Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 210/ма2022/00833

 

“Х” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2022/00439 дугаар шийдвэртэй, “Х” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Ц.О-д холбогдох гэм хорын хохиролд 32,944,376 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Ц.О- нь “Х” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа холбооны мөнгө болон сууц өмчлөгчдөөс холбоонд төлсөн мөнгийг хувьдаа завшиж, нийт 27,667,476 төгрөгийн гэм хорын хохирол учруулсан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах нийт 5 байрны 360 айлын оршин суугчдаас сонгогдон холбооны гүйцэтгэх захирлаар 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2015-ны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ажиллахдаа нэг ч удаа санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт гаргуулж байгаагүй, санхүүгийн баримтгүй мөнгийг бэлнээр эсхүл өөрийн дансаар авч дур мэдэн зарцуулсан. Бид аудитын компаниар санхүүгийн тайлан болон баримт материалууд дээр дүгнэлт гаргуулсан. Энэ дүгнэлтээр нийт 253,950,976 төгрөгийн хохирол гарсан байдаг. Үүнд үндэслэн үүссэн Ц.О-д холбогдох эрүүгийн хэрэг Хан-Уул дүүргийн прокурорт шилжсэн боловч 2015 онд Өршөөлийн хууль гарч Ц.О- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр сэжигтний мэдүүлэг өгсөн байдаг. Энэ мэдүүлгийн дагуу прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өршөөлийн тухай хуулийн 7.1, 8 1. 4.1, 4.2-т зааснаар энэ хуульд хамрагдсан нь учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэсэн байдаг. Иймд Өршөөлийн тухай хуулийн 8.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргахдаа “К” ХХК-ийн дүгнэлтийг баримталсан бөгөөд аудитын төлбөр 1,000,000 төгрөг, шинжээчийн зардал 280,000 төгрөг багтсан. Харин нэмэгдүүлсэн 4,200,900 төгрөгийн шаардлага бол айлуудаас авсан цахилгааны төлбөр байгаа. Хариуцагч хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн эсэхийг эрх бүхий байгууллага шалгасан, хэрэг бүртгэлтийн хэргийг прокуророос хаасан гэж маргаж байгаа ч хөөн хэлэлцэх хугацаагаар хаасан байдаг. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Ц.О- нь “Х” СӨХ-ны захирлаар ажиллахдаа холбогдох хууль тогтоомжийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан. Энэ хугацаанд оршин суугчид, СӨХ-ны удирдах зөвлөлөөс ажлаа зүй бусаар хийсэн гэсэн шаардлага хүргүүлж байгаагүй. 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр удирдах зөвлөлийн дарга Г.А тэргүүтэй хүмүүс өрөөнд нь дайран орж холбогдох баримт бичгийг хураан авч, өрөөнөөс нь хөөж гаргасан. “Х” СӨХ нь хэдэн оршин суугчтай, нэг хүнээс хэдэн төгрөгийн төлбөр авдаг зэрэг нотлох баримт хангалтгүй байдаг. Аудитын шалгалтыг хэний зөвшөөрлөөр хийсэн, үнэн зөв гарсан эсэх, юун дээр үндэслэсэн зэрэг нь эргэлзээтэй. Хариуцагч Ц.О- нь хохирол гарч ирвэл би тооцоо нийлж байгаад төлье гэсэн болохоос хохирол учруулсан гэж нэг ч удаа яриагүй. Холбооны захирлыг томилох, чөлөөлөх эрх нь холбооны удирдах зөвлөлд байдаг. Гүйцэтгэх захирал эрхээ хэтрүүлэн хэрэглэвэл өөрийн хувийн өмчөөс гаргуулан төлнө. Харин Ц.О-ыг ажиллуулж байхдаа ямар эрх хэмжээг олгосон талаар нотлох баримт байхгүй. Мөн нягтлан бодогч ямар үүрэг хүлээж байсан, анхан шатны баримтуудыг захирлаас хүлээж авсан эсэх, СӨХ-ны эрх, үүрэгт холбооны санхүүгийн болон бусад эрхтэй холбоотой эрх нь хяналтын зөвлөлд байдаг. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар нягтлан бодогч санхүүгийн анхан шатны баримтыг бүрдүүлэх, холбогдох данс тооцоог хөтлөх үүрэгтэй байхад гүйцэтгэх захиралд бүх бурууг тохож байгаа нь үндэслэлгүй. Ц.