| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Уртнасан |
| Хэргийн индекс | 2121003040434 |
| Дугаар | 2024/ДШМ/48 |
| Огноо | 2024-12-05 |
| Зүйл хэсэг | 20.11.3., 24.9.2., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2024/ДШМ/48
“******* ******* *******” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Н.Өнөрбаяр
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* Яллагдагчийн өмгөөлөгч Б.Билгүүн
Нарийн бичгийн дарга Г.Чинзориг нарыг оролцуулан
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЗ/775 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Өнөрбаярын бичсэн эсэргүүцлээр яллагдагч “******* ******* *******” ХХК-д холбогдох эрүүгийн 2121003040434 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. “******* ******* *******” ХХК, улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар *******, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Их тойруу, Б.Доржийн гудамж, ******* тоот хаягт байрлах, урьд ял шийтгүүлж байгаагүй. РД:*******
2. Яллагдагч Дорнод аймгийн *******, ******* сумын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуул хийх, олборлох, боловсруулах, экспорт, импортын үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай “******* ******* *******” ХХК нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн буюу Монгол Улсын Зам, тээврийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Авто замын чиглэл батлах тухай” 307 дугаар тушаал, Авто замын хууль, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Газрын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 379 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журам”, Монгол Улсын Хүнд даацын авто тээврийн хэрэгсэл, техникийн ерөнхий шаардлага MNS6278:2011 стандартад заасныг тус тус зөрчиж, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутагт орших газрын тосны гэрээт 21 дүгээр талбайгаас Тосон-Уул, Баянхошуу боомт чиглэлийн авто замтай холбогдох 58,5 километр урттай асфальтан авто зам барих үүргээ хэрэгжүүлэхгүйгээр, хүнд даацын тээврийн хэрэгслээр тус компанийн бүтээгдэхүүнийг ердийн хөрсөн замаар тээвэрлэлт явуулсны улмаас ******* сумын нутаг дэвсгэрт 80 гаран метр өргөнтэй, 58,5 метр урттай, 8-20 салаа зам бүхий олон салаа зам бий болгох замаар хөрсний доройтол бий болгож, тоосжилт, орчны бохирдлыг ихээр үүсгэснээр экологийн тогтолцоог алдагдуулж, байгаль орчинд 4,433,922 м2 буюу 443.39 га талбайд эвдрэл үүсгэж нийт 2,197,656,374 төгрөгийн хохирол учруулсан,
мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан 116 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах журам”, 2 дугаар хавсралт “Аюултай хог хаягдлын жагсаалт”, Аялал жуулчлалын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А-429/257 дугаар тушаалд заасныг тус тус зөрчиж, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 2022 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Петротест” ХХК-ийн хашаанд хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал болох нефтийн хаягдлыг асгасны улмаас 2800м2 буюу 0,28 га хэмжээ бүхий газарт хөрс бохирдож, байгаль орчинд 5,485,752 төгрөгийн хохирол учруулж Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаясан гэх гэмт хэрэгт холбогджээ.
3. Нийслэлийн прокурорын газраас “******* ******* *******” ХХК-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 20.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, яллагдагч “******* ******* *******” ХХК-ийн өмгөөлөгч Б.Билгүүний хэргийг прокурорт буцаалгах тухай хүсэлтийг хангаж, “...“******* ******* *******” ХХК-д холбогдох эрүүгийн хэрэгт нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй байхад хэргийн бодит байдлыг зөв тогтоож хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх боломжгүй бөгөөд нэмж мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай. ... хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “******* ******* *******” ХХК-ийн нэрийн өмнөөс, тус хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Байгалийн тэнцэл алдагдуулах” болон мөн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях” гэмт хэргийг тус тус үйлдсэн хувь хүн, албан тушаалтныг олж тогтоолгүйгээр шууд хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хуульд нийцэхгүй, хуулийн шаардлага хангахгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон мөн хуулийн 20.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг хэн гэдэг этгээд, хувь хүн, албан тушаалтан үйлдсэн, уг гэмт хэрэг үйлдсэн этгээдийн санаа зорилго нь юу болох, улмаар уг этгээдийн гэмт хэрэг үйлдсэн санаа зорилго нь “******* ******* *******” ХХК-ийн нэрийн өмнөөс эсхүл тус хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө байсан эсэхийг тогтоосны үндсэн дээр хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх учиртай. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж буй тохиолдолд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн эрх бүхий албан тушаалтан, хувь хүнийг бүрэн тогтоогоогүй, дээрх байдлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй...” гэх үндэслэлээр хэргийг нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.
