч, түүний өөрчлөлтийн талаарх мэдээллийг гаргаж, татварын албанд хүргүүлнэ." гэж хуульчилсан нь дээрх системээр хэрэгжиж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Татварын ерөнхий хуульд татвар ногдуулах, татвар төлөгчөөр бүртгэх харилцааг тухайн татварын нарийвчилсан хуулиар зохицуулахаар заасан. Энэ маргаан бол авто тээврийн хэрэгслийн татварын маргаан. Монгол улсын нутаг дэвсгэрт авто тээврийн хэрэгсэл болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж буй хувь, аж ахуйн нэгж албан татвар төлөгч байна гэж холбогдох хуульд заасан. Уг хуулийн зохицуулалтын дагуу албан татварыг ногдуулаад явж байна. Татварын ерөнхий хуулийн 32 дугаар зүйл, 34 дүгээр зүйлийн 34.17 дахь заалтад заасны дагуу нэг талаас Зам, тээврийн яам нөгөө талаас Татварын ерөнхий газрын хооронд байгуулагдсан мэдээлэл солилцох гэрээ байдаг. Энэ гэрээний 3.1.1, 6.4-т заасны дагуу мэдээллийг төрийн мэдээллийн ХУР системээр солилцож Татварын ерөнхий газар мэдээллийн санд бүртгэж албан татварыг ногдуулдаг. Татварын алба нь ноогдсон албан татварыг Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйл, 63 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэх хүргүүлж, үл маргах журмаар дансыг битүүмжлэх зэргээр татварын өрийг барагдуулдаг.
Зам, тээврийн яам болон Татварын ерөнхий газрын хооронд төрийн мэдээллийн ХУР системийг л ашигладаг. Тухайн ХУР системд эзэмшигчээр хэн ирж байна гэдгийг шүүхээс үзлэг хийж хэргийн материалд нотлох баримтаар хавсаргасан. Энэ маргаантай адил төрлийн маргаан 2020 онд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан 3 банк бус санхүүгийн байгууллагаас нэхэмжлэл гаргаж үүсгэсэн маргаан бөгөөд Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд заасан буюу эзэмшигч татвар төлөхөөр байна гэж шийдвэрлэсэн байдаг.
Шүүхээс хийсэн үзлэгээр Автотээврийн үндэсний төв болон татварын алба хоёрын хоорондын ХУР системээр эзэмшигчээр Э******* ХХК татагдаж байгааг харж болно. Түүнээс Бат, Дулмаа, Болд гэсэн мэдээлэл ирдэггүй. Уг мэдээллийг үндэслэн Татварын ерөнхий газраас ноогдол орж, уг ноогдлын дагуу төлбөрийн асуудал үүсээд явж байгаа. Ямар нэгэн байдлаар татварын албанд Автотээврийн үндэсний төвд хүсэлт хүргүүлдгийн адил мэдээлэл ирдэггүй. ХУР системээс ашигласан мэдээллийн хүрээнд эзэмшигчээр банк бус санхүүгийн байгууллага байгаа учраас татвар ноогдуулдаг.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд нэхэмжлэгч Э******* ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын цахим системд бүртгэлтэй байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл /цаашид автотээврийн хэрэгсэл гэх/-ийн эзэмшигчийн бүртгэлийн дагуу татварын удирдлагын нэгдсэн системд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөр /цаашид автотээврийн хэрэгслийн албан татвар гэх/ төлөгчөөр автотээврийн хэрэгслийн эзэмшигчийг бүртгэхгүй байгаа Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, автотээврийн хэрэгслийн албан татвар төлөгчөөр автотээврийн хэрэгслийн эзэмшигчийг зөвтгөн бүртгэж автотээврийн хэрэгслийн албан татвар ногдуулахыг хариуцагчид даалгаж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга, улсын байцаагчийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 25/20-******* тоот нэхэмжлэхээр Ж******* ХХК-д 45 автотээврийн хэрэгсэлд 13,552,257 төгрөгийн татварын ногдол үүсгэснийг татварын ногдлыг дахин тодорхойлох хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-т 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дээрх 45 автотээврийн хэрэгслийн эзэмшигчээр бүртгэлтэй байсан этгээдэд татварын ногдлыг дахин үүсгэх үүргийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасагт хүлээлгэж шийдвэрлэлээ.
1. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга, улсын байцаагчийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 25/20-******* тоот нэхэмжлэх нь нэхэмжлэгч Э******* ХХК-д албан татварын өр үүсгэж, тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх эрх зүйн үр дагавар үүсгэсэн захиргааны акт гэж үзлээ.
2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэнээр нэхэмжлэгч Э******* ХХК-ийн үйл ажиллагааны чиглэл нь зээлийн үйл ажиллагаа бөгөөд 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Ж*******” оноосон нэртэй ХХК байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр оноосон нэр өөрчилсөн бүртгэл хийгдсэн.
Нэхэмжлэгч Э******* ХХК зээлийн үйл ажиллагааны хүрээнд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний дагуу автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлдэг, зээлдэгчийг эзэмшигчээр бүртгүүлдэг, энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан.
3. Энэ маргаан дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах фидуцийн гэрээний дагуу өмчлөлд нь бүртгэлтэй автотээврийн хэрэгслийн эзэмшигч хэмээн татвар төлөгчөөр бүртгэж албан татварын ногдлыг үүсгэснээс үүдэж, татварын удирдлагын нэгдсэн системд татвар төлөгч эзэмшигчийг зөвтгөн бүртгэж, албан татварын ногдлыг зөвтгүүлэхээр шаардсанаар үүссэн, хариуцагч татварын алба “татварын удирдлагын нэгдсэн системд автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн байгууллагаас ХУР системд нийлүүлсэн мэдээлэлд суурилж автотээврийн хэрэгслийн эзэмшигчид татварыг ногдуулсан” хэмээн тайлбарладаг.
Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга, улсын байцаагч нарын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 25/20-******* тоот нэхэмжлэхээр Ж******* ХХК-д авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварт 39,266,674 төгрөгийн, авто зам ашигласны төлбөрт 29,573,907 төгрөгийн, агаарын бохирдлын төлбөрт 1,035,600 төгрөгийн нийт 69,876,181 төгрөгийн албан татварын ногдол үүссэнийг, татварын өрийг хуулиар тогтоосон хугацаанд төлөхийг, төлөөгүй тохиолдолд алданги, торгуулийн хариуцлага хүлээлгэхийг мэдэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус банк бус санхүүгийн байгууллага зээлдэгч буюу тээврийн хэрэгсэл эзэмшигч тус бүрээр татварын өрийг төлүүлснээр 45 тээврийн хэрэгсэлд холбогдох 13,552,257 төгрөгийн татварын өр үлдсэн, нэхэмжлэгч “татварын нэхэмжлэхийг хүчингүй болгуулах” шаардлагаа үлдсэн дүнгээр болгон тодорхойлжээ.
4. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.33-т тодорхойлсноор "татварын суурь" гэж тодорхой дүн, эсхүл хувиар татварын ногдлыг тодорхойлох орлого, хөрөнгө, бараа, ажил үйлчилгээ, тодорхой эрх, газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц, агаарын, хөрсний, усны бохирдлыг мөнгөөр илэрхийлсэн дүн, эсхүл биет нэгжийг, 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар “татвар ногдох зүйл”-д орлого, хөрөнгө, бараа, ажил үйлчилгээ, тодорхой эрх, газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц, агаарын, хөрсний, усны бохирдол зэрэг зүйл хамаарах бөгөөд 6.1.20-д "татвар төлөгч" гэж татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөх үүрэг бүхий этгээд, эсхүл суутган төлөгчийг ойлгохоор, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна”, 6 дугаар зүйлийн 1-д “улсын бүртгэлд байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулна.”, 2-т “албан татвар төлөгч автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн тохиолдолд түүний албан татвар төлөх үүрэг дараа улирлаас эхлэн дуусгавар болно.”, Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.17-д “Авто тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Монгол Улсын автотээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч, түүний өөрчлөлтийн талаарх мэдээллийг гаргаж, татварын албанд хүргүүлнэ” хэмээн хуульчилснаар мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.16-д заасан “автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар”, Автозамын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан “авто зам ашигласны төлбөр”, Агаарын бохирдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3, Агаарын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-т заасан “агаарын бохирдлын төлбөр”-ийг автотээврийн хэрэгслийн эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэлтэй этгээд төлөх үүрэгтэй байна.
