Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/ма2022/00840

 

М Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2022/00212 дугаар шийдвэртэй, М Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй, М ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт төлбөр 68,178,720 төгрөг, алданги 34,089,360 төгрөг, нийт 102,268,080 төгрөг гаргуулах үндсэн, зардалд 227,526,527 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутай, түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Анхбаатар, С.Ариунжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: М Ж ХХК нь М ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр №МР-МНЖ/01 тоот Өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ тухай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тус компанийн захиалгаар 2020 оны 10 дугаар сарын 13-наас 2020 оны 12 дугаар сарын 31-ний дотор +++нутагт орших төмөр замын ухмал өрөмдлөг тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлж, захиалагч гэрээт ажлын үнийг төлж барагдуулахаар тохиролцсон. Нийт ажлын төлбөр 660,150,400 төгрөгийг төлөхөөс 591,971,680 төгрөг төлж, үлдэх 68,178,720 төгрөгийг төлөөгүй. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д зааснаар алдангид 34,089,360 төгрөг шаардаж байна. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр, алданги, нийт 102,268,080 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Хатуу ухмалын өрөмдлөг, тэсэлгээний ажлыг гүйцэтгэгч талын тооцоо, тооцооллын дагуу 5 цэгт хийж гүйцэтгэхээр тохиролцон 5-н тэсэлгээний ажлын паспорт №МП-М20/01-20/05 гэсэн паспортын дагуу хийлгэсэн. Дээрх ажлын паспорт нь тухайн тэсэлгээний ажил ямар нэгэн зөрчилгүй хэвийн тэсэлгээ явагдсан гэдгийг тогтоох бөгөөд уг ажлын тоо хэмжээний дагуу бүрэн гүйцэтгэсэн гэсэн ажлын үр дүнг хүлээлцсэн эцсийн акт нотолгоо биш. Тэсэлж цул материалыг зайлуулах хугацаа нь 3-4 сарын хугацаанд үргэлжилж, уг цул материалыг ухаж гаргаж авсны дараа шалгаж үзэхэд дээрх гэрээний м.куб хүрээгүй. Ерөнхий гүйцэтгэгч /Бодь-Интернэшнл ХХК/-иас 216,646,39 м.куб байсныг М Ж ХХК-тай тохиролцохдоо 36,752,61 м.куб-ээр ихэсгэж 253,400 м.куб болгон нэмэгдүүлж гэрээлсэн. Учир нь тэсэлгээ хийсний дараа цул материалыг ухаж зайлуулж дуусахад зураг төслийн хэмжээ бүрэн гарч, хатуу тэслэгдээгүй хажуу налууд болон ул үлдэхгүй байна гэж тохирсны дагуу илүү эзлэхүүнээр тохирсон. Гэрээний тоо хэмжээнд хүрч биелэгдээгүй байсан бөгөөд ерөнхий гүйцэтгэгч компаниас манай дээр ирж хэмжиж үзэхэд ухмалын хэсэгт ПК2+260-ПК3+240 хооронд нийт 8,240.69 м.куб хатуу ул үлдсэн байсан. Үлдсэн хатуу ул 8,240,69 м.куб хэрхэх талаар 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тэсэлгээ хийгдэж ухаж дууссаны дараа талбай дээр ирж уулзалт хийж, уулзалтад М Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Алтанбагана, талбайн инженер Н.Лхамсүрэн нар М ХХК-аас зам, барилга хариуцсан захирал Э.Анхбаатар, ерөнхий инженер П.Хүрэлбаатар, талбайн инженер Б.Даваабаяр нар байлцаж бодит байдалтай танилцаж хатуу ул үлдсэнийг тодорхойлоод М Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Алтанбагана нь одоо ахиж тэсэлгээ хийх боломжгүй талбай байна, манайхаас техник гаргаж хатуу улыг суллаж өгөхөөр тохиролцоод явсан. Ингээд манай зүгээс үлдсэн ажлаа хийж дуусгаад өгөөч гэсэн албан бичгийг 2021 оны 03 дугаар сарын 19-нд хүргүүлсэн байдаг. Гэвч гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй явсаар шүүхэд хандсан байсан. Бидний зүгээс хугацаатай ажил тул үлдсэн ухмалын хатуу тэсрээгүй улыг гаргаж зургийн төлөвлөсөн түвшинд хүргэхийн тулд нэмэлтээр түрээсийн техник татсан. Ажил гүйцэтгэж дуусах хугацаа 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөх хугацаа хэтрэх, төлөвлөсөн хугацаандаа амжихааргүй болсон. Тус тэсрээгүй хатуу ул, шуудуу, налуу зэргийн дутуу үлдсэн ажлыг 2021 оны 06 дугаар сарын 15 хүртэл хийж гүйцэтгэсэн. М Ж ХХК-аас гэрээний үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй. Иймд 102,268,080.00 төгрөгийн төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.  