5. Прокурор Н.Өнөрбаяр бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүхийн хэлэлцүүлэгч прокурор хүн, хуулийн этгээдэд холбогдох хэргийн ялгаа заагийг тодорхойлсон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тусгай журам буюу Эрүүгийн хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг ... хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн гэмт хэрэгт хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байгаагаас үл хамааран явуулж болно.” гэж заасан нь хуулийн этгээдэд холбогдох хэргийг дангаар нь шийдвэрлэж болох талаар дүгнэлт гаргасан боловч шүүхээс прокурорын дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ захирамжид тусгаагүй орхигдуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Мөн шүүхээс Эрүүгийн хуулийн 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нэгдүгээрт хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан буюу Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д зааснаар гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирал дангаараа, эсхүл бусад удирдах, гүйцэтгэх эрх бүхий албан тушаалтантай хамтран шийдвэр гаргаж, хоёрдугаарт хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн гэмт хэргийн шинжийг хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болох бөгөөд ******* ******* ******* ХХК-ийн холбогдсон хэргийн хувьд хоёр дахь нөхцөлд хамаарч байх тул хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтан гэсэн ойлголт хамаарахгүй юм.
... 2017 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр бүлэгт хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, эрүүгийн хариуцлагын төрөл, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг тодорхойлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар бүлэгт хуулийн этгээдийг төлөөлөх, хуулийн этгээдийн эрх, үүрэг, өмгөөлөгч оролцуулах, хуулийн этгээдэд баримт бичиг хүргэх, яллах дүгнэлт, шийдвэрийн талаар ердийн журмаас гадна тусгай журмыг хуульчилсан байна.
Европын зөвлөлийн гэмт явдалтай тэмцэх асуудал эрхэлсэн Европын хороо 1979 онд Экологийн гэмт явдалтай холбогдуулан хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар гишүүн улсуудын парламентад зөвлөмж гаргаж, улмаар НҮБ-н гэмт явдалтай тэмцэх талаарх олон улсын 1996 оны Кайрт болсон хуралдаанаас НҮБ-н гишүүн улсуудад хандаж дахин зөвлөмж гаргаж 2015 оны Эрүүгийн хуулийн үзэл баримтлалд хуулийн этгээдийг гэмт хэрэг, зөрчлийн субьектэд тооцож, хариуцлага хүлээлгэх талаар зохицуулалтыг оруулснаар олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэх боломж бүрдэнэ гэж тэмдэглэжээ.
Дээрхээс дүгнэхэд экологийн болон эдийн засгийн эсрэг гэмт хэрэг ялангуяа хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгддэг гэмт хэрэгт хуулийн этгээдийг холбогдуулан гэмт хэрэгт шалгах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ юм.
... Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн гэмт хэрэгт хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байгаагаас үл хамааран явуулж болно.” гэж хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, түүнд холбогдох хэргийг тусад нь шалгаж шийдвэрлэж болохоор хуульчилсан байна.
... Манай улсын хувьд зөвхөн гэмт хэрэг үйлдсэн хүнд холбогдуулж хэрэг шалгах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль тогтоомжийн түүхэн уламжлалтай хэдий ч 2015 оны Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шинээр хуулийн этгээдэд холбогдуулж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг хуульчилж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлаас шалтгаалж тодорхой тооны хуулийн этгээдүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, мөрдөн байцаалт явуулж, анхан болон давж заалдах шатын шүүхээр хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шинэ жишиг тогтсон байна.
Хэдий хүний оролцоогүйгээр гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл үүсэхгүй ч компанийн хувьд зохион байгуулалтын нэгдэл бүхий зарим эрх, үүргийг гэрээний дагуу шижлүүлэх замаар хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө олон тооны ажилчид, туслан гүйцэтгэгч компани үүрэг гүйцэтгэдэг бөгөөд гэмт хэргийн шинжийг агуулсан хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй түүний улмаас байгаль орчинд учирсан хохирол, хор уршгийн шалтгаант холбоо түүний дотоод зүй тогтол зэргийг харгалзах шаардлагатай байдаг.
Өөрөөр хэлбэл хэн гэдэг хүний буруутай үйлдэл гэхээсээ илүүтэйгээр ямар хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө, аль хууль, журам, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хэний ямар үйлдлийн улмаас хэр хэмжээний хохирол, уршгийг бий болгосон гэдэгт ач холбогдол өгч хэрэв эс үйлдэхүй гаргаагүй бол уг үр дагаварт хүрэх байсан эсэх зэрэг олон талын нөхцөл шалтгааны уялдаа холбоог үндэслэн хуулийн этгээдэд холбогдуулж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохоор хуульчилсан байна.
Шүүгчийн захирамж нь хууль хэрэглээний хувьд алдаа гаргаж, мөрдөн шалгах ажиллагааны цар хүрээ, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчин дүгнэлт хийж хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэлээ. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна.” гэв.
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг үндсэндээ дэмжиж байгаа тул нэмж хэлэх тайлбар байхгүй.” гэв.
