Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2026/0641

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.Г /РД:/*******/

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга

Маргааны төрөл: Албан тушаалаас халсантай холбоотой төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, Н.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Равжаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.Г нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/640 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс албан тушаалд эгүүлэн томилох хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор тооцож олгох, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, тайлагнахыг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа сүүлийн байдлаар тодруулан маргасан.

1.1. Нэхэмжлэгч Л.Гээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/640 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр тус шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШЗ2026/1512 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

1.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.Гээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Л.Гийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс албан тушаалд эгүүлэн томилох хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор тооцож олгох, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, тайлагнахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн.

2. Нэхэмжлэгч нь анх Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын даргын 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 60 дугаартай тушаалаар Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын Бүртгэлийн хэлтэст эрхийн улсын бүртгэгчээр томилогдсон ба Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Л.Гийг ажлаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Б/149 дугаар тушаалаар шүүхэд нэхэмжлэл гарган маргаж буй албан тушаал болох Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчээр томилогджээ.

2.1. Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаас 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/640 дугаар тушаалаар Л.Гийг улсын бүртгэлийн хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтыг зөрчин бүртгэл хөтөлсөн нь дотоод хяналт шалгалт, холбогдох баримтаар тогтоогдсон гэх үндэслэлээр 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаас нь халсан маргаан бүхий захиргааны актыг гаргасан.

2.2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны Б/640 дугаар тушаалыг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад Төрийн албаны зөвлөлийн 2026 оны 25 дугаар тогтоолоор маргаан бүхий захиргааны акт нь Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчөөгүй гэж үзэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэсэн, нэхэмжлэгч Л.Г нь 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлэийн шаардлагын үндэслэлдээ: Нэхэмжлэгч Л.Г нь 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт улсын бүртгэгчээр анх ажилд орж, тэр цагаас хойш улсын бүртгэгчээр тасралтгүй ажиллаж байсан бөгөөд 2020 оноос Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/640 дугаартай тушаалаар албан тушаалаас халагдсан. Уг тушаалын үндэслэлийг хууль бус гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч эхлээд урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу Төрийн албаны зөвлөлд хандсан боловч зөвлөл гомдлыг хүлээж аваагүй тул шүүхэд хандсан. Маргаан бүхий тушаалын үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.18 дэх хэсэг болон 39 дүгээр зүйлийн 39.1.3, 39.1.18 дахь хэсэг, мөн Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-т заасан заалт болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 1/1 дугаар албан даалгавар бөгөөд Л.Г намайг улсын бүртгэлийн хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтыг зөрчин бүртгэл хөтөлсөн нь дотоод хяналт шалгалт, холбогдох баримтаар тогтоогдсон гэж шийдвэрлэснийг хууль, тогтоомжийг ноцтой зөрчсөн шийдвэр гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах тухай зохицуулсан ба 47.1.4-т "энэ хуульд заасан бусад үндэслэл" гэж зохицуулсныг тушаалын үндэслэл болгосон байх боловч Төрийн албаны тухай хуулийн аль зүйл, хэсэгт заасан үндэслэл байгааг тодорхой дурьдаагүй байна. Хууль зүй дотоод хэргийн сайдын 2024 оны 1/1 дугаар албан даалгаврыг үндэслэсэн ба тус албан даалгаварын 1 дэх хэсэгт Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Д*******д: 1.2-т "Хууль тогтоомж зөрчин тухайн мэдүүлгийг улсын бүртгэлд бүртгэсэн улсын бүртгэгч Л.Гэд хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар зохих арга хэмжээг авах" гэж үүрэг болгосон байгааг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга биелүүлж, хуульд заасан үндэслэлгүйгээр намайг төрийн жинхэнэ албанаас халах тухай шийдвэрийг гаргасан. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 дугаартай Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай албан даалгаврын үндэслэл болох "Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/400 дугаар тушаалаар байгуулсан Ажлын хэсгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг таслан зогсоох, шударга ил тод хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, төрийн байгууллагад ажлын хариуцлага, сахилга дэг журмыг чангатгах зорилгоор... гэж байгаагаас үзвэл “Улсын бүртгэлийн Ү- дугаартай Сүхбаатар дүүргийн , Соёл амралтын хүрээлэн /14242/ Ол тоот хаягт байрлах 14,386.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө 170 хувийн гүйцэтгэлтэй буюу дуусаагүй барилга/-ийн хамтран өмчлөгчөөс Х ХХК-ийг хасаж, А ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн улсын бүртгэлийг хийхдээ улсын бүртгэгчийн албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтыг зөрчин бүртгэл хөтөлсөн” гэж ажлаас халах шийдвэр гаргасан гэж ойлгож байна. Гэтэл энэхүү зөрчил гаргасан гэх бүртгэл нь 2015 онд хийгдсэн, түүнээс хойш 2023 оныг хүртэл Х ХХК-иас бүртгэлтэй холбоотой ямар нэгэн санал, гомдол гаргаж байгаагүй юм. Харин Х ХХК болон А ХХК нарын хоорондын өглөг, авлагын асуудлаас шалтгаалан 2023 онд өмнөх бүртгэлийн талаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасныг хяналт шалгалт хийж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн012 дугаартай дүгнэлтээр тухайн бүртгэл нь улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж тодорхойлсон байдаг. Мөн Хяналт шалгалтын газраас удаа дараа уг бүртгэлтэй холбоотой хяналт шалгалт хийж дээрх үндэслэл бүхий хариуг холбогдох этгээдүүдэд хүргүүлж байсан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд тухайн бүртгэлийг хууль тогтоомж зөрчиж бүртгэсэн гэх асуудлаар шүүхээр шийдвэрлэгдсэн шийдвэр, тогтоол байхгүй байна.