Мөн Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-д “Татвар төлөгч татвар ногдох эд хөрөнгө, эрхийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн болон шилжүүлж авсан тухай баримтыг шилжүүлсэн тухай бүрд татварын албанд гаргаж өгөх үүрэгтэй” ба 34 дүгээр зүйлийн 34.1-д “Татварын алба татвар төлөгчийн талаар хөндлөнгийн мэдээлэл цуглуулж, хөндлөнгийн мэдээллийн санг бүрдүүлж, мэдээллийг татварын хяналт шалгалт, татвар ногдуулалт, хураалт болон татвар төлөгчийн эрсдэл, бүртгэлийн үйл ажиллагаанд ашиглах бөгөөд энэ хуулийн ... 34.17, ... -д заасан байгууллага, албан тушаалтан татварын албанд шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх, татварын зорилгоор хамтран ажиллах үүрэг хүлээнэ”, 34.17-д “Авто тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Монгол Улсын автотээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч, түүний өөрчлөлтийн талаарх мэдээллийг гаргаж, татварын албанд хүргүүлнэ” гэж зааснаар автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийг эрхэлж буй Автотээврийн үндэсний төв УТҮГ, Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын төв ОНӨҮГ-ын бүртгэлд үндэслэж татвар төлөгчийг тодорхойлно.
Тодруулбал хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага тухайн төрлийн албан татвар төлөгч байх бөгөөд автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийг улсын хэмжээнд Автотээврийн бүртгэл хяналтын төв УТҮГ, орон нутгийн хэмжээнд Нийслэлийн тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын төв ОНӨҮГ эрхэлж, автотээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч, түүний өөрчлөлтийн талаарх мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны ХУР системд нийлүүлдэг, татварын алба энэ мэдээлэлд үндэслэж автотээврийн хэрэгслийн эзэмшигчийг албан татвар төлөгчөөр тодорхойлж татварын удирдлагын нэгдсэн системд бүртгэж, автотээврийн хэрэгслийн албан татварын ногдлыг системд шууд үүсгэж, татварын өрийн нэхэмжлэхийг татвар төлөгчид илгээж, албан татварыг үл маргах журмаар төлөх үүрэг татвар төлөгчид үүсдэг байна.
5. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Э******* ХХК /хуучин нэрээр “Ж*******” ХХК/ 2021 оноос хойш зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан автотээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлдөө улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандахдаа[1] эзэмшигчээр зээлдэгч иргэн, хуулийн этгээдийг бүртгүүлж байсан, автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийг эрхэлж буй Автотээврийн үндэсний төв УТҮГ, Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨҮГ автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг, Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэл хөтлөх журмаар өмчлөгч, эзэмшигчийг тусад нь бүртгэдэг[2], татварын алба татварын удирдлагын нэгдсэн системд автотээврийн хэрэгслийн албан татварын ногдлыг үүсгэхдээ автотээврийн хэрэгслийн арлын дугаараар автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн байгууллагаас төрийн мэдээлэл солилцооны ХУР системд нийлүүлсэн эзэмшигчийн мэдээллийг татаж, татвар төлөгчийг тодорхойлдог[3] болох нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.