7. Яллагдагчийн өмгөөлөгч Б.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Прокурорын эсэргүүцэл нь бүхэлдээ үндэслэлгүй байна. ... гэмт хэрэг гэж үзэх эсэх нь прокурорын эрхийн асуудал. Гэхдээ тухайн гэмт хэргийн үйлдэл, сэдэл шалтгааныг яаж тогтоох гээд байгаа юм бэ? Тухайн компанид ажиллаж байгаа хүнтэй холбоотой эсвэл тээвэрлэлт явуулж байгаа туслан гүйцэтгэгч компанитай холбоотой асуудал, мөн ямар шалтгааны улмаас хаягдал шороог цуглуулаад байгаа зэргийг харгалзаж үзэх хэрэгтэй. Тэгж байж холбогдох хуулийн этгээдийг яллах үндэслэл болох юм. Гэмт хэргийн санаа зорилгыг зайлшгүй тогтоох шаардлагатай юм. ...Зөрчлийн тухай, Байгаль орчны тухай, Газрын тухай хуулиудын нарийвчилсан зохицуулалт яригдах ёстой. Гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоохын тулд заавал хувь хүний үйл ажиллагаатай холбоотой эсэх, сэдэл зорилгыг тогтоох шаардлагатай болж байна. Эрүүгийн хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт маш тодорхой заасан байгаа. Эхлээд хувь хүний асуудлыг тогтоох. Үүний дараа аж ахуй нэгжийн ашиг сонирхол байгаа эсэхийг хянахаар хуульчилсан гэв. Иймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналыг гаргаж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх яллагдагч “******* ******* *******” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
2. Нийслэлийн прокурорын газраас яллагдагч “******* ******* *******” ХХК-ийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн буюу Монгол Улсын Зам, тээврийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Авто замын чиглэл батлах тухай” 307 дугаар тушаал, Авто замын хууль, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Газрын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 379 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журам”, Монгол Улсын Хүнд даацын авто тээврийн хэрэгсэл, техникийн ерөнхий шаардлага MNS6278:2011 стандартад заасныг тус тус зөрчиж, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутагт орших газрын тосны гэрээт 21 дүгээр талбайгаас Тосон-Уул, Баянхошуу боомт чиглэлийн авто замтай холбогдох 58,5 километр урттай асфальтан авто зам барих үүргээ хэрэгжүүлэхгүйгээр, хүнд даацын тээврийн хэрэгслээр тус компанийн бүтээгдэхүүнийг ердийн хөрсөн замаар тээвэрлэлт явуулсны улмаас ******* сумын нутаг дэвсгэрт 80 гаран метр өргөнтэй, 58,5 метр урттай, 8-20 салаа зам бүхий олон салаа зам бий болгох замаар хөрсний доройтол бий болгож, тоосжилт, орчны бохирдлыг ихээр үүсгэснээр экологийн тогтолцоог алдагдуулж, байгаль орчинд 4,433,922 м2 буюу 443.39 га талбайд эвдрэл үүсгэж нийт 2,197,656,374 төгрөгийн хохирол учруулсан,
мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан 116 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах журам”, 2 дугаар хавсралт “Аюултай хог хаягдлын жагсаалт”, Аялал жуулчлалын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А-429/257 дугаар тушаалд заасныг тус тус зөрчиж, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 2022 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Петротест” ХХК-ийн хашаанд хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал болох нефтийн хаягдлыг асгасны улмаас 2800м2 буюу 0,28 га хэмжээ бүхий газарт хөрс бохирдож, байгаль орчинд 5,485,752 төгрөгийн хохирол учруулж Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаясан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж, хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 20.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
3. Анхан шатны шүүх “******* ******* *******” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж, ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж буй тохиолдолд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн эрх бүхий албан тушаалтан, хувь хүнийг бүрэн тогтоогоогүй, ... хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хэн үйлдсэн болох, гэмт хэргийн зорилго нь юу болох, хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө байсан эсэх, ямар үйлдэл нь прокурорын яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэргийн шинжийг хангаж буй талаар тогтоогоогүй, дээрх байдлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн хэргийг нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 4-т “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж, мөн хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг ... хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно.” гэж заажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар бүлэгт хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах тусгай журмыг хуульчлан тогтоосон бөгөөд мөн хуулийн 20.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн гэмт хэрэгт хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байгаагаас үл хамааран явуулж болно.” гэж заасан.
Тухайлбал, Эрүүгийн хуульд хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа болон хамтран шийдвэр гаргаж хангасан, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан тохиолдолд хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болох бөгөөд хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүнийг төлөөлөх эрхий албан тушаалтан, хүнийг заавал олж тогтоосны эцэст хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэнэ гэж үзэх үндэслэлгүй юм.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтны, эсхүл хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдэл хийсэн хүний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаатай хамт явагдана.” гэж заасан боловч мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан агуулгаас үзвэл хуулийн этгээдэд холбогдох хэрэг, мөн түүнийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, хувь хүнд холбогдох хэргийг тус тусад нь шалгаж шийдвэрлэж болохоор хуульчилжээ.
Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх ба шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг хэрэгжүүлэн шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЗ/775 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Ц.ЭРДЭНЭЗУУ
Г.УРТНАСАН