Гэтэл 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/640 дугаартай тушаалд “Лийн Г улсын бүртгэлийн хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтыг зөрчин бүртгэл хөтөлсөн нь дотоод хяналт шалгалт, холбогдох баримтаар тогтоогдсон” гэж тодорхойлсон боловч дотоод хяналт шалгалтын акт, дүгнэлтийг надад огт танилцуулаагүй бөгөөд Улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хууль, тогтоомжийг хэрхэн зөрчсөн болохыг огт мэдэхгүй байна. 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ажлаас халах тухай тушаал гарсан. 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр албан даалгаврын биелэлтийг хангах чиглэлээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн даргад танилцуулсан илтгэх хуудас гэх баримтыг уншуулсан байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга тушаал гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж заасныг зөрчсөн ба 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр албан тушаалаас халах тухай шийдвэрийн талаар амаар мэдэгдсэн боловч шийдвэр гаргаж байгаа үндэслэл, дотоод хяналт шалгалтын акт, дүгнэлтийг огт танилцуулаагүй юм. Намайг албан тушаалаас халж буй үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл /Төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг/ 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 37.1.18-д “хууль тогтоомжид заасан бусад үүрэг” 39 дүгээр зүйл Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл/ 39.1.18-д “хууль тогтоомжид заасан бусад” гэсэн зохицуулалт байх бөгөөд хууль тогтоомжид заасан бусад гэдэгт ямар хууль тогтоомжийн ямар зүйл заалт болохыг сонсох ажиллагааны явцад болон дотоод хяналт шалгалт, холбогдох баримтууд гэх зүйлд ч тодорхойлж тусгаагүй байсан тул би албан тушаалын тодорхойлолтын болон хуулийг хэрхэн зөрчиж, зөрчил гаргасан болохоо мэдэхгүй байна. Л.Г намайг албан тушаалаас халж буй зөрчил гэх үйл баримт нь 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хийгдсэн улсын бүртгэл, энэ талаар 7 жилийн дараа гаргасан гомдолд Х ХХК-ийг үндэслэн хийгдсэн 2023 оны хяналт шалгалтын акт, 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан Даалгавар байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасныг ноцтой зөрчиж байна. Өөрөөр хэлбэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтаар хууль тогтоомж зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй одоогоос 10 жилийн өмнө хийгдсэн бүртгэл байгаад түүнийг илрүүлсэн гэх 2023 оны сайдын томилсон ажлын хэсгийн дүгнэлт гарснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн байгаа юм. Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” гэж заасан байтал Л.Г намайг хуульд заасан үндэслэлгүйгээр албан тушаалаас халсанд гомдолтой байна. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/640 дугаартай Л.Гийг албан тушаалаас халах тухай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5, 49 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий Улын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаал нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1.1 дугаартай албан даалгаврыг үндэслэсэн байдаг. Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гаргасан илтгэх хуудасны дагуу Л.Г нь Сүхбаатар дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст ажиллаж байхдаа 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр дугаартай, Сүхбаатар дүүргийн , Соёл амралтын хүрээлэн, Ол тоот хаягт байрлах, 14,386 метр квадрат талбайн 10-аас метр квадратыг эзлэх, үйлчилгээний зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй буюу барилгын ажил дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг хамтран өмчлөгчдийн дундаас Х******* ХХК-ийг хасаж, өмчлөх эрхийг өөр компанийн нэр дээр шилжүүлэн бүртгэсэн. Энэ бүртгэлийг хууль зөрчиж хийсэн гэсэн үндэслэлээр дээрх тушаал гарсан байна. Гэвч уг бүртгэлийг хууль зөрчиж хийсэн гэдэг талаар шүүхийн аль ч шийдвэр гараагүй байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч нарын дүгнэлт ч байхгүй. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль болон Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг зөрчиж бүртгэгдсэн эсэх тухай хууль ёсны дүгнэлт байхгүй нөхцөлд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 400 дугаартай тушаалаар батлагдсан ажлын хэсгийн илтгэх хуудсыг үндэслэн, дараа нь тус илтгэх хуудасны дагуу гарсан сайдын албан даалгавар, улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын гаргуулсан ажлын хэсгийн илтгэх хуудаснуудад Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн байна. Хугацааны болон үйл баримтын хувьд авч үзвэл, Л.Г зөрчил гаргаагүй гэж маргаж байгаа хэдий ч зөрчил гаргасан гэж үзэх тохиолдолд ч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрчихсөн байна. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ноогдуулах буюу тухайн зөрчилтэй холбогдуулан төрийн албанаас халах шийдвэр гаргах хугацаа дууссан байна. Хуульд зааснаар зөрчил гаргаснаас хойш 6 сарын, харин зөрчлийг илрүүлснээс хойш 1 жилийн дотор хариуцлага хүлээлгэх эрх олгогдсон байхад энэ хугацааг зөрчиж тушаал гарсан. 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн012 дугаартай дүгнэлт байдаг бөгөөд энэ нь тухайн бүртгэлтэй холбоотой юм. Энэхүү дүгнэлт нь өмнөх болон дараа нь хийгдсэн бүх холбогдох бүртгэлүүдийн талаар гурван эрх бүхий байцаагчийн бүрэлдэхүүнтэйгээр гаргасан хамгийн сүүлийн дүгнэлт бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий этгээдийн гаргасан хууль ёсны дүгнэлт юм. Уг дүгнэлтээр тухайн үеийн болон түүнээс хойших бүртгэлүүд хууль зөрчөөгүй гэж дүгнэгдсэн бөгөөд Х******* ХХК-ийн гомдлыг хангахгүй орхисон шийдвэр гаргасан байна. Гэвч Х******* ХХК өнөөдрийг хүртэл уг улсын байцаагчийн дүгнэлт болон 2025 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн улсын бүртгэлийг хууль зөрчсөн тухай Захиргааны хэргийн шүүхэд хандаагүй байна. Хуулийн дагуу тухайн бүртгэл хууль бус болохыг тогтоох цорын ганц эрх бүхий этгээд нь Захиргааны хэргийн шүүх байдаг бөгөөд тийнхүү хандаагүй байгаа нь ойлгомжгүй юм. Хэрэв үнэхээр хууль зөрчсөн бол шүүхэд хандаж шийдвэрээр албажуулах ёстой байтал ийм шийдвэр гараагүй байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан эрх бүхий этгээдүүдийн дүгнэлт гараагүй байхад хэрэгжүүлэгч агентлагийн сайдын албан даалгавар болон агентлагийн даргын томилсон ажлын хэсгийн илтгэх хуудсаар үндэслэн энэ хүнд хариуцлага тооцож ажлаас халсан нь өөрөө хууль бус юм. Ерөнхийдөө тушаалын үндэслэл нь 2015 онд ажиллаж байх үеийн ажлын байрны зорилго, зорилтыг үндэслэсэн боловч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль болон тухайн үед мөрдөгдөж байсан журамд яг ямар заалтыг зөрчсөн болохыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас өнөөдрийг хүртэл тодорхой тайлбарлаагүй байна. Иймд хуульд заасан үндэслэлгүйгээр захиргааны шийдвэр гарсан гэж үзэж, Б/640 дугаартай тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан даалгаврын 2 дахь хэсэг буюу Гэд холбогдох хэсгийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх энэ хэсгийг илт хууль бус гэсэн шийдвэр гаргаж, уг шийдвэрийг энэ хэрэгт нотлох баримт болгон өгсөн болно. Тухайн шийдвэрт ч мөн зөрчил гаргасан тухай үйл баримтыг тогтоох эрх бүхий субъект нь холбогдох сайд бус болохыг дурдсан байна. Тиймээс эрх хэмжээгүй этгээдийн албан даалгавраар төрийн албан хаагчид хариуцлага тооцсон шийдвэрийг илт үндэслэлгүй гэж дүгнэсэн байна.

