Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 115/ШШ2026/0022

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: М” ХХК

 

Хариуцагч: Гаалийн Ерөнхий Газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газар хоорондын “маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Баясгалан, хариуцагч Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М /цахим/, Д.Л /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М” ХХК нь Гаалийн Ерөнхий Газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газарт холбогдуулан “... “М" ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан техник, тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад даалган шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн гаргасан шийдвэр, тогтоолын биелэлт хангагдаагүй байхад Замын-Үүд дэх Гаалийн газар нь Гаалийн тухай хуулийн 2951 дугаар зүйлийн 2951.1 дэх заалтыг баримтлан Захиргааны ерөнхий хуулийн 43.1, 47.1.6 дахь заалтыг тус тус зөрчин манай компаний арилжааны банк дахь мөнгөн хөрөнгийг битүүмжлэн, шилжүүлэн авах захиргааны акт гаргаж байх тул 2024 оны 09 сарын 19-ний өдрийн 1 тоот захиргааны акт, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2 тоот захиргааны актуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох”  шаардлага гарган маргаж байна.

 

2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүхийн талаар:

2.1. Гаалийн Ерөнхий газрын Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Замын-Үүдийн Гаалийн газрын 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Дансны гүйлгээг хаах тухай” 1 дугаар албан бичгийг “Хас” банкинд хүргүүлсэн ба уг албан бичгийн дагуу нэхэмжлэгч “М” ХХК-ийн 3 тоот дансыг орлого олох боломжтой байдлаар зарлагын гүйлгээг нь хаасан байна.

2.2. Үүний дараа мөн хариуцагч Замын-Үүдийн Гаалийн газрын 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Дансны үлдэгдэл шилжүүлэх тухай” 2 албан бичгийг “Хас” банкинд хүргүүлж нэхэмжлэгч "М" ХХК-ийн тус банкинд байрших дансны үлдэгдэл мөнгийг Гаалийн ерөнхий газрын төрийн сан дахь 4 тоот дансанд шилжүүлэхийг “Хас” банкинд мэдэгджээ.

2.3. Дээрх албан бичгийн дагуу “Хас” банкнаас нэхэмжлэгч "М" ХХК-ийн 3 тоот данснаас 121,909,729.43 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Гаалийн ерөнхий газрын дансанд шилжүүлсэн байна.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд 2026 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр нэхэмжлэл гаргаж ирүүлсэн ба тус шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 115/ШЗ2026/0037 дугаар захирамжаар[1] нэхэмжлэлийн шаардлагын “Замын-Үүд дэх Гаалийн газрын 2024 оны 09 сарын 19-ний өдрийн 1 тоот захиргааны акт, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2 тоот захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоолгох” хэсгийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн.

 

4. Нэхэмжлэгчээс хариуцагч Замын-Үүдийн Гаалийн газрын “Хас” банкинд хүргүүлсэн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Дансны гүйлгээг хаах тухай” 1 дугаар, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Дансны үлдэгдэл шилжүүлэх тухай” 2 албан бичгийг албан бичгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

4.1. “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10 тоот шийдвэр, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 24 тоот тогтоолоор "М" ХХК-ийн цементийн үйлдвэр барихаар импортоор оруулсан техник, тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж, шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайдад даалган шийдвэрлэсэн.

4.2. Дээрх шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрүүдийн дагуу шүүхээс гүйцэтгэх хуудас олгож, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэрийг биелэлтийг хангуулах ажиллагаа өнөөдрийг хүртэл хийгдэж байгаа ба манай компани нь үүссэн нөхцөл байдал болон шүүхийн эцсийн шийдвэрийн биелэлтийг хангуулах, ногдуулж буй гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судлан, Засгийн газрын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлэх хүсэлтийг Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1/243 тоот хүсэлт, 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/260 тоот албан бичгээр хүргүүлсэн байгаа ба судалгааны шатандаа явж байна.

4.3. Гэтэл хариуцагч нь Гаалийн тухай хуулийн 2951.1 дэх заалтыг үндэслэн Захиргааны ерөнхий хуулийн 43.1. "Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна" гэх заалтыг зөрчин Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Цгийн гарын үсэг бүхий 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1 тоот захиргааны актыг “Хас” банканд хүргүүлж, “Хас” банк нь тус актыг үндэслэн манай 5 /MNT/-ийн дансыг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр битүүмжилсэн, улмаар 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн "Дансны үлдэгдэл шилжүүлэх тухай" 2 тоот захиргааны актыг мөн хүргүүлж, 121,909,729 төгрөгийг татан авч манай компанийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол, мөнгөн хөрөнгөд ноцтой хохирол учруулсан.

4.4. Энэхүү үйлдлээрээ хариуцагч Замын-Үүд дэх Гаалийн газар нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д "Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэх заалт, Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар дугаар зүйлийн 2-т "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ..."-гэх заалтыг ноцтой зөрчсөн.

4.5. Учир нь Захиргааны акт гаргах үндэслэл болж буй Гаалийн тухай хуулийн 2951.1. дэх заалт нь манай компанийн хууль ёсны дагуу зохих ёсоор бүрдүүлэлт хийн оруулж ирсэн барааны татварыг төлүүлэх харилцаанд огт хамааралгүй, үйлчлэхгүй зохицуулалт.

4.6. Мөн манай компани нь 2015 оны 12 сарын 28-ны өдөр Монгол Улсын Засгийн газартай "Мо үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулалтын гэрээ"-г 24 жилийн хугацаатай байгуулсан, тус гэрээ байгуулагдах үед Гаалийн тухай хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх заалт нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсон одоогийн үндэслэл болгож буй 2951 дугаар зүйлийн 2951.1 дэх заалт нь 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт орж хэрэгжиж эхлээгүй байсан.

Иймээс нэмэлт өөрчлөлт оруулаагүй байх үеийн Гаалийн тухай хууль тогтворжсон учир Замын-Үүд дэх Гаалийн газар нь Гаалийн тухай хуулийн 2951 дугаар зүйлийн 2951.1 дэх заалтыг үндэслэн шаардах нь үндэслэлгүй бөгөөд тус заалтын дагуу татварыг нэхэмжилж, данс дахь мөнгөн хөрөнгийг татан авах эрхгүй байна.

4.7. Замын-Үүд дэх Гаалийн газар нь манай компанид холбогдуулан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг гаргуулах нэхэмжлэлийг 2022 онд гаргаж, 2022 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 181/11132022/10334 тоот шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6 дахь заалт, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан нөхцөл байдал хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

4.8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д "Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй", 12 дугаар зүйлийн 12.2-д "Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ" гэж заасан тул Монгол улсын Засгийн газар, Засгийн газрын гишүүний өмнөөс дур мэдэн шийдвэр гаргаж, захиргааны акт гаргах эрх Замын-Үүд дэх Гаалийн газарт байхгүй байсан” гэх агуулгаар тайлбарлан маргаж байна.

 

4.9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “М” ХХК нь барилгын материалын цемент үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компани. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу импортоор техник тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татварыг чөлөөлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг  хамгийн бага хувь хэмжээгээр ноогдуулж болно гэж заасны дагуу хөрөнгө оруулагчид үзүүлэх татварын бодит дэмжлэгийг авахтай холбоотойгоор нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргасан бөгөөд М ХХК-ийн импортоор оруулсан техник төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхийг Монгол улсын Барилга хот байгуулалтын сайдад даалгаж шийдвэрлэсэн.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10 тоот хүчин төгөлдөр шийдвэр, мөн улсын дээд шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 24 тоот тогтоолтой байгаа. Улсын дээд шүүхийн тогтоолтой холбогдуулан Нийслэл дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж, одоо хүртэл үргэлжилж байгаа болно. Гэтэл Замын-Үүд дэр Гаалийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч О.Цгийн гарын үсэг бүхий 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1 тоот захиргааны актыг банканд хүргүүлж битүүмж тогтоосон. Улмаар Хас банк дахь манай 5 тоот төгрөгийн дансыг хааж битүүмжилсэн. Улмаар 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дансны үлдэгдлийг шилжүүлэх тухай 2 тоот захиргааны актыг Хас банканд хүргүүлж 121,909,729 төгрөгийг татан авч компанийн эрхэд халдаж хохирол учруулсан. Энэ үйлдлээрээ Замын-Үүд дэх Гаалийн газар нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6 дахь хэсэгт заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, мөн Монгол улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Дээр дурдсан Замын-Үүд дэх Гаалийн газраас гаргасан захиргааны актын үндэслэл болж буй 2951.1 дэх заалт нь өөрөө манай гааль болон хойшлуулсан татварын төлөх нөхцөлтэй огт хамааралгүй зохицуулалт. Тухайлбал гаалийн хилээр нэвтрүүлэх зорилгоор өөр бараа, тээврийн хэрэгслийг нуувч болгон ашиглаж оруулж ирсэн үйлдэл мөн гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, үйлдвэрлэл, марк, зориулалт, гарал үүслээ худал мэдүүлсэн гэх мэт манай хойшлуулсан татвартай холбоотой нийцэхгүй ийм зохицуулалтыг үндэслэж захиргааны акт гаргаж Хас банканд хүргүүлж байгаа нь илт хууль бус гэж үзэж байна. Тус гаргасан захиргааны актуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.2-т заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэж хүсэж байна.