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ...Бидний зүгээс үлдсэн ухмалын хатуу тэсрээгүй улыг гаргаж зургийн төлөвлөсөн түвшинд хүргэхийн тулд нэмэлтээр түрээсийн техник татсан. Ажил гүйцэтгэж дуусах хугацаа буюу ерөнхий гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний дагуу 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөх хугацаа хэтрэх, төлөвлөсөн хугацаандаа амжихааргүй болсон. Тус тэсрээгүй хатуу ул, шуудуу, налуу зэргийн дутуу үлдсэн ажлыг 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэн ерөнхий гүйцэтгэгч Б и ХХК-д 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгсөн. М Ж ХХК-аас гэрээний үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй. Манай зүгээс техникийн түрээс 133,000,000 төгрөг, шатахууны зардалд 94,526,527 төгрөгнийт 227,526,527 төгрөгийн бодит зардал гаргасан тул уг мөнгийг М Ж ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулгаХариуцагчийн тайлбар болон сөрөг нэхэмжлэлд ажил гүйцэтгэх гэрээнд заагдаагүй ажил болох хатуу ул гэх ажлыг нэхэмжлэгч гүйцэтгэх байсан мэтээр тайлбарласан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйл 343.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, үндэслэлгүй тайлбар, сөрөг нэхэмжлэл болжээ. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 1.3, 3.2.3, 3.2.4. 3.2.10-т тус тус зааснаар захиалагч талаас гарган өгсөн ажлын төлөвлөгөө. ажлын паспортын дагуу боловсруулсан уул геологи, уул техникийн өгөгдөл бүхий өрөмдсөн цооногийн зураглалын дагуу, захиалагчаас томилсон эрх бүхий ажилтны хяналт дор ажлыг гүйцэтгэж, тэсэлгээний ажлын паспорт МП-М20/01-ээс МП-М20/05 хүртэлх 5 блок ажлын паспортын дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн ба тус паспортод захиалагч М ХХК-аас гарган өгсөн өрөмдлөгийн ажлыг цооногийн диаметрийн хэмжээ, цооног хоорондын зай, цооногийн тоо, цооногийн дундаж гүнд заасны дагуу өрөмдлөгийн ажил хийгдэж, тэсэлгээ амжилттай хийгдсэн байх ба энэхүү ажлын үр дүнг ажлын паспортоор талууд хүлээлцсэн байнаМөн талууд 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийг нэгтгэн 253,904 м.куб тэсэлгээний ажил, мөн тэсрэх материалын зарцуулалтын хамтаар нэгтгэн актаар хүлээлцсэн нь тогтоогдож байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч М ХХК-иас 70,633,153.92 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М Ж ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31,634,926.08 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 352 дугаар зүйлийн 352.4, 353 дугаар зүйлийн 353.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч М Ж ХХК-иас 227,526,527 төгрөг гаргуулах тухай хариуцагч М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М Ж ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 669,300 төгрөг, хариуцагч М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 1,295,584 төгрөгийг тус тус улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 511,116 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М Ж ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрт алдангийг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 21/237 тоот мэдэгдлээр мэдэгдсэн гэж дүгнэн алдангийг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тооцож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч ажлыг гүйцэтгэж дууссанаар ажлын пасспорт болох 20/05 пасспортын хамтаар нэхэмжлэхийг хариуцагч талд 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүргүүлсэн боловч хариуцагчаас төлбөрийг төлөх хугацааг хойшлуулсаар ирсэн. Энэ тухай шүүх хуралдааны үеэр хариуцагчийн төлөөлөгч нар ч төлбөрийн нэхэмжлэхийг хүлээн авсан. Бид төлбөрийг сул шороог зайлуулж дуусахаар төлнө гээд төлбөрийг хойшлуулсан гэж мэдүүлсэн байдаг. Энэ нь төлбөрийн нэхэмжлэх ирсэн, төлбөр төлөх үүрэгтэйгээ ухамсарласан байсан гэдгийг тогтоож байгаа. Нэхэмжлэх хүлээн авсан боловч төлбөр төлөөгүй нь Иргэний хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээний 2.5 дах хэсэгт заасныг заасныг зөрчсөн. Гэвч хариуцагчаас төлбөр хийгдээгүй тул алдангийг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр тооцсон. Гэвч шүүх нэхэмжлэхийг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр хүргүүлснийг үнэлээгүй, 2021 оны 06 дугаар сард хүргүүлснээр дүгнэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 31,634,926 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагчаас гаргасан хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

8. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Бидний зүгээс 8240,69 м.куб хатуу ул зайлуулахад 227,526,527 төгрөгийн бодит зардал гаргасан байхад шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Шүүх хуралдааны явцад бид шүүгчид шинжээч томилуулах талаар амаар хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй, өөрөөр хэлбэл оролцогчид шүүх хуралдааны аль ч шатанд хүсэлт гаргах эрхтэй гэж ойлгож байна. Гэрээнд 5 цэгт нийт 253,400,0м3 шороо ухмал, чулуулаг тэсэлгээ хийнэ гэж тоо хэмжээг нь маш тодорхой заасан. Гэвч тухайн тэсэлсэн талбайн шороо зайлуулж дуусаад үзэхэд тэр гэрээний тоо хэмжээндээ хүрээгүй байгааг шүүх анхаарч үзээгүй нь нэг талыг барьсан гэж үзэх үндэс болсон. Мөн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хүлээж аваагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

9. Нэхэмжлэгчээс гаргасан хариу тайлбарын агуулга: Хариуцагч талын давж заалдах гомдлыг М ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гаргасан гэж үзэхгүй байна. Анхан шатны шүүх дээр давж заалдах гомдол дээрхтэй адилхан гарын үсэгтэй итгэмжлэл ирсэн. Тухайн гарын үсэг нь н.Мөнхбаатарын гарын үсэг биш, хэрэгт авагдсан баримтаас харахад түүний гарын үсэг Хятад ханзаар бичигдсэн байдаг. Анхан шатны шүүхээс хариуцагч талд итгэмжлэл солихыг даалгасан. Гэтэл давж заалдах журмаар гаргасан гомдолд тухайн итгэмжлэл дээрх гарын үсэг зурагдсан байгаа учраас н.Мөнхбаатарын гарын үсэг биш гэж үзэж байна. Хариуцагч талаас гаргаж өгсөн 3 удаагийн баримт нь нотлох баримтын шаардлага хангадаггүй, зарим баримт давхардсан буруу баримт байсан. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь нотлогдохгүй, үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчдын гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч М Ж ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт үндсэн төлбөрийн үлдэгдэл 68,178,720 төгрөг, алданги 34,089,360 төгрөг, нийт 102,268,080 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, үндэслэлээ хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу гэрээнд заасан өрөмдлөг, тэсэлгээний ажлыг хугацаанд нь бүрэн гүйцэтгэсэн, хариуцагч нь ажлын хөлс төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэсэн агуулгаар тайлбарлажээ. /хх1-2, 2хх 54-85/

Хариуцагч М ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ гэрээнд заасан ажлын хувьд гэрээний тоо хэмжээнд хүрч биелэгдээгүй, ухмалын хэсэгт ПК2+260-ПК3+240 хооронд нийт 8,240.69 м.куб хатуу ул үлдсэн гэж марган, ажлын үр дүн доголдолтой байсан тул ухмалын хатуу тэсрээгүй улыг нэмэлтээр түрээсийн техник татаж, дутуу үлдсэн ажлыг өөрсдөө хийж гүйцэтгэн хохирол хүлээсэн гэсэн үндэслэл заан М Ж ХХК-аас 227,526,527 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргасан байна. /1хх 18-21, 2хх 54-85/

 