Ерөнхийд нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалын үндэслэлүүд нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13 дахь хэсэгт заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийг хангалттай биелүүлээгүй”, 37.1.18 дахь хэсэгт заасан “хууль тогтоомжид заасан бусад үүрэг”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3 дахь хэсэгт заасан “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.18 дахь хэсэгт заасан “хууль тогтоомжид заасан бусад”, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4 дэх хэсэгт заасан “хуульд заасан бусад үндэслэл” гэсэн ерөнхий шинжтэй заалтуудаас бүрддэг бөгөөд эдгээр "бусад" гэсэн ерөнхий үндэслэлийн цаана яг ямар хууль тогтоомжийг, ямар заалтыг зөрчсөн болохыг тодорхойгүй орхисон, сонсох ажиллагааны тэмдэглэл болон илтгэх хуудсанд ч энэ тухай тодорхой дурдаагүй байна. Иймд ерөнхийдөө үндэслэлгүйгээр захиргааны шийдвэр гаргасан гэж үзэж байна. Дээрх үндэслэлээр маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож, Л.Гийг урьд эрхэлж байсан ажлын байранд эргүүлэн томилуулах, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн тайлагнуулах талаар хариуцагчид даалгаж өгнө үү.” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Л.Гийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/640 дугаартай тушаалыг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байна. Иргэн Л.Гийн улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа бүртгэсэн бүртгэлээс үүссэн эд хөрөнгө өмчлөх эрхийн маргаан нь одоог хүртэлх хугацаанд үргэлжилж байгаа бөгөөд анх Х******* ХХК-аас улсын бүртгэлтэй холбоотой гомдлыг төрийн бүхий л шатны байгууллагад гомдол гаргаснаар Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 160 дугаартай тогтоолоор компанийн хөрөнгө оруулагчийг залилсан, улсын бүртгэлийн үйл ажиллагаа хууль зөрчсөн талаарх гомдлыг шийдвэрлэхээр Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгасан байдаг. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудалд хамаарах улсын бүртгэлийн үйл ажиллагаа хууль зөрчиж, тус компанийн эрх ашгийг ноцтойгоор хохироосон талаар тус яаманд удаа дараа гаргасан гомдлыг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/400 дугаар тушаалаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг баримтлан дотоод хяналт, шалгалт хийж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий "Ажлын хэсэг"-ийг байгуулсан. Энэ ажлын хэсгийн хяналт шалгалтаар улсын бүртгэгч Л.Гийн бүртгэсэн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн бүртгэл нь хууль тогтоомж зөрчсөн болохыг тогтоож 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Илтгэх хуудас”-аар баримтжуулсан байдаг.

Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 1/1 дугаар "Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай" албан даалгаврыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлсэн. А ХХК, А д******* ХХК-иас Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд энэхүү 1/1 "Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай" албан даалгаврын 1.1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох гомдол гаргасан. Энэ гомдлыг хянан хэлэлцээд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2025/0100 шийдвэрээр А ХХК, А д******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ. Шүүхийн дугаар 128/ШШ2025/0100 шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч болох Хууль зүй, дотоод хэргийн яамнаас гаргасан гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэн 2025 оны 221/MA2025/0346 магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ магадлалыг А ХХК, А д******* ХХК-аас эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснээр Давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон. Шүүхийн 128/ШШ2025/0100 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч болох Хууль зүй, дотоод хэргийн яамнаас гаргасан гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэн 2025 оны 221/MA2025/0346 магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэнийг А ХХК, А д******* ХХК-аас эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6/-д "хууль тогтоомж ... Засгийн газрын болон өөрийн шийдвэрийн биелэлтийг холбогдох байгууллага, аж ахуй нэгжид шалган танилцаж, биелэлтийг бүрэн хангах талаар шуурхай даалгавар өгч гүйцэтгүүлнэ" гэж зохицуулсныг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 1/1 дугаар бүхий албан даалгавар нь заавал биелэгдэх шинжийг агуулсан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд харьяа агентлагтаа албан даалгавар өгөх эрх хэмжээнд нийцсэн захиргааны акт болохыг шүүхээс тогтоосон. Манай байгууллагын зүгээс сайдын албан даалгаврыг хэрэгжүүлэх хугацааг өдийг хүртэл хойшлуулсан гол шалтгаан нь дээрх 3 шатны шүүхээс маргаан бүхий захиргааны актыг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаатай шууд холбоотой болохыг дурдах нь зүйтэй байна. Х******* ХХК-ийн захирал Ж-aac 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр манай байгууллагад болон Хууль зүй, дотоод хэргийн сайдад тус тус гаргасан гомдол, хүсэлтийн дагуу 1/1 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, хариу ирүүлэх үүргийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас бидэнд ирүүлсэн. Сайдын өгсөн үүргийг хэрэгжүүлэх дараах арга хэмжээг авч хэрэгжилтийг хүргүүлсэн. Үүнд:

 1. Байгууллагын даргын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дугаap А/187 тушаалаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 1/1 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэхэд баримтлах хууль тогтоомжийг судлаж танилцуулах чиг үүрэг бүхий "Ажлын хэсэг"-ийг байгуулсан. Ажлын хэсгээс албан даалгаврыг хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл, авах арга хэмжээний саналыг 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/361 дугаар "Илтгэх хуудас"-аар байгууллагын даргад танилцуулсан.

Агентлагийн дарга нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан даалгаврыг хэрэгжүүлэх, мөн ажлын хэсгийн 1/361 дугаартай илтгэх хуудсаар ирүүлсэн санал, дүгнэлтийг харгалзан хуулиар олгогдсон эрх хэмжээнд нийцүүлэн захиргааны санаачлагаар Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4 дэх заалтаар Л.Гийг төрийн албанаас халах шийдвэрийг гаргасан.  

Агентлагийн даргад шийдвэр гаргах эрх хэмжээ нь: Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Агентлаг нь дараах нийтлэг асуудал эрхэлнэ", 7 дугаар зүйлийн 7.1.1.-т “хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах;” заалтад хамаарах Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны 1/1 дугаартай албан даалгаврын” 1.2. Хууль тогтоомж зөрчин тухайн мэдүүлгийг улсын бүртгэлд бүртгэсэн Улсын бүртгэгч Л.Гэд хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар зохих арга хэмжээг авах” заалт, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-т “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах”, 8.4.-т “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана”; Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8-т “улсын бүртгэлийн асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдол, хууль зөрчсөн үйлдлийн талаарх мэдээллийг хүлээн авч хууль тогтоомжийн хүрээнд хянан шийдвэрлэх;”, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 “хууль тогтоомжид заасан бусад." заалтууд, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2. “Энэ хуулийн 47.1-д заасан шийдвэрийг хуульд өөрөөр заагаагүй бол төсвийн шууд захирагч гаргана.” эдгээр хууль тогтоомжоор агентлагийн даргын шийдвэрлэх эрх хэмжээнд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргасан. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/400 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Илтгэх хуудас-ын дүгнэлтээр мөн тогтоогдсон тул Л.Г нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчээр ажиллаж байх хугацаандаа холбогдох хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтын холбогдох заалтыг зөрчиж бүртгэл хийсэн нь дээрх үйл баримт, өөрийн нь гаргасан тайлбар, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хяналт шалгалтаар мөн тогтоогдсон тул байгууллагын даргын 2025 оны А/187 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлт, саналыг харгалзан 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаас халсан нь хууль тогтоомжид нийцсэн шийдвэр юм.

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэх хэсгийн дурдахдаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга маргаан бүхий тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг зөрчсөн ба 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр албан тушаалаас халах тухай шийдвэрийн талаар амаар мэдэгдсэн боловч шийдвэр гаргаж байгаа үндэслэл, дотоод хяналт шалгалтын акт, дүгнэлтийг огт танилцуулаагүй юм гэжээ. Энэ нь огт үндэслэлгүй болохыг дараах баримт тайлбараар нотлогдоно.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг үндэслэн иргэн Л.Гэд холбогдох нотлох баримтуудыг урьдчилан танилцуулж, улмаар 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр сонсох ажиллагааны А-120 дугаартай мэдэгдлийг хүлээлгэн өгсөн. Тэрээр гарын үсгээ зурж хүлээн авсан. Сонсох ажиллагааны мэдэгдэлд заасан байршил, товлосон хугацаан дахь 2025.11.10-ны өдрийн 08:35-08:45 цагт сонсох ажиллагааг биечлэн хийж, түүний санал тайлбар гаргах эрхийг бүрэн хангасан. Сонсох ажиллагаанд иргэн Л.Г биечлэн оролцож, холбогдох баримтуудтай урьдчилан танилцсаны дагуу хийсэн бүртгэл, түүний гарах үр дагаварт тухайлан санал, тайлбараа илэрхийлсэн нь сонсох ажиллагааны тэмдэглэлд тодорхой, бүрэн тусгагдсан. Тус тэмдэглэлтэй мөн танилцаж, гарын үсгээ зуран хүлээж авсан нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Мөн сонсох ажиллагааны тэмдэглэл авсны дараа тэрээр эдгээр баримтуудыг авах хүсэлтээ биечлэн илэрхийлсэн тул түүнд 2026.11.17-ны өдөр нотлох баримтуудыг дахин "Танилцуулах хуудас"-аар гарын үсэг зуруулан хүлээлгэн өгсөн. Сонсох ажиллагааны мэдэгдэх хуудас, 2026.11.10-ны сонсох ажиллагааны тэмдэглэл огноонд техникийн алдаа 2026.11.07 гэж бичсэнийг үүгээр залруулж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

6. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дурдсан 2015 оны бүртгэлийн талаар Х******* ХХК нь уг 2015 оны бүртгэлийг хууль бус, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэн удаа дараа гомдол гаргасаар ирсэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газарт гаргасан гомдлын дагуу Засгийн газраас 2023 оны 160 дугаар тогтоолоор гомдлыг шийдвэрлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоол баталж, Х******* ХХК-ийн хөрөнгө оруулагчийг залилсан, улсын бүртгэлийн үйл ажиллагаа хууль зөрчсөн тухай гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдад бүртгэл шалгах, бүртгэлийг хүчингүй болгохтой холбоотой арга хэмжээ авах эрх хэмжээ байхгүй гэж тайлбарласан боловч энэ нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох хуулиудад заасан эрх хэмжээтэй. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн тушаалаар батлагдсан сайдын эрхлэх асуудлын хүрээний үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт зохион байгуулах журмын дагуу харьяа агентлагт албан даалгавар өгөх эрх хэмжээтэй болохыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр магадлалд тогтоосон байна. Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Засгийн газрын гишүүний хувьд Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.2 дэх хэсэг, мөн хуулийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу тэргүүлж буй яамныхаа аппаратад түшиглэн, эрхлэх асуудлынхаа хүрээнд яам, агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллагын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах бүрэн эрхтэй. Мөн уг хуулийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу яам, сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллага дахь хууль тогтоомж, сайдын бодлого, шийдвэр, чиг үүргийн биелэлтэд хяналт тавьж, арга хэмжээ авах бүрэн эрх Хууль зүй, дотоод хэргийн сайдад хадгалагдаж байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангах үүрэгтэй. Иймд сайд харьяа агентлаг болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад албан даалгавар өгөх бүрэн эрх бүхий субъект мөн. Үүнтэй холбогдуулан сайдын байгуулсан ажлын хэсгийн илтгэх хуудсаар Л.Г бүртгэгч хууль тогтоомж зөрчиж бүртгэл хийсэн болохыг тогтоосон байна. Нэхэмжлэгчийн зүгээс энэ илтгэх хуудастай өнөөдрийг хүртэл маргаагүй бөгөөд илтгэх хуудсыг эрх хэмжээгүй этгээд гаргасан гэдэг үндэслэлээр Захиргааны хэргийн шүүхэд хандаж хүчингүй болгуулсан баримт бичиг байхгүй байна. Тиймээс уг бүртгэлийг хууль зөрчсөн гэдгийг тогтоосон үндсэн баримт бичиг хүчин төгөлдөр хэвээр байна. Ажлын хэсгийн шалгалтаар 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрчилж, Х******* ХХК-ийн 60 хувийн өмчлөлийг хасаж, өөр компанийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн бүртгэл нь дараах хууль тогтоомжийг зөрчсөн болохыг тогтоосон байна: Монгол Улсын Иргэний хуулийн 62.3, 64.3 дахь хэсэг; Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11.5 дахь хэсэгт заасан улсын бүртгэгчийн эрх, үүрэг; мөн тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.3 дахь хэсэгт зааснаар “дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд өмчлөгч тус бүр гарын үсэг зурсан нэг мэдүүлэг гаргах шаардлага”, 14 дүгээр зүйлийн 14.1.5, 14.1.6 дахь хэсэгт тус тус зааснаар “мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичиг дутуу бол хүлээн авахаас татгалзах”, 14.1.8 дахь хэсэгт зааснаар “мэдүүлэгт тусгасан үндэслэл гэрээ, хэлцлийн агуулгаас илт зөрүүтэй бол хүлээн авахаас татгалзах”, мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам. Эдгээр зөрчлийг үндэслэн илтгэх хуудас гарсан байна. Илэрсэн зөрчлийг таслан зогсоох зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1.1 дугаартай албан даалгавар гаргасан.

Уг албан даалгаврын 1.2 дахь хэсэгт хууль тогтоомжийг зөрчиж бүртгэсэн улсын бүртгэгч Л.Гэд хуульд заасан хариуцлага хүлээлгэх зохих арга хэмжээ авахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгасан. Үүний хүрээнд Төрийн албаны тухай хуулийн аль зүйл заалтыг зөрчсөн болохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/187 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг тогтоосон. Тус ажлын хэсгийн илтгэх хуудасны 3.6-д заасны дагуу улсын бүртгэгч Л.Г 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Х******* ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн 60 хувийг хассан бүртгэлийг холбогдох бүрдүүлбэрийг бүрэн хангаагүйгээр хийсэн болохыг тогтоосон байна. Ийнхүү Төрийн албаны тухай хуулийн 37.1.13, 39.1.18 дэх зүйл заалт буюу төрийн албан хаагчийн холбогдох үүрэг, хориглох заалтыг дээр дурдсан тусгайлсан хуулиудын заалтын хамт зөрчсөн гэж үзэж, Төрийн албаны тухай хуулийн 47.1.4-т заасан үндэслэлээр төрийн албанаас халах шийдвэрийг гаргасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дурдсан Төрийн албаны тухай хуулийн 48.5 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны асуудал энэ тохиолдолд хамаарахгүй. Учир нь уг заалт нь сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой хөөн хэлэлцэх хугацаа бөгөөд манай тал сахилгын шийтгэл ногдуулаагүй болно. Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтээр ч Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас халах зохицуулалт нь 48 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалтаас агуулгын хувьд ялгаатай бөгөөд хамааралгүй гэж тайлбарласан.