Харин Автотээврийн үндэсний төв УТҮГ, Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨҮГ улсын бүртгэлд автотээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийг тусад бүртгэсэн нь төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс татварын албаны татварын удирдлагын нэгдсэн системд татагдахдаа автотээврийн хэрэгслийн эзэмшигчээр банк бус санхүүгийн байгууллагын мэдээлэл татагддаг болох нь шүүхийн үзлэгээр[4] тогтоогдсон.
Татварын ерөнхий газар, Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газартай байгуулсан гэрээгээр татварын алба нь төрийн мэдээлэл солилцооны ХУР системээр төрийн бусад байгууллагатай мэдээлэл солилцдог, И-Монгол академи УТҮГ, Үндэсний дата төв УТҮГ төрийн мэдээлэл солилцооны системийн үндсэн хөгжүүлэлт, системийн холболт хийх, ашиглах нөхцөлийг бүрдүүлэх чиг үүрэгтэй, системийн хэрэглэгч улсын бүртгэлийн байгууллага, татварын алба хуульд заасан үндэслэл журмаар ХУР системд мэдээлэл нийлүүлж, мэдээлэл татаж, ашигладаг.
6. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 03/540 тоот албан бичгээр[5] нэхэмжлэгч татвар төлөгчид автотээврийн хэрэгслийн албан татварын ногдлын урьд онуудад үүссэн өр, 2025 онд үүссэн ногдлыг, төлж барагдуулах хугацааг мэдэгдэж,
Тус компани 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 25/613 тоот албан бичгээр[6] компанийн өөрийн өмчлөлийн 2 тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслүүдийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор гэрээний үндсэн дээр өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгддэг болохыг, татварын удирдлагын нэгдсэн систем etax.mta.mn-д үүссэн татварын нэхэмжлэхээс тус хуулийн этгээдэд хамааралгүй буюу зээлийн харилцаа үүсээгүй 25 тээврийн хэрэгсэлд 4,265,442 төгрөгийн албан татварын ногдол үүссэн байгааг, мөн зээлийн гэрээний харилцаа дуусгавар 158 тээврийн хэрэгслийн албан татварын ногдол үүссэн байгааг, 639 тээврийн хэрэгслийн хувьд өмчлөгчөөр бүртгэлтэй, зээлдэгч буюу автотээврийн хэрэгслийн эзэмшигч, татвар төлөгчийн мэдээллийг хүргүүлсэн.
Түүнчлэн маргаан бүхий татварын нэхэмжлэхийг 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр үүсгэснээр нэхэмжлэгч компани 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 25/1629 тоот албан бичгээр[7] татварын нэхэмжлэхээс тус хуулийн этгээдэд хамааралгүй буюу зээлийн харилцаа үүсээгүй 13, улсын дугаар тодорхойгүй 1, 14 тээврийн хэрэгсэлд 3,141,600 төгрөгийн албан татварын ногдол үүссэн байгааг хасуулахаар, зээлийн гэрээний харилцаа дуусгавар 62 тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаар хандсан байгааг, 152 тээврийн хэрэгслийн хувьд өмчлөгчөөр бүртгэлтэй, зээлдэгч буюу автотээврийн хэрэгслийн эзэмшигч, татвар төлөгчийн мэдээллийг хүргүүлсэн.
7. Татварын алба татвар төлөгчийн хүсэлтээр татварын ногдолд зарим өөрчлөлт оруулж, зөвтгөсөн гэх атлаа “автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлд өмчлөгчөөр нь бүртгэгдсэн нэхэмжлэгч банк бус санхүүгийн байгууллагыг эзэмшигчээр буюу татвар төлөгчөөр тодорхойлж татварын ногдол үүсгэсэн” гэх хүсэлтийг шийдвэрлээгүй орхисон үйл баримт тогтоогдож байх тул шүүх үүнд дүгнэлт өгөх замаар хэргийг шийдвэрлэлээ.