О-д холбогдох хэрэг бүртгэлтийн 201526030706 хэргийг Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1146 тогтоолоор хааж шийдвэрлэсэн, уг тогтоолд хариуцагчийг 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэхэд эргэлзээтэй гэж дүгнэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтийн агуулга: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зуйлийн 497.1, 514 дугаар зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.О-аас 10,335,138 /арван сая гурван зуун гучин таван мянга нэг зуун гучин найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлээс 22,609,238 /хорин хоёр сая зургаан зуун есөн мянга хоёр зуун гучин найм/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386,500 төгрөгийг улсын орлого хэвээр үлдээж, хариуцагчаас 180,312 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Х” сууц өмчлөгчдийн холбооны Хяналтын зөвлөл, Удирдах зөвлөл хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж дүгнэлт хийж хохирлын хэмжээг багасгаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ иргэний хэрэгт нэхэмжлэгч нь сууц өмчлөгчдийн холбоо буюу оршин суугчид байхад Хяналтын зөвлөл, Удирдах зөвлөлийг буруутгаж нэхэмжлэлийг багасгаж байгаа нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрт Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл хуульд заасан ямар үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хяналт тавьж ажиллаагүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Сууц өмчлөгчдийн холбооны Хяналтын зөвлөл, Удирдах зөвлөл “К” ХХК-д хандаж дүгнэлт гаргуулсан байдал, гүйцэтгэх захирал Ц.О-ыг ажлаас чөлөөлж эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр хуулийн байгууллагад хандаж байснаас үзвэл хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл хохирлын хэмжээ нэмэгдэхэд шууд нөлөөлсөн гэж үзэх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч талаас гомдолд хариу тайлбар гараагүй байна.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “хариуцагч Ц.О- нь нэхэмжлэгч “Х” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа өөрийн хууль бус үйлдлээр эд хөрөнгийн хохирол учруулсан байна гэх шүүх бүрэлдэхүүн үзэв” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1146 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолд  “Ц.О-ыг СӨХ-ны даргаар ажиллаж байх хугацаандаа СӨХ-ны мөнгөнөөс дутаасан эсэх, хэдэн төгрөгийн дутагдал гаргасан талаарх мэргэжлийн шинжилгээний байгууллагын дүгнэлт гараагүй байгаа нь түүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэхэд эргэлзээтэй байна” гэж дүгнээд улмаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр гэмт хэргийн шинжгүй, хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. Түүнчлэн уг хэргийг хохирогчоор “Х” СӨХ бус иргэн Г.А байсан нь тогтоолын 2 дахь заалтаас харагддаг. Эрүүгийн хэргийн шүүхээс Ц.О-ыг “Х” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа санаатай гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоогүй, түүнчлэн түүнийг болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр хөрөнгө, мөнгө дутаасан гэсэн шүүхийн болон хууль хяналтын бусад байгууллагын албан ёсны хүчин төгөлдөр шийдвэр гараагүй, тийм баримт хэрэгт авагдаагүй байхад гэм хор учруулсан гэж үзэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нь Г.А байсан бөгөөд хохирогч гэж “гэмт хэргийн улмаас сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирсон этгээд байна” гэж хуульчилсан байдаг тул “Х” СӨХ нь хохирсон этгээд биш гэж ойлгогдож байна.