Түүнчлэн Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газар нь 2020 онд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гааль болон татварыг төлөх асуудлаар нэхэмжлэл гаргаж байсан. Тус шүүхийн шүүгчийн 181/ШЗ2022/10334 тоот шүүгчийн захирамжаар тус хэрэг хэрэгсэхгүй болгосон байдаг. Тус захирамжийн тодорхойлох хэсгийн 6 дугаар зүйлд тодруулбал шүүгчийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу хариуцагч “М” ХХК-д холбогдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх эсэх асуудлыг эрх бүхий байгууллага хэрхэн шийдвэрлэхээс хамаарч нэхэмжлэгч Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газар нь нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагаар тодорхойлогдохоор байна гэж үндэслэж Замын-Үүд дэх Гаалийн газрын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Замын-Үүд дэх гаалийн газар нь өөрөө тус захирамжид гомдол гаргаагүй захирамж хүчин төгөлдөр болсон байдаг. Замын-Үүд дэх гаалийн газрын үндэслэж буй 2951.1 дэх зохицуулалт нь манай хөрөнгө оруулалтын гэрээг Монгол улсын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үед хүчин төгөлдөр бус болсон зохицуулалт юм. Учир нь хөрөнгө оруулалтын гэрээгээр татварыг төлөх журам, аргачлал нь 24 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байгаа. Энэ хүчин төгөлдөр хугацаа нь одоо хүртэл үргэлжилж байгаа. Замын-Үүд дэх Гаалийн газрын Хас банканд хүргүүлж буй 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1 тоот акт, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2 тоот захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэв.

 

4.10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Баясгалан хуралдаанд гаргасан тайлбартаа:           

“Тухайн асуудлаар Монгол улсын Дээд шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт Засгийн газарт юу гэж даалгасан гэхээр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу хөнгөлөлтийн асуудлыг шийдвэрлэ гээд тусгасан. Энэ дээр Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Тэгэхээр улсын Дээд шүүхийн шийдвэр гэдэг нь Монгол улсын Үндсэн хуулийн 52 дугаар зүйлд зааснаар Улсын Дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бусад шүүх бусад этгээд заавал биелүүлнэ гэж шаардсан.

Талуудын хооронд татвар ноогдуулах асуудлыг Монгол улсын Дээд шүүх Монгол улсын Засгийн газарт даалгаад шийдвэрлэсэн байхад Монгол улсын Засгийн газрын харьяа агентлаг нь өөрт байхгүй эрх хэмжээний хүрээнд буюу Монгол улс нэгдмэл байх нэг Засгийн газартай байх, Засгийн газрын бүрэлдэхүүний агентлаг нь бие даасан үйл ажиллагааг явуулахгүй байх гэсэн нэгдмэл улсын зарчмыг зөрчөөд Замын-Үүд дэх Гаалийн газраас захиргааны акт гаргаж байгаа нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 1.6-д заасан иргэн хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байхгүй гэдэгт хамаарна. Яагаад гэхээр Монгол улсын Үндсэн хуулийн 52 дугаар зүйлд тухайн асуудлын маргаан, хууль хэрэглэх, хэрэглэхгүй юу, татвар ноогдуулах уу, үгүй юу гэдэг асуудлыг шийдвэрлэх эрхтэй этгээд нь Засгийн газар байна гэж шийдсэн.

Тэгэхээр Засгийн газрын агентлагийн харьяа нэгж нь Монгол улсын Үндсэн хуулийг зөрчөөд Гаалийн хуулийг зөрчөөд Захиргааны ерөнхий хууль, Захиргаан хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудын бүх зарчмуудыг зөрчөөд захиргааны акт гаргаж байгаа нь өөрөө илт хууль бус захиргааны актын шинжийг бүрдүүлж байна.

Дараагийн нэг асуудал нь Гаалийн байгууллагаас нэхэмжлэл гаргасныг энэ асуудлыг Монгол улсын Засгийн газар шийдвэрлээгүй байхад Замын-Үүд дэх Гаалийн газар нэхэмжлэл гаргах эрхгүй байна гэж тогтоосон. Шүүхийн шийдвэр нь заавал биелүүлэх шинжийг агуулна. Тийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг бүгд биелүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл талуудын хооронд мараан үүсээд Улсын Дээд шүүх шийдвэр гаргасан байна. Татвар нэхсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Замын-Үүд дэх Гаалийн газарт ийм эрх хэмжээ байгаагүй гэдгийг тодорхойлж байгаа. Гаалийн хуулийн 295 дугаар зүйлийг хэрэглээд байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна.

Гаалиас зугтаасан, худал мэдүүлсэн, дарагдуулсан маягаар хэзээ ч Монгол улсын хилээр нэвтрүүлэхдээ тухайн бараа бүтээгдэхүүнийг нэхэмжлэгч тал гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаагүй гэдгийг анхаарахгүй байгаа. 2951.1 гэдэг нь өөрөө хэрэглэж байгаа хуулийн үндэслэл нь хүртэл хуульд нийцэхгүй. Ямар үндэслэлээр хууль бусаар бараа материал тээвэрлэсэн юм. Энэ дээр хэнийг зөрчлөөр шийтгэж ямар хүчин төгөлдөр шийдвэр байгаа юм. Тийм үйл баримт байхгүй байхад ердийн журмаар нэвтрүүлсэн ил тод гаалийн хяналтад хөрөнгө оруулалтын гэрээний дагуу бүрэн орж ирсэн тоног төхөөрөмж дээр хүртэл хууль хэрэглээний илэрхий алдаа гаргаж байгаа. Нэхэмжлэл өөрөө Монгол улсын Үндсэн хууль, дагалдах бүх хуулиудын шаардлагад нийцнэ. Тийм учраас Замын-Үүд дэх Гаалийн газраас явуулж байгаа актууд нь хууль зөрчсөн байна. Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга нь эрх хэмжээгээ хэтрүүлж гаргасан байна. Энэ үйл баримтыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байхад Засгийн газрын газрын харьяа нэгж дураараа аашилж нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхолд халдсан үйлдэл хийсэн нь тогтоогдож байна. Тийм урчаас нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байгаа

Монгол улсын Засгийн газрын 44 дүгээр хуралдааны тэмдэглэлээр Монгол улсын Хөрөнгө оруулалтын тухай хууль, Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, Монгол улсын эдийн засгийг дэмжих хөтөлбөр зэрэгт барилгын материалын үйлдвэрлэлийн татвараас 0 хувь хүртэл чөлөөлнө гэсэн заалт байгаа. Энэ заалтын дагуу Засгийн газар “М” ХХК-г гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Монгол улсын Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Монгол улсын эдийн засгийн үндсэн хөтөлбөрт зааснаар хөнгөлөх асуудлыг шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Засгийн газар нь хуулийн хэрэгжилтийг хангахыг зохион байгуулах үүргийг Үндсэн хуулиар хүлээсэн байгууллага байдаг.