7.1. Татварын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 25.1-д заасан татвар төлөх үүрэг бүхий этгээдийг татварын алба татвар төлөгчөөр татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ”, 26.3-т “Татвар ногдох зүйлийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эсхүл татвар ногдох зүйл бүхий этгээд, татвар төлөгчид олгосон болон өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн зөвшөөрлийн мэдээллийг бүртгэх эрх бүхий байгууллагын мэдээлэл, эсхүл татвар төлөгчийн хүсэлтийг үндэслэн татварын алба тухай бүр татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ”, 26.4-т “Татвар төлөгч нь татвар төлөгчийн бүртгэлийн мэдээлэл, түүний өөрчлөлт, энэ хуулийн 26.2, 26.3-т заасан мэдээллийг 7 хоногийн дотор татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд өөрөө бүртгүүлэх, эсхүл татварын албанаас мэдэгдсэнээр мөн хугацаанд баталгаажуулах үүргийг хүлээж, татвар төлөгчийн гэрчилгээнд тэмдэглүүлнэ”, 26.6-д “Энэ хуулийн 26.3, 26.4-т заасан мэдээллийг татварын алба бусад хөндлөнгийн мэдээлэлд үндэслэн өөрчлөх шаардлагатай гэж үзвэл татвар төлөгчид мэдэгдэх бөгөөд татвар төлөгч энэ хуулийн 26.4-т заасан хугацаанд баталгаажуулна. Татвар төлөгч баталгаажуулаагүй тохиолдолд эрсдэлтэй гэж үзэн хувийн хэрэгт бүртгэх бөгөөд хяналт шалгалт хийх үндэслэл болно”, 26.7-д “Татвар төлөгчийн бүртгэлийн журмыг татварын болон улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга хамтран батална” гэж зааснаар татварын алба улсын бүртгэлийн мэдээллийг татварын зорилгоор зөв ашиглах, татвар төлөгчийг зөв тодорхойлох үүрэгтэй.
Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан татварын албаны татварын удирдлагын нэгдсэн систем нь 32.2.1 “татвар төлөгч болон татварын тайлан, ногдуулалт, төлөлт, татварын өрийг бүртгэх, хяналт тавих” зориулалттай бөгөөд 32.3-т “Татварын алба холбогдох хууль тогтоомжийн хүрээнд төрийн бусад байгууллагын болон гадаад, дотоод мэдээллийн эх үүсвэрийг ашиглаж болно”, 32.4-т “татварын алба татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг бүртгэх, баяжуулах, мэдээлэл ашиглалтад хяналт тавьж ажиллана”, 33.2-т “Татварын алба нь энэ хуулийн 33.1.2-т заасан татвар төлөгчийн бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн хөтлөх бөгөөд татвар төлөгч бүрийн төлбөл зохих татварын ногдол, хөнгөлөлт, чөлөөлөлт, алданги, торгууль, тэдгээрийн төлөлт, өрийг анхан шатны баримтад үндэслэн татварын бүртгэлд бүрэн тусгана” гэж татварын удирдлагын нэгдсэн системд татвар төлөгчийг бүртгэх, татвар төлөгчийн хүсэлтээр мэдээлэлд өөрчлөлт оруулах, зөвтгөх ажиллагааг хийх үүрэгтэй, татвар төлөгчийн “автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлд өмчлөгчөөр нь бүртгэгдсэн нэхэмжлэгч банк бус санхүүгийн байгууллагыг эзэмшигчээр буюу татвар төлөгчөөр тодорхойлж татварын ногдол үүсгэснийг залруулах, татварын ногдлыг эзэмшигчид үүсгэх” хүсэлтийг шийдвэрлээгүй, татварын ногдуулалтад татвар төлөгчийг буруу тодорхойлсон алдаа үүсжээ.
Өөрөөр хэлбэл улсын бүртгэлийн байгууллагаас тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчийг ялгаж бүртгэдэг, нэхэмжлэгч хуулийн этгээд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор автотээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэгдсэн, эзэмшигчээр өөр этгээд бүртгэгдсэн лавлагаа бүхий хүсэлт гаргасаар байхад хариуцагчаас татвар төлөгчийн мэдээллийг татварын удирдлагын нэгдсэн системд зөвтгөөгүйгээс автотээврийн хэрэгслийн албан татварыг өмчлөгчид ногдуулсан нь үндэслэлгүй байна.