Өөрөөр хэлбэл, сахилгын шийтгэлээр төрийн албан хаагчийг халах тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь хэсэгт заасныг баримтлах бол, манай тохиолдолд мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлийг баримталсан тул хөөн хэлэлцэх хугацааны асуудал хамаарахгүй юм. Албан тушаалын тодорхойлолтын хувьд ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын 1.1-д заасан мэдүүлэг, нотлох баримтыг хууль тогтоомжид заасны дагуу шалгаж хүлээн авах, холбогдох бүртгэлийг хөтлөх зорилт, мөн 1.3-т заасан улсын бүртгэлд бүртгэгдсэн өмчлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид зохих журмын дагуу үйлчилгээ үзүүлж бүртгэл хөтлөх зорилтыг тус тус зөрчсөн гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Эдгээр үндэслэлээр гарсан маргаан бүхий акт хууль зүйн үндэслэлтэй бөгөөд гол үндэслэл болсон Хууль зүй, дотоод хэргийн сайдын илтгэх хуудас болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын дотоод хяналт шалгалтын илтгэх хуудас хоёулаа хүчин төгөлдөр хэвээр байгааг нэмж дурдах нь зүйтэй. Сонсох ажиллагааны талаар нэхэмжлэгчийн зүгээс хуулийн дагуу хийгдээгүй гэж тайлбарладаг боловч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 01/361 дугаартай илтгэх хуудсыг урьдчилан танилцуулж, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн танилцуулга хуудсанд гарын үсэг зурсан байдаг. Мөн сонсох ажиллагааны мэдэгдлийг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүргүүлж, тэмдэглэл үйлдэж, тэмдэглэлд Г улсын бүртгэгч гарын үсэг зурснаар сонсох ажиллагаанд оролцсон нь албан ёсоор нотлогдож байна. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн үед хийсэн бүртгэлтэйгээ холбогдуулан тайлбар өгөөгүй бөгөөд харин шилжүүлэн томилуулах, хариуцлагыг ногдуулахгүй байх тухай өргөдөл гаргасан байдаг. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.3, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу сонсох ажиллагааг хуулийн дагуу хийсэн бөгөөд шийдвэр гаргахын өмнө сонсох ажиллагааг явуулсан нь холбогдох баримтуудаар нотлогдож байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Л.Гээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/640 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс албан тушаалд эгүүлэн томилох хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор тооцож олгох, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, тайлагнахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэгч Л.Г нь анх 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын даргын 60 дугаар тушаалаар Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын Бүртгэлийн хэлтэст эрхийн улсын бүртгэгчээр, 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын Б/149 дугаар тушаалаар шүүхэд нэхэмжлэл гарган маргаж буй албан тушаал болох Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчээр тус тус томилогджээ.

 4. Маргаан бүхий захиргааны акт болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/640 дүгээр тушаал[1]-аар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 37.1.18, 39 дүгээр зүйлийн 39.1.3, 39.1.18 дахь хэсгийг тус тус зөрчсөн үндэслэлээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Л.Г улсын бүртгэлийн хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтыг зөрчин бүртгэл хөтөлсөн нь дотоод хяналт шалгалт, холбогдох баримтаар тогтоогдсон тул 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаас нь халсугай гэж шийдвэрлэсэн байна.

5. Л.Гээс 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Төрийн албаны зөвлөлд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/640 дугаар тушаалыг эс зөвшөөрч гомдол[2] гаргасны хариуд тус зөвлөлөөс 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 25 дугаар Маргаан хянан шийдвэрлэсэн тухай тогтоол[3]-оор Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Л.Гийг албан тушаалаас халах тухай” Б/640 дүгээр тушаалыг гомдлын шаардлагын хүрээнд хянасан комиссын дүгнэлтийг хэлэлцээд Төрийн албаны хууль тогтоомж зөрчөөгүй болохыг тогтоож, Л.Гээс гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны “Л.Гийг албан тушаалаас халах тухай” Б/640 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж, тогтоолыг эс зөвшөөрвөл Л.Гэд уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй талаар дурджээ.

6. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ  ... албан тушаалаас халах тухай шийдвэрийн талаар амаар мэдэгдсэн боловч шийдвэр гаргаж байгаа үндэслэл, дотоод хяналт, шалгалтын акт, дүгнэлтийг огт танилцуулаагүй, ... ямар хууль тогтоомжийн ямар зүйл, заалт болохыг сонсох ажиллагааны явцад болон дотоод хяналт шалгалт, холбогдох баримтууд гэх зүйлд ч тодорхойлж тусгаагүй байсан тул би албан тушаалын тодорхойлолтын болон хуулийг хэрхэн зөрчиж, зөрчил гаргаснаа мэдэхгүй байна, ... хяналт шалгалтаар хууль тогтоомж зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй, одоогоос 10 жилийн өмнө хийгдсэн бүртгэл байгаад түүнийг илрүүлсэн гэх 2023 оны сайдын томилсон ажлын хэсгийн дүгнэлт гарснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн, хуульд заасан үндэслэлгүйгээр албан тушаалаас халсан гэж,

хариуцагчаас ... Л.Г нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчээр ажиллаж байх хугацаандаа холбогдох хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтын холбогдох заалтыг зөрчиж бүртгэл хийсэн нь дээрх үйл баримт, өөрийнх нь гаргасан тайлбар, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хяналт шалгалтаар мөн тогтоогдсон тул байгууллагын даргын 2025 оны А/187 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлт, саналыг харгалзан 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаас халсан нь хууль тогтоомжид нийцсэн гэж тус тус тайлбарлан маргасан.

7. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах зарим арга хэмжээний тухай 160 дугаар тогтоол[4]-оор Х******* ХХК-ийн хөрөнгө оруулагчийг залилсан, улсын бүртгэлийн үйл ажиллагаа хууль зөрчсөн талаарх гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгажээ.

8. Улмаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ажлын хэсэг байгуулж, удирдамж батлах тухай А/400 дүгээр тушаалаар Х******* ХХК-аас Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан гомдолд дурдсан асуудлын хүрээнд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, хавсралтаар хяналт шалгалтын удирдамжийг баталсан.

9. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/400 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь удирдамжийн дагуу холбогдох үйл ажиллагаанд 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдрүүдэд хяналт шалгалт хийсэн Илтгэх хуудас[5]-аар 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрчилсөн буюу Х******* ХХК-ийн өмчлөлийн 60 хувийг хасаж, А ХХК-ийн өмчлөлд шилжүүлж бүртгэсэн улсын бүртгэл нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, 64 дүгээр зүйлийн 64.3 дахь хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хууль (2009)-ийн 11 дүгээр зүйлийн 11.5 дах хэсэг, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хууль (2003)-ийн 13 дугаар зүйлийн 13.3, 14 дүгээр зүйлийн 14.1.6, 14.1.8 дахь заалт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар баталсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн журам”-ыг тус тус зөрчсөн болохыг тогтоосон байна.