Тэгэхээр хөнгөлөлт, чөлөөлөх асуудал явагдаж байгаа учраас тухайн Засгийн газар Монгол улсын Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллага учраас шийдвэр гарах процесс явагдаж байхад агентлаг түүний салбар газрууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаад байгаа. Тэгэхээр өнөөдөр Засгийн газрын 44 дүгээр тэмдэглэл хуулийн хүчин төгөлдөр байгаа. Улсын Дээд шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 24 дүгээр тогтоол хүчин төгөлдөр байгаа. Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас Барилга хот байгуулалтын сайдыг шийдвэрлэх асуудлыг хурдан шийдвэрлүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Эдгээр баримтууд хуулийн хүчин төгөлдөр учраас Улсын Дээд шүүхийн шийдвэр Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар заавал биелүүлэх шинжтэй. Энэ шийдвэрийг Засгийн газар гаргаагүй байхад түүний агентлагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч нь ингэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж байгаа нь хууль бус гэж үзэж байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Сангийн сайд Жавхланд 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Ерөнхий сайд чиглэлээр өгөөд байгаа. Тэгэхээр Сангийн сайд, Барилга хот байгуулалтын сайд нар санал зөрсөн тохиолдолд Ерөнхий сайд Барилга хот байгуулалтын саналаар өөрөө шийдвэр гарах эрх хэмжээ нь одоо шилжиж байна гэж харж байна. Өөрөөр хэлбэл танхимын сайд нар саналын зөрүү гарвал шинэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд өөрийн эрх асуудлын хүрээнд шийдвэрлэх гэж байгаа асуудал нь бусад хүрээнийхэнтэй шууд холбоотой бол Засгийн газар холбогдох гишүүдийг урьдчилан тохиролцож байвал зохино. Засгийн газрын гишүүн удирдлагын түвшинд тохиролцооны асуудлаар хандсан тушаал гаргаж болно. Энэ талаар санал зөрөөд зохицуулж чадахгүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэний үндсэн дээр шийдвэрлэнэ гэж заасан байгаа. Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24.2-т шууд заагаад өгсөн. Маргаан үүссэний дараа Сангийн сайд дэмжихгүй гэсэн асуудал байгаа. Барилга хот байгуулалтын яам дэмж гэж байгаа юм байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газар Ерөнхий сайд үүрэг чиглэл өгөөд байна шүү та нар шийд гээд Сангийн сайдад мэдэгдээд байдаг. Сангийн сайд зөвшөөрөхгүй гэдэг асуудал байгаа учраас хуулиар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх үүрэг байгаа учраас эндээс шийдвэр гарах хүртэл Засгийн газрын агентлаг түүний газар, хороон дарга нь Монгол улсын Засгийн газар шийдвэрлэхээр Монгол улсын Үндсэн хуулиар хүлээсэн эрх, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах эрхгүй байна гэж харж байна.

Нэхэмжлэл гаргахдаа Барилга хот байгуулалтын сайд, Сангийн сайд хоёрыг хамтран хариуцагчаар татсан байсан боловч 44 дүгээр тогтоолоор Барилга хот байгуулалтын сайдад Засгийн газар үүрэг болгосон байгаа учраас Сангийн сайдад 44 дүгээр тогтоолоор үүрэг болгоогүй байна гээд 24 дүгээр тогтоолын 1 дүгээр хэсэгт Сангийн сайд гэдэг эс үйлдэхүйг хасаад шийдвэрлэсэн. Улс төрийн шийдвэр гаргах ажиллагаанд Захиргааны ерөнхий хууль үйлчлэхгүй байхаар зохицуулсан бол Улсын их хурал Засгийн газраас төсөв санхүүтэй холбоотойг тохируулах харилцааг татвараас чөлөөлөх шийдвэр гаргах эрхтэй. Энэ нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.3, Засгийн газрын тухай хуулийн 24.2-т зааснаар Засгийн газрын хурлаас татвараас чөлөөлөх шийдвэр гаргаад хуулийн төслийг өргөн барих харилцаа байна гэж харж байгаа.

24 дүгээр тогтоолд гүйцэтгэх ажиллагаа явагдахаар Барилга хот байгуулалтын сайд нь дэмжээд байдаг. Засгийн газрын гишүүн тодорхой дэмжсэн шийдвэр гаргаагүй тохиолдолд Засгийн газрын тухай хуулийн 24.2-т энэ талаар гаргасан саналыг зөрүүг өөрсдөө зохицуулж чадаагүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэний үндсэн дээр шийдвэрлэнэ. Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар энэ асуудал нь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газраас Засгийн газарт саналын зөрүүтэй байгаа асуудлыг шийдвэрлэж өгөөч гэж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхийн тулд мэдэгдэл өгөх харилцаа явагдах юм байна гэж харж байгаа. Нэгэнт хуульд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ гэсэн учраас Засгийн газрын хуралдааныг зарлах нөхцөл нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндсэн дээр тогтоож байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан гүйцэтгэхдээ энэ заалтаар Засгийн газарт шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх мэдэгдлийг хүргүүлэх юм байна гэж харж байна.

Монгол улсын иргэн Монгол улсын Үндсэн хуулийн 16.14 дэх хэсэгт зааснаар өөрийнхөө эрхийг хамгаалуулахаар хууль хэрэглээ болон хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа үйл ажиллагааны талаар энэ эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах эрхээ эдэлсэн. Хуулийг яаж  хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал дээр Улсын Дээд шүүх шийдвэрээ гаргасан. Улсын Дээд шүүх хууль хэрэглээ болон эрхийг нь хамгаалах үйл ажиллагааг Засгийн газар шийдвэрлэ гээд Барилга хот байгуулалтын сайдад даалгаж шийдвэрлэсэн улсын Дээд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр, энэ улсын Дээд шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлэхгүй байгаа ч гэсэн албадан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой Барилга хот байгуулалтын яам саналаа оруулахаар Сангийн яам зөрөлдөөд байна. Улсын Дээд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д зааснаар эрхэд нь халдах хуульд заасан үндэслэл байхгүй гэдэгт хамаарч байгаа.

Өөрөөр хэлбэл Улсын Дээд шүүхийн шийдвэр гарсан учраас энэ үндэслэлийг Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга эдлэх эрх хэмжээ байхгүй. 295.1 дээр Гаалийн газрын дарга эхлээд нэг шийдвэр гаргах ёстой. Монгол улсын Засгийн газар дэмжихгүй гээд шийдвэрлэсэн учраас өөрт заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргасан захиргааны акт гаргаад тэр шийдвэртээ 295 дээр байгаа 7 үндэслэлийн аль нэгийг зааж данс хаах үеийн битүүмжлэх эрх хэмжээ нь үүсэх ёстой. Гэтэл өөрийнх нь эрх хэмжээ үүсээгүй байхад хамаагүй заалтууд бичээд аль заалтыг нь хэрэглэж байгааг хүн ойлгохооргүй тийм хоёр албан бичиг явуулж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан гэж үзэж байна.

...татварыг аливаа нэгэн үйлдвэрлэл бүрэн ашиглалтад орсны дараа татвар хураамжийн төлөх хугацааг хойшлуулъя гэж сунгаж явж байгаад дараа нь 2018 онд 44 дүгээр тогтоолыг гаргахдаа ерөөсөө эрчим хүчний хэмнэлттэй өөрөөсөө гаргадаг дулаанаараа цахилгаан эрчим хүчээр өөрийгөө хангаад бусдад дулааны эрчим хүчний ногоон технологид суурилсан барилгын материалын үйлдвэрлэл нь жилд 380 орчим сая гадаад валютыг гадагшаа урсахаас сэргийлдэг үр ашигтай байна гээд Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 44 дүгээр хуралдаанаар ногоон технологи буюу европын стандартад нийцсэн байна. Энэ үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор чөлөөлөх асуудлыг судалж оруулж ирье гэж Засгийн газар шийдвэр гараад эндээс судалж танилцах асуудлыг Барилга хот байгуулалтын сайдад даалгаж шийдвэрлэсэн. Монгол улсын Засгийн газар нийгэм эдийн засгийн бүхий л харилцааг зохицуулж гүйцэтгэх удирдлагын байгууллагын хүрээнд энэ татвар төлөх хугацааг үйлдвэрлэл бүрэн ашиглалтад орох хүртэл хойшлуулж байгаад сунгасан хугацаа 9 дүгээр сарын 30-нд дуусмагц 10 дугаар сарын 24-нд ерөөсөө энэ үйлдлийг дэмжих нь зөв байна гэдэг шийдэл гараад үүнийг дэмжиж татвараас чөлөөлөх тухай асуудал яригдаж байгаа. Тэгэхээр Засгийн газар шийдвэрээ гаргаад чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байхад үйлдвэрлэлийн жигд үйл ажиллагааг алдагдуулаад байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1-д зааснаар энэ захирамж хүчин төгөлдөр байгаа тохиолдолд Гаалийн ерөнхий газар нэхэмжлэгчээс гаалийн татварыг нэхэмжлэх эрх байхгүй. Яагаад гэхээр шүүгчийн захирамж өнөөдөр хуулийн хүчин төгөлдөр байгаа” гэв. 