7.2. Татварын алба Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан татвар төлөгчийн талаар хөндлөнгийн мэдээлэл цуглуулж, хөндлөнгийн мэдээллийн санг бүрдүүлж, мэдээллийг татварын хяналт шалгалт, татвар ногдуулалт, хураалт болон татвар төлөгчийн эрсдэл, бүртгэлийн үйл ажиллагаанд ашиглах үүргээ хэрэгжүүлэхдээ 34.17-д зааснаар авто тээврийн улсын бүртгэлийн байгууллагаас төрийн мэдээлэл солилцооны ХУР системд нийлүүлсэн мэдээлэл татварын удирдлагын нэгдсэн системд татагдах процесст алдаа үүсэж байгааг нягтлаагүй, үл хэрэглэснээс татвар төлөгчийг буруу тодорхойлж, автотээврийн хэрэгслийн албан татварыг өмчлөгчөөр бүртгэлтэй этгээдэд ногдуулсан нь Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна” гэж заасныг зөрчсөн, татварын байгууллага татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 “зайлшгүй байх”, 5.1.2 “тодорхой байх”, 5.1.3 “шударга байх”, 5.1.4 “үр ашигтай байх” зарчимд нийцээгүй алдаатай үйл ажиллагаа болжээ.
8. Татварын алба татварын удирдлагын нэгдсэн санд татвар төлөгчийг алдаатай тодорхойлсныг, бүртгэлийг зөвтгүүлэх татвар төлөгчийн хүсэлтийг үл хэрэгссэн эс үйлдэхүй нь төрийн мэдээлэл солилцооны ХУР системийн дамжуулалтын үйлдэл алдаатай эсэхээр зөвтгөгдөх боломжгүй.
9. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга, улсын байцаагч нарын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 25/20-******* тоот нэхэмжлэхээр Ж******* ХХК-д авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварт 39,266,674 төгрөгийн, авто зам ашигласны төлбөрт 29,573,907 төгрөгийн, агаарын бохирдлын төлбөрт 1,035,600 төгрөгийн нийт 69,876,181 төгрөгийн албан татварын ногдол үүсгэсэн, тус банк бус санхүүгийн байгууллагын зээлдэгч буюу тээврийн хэрэгсэл эзэмшигчээр татварын өрийг төлүүлснээр 45 тээврийн хэрэгсэлд холбогдох 13,552,257 төгрөгийн татварын өр үлдсэн гэх авч тэдгээр автотээврийн хэрэгслийн эзэмшигчээр 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар улсын бүртгэлд бүртгэлтэй, автотээврийн хэрэгслийн албан татвар төлөгч этгээдүүдийг тодорхойлж татварын ногдлыг тооцоолох нь захиргааны хэргийн шүүхийн шинжлэн судлах хэрээс хэтэрсэн, татварын албаны чиг үүрэгт хамаарна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” зохицуулалт нь цаашид зайлшгүй тодруулах шаардлагатай нөхцөл байдал нь маргааны үр дагаварт голлох ач холбогдолтой байхын зэрэгцээ, шүүх нотлох зарчмыг бүрэн хэрэгжүүлсэн боловч тэрхүү тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх урьдчилсан нөхцөлийг шаардана. Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдох хэдий ч хэргийн бодит нөхцөл байдалтай холбоотой өөр бусад үндэслэлээр захиргааны актыг хууль ёсны болгож болохуйц, хуульд нийцүүлж болохуйц нөхцөл байдлыг тодруулах үүргийг захиргааны байгууллагад шилжүүлэх агуулгатай зохицуулалт.