Энэхүү иргэний хэргийн нөхцөл байдал, үйл баримтаас үзэхэд “К” ХХК-аар дүгнэлт гаргуулсан нь уг дүгнэлтийн эрх зүйн хүчин чадлыг болон үнэн зөв байх нөхцөлийг алдагдуулж улмаар олон жилийн турш Ц.О-ыг буруутгах, цагдаагийн байгууллагаар шалгуулах зэрэг үндэслэл болсныг шүүх анхаарч үзээгүй байна. Түүнчлэн СӨХ-ны үйл ажиллагааг зохицуулсан дээрх хуулиар гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд хяналт тавих эрх, үүрэг нь СӨХ-ны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Бүх гишүүдийн хуралд хадгалагдаж байгаа бөгөөд Ц.О-ыг буруутгасан дээрх бүтцийн байгууллагуудын албан ёсны шийдвэр хэрэгт нэг ширхэг байхгүй байгааг анхан шатны шүүх анхааралдаа авалгүй таамагласан шинжтэй шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

8. Нэхэмжлэгчээс гаргасан хариу тайлбарын агуулга: Хэрэгт авагдсан баримтуудаас харахад 2013 оны 06 дугаар сард “Х” СӨХ-г байгуулсан. Удирдах зөвлөл болон хяналтын зөвлөл хууль ёсны дагуу томилогдон талаар баримт хэрэгт авагдсан. Санхүүгийн тайлангаа гаргаж өгөхгүй байсан учраас аудит оруулж, хохирол тогтоогдсон учир цагдаад хандсан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчдын гаргасан гомдлын хүрээнд хянаж,  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч “Х” СӨХ нь хариуцагч Ц.О-д холбогдуулан гэм хорын хохиролд 32,944,376 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “Ц.О- нь холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа холбооны эд хөрөнгө, мөнгийг завшиж үрэгдүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон” гэсэн агуулгаар тайлбарласан байна.

Хариуцагч Ц.О- нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ  “гэмт хэрэг үйлдсэн болохыг эрх бүхий байгууллага тогтоогоогүй, Ц.О-ыг ажиллуулж байхдаа ямар эрх хэмжээ олгосон талаар баримтгүй, нягтлан бодогч санхүүгийн анхан шатны баримтыг бүрдүүлэх, данс тооцоо хөтлөх үүрэгтэй байхад удирдах зөвлөлд бурууг тохож байгаа нь үндэслэлгүй” гэж тайлбарлан маргажээ.

 

3. Нэхэмжлэгч “Х” сууц өмчлөгчдийн холбоо нь 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгүүлж 13/03 дугаартай гэрчилгээ авсан боловч 2013 онд байгуулагдан энэ үеэс үйл ажиллагаа явуулж байсан, хариуцагч Ц.О- нь 2013 оны 06 дугаар сарын 01-нээс 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд тус холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаангүй байна.

 

4. Нэхэмжлэгч “Х” СӨХ-г төлөөлөн тус холбооны гүйцэтгэх захирал Г.А шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

5. Хэрэгт авагдсан бичмэл баримтаар хариуцагч Ц.О- нь “Х” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа холбооны орлогыг данс бүртгэлд тусгаагүйгээс тус холбоонд эд хөрөнгийн хохирол учирсан үйл баримт хэргийн нотлох баримтаар тогтоогдсон байна. Тодруулбал, хэргийн 2 дугаар хавтасны 30, 3 дугаар хавтасны 98 дугаар талд авагдсан шинжээчийн дүгнэлтээс тус тус үзэхэд хариуцагч Ц.О- нь холбооны орлогыг данс бүртгэлд тусгаагүй гэм буруутай болох нь тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 200 дугаартай дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч “Х” СӨХ-нд учирсан хохирлын хэмжээг 26,085,276 төгрөгөөр тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцжээ.

 

6. Хариуцагч Ц.О-ыг санхүүгийн анхан шатны баримтуудыг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нийцүүлэн бүрдүүлээгүй, тайлан тооцоо гаргаагүй, нэхэмжлэгч “Х” СӨХ-ны эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэрэг хаагдсан байна. Хариуцагч Ц.О-д холбогдох эрүүгийн хэрэг хаагдсан нь түүний үйлдлээс бусдад учирсан хохирлыг арилгах үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Х” СӨХ нь өөрт учирсан хохирлоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасан. Хариуцагч Ц.О- нь нэхэмжлэгч “Х” СӨХ-нд хохирол учруулаагүй, оршин суугчдын болон сууц өмчлөгчдийн холбооны хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулсан, мөн сууц өмчлөгчдийн холбооны эд хөрөнгөд гэм хор учирсанд буруугүй гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Иймд нэхэмжлэгч “Х” СӨХ-нд хохирол учруулаагүй гэх хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Х” СӨХ-нд учирсан хохирлыг хариуцагч Ц.О-аас гаргуулж шийдвэрлэхдээ цалин, хөлстэй холбогдох зардал 5,415,000 төгрөгийг хасч, хохирлын хэмжээг 50 хувиар багасгаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцээгүй, Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Учир нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар нэхэмжлэгч “Х” СӨХ-ны Удирдах болон Хяналтын зөвлөл нь хяналт тавих эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.

 

9. Нэхэмжлэлийн хангасан үнийн дүн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулах шаардлагатай.

 

Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган анхан шатны шүүхийн шийвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2022/00439 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.О-аас 26,085,276 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,859,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

            2 дахь заалтад “180,312” гэснийг “288,376” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 180,273 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлсөн 270,997 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД

                       ШҮҮГЧИД                                   Э.ЗОЛЗАЯА

                                                                                  Д.ЦОГТСАЙХАН