 

5. Хариуцагч Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нар шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

“Улсын Их Хурлын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, үүнтэй холбогдуулан батлагдсан Засгийн газрын 2014 оны 317 дугаар тогтоолоор "Мо" төслийн хэрэгцээнд импортлох техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг хэсэгчлэн төлүүлэх, татвар төлөх хугацааг хойшлуулахаар шийдвэрлэжээ.

Дээрх хууль, Засгийн газрын тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, нөгөө талаас "Мо" төслийг хэрэгжүүлэгч "Сэнж Сант" ХХК /сүүлд "М" ХХК болсон/ хооронд "Албан татвар төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах тухай гурван талт гэрээ"-г байгуулснаар татварыг хойшлуулах асуудлыг Гаалийн байгууллага хэрэгжүүлэн ажилласан болно.

Засгийн газрын 2015 оны 191 дүгээр тогтоол, 2017 оны 191 дүгээр тогтоолуудаар тус компаний төлөх импортын гаалийн албан болон нэмэгдсэн өртгийн албан татварыг удаа дараа хойшлуулж, татвар төлөх эцсийн хугацааг 2018 оны 09 дүгээр 30-ны өдөр байхаар дээрх гэрээний хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулсан.

"М" ХХК /РД-7/ нь 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Дорноговь аймаг дахь Замын-Үүд хилийн боомтоор "Мо" төслийн хэрэгцээнд импортлох техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийг улсын хилээр оруулж, гаалийн бүрдүүлэлтийг Замын-Үүд дэх гаалийн газар хийсэн болно.

Гаалийн тухай хуулийн 2941.1. Гаалийн болон бусад татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын үнийн дүнгээс хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн хүү ногдуулах..-аар заасны дагуу үндсэн татварын өр төлбөр болон хоног тутмын 0.3 хувийн хүү алдангийг төлж барагдуулахаар "М" ХХК-д удаа дараа мэдэгдсэн боловч өнөөг хүртэл төлөөгүй хэвээр байна.

Гаалийн тухай хуулийн 2951 зүйлийн 2951.1 дэх хэсэгт "Гаалийн газар, хорооны даргын шийдвэрээр энэ хуулийн 290.1, 290.2, 291 дүгээр зүйлд заасан барааны үнийг болон 2931.1, 2931.2, 29411 дүгээр зүйлд заасан татвар, торгуулийг үл маргах журмаар холбогдох этгээдийн данснаас нь гаргуулан авч, улсын орлого болгох ба боломжгүй бол дансны гүйлгээг нь хаах буюу татвар, төлбөртэй тэнцэх хэмжээний эд хөрөнгийг нь битүүмжилнэ" гэж заасны дагуу 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 01/8697 дугаартай албан бичиг, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2 дугаартай албан бичгүүдийг тус тус хүргүүлэн ажилласан.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт Захиргааны акт илт хууль бус болох тохиолдлыг зааж өгсөн бөгөөд Замын-Үүд дэх гаалийн газраас гаргасан захиргааны акт нь хуульд заасан тохиолдлын аль нэгт хамаарахгүй байх тул "М ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан "захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох" гэсэн шаардлага нь үндэслэлгүй болно.

Иймээс "М ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гаалийн байгууллагын буруугүйг нотолж өгнө үү” гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлтэй холбоотой Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа шүүхийн шийдвэрийг Монгол улсын иргэн, хуулийн тэгээд хэн ч дагаж мөрдөх үүрэгтэй. 2019 онд тухайн М ХХК-тай холбоотойгоор шүүхийн шийдвэр гарсан. Захиргааны хэргийн дээд шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 64 дүгээр тогтоолд энэ компани нь хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан барааг хоёр жилийн хугацаатайгаар хойшлуулсан төлбөрийг төлөх үүрэгтэй гэж гарсан. Баясгалан өмгөөлөгч урьдчилан арга хэмжээ авагдаагүй байхад 295-г ашигласан гэж байна. Энэ хуулийн заалт нь өөрөө зөвхөн зөрчлийн арга хэмжээ авагдсан тулд 2951.1, 290.2, 291.3, 293.2, 294.1 дэх заалтууд хамаарч байгаа. 290-д хамаарахгүй 294.1 хамаарч байгаа. Энэ нь гаалийн болон бусад татварыг төлөөгүй тохиолдолд гаалийн татварыг хугацаанд нь төлөөгүй гэж хамаарч байгаа. Гэтэл зөрчлийн арга хэмжээ авагдаад аливаа нэгэн зөрчил гаргаагүй байхад манайх энэ 2951.1-д хамааруулж дансны гүйлгээг хааж битүүмжлэн орж ирсэн хөрөнгө оруулалтыг шилжүүлж авсан гэж Гаалийн байгууллагыг буруутгасан байдлаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Хоёрдугаарт өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа “М” ХХК-тай холбоотой маш олон шүүхийн шийдвэрүүд байгаа. Гаалийн байгууллагад энэ татварыг өг гэдэг шийдвэр байгаа. Гаалийн ерөнхий газрын дэд дарга байсан Батхишиг гаалийн арилжааны банканд нэхэмжлэгч компанийн дансыг битүүмжлээд ийм асуудал гарсан. Тухайн үедээ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болоод магадлал дээр зааж өгсөн. Үүнийг Гаалийн Ерөнхий газрын дэд дарга хийхгүй, харьяа газрын дарга хийнэ гэж асуудал тавиад байгаа. Одоогийн нөхцөл байдал дээр Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газар нь тухайн дансыг битүүмжлээд мөнгөн дүнг улсын төсөвт бүрдүүлэх татварыг Гаалийн байгууллага битүүмжилсэн. Тэрнээс Гаалийн байгууллага олсон ашгийг нь аваагүй. Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж, Гаалийн тухай хууль гэх мэт эрх зүйн баримтыг үндэслээд Гаалийн байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд арилжааны банкны дансыг битүүмжилсэн. Битүүмжилсэн албан бичгээ хүргүүлсэн. “М” ХХК нь өөрөө Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд Монгол улсын иргэн, хуулийн этгээд хуулиар ноогдуулсан албан татварыг төлөх үүрэгтэй гэж заасан. Үүний дагуу хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд албан тоот хүргүүлээд явсан. Удаа дараа нэг акт гаргахад нэхэмжлэл гаргаж шүүхэд ханддаг. Барилга хот байгуулалтын яамны дарга нь шүүхийн шийдвэр, Засгийн газрын эрхийг давж Гаалийн байгууллага хэрэгжүүлсэн гэж байна. Гэтэл Гаалийн ерөнхий газар нь Сангийн яам харьяалагддаг.

Гаалийн байгууллага нь өөрөө хэрэгжүүлэгч агентлаг юм. Засгийн газрын гишүүн болох Сангийн сайд нь хүртэл “М” ХХК-аас татварын мөнгийг барагдуулахтай холбоотой өөрийн эрх хэмжээний хүрээнд хуульд зааснаар төлж барагдуул гэж чиглэл өгсөн. Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Татварын ерөнхий хуульд хугацаа, өр үүсгэсэн тохиолдолд ажлын 20 хоног болно. Үүнээс хэтэрсэн тохиолдолд дансыг нь битүүмжлээд өр барагдуулах албадлагын арга хэмжээ хийнэ гэсэн заалт байгаа.

Гэтэл “М” ХХК нь тухайн үед байгуулсан 2015 оноос хойш 10 жилийн хугацаатай байгаа. Гаалийн тухай хууль болон Татварын ерөнхий хуульд заасан эрхийнхээ хүрээнд тухайн компанийн дансыг битүүмжлээд өр төлбөрийг барагдуулах талаар албадлагын арга хэмжээ авсан.

Дансыг хаахаас өмнө “М” ХХК-д утсаар мэдэгдэж байсан. Тухайн цаг хугацаанд хамаарч байгаа 2024 болон 2025 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэлд “М” ХХК нь Барилга хот байгуулалтын яамны хэрэг эрхлэх газарт Засгийн газрын хуралдаанаар оруулах хүсэлт гаргаж байгаад шүүхийн шийдвэр үйлчлээд гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа.