10. Шүүхийн шаардсанаар Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын төв ОНӨҮГ-аас 2026 оны 2 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийн гэх лавлагааг[8] алдаатай болохыг тус байгууллага тодорхойлсон[9] тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын цахим системд бүртгэлтэй байгаа автотээврийн хэрэгслийн эзэмшигчийн бүртгэлийн дагуу татварын удирдлагын нэгдсэн системд автотээврийн хэрэгслийн албан татвар төлөгчөөр автотээврийн хэрэгслийн эзэмшигчийг бүртгэхгүй байгаа Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, автотээврийн хэрэгслийн албан татвар төлөгчөөр автотээврийн хэрэгслийн эзэмшигчийг зөвтгөн бүртгэж автотээврийн хэрэгслийн албан татвар ногдуулахыг хариуцагчид даалгаж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга, улсын байцаагчийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 25/20-******* тоот нэхэмжлэхээр Ж******* ХХК-д 45 автотээврийн хэрэгсэлд 13,552,257 төгрөгийн татварын ногдол үүсгэснийг татварын ногдлыг дахин тодорхойлох хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-т 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дээрх 45 автотээврийн хэрэгслийн эзэмшигчээр бүртгэлтэй байсан этгээдэд татварын ногдлыг дахин үүсгэх үүргийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасагт хүлээлгэж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.11, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.1.3, 5.1.4, 6 дугаар зүйлийн 6.1.20, 6.1.33, 7 дугаар зүйлийн 7.2.16, 9 дүгээр зүйлийн 9.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 26.4, 26.6, 26.7, 28 дугаар зүйлийн 28.4, 32 дугаар зүйлийн 32.2.1, 32.3, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.17, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Э******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын цахим системд бүртгэлтэй байгаа автотээврийн хэрэгслийн эзэмшигчийн бүртгэлийн дагуу татварын удирдлагын нэгдсэн системд автотээврийн хэрэгслийн албан татвар төлөгчөөр автотээврийн хэрэгслийн эзэмшигчийг бүртгэхгүй байгаа Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, автотээврийн хэрэгслийн албан татвар төлөгчөөр автотээврийн хэрэгслийн эзэмшигчийг зөвтгөн бүртгэж автотээврийн хэрэгслийн албан татвар ногдуулахыг хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст даалгаж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга, улсын байцаагчийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 25/20-******* тоот нэхэмжлэхээр Э******* ХХК /хуучин нэрээр Ж******* ХХК/-д 45 автотээврийн хэрэгсэлд 13,552,257 төгрөгийн автотээврийн хэрэгслийн албан татварын ногдол үүсгэснийг татвар төлөгчийг зөвтгөн татварын ногдлыг дахин тодорхойлох хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасны дагуу Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-т 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дээрх 45 автотээврийн хэрэгслийн эзэмшигчээр бүртгэлтэй байсан этгээдэд татварын ногдлыг дахин үүсгэх үүргийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасагт хүлээлгэсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд татварын ногдлыг дахин тодорхойлоогүй тохиолдолд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга, улсын байцаагчийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 25/20-******* тоот нэхэмжлэх хүчингүй, эрх зүйн үйлчлэлгүй болохыг тайлбарласугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э******* ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА
[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 16-27, 44-45, 2 дугаар хавтсын 16-34, 197-250, 3 дугаар хавтсын 1-250, 4 дүгээр хавтсын 1-250 дугаар хуудас
[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 28-43, 5 дугаар хавтсын 57, 58-74 дүгээр хуудас
[3] Хэргийн 1 дүгээр хавтсын 88-89, 5 дугаар хавтсын 89-100 дугаар хуудас
[4] Хэргийн 5 дугаар хавтсын 89-100 дугаар хуудас
[5] Хэргийн 1 дүгээр хавтсын 51 дүгээр хуудас
[6] Хэргийн 1 дүгээр хавтсын 47-50, 52-60, 5 дугаар хавтсын 6-18 дугаар хуудас
[7] Хэргийн 1 дүгээр хавтсын 61-66 дугаар хуудас
[8] Хэргийн 1 дүгээр хавтсын 128-250, 2 дугаар хавтсын 1-14, 62-179 дүгээр хуудас
[9] Хэргийн 5 дугаар хавтсын 24-36 дугаар хуудас