3. Зохигчдын хооронд 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр МР-МН/01 дугаартай Өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч М Ж ХХК нь +++ нутагт орших замын ухмалын өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээ /тэслэгдэх уулын цулын хэмжээ 100,000 м.куб/-г 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 3 сарын хугацаатай гүйцэтгэх, хариуцагч М ХХК нь ажлын хөлсөд 1 м.куб уулын цулыг 75,000 м.кубээс дээш бол 2,860 төгрөг /НӨАТ орсон/-өөр, урьдчилгаа төлбөр болох 20,000 м.куб уулын цулын өрөмдлөг, тэсэлгээний ажлын төлбөрийг хоёр тал гарын үсэг зурж, ажил эхлэхээс өмнө төлж, үлдэгдэл төлбөрийг ажил эхэлсний дараа блок тус бүрээр гүйцэтгэл гарсны дараа нэхэмжлэхийн дагуу ажлын 5 хоногийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон үйл баримт тогтоогдсон байна. /1хх 5-10/

 

Зохигчид гэрээ байгуулсан үйл баримтын талаар маргаагүй бөгөөд анхан шатны шүүх зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцжээ.

 

4. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.3-т ажил гүйцэтгүүлэгч тухайн хугацааны гүйцэтгэсэн ажлыг хоёр талын холбогдох албан тушаалтнуудын гаргаж баталгаажуулсан актын дагуу хүлээн авч, төлбөрийг гэрээгээр тохиролцсон нөхцөлөөр нэхэмжилсэн хугацаанд төлнө гэж заасан байна. Хэргийн 179 дүгээр талд авагдсан Төмөр замын доод суурийн өрөмдлөг, тэсэлгээний ажлын гүйцэтгэл гэх бичгийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч М Ж ХХК нь тэсэлгээний ажлын паспорт №МП-М 20/01, №МП-М 20/02, №МП-М 20/03, №МП-М 20/03, №МП-М 20/04, №МП-М 20/05-д заагдсан 253,900 м.куб уулын цулд өрөмдлөг, тэсэлгээ хийсэн болох тогтоогдсон байна.

 

Иймд нэхэмжлэгч М Ж ХХК нь гүйцэтгэсэн ажлын хөлсөө Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.1-т зааснаар гүйцэтгэсэн ажлын хөлсийг зохих журмын дагуу төлөх үүрэгтэй.

 

Өөрөөр хэлбэл, дээрх Төмөр замын доод суурийн өрөмдлөг, тэсэлгээний ажлын гүйцэтгэл-ийн актаар нэхэмжлэгч М Ж ХХК-ийн хийж гүйцэтгэсэн тэсэлгээний ажлын гүйцэтгэлийг нарийвчлан тогтоож, хариуцагч М ХХК-ийг төлөөлөн тус компанийн инженер Б.Даваабаяр гарын үсэг зурсан байна. Иймд нэхэмжлэгч М Ж ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил буюу ажлын үр дүнг 253,900 м.куб талбай тэсэлсэн гэж үзэх үндэслэлтэй. Тэсэлгээний ажлын хувьд хатуу ул үлдсэн гэх нөхцөл байдал нь уг ажлыг хийсэн гэдгийг үгүйсгэх, гүйцэтгэсэн ажлыг доголдолтой гэж үзэх, улмаар гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй.

 

Түүнчлэн, талууд тэсэлгээний ажлын үр дүнгийн талаар тохиролцохдоо хэмжээг хэрхэн тооцох талаар нарийвчлан тохиролцоогүй байна. Өөрөөр хэлбэл тэслэгдсэн хэсгийн улны хэмжээг хэрхэн хэмжих талаар гэрээнд тодорхой заагаагүй байх тул тэслэгдээгүй үлдсэн хатуу улыг бусдаар хийж гүйцэтгүүлсэн нь гэрээний төлбөрийг төлөхөөс татгалзах, мөн гүйцэтгэвэл зохих ажлыг дутуу гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргааныг тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээний агуулгад нийцүүлэн үндэслэлтэй дүгнэсэн байна. Иймд гүйцэтгэсэн ажлын үр дүн гэрээнд заасан тоо хэмжээнд хүрээгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

5. Ажлын хөлсний үлдэгдэл 68,178,720 төгрөгийн үнийн дүнд талууд маргаангүй бөгөөд анхан шатны шүүх алдангийн хэмжээг 2,454,433.92 төгрөгөөр тооцсон нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.3, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь гүйцэтгэвэл зохих үүрэг буюу ажлын хөлс төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд тухайн ажлыг хүлээлцсэн өдрөөс алданги тооцох талаар талууд тохиролцоогүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч М Ж ХХК-ийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2022/00212 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 316,124 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 1,295,584 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                   Ц.ИЧИНХОРЛОО

Д.ЦОГТСАЙХАН