Манай байгууллагаас “М” ХХК-ийн татвар төлж байсан жагсаалтыг гаргаж өгсөн. Энэ компани нь татвараа төлөхөө өөрсдөө мэдэж байгаа. Тийм учраас энэ мөнгийг төлөөд явж байсан нь хэргийн материалд авагдсан байгаа. Тэмүүлэн өвчтэй байгаа болохоор оролцож чадаагүй. Тэмүүлэн эдний компанитай байнга холбоотой байсан. Мэдэгдэлгүйгээр дансыг хааж эрхэд нь халдсан зүйл байхгүй.

Улсын Дээд шүүхийн тогтоол Засгийн газрын хуралдааны тэмдэглэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа байдлаар өнөөдөр Гаалийн тухай хууль, Татварын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Яг одоогийн байдлаар “М” ХХК-г татвараас чөлөөлсөн баримт бичиг гараагүй.

Улсын Дээд шүүхээс Барилга хот байгуулалтын яамд даалгасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа үйл баримттай холбоотойгоор Барилга хот байгуулалтын яам аль хэдийн хүргүүлсэн. “М” ХХК-г хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулна гэдэг шийдвэр өнөөдрийн байдлаар албан ёсоор гараагүй. Харин Гаалийн тухай хууль, Татварын тухай хуулийг өнөөдөр хэрэгжиж байгаа. Хэрэгжиж байгаа нь Улсын Дээд шүүхээр 7 тэрбум гаруй төгрөгийг “М” ХХК нь гаалийн албан татварт төлнө гэх шийдвэр байгаа.

Гаалийн байгууллага хэрэгжүүлэгч агентлаг, тийм учраас хуульд зааснаар хуулийг хэрэгжүүлэн ажилласан. Замын-Үүд дэх Гаалийн газар нь 295-д зааснаар данс хааж битүүмжлэх боломжтой нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал дээр тогтоогоод өгсөн. Гаалийн байгууллага эдний компани өртэй, өр барагдуулах ажиллагаа хийгээрэй гэдгийг Сангийн яам болоод бусад этгээдэд хэрэгжүүлээрэй гэж бичсэн байгаа. Бизнесийн үйл ажиллагааг тасалдуулсан гэдэг нь өөрөө үндэслэлгүй юм. Гаалийн байгууллага нь хуульд заасан үндэслэлийн дагуу  захиргааны актыг гаргаж Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр заавал тушаал байна гэсэн юм биш.

Тухайн эрх бүхий албан тушаалтны аливаа нэгэн шийдвэр гэж байгаа болохоос биш “М” ХХК-ийн ийм дансыг хаагаарай гэдэг тушаалыг Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга гаргаад түүнийгээ албан бичгээр бусад арилжааны банканд хүргүүлэхийг Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт гаргаж шийдвэр гаргасан байна. Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын гаргасан албан бичигт гарын үсэг зурна, баталгаажуулна. Энэхүү шийдвэр нь аливаа нэгэн хуулийг зөрчсөн, эрхээ хэтрүүлэн хэрэгжүүлсэн нь хэргийн материалд авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд Нэхэмжлэгч талаас маргаад байгаа 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1 тоот акт, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2 тоот албан бичгүүд нь хуульд нийцсэн захиргааны акт юм. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгчийн “... “М" ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан техник, тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад даалган шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн гаргасан шийдвэр, тогтоолын биелэлт хангагдаагүй байхад Замын-Үүд дэх Гаалийн газар нь Гаалийн тухай хуулийн 2951 дугаар зүйлийн 2951.1 дэх заалтыг баримтлан Захиргааны ерөнхий хуулийн 43.1, 47.1.6 дахь заалтыг тус тус зөрчин манай компаний арилжааны банк дахь мөнгөн хөрөнгийг битүүмжлэн, шилжүүлэн авах захиргааны акт гаргаж байх тул 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1 тоот захиргааны акт, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2 тоот захиргааны актуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох”  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд шүүх дараахь байдлаар дүгнэлт өглөө.

 

3. Нэхэмжлэгчийн “... М" ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан техник, тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад даалган шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, тогтоолын биелэлт хангагдаагүй байсан” гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах дараахь үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр[2] “М” ХХК-ийн Монгол Улсын Сангийн сайд болон Барилга хот байгуулалтын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 44 дүгээр хуралдааны тэмдэглэлээр “М” ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад даалгасан үүрэг, даалгавар, “М” ХХК-ийн уг асуудлаар хандсан хүсэлтийг судалж шийдвэрлэхгүй байгаа Сангийн сайдын эс үйлдэхүй тус тус хууль бус болохыг тогтоож, “М” ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан техник, тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхийг хариуцагч Барилга, хот байгуулалтын сайд болон Сангийн сайдад даалгаж шийдвэрлэсэн ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаар магадлалаар[3] анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

3.2. Үүний дараа уг захиргааны хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэж гаргасан Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 24 дүгээр тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтаар “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаар магадлалын тогтоох хэсгээс Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 44 дүгээр хуралдааны тэмдэглэлээр “М” ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад даалгасан үүрэг, даалгавар, “М” ХХК-ийн уг асуудлаар хандсан хүсэлтийг судалж шийдвэрлэхгүй байгаа Сангийн сайдын эс үйлдэхүй тус тус хууль бус болохыг тогтоож, Сангийн сайдад даалгаж гэснийг хасч, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй” гэж анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалд тус тус өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

3.3. Дээрх байдлаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” 8 дугаар захирамж /хавтаст хэргийн 1 дэх боть, 45-46 дахь тал, арын нүүр/, мөн шүүгчээс бичиж олгосон 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 9 дугаар “Гүйцэтгэх хуудас”-д /хавтаст хэргийн 1 дэх боть, 47 дахь тал, арын нүүр/ “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаартай шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “М” ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан техник, тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад даалгаж” гэснийг гүйцэтгэх гэж тус тус заасныг  /хавтаст хэргийн 1 дэх боть, 47-48 дахь тал/ үндэслэн Барилга хот байгуулалтын сайдад холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, улмаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдлийг Барилга, хот байгуулалтын сайдад хүргүүлж байсан болох нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11 дүгээр албан бичигт хавсарган ирүүлсэн

- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай” 12 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 1 дэх боть, 137 дахь тал/

- Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Барилга, хот байгуулалтын сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад[4] тус тус хүргүүлсэн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1-126/23461, 2023 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 01-126/18499, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01-126/11585, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01-126/24028, 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01-126/17383 дугаар “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл”-үүдээр /хавтаст хэргийн 1 дэх боть, 140, 142, 143, 148, 155 дахь тал/ тус тус тогтоогдож байна.

3.4. Барилга, хот байгуулалтын сайдаас шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлүүдийг хүлээн авч тухай бүрд нь Сангийн сайдад хандан “... нэхэмжлэгч “М" ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортолсон, нийлүүлэгдэх үйлдвэрийн техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийг импортын барааны гаалийн татвараас чөлөөлөх, нэмэгдсэн өртгийн албан татвараас “0” хувь хөнгөлөх асуудлыг шийдвэрлэх талаар хариу ирүүлж, хамтран ажиллах” тухай хүсэлтийг хүргүүлж байсан болох нь

- Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайдын “Татварын асуудлыг шийдвэрлүүлэх тухай” 2022 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 1/5039, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1/4584 дүгээр,

- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын “Хүсэлт уламжлах тухай” 2024 оны 04 дүгээр сарын 01/1014, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01/1327, 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01/1532  дугаар албан бичгээр /хавтаст хэргийн 1 дэх боть, 138-139, 145-146, 149-151, 2 дахь боть 126-127 дахь тал/ тус тус тогтоогдож байна.

 

4. Дээр тогтоогдсон үйл баримтуудыг дүгнэхэд “нэхэмжлэгчийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан техник, тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад даалган шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, тогтоолын биелэлт хангагдаагүй” гэж үзэх үндэслэлгүй байна.

4.1. Учир нь өмнөх 2.3-2.4 дэх хэсгийн дүгнэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “М” ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан техник, тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад даалгаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаартай шийдвэрийг биелүүлэх ажиллагааг 2022 онд эхлүүлж, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хугацаанд нийт 5 удаагийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл”-ийг Барилга, хот байгуулалтын сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад тус тус хүргүүлсэн,

Барилга, хот байгуулалтын сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаартай шийдвэрт заасны дагуу 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал 4 жилийн хугацаанд нийт 5 удаагийн “Татварын асуудлыг шийдвэрлүүлэх тухай”, “Хүсэлт уламжлах тухай” албан бичгийг Сангийн сайдад хүргүүлэн ажилласан болох нь тогтоогдсон.