10. Ажлын хэсгийн хяналт шалгалтаар илэрсэн дээрх зөрчлийг таслан зогсоох зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 дүгээр Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай албан даалгаврын 1 дүгээр зүйлийн 1.1-д Улсын бүртгэлийн Ү- дугаартай, Сүхбаатар дүүргийн , Соёл амралтын хүрээлэн /14242/, Ол, тоот хаягт байрлах, 14,386.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө (70 хувийн гүйцэтгэлтэй буюу дуусаагүй барилга)-ийн хамтран өмчлөгчөөс Х******* ХХК-ийг хасаж, А ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн улсын бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн залруулах, 1.2-т Хууль тогтоомж, зөрчин тухайн мэдүүлгийг улсын бүртгэлд бүртгэсэн Улсын бүртгэгч Л.Гэд хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар зохих арга хэмжээ авах, 1.3-т Улсын бүртгэлийн Ү- дугаартай улсын бүртгэлийн үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянан шалгаж, үндэслэлгүй дүгнэлт гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын дарга Б.А, мөн газрын Ахлах мэргэжилтэн Э.С, Хяналт шалгалтын газрын дарга Б.Г, мөн газрын хяналтын Улсын ахлах байцаагч Ж.Ч, Ш.У, Г.Э, Б.Э, хяналтын Улсын байцаагч Т.З, Б.Б, А.М, С.О*******, Тамгын газрын Эрх зүйн хэлтсийн дарга Б.Х, мөн хэлтсийн Ахлах мэргэжилтэн З.Г******* нарт холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага ногдуулахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгасан.

11. Маргаан бүхий тушаалын үндэслэл болсон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 дүгээр Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай албан даалгаврыг заавал биелэгдэх шинжийг агуулсан, өөрийн эрхлэх асуудлын хүрээнд, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор харьяа агентлагийн даргад албан даалгавар өгөх эрх хэмжээнд нийцсэн захиргааны акт болохыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 0346 дугаар магадлал[6]-аар дүгнэж, Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 0372 дугаар Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоол[7]-оор гомдлыг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.

 

12. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 дүгээр Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай албан даалгаврын 1 дэх хэсгийн 1.2-т Хууль тогтоомж зөрчин тухайн мэдүүлгийг улсын бүртгэлд бүртгэсэн Улсын бүртгэгч Л.Гэд хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар зохих арга хэмжээг авах гэж заасан заалтыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэгч Л.Гээс Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0401 дугаар шийдвэр[8] нь одоогийн байдлаар хуулийн хүчин төгөлдөр болоогүй байгааг тэмдэглэж байна.

 

13. Тус шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2705 дугаар Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж[9]-аар Л.Гийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/640 дүгээр Л.Гийг албан тушаалаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг тус шүүхийн шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа Л.Гийн нэхэмжлэлтэй Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдох Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 дугаар Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай албан даалгаврын 1 дэх хэсгийн 1.2 Хууль тогтоомж зөрчин тухайн мэдүүлгийг улсын бүртгэлд бүртгэсэн Улсын бүртгэгч Л.Гэд хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар зохих арга хэмжээг авах гэж заасан заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлтэй захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 0338 дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

 

14. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 0338 дугаар тогтоолын Хянавал хэсгийн 2 дугаар зүйлийн 2.6-д Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр магадлалаар Улсын бүртгэлийн Ү-223024452 дугаартай Сүхбаатар дүүргийн , Соёл амралтын хүрээлэн, Олимп гудамж, тоот хаягт байрлах 14,386.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөс Х******* ХХК-ийг хасаж, А ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн улсын бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн залруулах албан даалгаврыг илт хууль бус болохыг тогтоох шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон энэ тохиолдолд нэхэмжлэгч Л.Гийг ажлаас халсан маргаан бүхий Б/640 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэснийг дурдах нь зүйтэй.     

 

15. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийн талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/187 дугаар тушаал[10]-аар хууль тогтоомжийн дагуу судлан Хууль зүй, дотоод хэргийн яамны 2025 оны 7/1628 дугаар албан бичиг[11]-ээр ирүүлсэн Х******* ХХК-ийн хүсэлт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 02-226/22474 дугаар албан бичиг[12]-г тус тус үндэслэл бүхий санал боловсруулан, хариу хүргүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, тус ажлын хэсгээс албан даалгаврыг хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл, авах арга хэмжээний саналыг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/361 дугаар Илтгэх хуудас[13]-аар томилох эрх бүхий албан тушаалтанд танилцуулжээ.

 

16. Илтгэх хуудасны 3.6-д Улсын бүртгэгч Л.Г нь 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Аю******* үл хөдлөх эд хөрөнгийн буюу уг барилгын 60 хувийн өмчлөгч Х******* ХХК-ийг хасаж, А ХХК-ийн 100%-ийн өмчлөлд шилжүүлсэн өөрчлөлт бүхий улсын бүртгэлийн хувийн хэргийн хуулбар материалаас нягтлахад,

 

1. Бүрдүүлбэрийн хувьд: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль (2003)-ийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан мэдүүлэгт хавсаргахаар заасан газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар, барилга байгууламжийн палан зураг, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг, өмчлөх эрхийг бүртгүүлэхийг хүссэн этгээдийн өргөдөл (Х******* ХХК, А ХХК) гэсэн баримт бичгүүд байхгүй.

 

2. а) Мэдүүлгийн 2 дугаар хуудаст байх “… бүртгүүлэх үндэслэл хэсэг бичигдээгүй байна. Бүртгэл хийлгэхээр хавсарган ирүүлсэн хэлцэл нь “… Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл” гэсэн гарчигтай ба тус хэлцэлд худалдах, худалдан авах, үнэ төлбөргүй шилжүүлэх, бэлэглэх зэрэг өмчлөлөөс хасагдах болсон үндэслэл нь тодорхой бус байжээ. Улсын бүртгэгч Л.Г нь мэдүүлгийн “бүртгэх үндэслэл” болон хэлцэлийн агуулгын хувьд таарч, тохирсон, зөрүүгүй гэдгийг нягталж тодорхойлох боломжгүй мэдүүлэг, хэлцлийг улсын бүртгэлийн хувийн хэрэгт хүлээн авсан байна.

б) Дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн мэдүүлгийг дангаар А ХХК-ийн менежер О.Э******* бүртгүүлэхээр гаргасан байна. А ХХК-ийн менежер гэх О.Э*******ийн нэрийн хуудас байна.

 

 Иймээс тухайн бүртгэл нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, 64 дүгээр зүйлийн 64.3, Улсын бүртгэлийн ерөнхий хууль (2009)-ийн 11 дүгээр зүйлийн 11.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль (2003)-ийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.1.6, 14.1.8, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн журам”-д заасныг, мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр баталсан “Ажлын байр /Албан тушаал/-ын тодорхойлолт”-ын Ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын 1.1-т “Мэдүүлэг, нотлох баримтыг хууль тогтоомжид заасны дагуу шалгаж хүлээн авах, холбогдох бүртгэлийг хөтлөх”, мөн зорилтын 1.3-т “Улсын бүртгэлд бүртгэгдсэн гэрээ, … өмчлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид зохих журмын дагуу олгож, энэ тухай бүртгэл хөтлөх” гэж заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож, Улсын бүртгэлийн ерөнхий хууль (2018)-ийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 37.1.13 дахь заалт, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.18 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзэн мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4 дэх заалтыг баримтлан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Л.Гийг төрийн албанаас халах саналыг томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, уг саналд үндэслэн хариуцагчаас нэхэмжлэгчийг төрийн албанаас халах шийдвэрийг гаргасан байна.         

17. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ”, 37.1.13 дэх хэсэгт “Албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах, 37.1.18-д хууль тогтоомжид заасан бусад үүрэг”, 39.1 дэх хэсэгт “Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 39.1.3 дэх хэсэгт “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”; 39.1.18 дэх хэсэгт “хууль тогтоомжид заасан бусад, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална”, 47.1.4 дэх хэсэгт “энэ хуульд заасан бусад үндэслэл” гэж тус тус заасан.

18. Хариуцагчаас 2025  оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А-120 дугаар Сонсох ажиллагааны мэдэгдэл[14]-ээр нэхэмжлэгч Л.Гэд 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 08:45 минутад Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Лийн Г нь хууль тогтоомж зөрчин улсын бүртгэл хөтөлсөн байх тул төрийн албанаас халах захиргааны шийдвэрийн талаар энэ сонсох ажиллагааг зохион байгуулах болно, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Лийн Г та энэ мэдэгдэлд дурдсан сонсох ажиллагаанд өөрийн тайлбар, саналаа гарган оролцохыг мэдэгдэж, мэдэгдэл хүлээн авсан хэсэгт нэхэмжлэгч Л.Г гарын үсэг зурсан, мөн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн /Хариуцагч хариу тайлбартаа 2026.11.10-ны сонсох ажиллагааны тэмдэглэл огноонд техникийн алдаа 2026.11.07 гэж бичсэнийг үүгээр залруулж байна гэж дурдсан/ Сонсох ажиллагааны тэмдэглэл[15]-ээр маргаан бүхий тушаалын талаар сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэгчийг биечлэн оролцуулж, тайлбар, санал гаргах боломжоор хангаж, тэмдэглэлд гарын үсэг зуруулсан болох нь тогтоогдож байна.

 

19. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-д хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ гэж тус тус заасан.

 

20. Дээрх хууль тогтоомжид заасны дагуу нэхэмжлэгчийг улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчиж улсын бүртгэл хийсэн болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдсан дотоод хяналт шалгалт болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар байгуулагдсан дотоод хяналт шалгалтаар тус тус тогтоож, хуульд заасан захиргааны хариуцлага ногдуулах саналыг хүргүүлж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 1/1 дугаар албан даалгаврын 1.2 дахь заалтаар өгсөн үүрэг чиглэлийг биелүүлэх зорилгоор томилох эрх бүхий албан тушаалтан болох хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй, хуульд нийцсэн байна.

21. Түүнчлэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ... Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбарын тухайд Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах, 48 дугаар зүйлд төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах талаар тус тус зохицуулсан бөгөөд хуулийн 47 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах зохицуулалт нь 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасан төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалтад хамаарахгүй, зөвхөн сахилгын шийтгэл ногдуулахад хамааралтай зохицуулалт байх тул дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

22. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа … 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/361 дугаартай илтгэх хуудаст зөрчил гаргасан гэж дүгнэсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд … Улсын байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн012 дугаар дүгнэлтээр үгүйсгэгддэг юм гэж дурдан хүснэгтээр тайлбарласан боловч улсын бүртгэгч нь гагцхүү хуульд заасан шаардлага хангасан баримтыг үндэслэн бүртгэлийг хийх үүрэгтэй тул Хууль зүй, дотоод хэргийн сайдын болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар тус тус байгуулагдсан Ажлын хэсгүүдийн тогтоосон холбогдох хуульд заасан шаардлагыг хангаагүй нөхцөл байдалд бүртгэлийг хийсэн нь нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэл болохгүй.

23.Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/640 дугаар тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс албан тушаалд эгүүлэн томилох хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор тооцож олгох, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, тайлагнахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 37.1.18, 39 дүгээр зүйлийн 39.1.3, 39.1.18, 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.4 дэх заалтад заасныг тус тус баримтлан Л.Гээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/640 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс албан тушаалд эгүүлэн томилох хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор тооцож олгох, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, тайлагнахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,1 дүгээр зүйлийн1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.НЯМДЭЛГЭР

 

 

 

 

[1] Хх1-7 тал

[2] Хх1-158 тал

[3] Хх1-157 тал

[4] Хх1-221 тал

[5] Хх187-208 тал

[6] Хх1-63-67 тал

[7] Хх1-68 тал

[8] Хх2-37-40 тал

[9] Хх1-239 тал

[10] Хх1-30 тал

[11] Хх2-73 тал

[12] Хх2-66 тал

[13] Хх1-34-46 тал

[14] Хх1-24 тал

[15] Хх1-25 тал