4.2. Харин Сангийн сайдын зүгээс Барилга, хот байгуулалтын сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаас тус тус хүргүүлсэн “Татварын асуудлыг шийдвэрлүүлэх тухай” албан бичиг, хүсэлтүүдэд “... тус компани татвараа төлөх нь зүйтэй, яам хуулийн төсөл санаачлахаас татгалзсан байр суурь хэвээр бөгөөд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг дэмжих боломжгүй” гэх хариуг өгсөн нь

- Сангийн сайдын “Хариу хүргүүлэх тухай” 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01/858, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01/3527, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01/10898, 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 01/4498 дугаартай /хавтаст хэргийн 1 дэх боть, 147, 152-154, 2 дахь боть 125 дахь тал / албан бичгээр тус тус тогтоогдож байна.

4.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.

Сангийн сайдаас “нэхэмжлэгчийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортолсон техник, тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах дэмжээгүй нь захиргааны байгууллагын эрх хэмжээний хүрээнд бөгөөд энэ асуудал нь улс төрийн шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах” талаар Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 24 дүгээр тогтоолын “Хянавал” хэсгийн 15, 16, 17, 22 дахь хэсгүүдэд[5]

“...Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно гэж, улмаар Хууль тогтоомжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд Засгийн газрын санаачилсан хууль тогтоомжийн төсөлд санал авах, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх харилцааг нарийвчлан тогтоосон байна”;

“Тодруулбал, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.7-д санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газрын санаачлах хууль тогтоомжийн төсөл төсвийн зардал нэмэгдүүлэх, орлого бууруулах эсэхийг хянаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгоно гэж заасныг энэ маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортолсон техник, тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөх, нэмэгдсэн өртгийн албан татварыг тэг хувь хүртэл ногдуулах хууль батлах эсэхийг Сангийн яамнаас Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзсэн нь захиргааны байгууллагын эрх хэмжээний хүрээнд байна”;

“Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Сангийн сайд Засгийн газрын өмнөөс дангаараа шийдвэрлэх эрхгүй гэх тайлбар хуулийн дээрх заалтаар няцаагдсан, Сангийн сайдаас өөрийн эрх хэмжээний хүрээнд гааль, татварын бодлого тогтоох, төсвийн тогтвортой байдлыг хангах, зохистой удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд хөнгөлөлт, чөлөөлөлтийг үе шаттайгаар бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, тусгайлсан салбар, үйл ажиллагаа, аж ахуйн нэгжийг татвараас чөлөөлөхгүй байх бодлого баримталж хуулийн төсөл санаачлахаас татгалзсаныг хуульд заасан заавал хийж гүйцэтгэх чиг үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй”;

“Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа”-нд захиргааны ерөнхий хууль үйлчлэхгүй байхаар заасан буюу Улсын Их Хурал, Засгийн газраас төсөв санхүү, гааль татвартай холбоотой бодлого тогтоож, төсөвт тохируулан ямар харилцааг татвараас чөлөөлөх, хөнгөлөхийг шийдвэрлэх бүрэн эрхтэй” гэж тус тус дүгнэсэн байх тул шүүх энэ асуудлыг дахин нотлохгүй бөгөөд дүгнэлт өгөх шаардлагагүй юм.

Нэгэнтээ Сангийн сайдаас “... яам хуулийн төсөл санаачлахаас татгалзсан байр суурь хэвээр бөгөөд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах дэмжих боломжгүй, тус компани татвараа төлөх нь зүйтэй” гэсэн хариуг Барилга, хот байгуулалтын сайдад удаа дараа өгсөн нь Сангийн сайдад хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд бөгөөд улс төрийн шийдвэр гаргах ажиллагаанд хамаарч байгаа дээрх тохиолдолд “М” ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан техник, тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх” гүйцэтгэх хуудаст заасан шаардлагыг цаашид биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн нь илэрхий байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2. “Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрт заасан захиргааны актыг гаргаснаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцно” гэж заасан ба Барилга, хот байгуулалтын сайдаас “гаалийн тариф, гаалийн татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар нэхэмжлэгч компанийн гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын асуудлыг шийдвэрлүүлэх тухай” саналыг 2022-2026 онд нийт 5 удаагийн албан бичгээр  Сангийн сайдад хүргүүлсэн нь тогтоогдсон тул Барилга, хот байгуулалтын сайдыг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэлгүй, нэхэмжлэгчээс “шүүхийн шийдвэр, тогтоолын биелэлт хангагдаагүй байсан” гэж маргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.

4.4. Нэхэмжлэгчээс “... М" ХХК-ийн цементийн үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийг гааль гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлүүлэхийг Барилга, хот байгуулалт, орон сууцжуулалтын сайдын дэмжсэн санал, Сангийн сайдын дэмжихгүй, татвараас чөлөөлөх хууль санаачлах шаардлагагүй гэсэн саналын зөрөөг Засгийн газрын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн олонхын саналаар шийдвэрлүүлж өгөхийг хүссэн” 2025 оны 12 дугаар сарын 01-ний 1/243, 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/260 дугаартай албан бичгийг тус тус Монгол Улсын Ерөнхий сайдад хандан гаргасан байдаг. /хавтаст хэргийн 1 дэх боть 157-165 дахь тал/

Засгийн газрын хэрэг эрхлэх газраас дээрх хүсэлтийг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэгчийн 2018 оноос хойш төрийн бүхий л шатны байгууллага, албан тушаалтнуудад хандсан хүсэлт, албан бичиг, шүүхийн шийдвэрүүд зэрэг 126 хуудас хавсралттай албан бичгийг Сангийн сайдад хүргүүлсэн болох нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ХЭГ/1655 дугаар албан бичигт хавсарган ирүүлсэн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Хүсэлтийн тухай” ХЭГ/74 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан 178 хуудас баримтуудаар /хавтаст хэргийн 1 дэх боть 183-250, 2 дахь боть 01-111 дэх тал/ тогтоогдож байна.

4.5. Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 24 дүгээр тогтоолын тогтоолын  “Хянавал” хэсгийн 18, 19, 20 дахь хэсэгт[6]

“... Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Засгийн газар энэ хууль, бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ асуудал, түүнчлэн Улсын Их Хурлаас даалгасан, Ерөнхийлөгчөөс санал болгосон асуудлыг хуралдаанаараа хэлэлцсэний үндсэн дээр шийдвэрлэнэ. Түүний дотор дор дурдсан асуудлыг хуралдаанаараа заавал хэлэлцэнэ, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5-д Ерөнхий сайд дангаар шийдвэрлээгүй болон Засгийн газрын гишүүдээс эрхлэх асуудлаараа өөрсдөө тохиролцож чадаагүй саналын зөрөөг шийдвэрлэх асуудал гэж зааснаас үзэхэд энэ хэргийн маргаан бүхий асуудлыг Засгийн газрын хуралдаанаар заавал хэлэлцүүлэх асуудал биш байна;

“Өөрөөр хэлбэл, дээрх зохицуулалтын Засгийн газрын гишүүд эрхлэх асуудлаараа тохиролцож чадаагүй, саналын зөрөө үүссэн байх урьдчилсан нөхцөл бий болоогүй байх тул уг зохицуулалтыг энэхүү маргаанд хэрэглэхгүй юм,

“Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 7-д зааснаар Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд татварын бодлого, гаалийн бодлого, төсвийн орлого, зарлага, зарцуулалтын бодлого хамаарч, Барилга, хот байгуулалтын сайдын эрх хэмжээний хүрээнд хамааралгүй байх тул эрхлэх асуудлын хүрээнд саналын зөрөө үүссэн гэж үзэхгүй, ...” гэж тус тус дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасанд мөн хамаарч байх тул шүүхээс энэ асуудлыг дахин нотлохгүй.

Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “... Барилга хот байгуулалтын сайд нь дэмжсэн, Сангийн сайд хуулийн төсөл санаачлахаас татгалзсан тохиолдол үүсч байгаа тул Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “саналын зөрөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэний үндсэн дээр шийдвэрлэнэ” гэж зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Засгийн газарт шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх мэдэгдлийг хүргүүлэх замаар шүүхийн шийдвэр биелэгдэнэ” гэх агуулгатай тайлбарыг гарган маргасан нь үндэслэлгүй.

 

5. Хариуцагчийн гаргасан маргаан бүхий “2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Дансны гүйлгээг хаах тухай” 1 дугаар, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Дансны үлдэгдэл шилжүүлэх тухай” 2 албан бичгийн тухайд:

5.1. Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Замын-Үүд Гаалийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн “Хас” банкинд хүргүүлсэн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Дансны гүйлгээг хаах тухай” 1 дугаар албан бичгийн /хавтаст хэргийн 1 дэх боть, 99 дэх тал/ дагуу нэхэмжлэгч “М” ХХК-ийн “Хас” банк дахь 3 тоот дансыг орлого олох боломжтой байдлаар зарлагын гүйлгээг нь хаасан.

5.2. Үүний дараа мөн хариуцагч Замын-Үүд сум дахь Замын-Үүд Гаалийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Дансны үлдэгдэл шилжүүлэх тухай” 2 албан бичгийг /хавтаст хэргийн 1 дэх боть, 98 дахь тал/ мөн “Хас” банкинд хүргүүлсэн ба нэхэмжлэгч "М" ХХК-ийн тус банкинд байрших дансны үлдэгдэл мөнгийг Гаалийн ерөнхий газрын төрийн сан дахь 4 тоот дансанд шилжүүлэхийг “Хас” банкинд мэдэгджээ.

5.3. Дээрх албан бичгийн дагуу “Хас” банкнаас нэхэмжлэгч "М" ХХК-ийн 3 тоот дансанд байршиж байсан 121,909,729.43 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Гаалийн ерөнхий газрын дансанд шилжүүлсэн нь “Хас” банкны “Мемориалын ордер”-оор /хавтаст хэргийн 1 дэх боть, 53 дахь тал/ тогтоогдож байна.

Нэхэмжлэгчээс маргаан бүхий 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаар, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2 албан бичгүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын үндэслэлээ “... дээрх албан бичгүүдийн гаргахдаа нэхэмжлэгчид мэдэгдээгүй, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг, Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 2-т заасныг тус тус зөрчсөн, хариуцагч нь Гаалийн тухай хуулийн 2951 дугаар зүйлийн 2951.1 дэх заалтын дагуу татварыг нэхэмжилж, данс дахь мөнгөн хөрөнгийг татан авах эрхгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэх агуулгаар маргасан бол;

харин хариуцагчаас “... Засгийн газрын тогтоолыг үндэслэн байгуулсан нэхэмжлэгчийн татвар төлөх хугацааг хойшлуулах 3 талт гэрээний хугацаа дууссан, Сангийн сайдаас гэрээний хэрэгжилтийг хангаж, тус компаний гааль болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлүүлэх талаар удаа дараа чиглэл өгснийг Гаалийн байгууллага хэрэгжүүлэн ажилласан, хойшлуулсан татварыг төлөх үүрэгтэй гэж тогтоосон Хяналтын шатны захиргааны хэргийн дээд шүүхийн 2019 оны 64 дүгээр тогтоол байгаа, компанид татварыг төлүүлэх талаар удаа дараа мэдэгдсэн, маргаж байгаа албан бичгүүдийг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй, хуульд нийцсэн” гэх агуулгаар татгалзлаа үндэслэн маргасан.

5.4. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 317 дугаар тогтоолоор /хавтаст хэргийн 1 дэх боть, 102 дахь тал/ "Мо" төслийн хэрэгцээнд импортлох техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг 2 жилийн хугацаанд үе шаттайгаар хэсэгчлэн төлүүлэхээр зохицуулах, түүний үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд болон Сангийн сайдад даалгаж, төслийн хэрэгцээнд оруулж байгаа техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийг баталсан жагсаалтын дагуу гаалийн хилээр нэвтрүүлэхийг Гаалийн ерөнхий газрын даргад даалгажээ.

Үүний дараа мөн Засгийн газрын 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 191 дүгээр тогтоолоор /хавтаст хэргийн 1 дэх боть, 103 дахь тал/ Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 317 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн “2 жилийн хугацаанд үе шаттайгаар хэсэгчлэн төлүүлэхээр зохицуулах” гэснийг “төлөх хугацааг 2 жилээр сунгах” гэж өөрчилжээ.

Засгийн газрын 2015 оны 191 дүгээр тогтоолыг үндэслэн Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд, нөгөө талаас "Мо" төслийг хэрэгжүүлэгч "Сэнж Сант" ХХК нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 79/33/25 дугаартай "Албан татвар төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах тухай гурван талт гэрээ"-г /хавтаст хэргийн 1 дэх боть, 104-112 дахь тал/ байгуулсан ба улмаар уг гэрээнд мөн талуудын хооронд байгуулсан 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн гэрээгээр /хавтаст хэргийн 1 дэх боть, 113-114 дэх тал/ өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн татвар төлөх эцсийн хугацааг 2018 оны 09 дүгээр 30-ны өдөр байхаар тогтоосон ба татвар төлүүлэх, хураах үүргийг Гаалийн байгууллага хүлээхээр заасан байжээ.

5.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0663 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2019/0014 дугаар магадлалтай, нэхэмжлэгч "М" ХХК-ийн Гаалийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “гаалийн татвараас чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гаалийн албан татвараас чөлөөлсөн захиргааны акт гаргахыг Гаалийн ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 67 дугаар тогтоолоор хянан хэлэлцсэн шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон ба дээрх шүүхийн шийдвэрүүд нь уг маргаанд хамааралтай байна.

Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 67 дугаар тогтоолын “Хянавал” хэсгийн 21, 23 дахь хэсгүүдэд[7]

“... Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл, барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулж ирсэн техник, тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх биш харин 2 жилийн хугацаагаар татвар төлөхийг хойшлуулах эсхүл хэсэгчлэн төлүүлэхээр байх бөгөөд үүний дагуу гаалийн албан татвараас чөлөөлөхөөс татгалзсан захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч хуулийн этгээд нь гаалийн албан татвар төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй болно”,

“...Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Хөрөнгө оруулалтын тухай хууль, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд дотоодын барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор гаалийн албан татвараас чөлөөлөхөөр зохицуулсан тухай гомдол хууль зүйн үндэслэлгүй, Хөрөнгө оруулалтын хуульд заасан дэмжлэгийг эдлэх урьдчилсан нөхцөлийг хуулиар тусгайлан заасан буюу дээр дурдсанаар хөрөнгө оруулагчдад зөвхөн гаалийн албан татварыг төлөхийг хойшлуулах эсхүл хэсэгчлэн төлөх сонголтыг олгосон, нэхэмжлэгчээс энэхүү эрхээ эдэлж, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 317 дугаар тогтоолоор 2 жил хүртэл хэсэгчлэн төлөх, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 191 дүгээр тогтоолоор гэрээний сунгах зэргээр хуульд заасан дэмжлэгийг эдэлсэн байх тул нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй байна” гэж тус тус дүгнэсэн.

Иймээс нэхэмжлэгчээс “... татварыг нэхэмжлэх, данс дахь мөнгөн хөрөнгийг татан авах эрхгүй, 121,909,729 төгрөгийг татан авч манай компанийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол, мөнгөн хөрөнгөд ноцтой хохирол учруулсан, татвар төлөх үндэслэлгүй” гэх агуулгаар маргасан нь үндэслэлгүй.

Харин Гаалийн тухай хуулийн 2691 дүгээр зүйлийн 2691.1.3. “гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн болон бусад татвар, хураамжийг ногдуулах, хураах, албадан хураах, тэдгээрт хяналт тавих” гэж заасан үндсэн үүргээ хэрэгжүүлсэн хариуцагч Замын-Үүд дэх Гаалийн газрыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх ба “...нэхэмжлэгчийн татвар төлөх хугацааг хойшлуулах талаарх 3 талт гэрээний хугацаа дууссан, Сангийн сайдаас “гэрээний хэрэгжилтийг хангаж, тус компаний гааль болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлүүлэх талаар” удаа дараа өгсөн чиглэл, хуулийг хэрэгжүүлэн ажилласан, нэхэмжлэгч нь хойшлуулсан татварыг төлөх үүрэгтэй” гэх агуулгатай хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

5.6. Хариуцагчаас “илт хууль бус захиргааны акт” гэж тодорхойлон маргаж байгаа  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Замын-Үүд Гаалийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн “Хас” банкинд хүргүүлсэн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Дансны гүйлгээг хаах тухай” 1 дугаар, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Дансны үлдэгдэл шилжүүлэх тухай” 2 албан бичигт хариуцагч нь Гаалийн тухай хуулийн 2951 дүгээр зүйлийн 2951.1. “Гаалийн газар, хорооны даргын шийдвэрээр энэ хуулийн 290.1, 290.2, 291 дүгээр зүйлд заасан барааны үнийг болон 2931.1, 2931.2, 2941.1 дүгээр зүйлд заасан татвар, торгуулийг үл маргах журмаар холбогдох этгээдийн данснаас нь гаргуулан авч, улсын орлого болгох ба боломжгүй бол дансны гүйлгээг нь хаах буюу татвар, төлбөртэй тэнцэх хэмжээний эд хөрөнгийг нь битүүмжилнэ” гэж заасныг үндэслэл болгожээ.

Нэхэмжлэгчээс “...Гаалийн тухай хуулийн 2951.1 дэх заалт нь манай компанийн хууль ёсны дагуу зохих ёсоор бүрдүүлэлт хийн оруулж ирсэн барааны татварыг төлүүлэх харилцаанд огт хамааралгүй, уг заалтыг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн тул манайд үйлчлэхгүй зохицуулалт, уг заалтын дагуу татварыг нэхэмжилж, данс дахь мөнгөн хөрөнгийг татан авах эрх хариуцагчид байгаагүй тул маргаан бүхий актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6. “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж зааснаар илт хууль бус болно” гэх агуулгаар маргасан.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.6. “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заажээ.

Өмнөх 4.4-4.5 дахь хэсгийн “...2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 3 талт гэрээнд зааснаар нэхэмжлэгчийн татвар төлөх эцсийн хугацаа 2018 оны 09 дүгээр 30-ны өдөр дууссан тул хариуцагч нь Гаалийн тухай хуулийн 2691 дүгээр зүйлийн 2691.1.3. “гаалийн болон бусад татвар, хураамжийг ногдуулах, хураах, албадан хураах, тэдгээрт хяналт тавих” гэж хуульд заасан үндсэн үүргээ хэрэгжүүлсэн, хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч нь гаалийн албан татвар төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй нь нотлогдсон” талаарх дүгнэлтээр нэхэмжлэгчийн “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх үндэслэл үгүйсгэгдэж байна.

Өөрөөр хэлбэл 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаар, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2 албан бичгийг “Хас” банкинд хүргүүлж “дансны гүйлгээг хаах, дансны үлдэгдлийг шилжүүлэх авах” замаар нэхэмжлэгчид ногдуулсан гаалийн татварыг албадан хураасан нь хуульд нийцсэн байх тул “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж үзэх үндэслэлгүй.

Хариуцагчаас 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаар, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2 албан бичигтээ Гаалийн тухай хуулийн 2951.1 дүгээр зүйлийн 2951.1. “Гаалийн газар, хорооны даргын шийдвэрээр энэ хуулийн 290.1, 290.2, 291 дүгээр зүйлд заасан барааны үнийг болон 2931.1, 2931.2, 2941.1 дүгээр зүйлд заасан татвар, торгуулийг үл маргах журмаар холбогдох этгээдийн данснаас нь гаргуулан авч, улсын орлого болгох ба боломжгүй бол дансны гүйлгээг нь хаах буюу татвар, төлбөртэй тэнцэх хэмжээний эд хөрөнгийг нь битүүмжилнэ”, 2941.1. “Гаалийн болон бусад татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын үнийн дүнгээс хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн хүү ногдуулах ...” гэж заасныг баримталсан нь хуульд нийцсэн гэж үзнэ.

Мөн нэхэмжлэгчээс “... хуулийн 2951.1 дэх заалтыг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн тул манайд үйлчлэхгүй зохицуулалт” гэж маргасан нь үндэслэлгүй, учир нь нэхэмжлэгчийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 3 талт гэрээнд[8] зааснаар нэхэмжлэгчийн татвар төлөх эцсийн хугацаа 2018 оны 09 дүгээр 30-ны өдөр дуусгавар болсон тул 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баталж, мөн өдрөөс дагаж мөрдсөн[9] хуулийн заалтыг баримталсан нь эрх зүйн зөрчилгүй гэж үзнэ.

            Мөн нэхэмжлэгчээс маргаан бүхий албан бичгүүдийг хариуцагчаас огт мэдэгдээгүй гэж маргасан нь үндэслэлгүй байна.

 

            Учир нь хариуцагч Замын-Үүд дэх Гаалийн газраас “төлөх хугацаа нь хэтэрсэн татварын өрийг барагдуулах” талаарх мэдэгдэл, нэхэмжлэхүүдийг хүргүүлж байсан болох нь Гаалийн ерөнхий газрын харьяа Дорноговь аймгийн Замын-Үүдийн Гаалийн газрын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01/151, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01/329 дугаар, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 01/512, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 501 дүгээр албан бичгээр /хавтаст хэргийн 1 дэх боть, 62-66 дахь тал/ тус тус тогтоогдож байна.

Иймээс хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1. “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

 

6. Дээрхийг бүхэлд нь дүгнэвэл хариуцагч Замын-Үүдийн Гаалийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1 тоот албан бичиг, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2 тоот албан бичгүүдийг Гаалийн тухай хуульд заасан “ногдуулсан гаалийн татварыг албадан хураах, хураах, албадан хураах, тэдгээрт хяналт тавих” үндсэн чиг үүргийнхээ хүрээнд гаргасан бөгөөд энэ нь хуульд нийцсэн байна.

Иймээс “М” ХХК-ийн Гаалийн Ерөнхий Газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газарт холбогдуулан гаргасан “... “М" ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан техник, тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад даалган шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн гаргасан шийдвэр, тогтоолын биелэлт хангагдаагүй байхад Замын-Үүд дэх Гаалийн газар нь Гаалийн тухай хуулийн 2951 дугаар зүйлийн 2951.1 дэх заалтыг баримтлан Захиргааны ерөнхий хуулийн 43.1, 47.1.6 дахь заалтыг тус тус зөрчин манай компаний арилжааны банк дахь мөнгөн хөрөнгийг битүүмжлэн, шилжүүлэн авах захиргааны акт гаргаж байх тул 2024 оны 09 сарын 19-ний өдрийн 1 тоот захиргааны акт, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2 тоот захиргааны актуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн бөгөөд маргааны үндэслэлд хамааралгүй зарим баримтуудыг болон шүүхийн шийдвэрүүдийг тус тус үнэлээгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гаалийн тухай хуулийн 2691 дүгээр зүйлийн 2691.1.3, 2951 дүгээр зүйлийн 2951.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Гаалийн ерөнхий газрын харьяа Дорноговь аймгийн Замын-Үүдийн Гаалийн газарт холбогдуулан гаргасан “... “М" ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан техник, тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад даалган шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн гаргасан шийдвэр, тогтоолын биелэлт хангагдаагүй байхад Замын-Үүд дэх Гаалийн газар нь Гаалийн тухай хуулийн 2951 дугаар зүйлийн 2951.1 дэх заалтыг баримтлан Захиргааны ерөнхий хуулийн 43.1, 47.1.6 дахь заалтыг тус тус зөрчин манай компаний арилжааны банк дахь мөнгөн хөрөнгийг битүүмжлэн, шилжүүлэн авах захиргааны акт гаргаж байх тул 2024 оны 09 сарын 19-ний өдрийн 1 тоот захиргааны акт, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2 тоот захиргааны актуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ОТГОНТУЯА

 

[1] Хавтаст хэргийн 1 дэх боть, 76-79 дэх тал

[2] Хавтаст хэргийн 1 дэх боть, 14-33 дахь тал

[3] Хавтаст хэргийн 1 дэх боть, 34-39 дэх тал

[4] Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болгон өөрчилсөн

[5] Хавтаст хэргийн 1 дэх боть, 42 дахь тал, арын нүүр

[6] Хавтаст хэргийн 1 дэх боть, 42 дахь тал 

[7] Хавтаст хэргийн 1 дэх боть 120-121 дэх тал

[8] Хавтаст хэргийн 1 дэх боть, 113 дахь тал, гэрээний 1.3 дахь заалт

[9] 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр баталсан Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйл, мөн өдөр баталсан Монгол улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар уг заалтыг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн