| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 2415000000159 |
| Дугаар | 2024/ДШМ/32 |
| Огноо | 2024-12-04 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2024/ДШМ/32
Н.Тэмүүжин, Б.Уран-Учиг нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор П.Шижиртуяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нарыг оролцуулан
Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуугийн даргалж хийсэн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/193 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Тэмүүжин, Б.Уран-Учиг нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.Тэмүүжин, Б.Уран-Учиг нарт холбогдох эрүүгийн 2415000000159 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Хишигдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Наранхүүгийн Тэмүүжин, урьд нь 4 удаа ял шийтгүүлж байсан.
Монгол Улсын иргэн, Болд-Эрдэнийн Уран-Учиг.
Н.Тэмүүжин нь 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэ бүрэн 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Seven nuga” амралтын газарт ажлын хамт олноороо амрах явцдаа тус газрын ресторанд захиалсан хоол түүхий байна гэх шалтгаанаар тухайн газрын ажилчидтай маргалдаж улмаар Булган аймгийн Цагдаагийн газрын Хангал сум дахь Сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид дуудлагын дагуу ирсэн цагдаагийн алба хаагчаас “олон нийтийн газарт бусдын амгалан тайван байдал алдагдууллаа энэ үйлдлээ таслан зогсоо” гэх хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж тус тасгийн экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Шинэсайханы дүрэмт хувцаснаас мөрдсийг хуу татан урж, хэл амаар доромжилсон буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Б.Уран-Учиг нь 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэ бүрэн 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Seven nuga” амралтын газарт ажлын хамт олноороо амрах явцдаа тус газрын ресторанд захиалсан хоол түүхий байна гэх шалтгаанаар тухайн газрын ажилчидтай маргалдаж улмаар Булган аймгийн Цагдаагийн газрын Хангал сум дахь Сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид дуудлагын дагуу ирсэн цагдаагийн алба хаагчаас “олон нийтийн газарт бусдын амгалан тайван байдал алдагдууллаа энэ үйлдлээ таслан зогсоо” гэх хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж тус цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Шинэсайханы бие эрх чөлөөнд халдаж хөл рүү нь өшиглөж, нуруу руу нь гараараа цохисон, хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Нямдоржийн зүүн хацар хэсэгт нэг удаа алгадаж улмаар зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Нямбаярын ар нуруу хэсэг рүү нь машин дотор сууж явахдаа 2 удаа өшиглөсөн буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Булган аймгийн Прокурорын газраас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Наранхүүгийн Тэмүүжин, Болд-Эрдэнийн Уран-Учиг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тэмүүжинд 3,500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Уран-Учигт 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тэмүүжинд оногдуулсан 3,500,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Уран-Учигт оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулж,
Шүүгдэгч Н.Тэмүүжин, Б.Уран-Учиг нар нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж,
Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Тэмүүжин, Б.Уран-Учиг нарт авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Тэмүүжин нь давж заалдах гомдолдоо: “Миний бие 06 дугаар сарын 22-ны өдөр 7 нуга гэх амралтын газар төрийн албан хаагчийн шаардлага эсэргүүцсэн гэх хэргээр 09 дүгээр сарын 16-ны өдөр шүүхээр орж 3,500,000 төгрөгийн торгууль авсан. 06 дугаар сарын 26-ны өдөр 7 нугад ажилладаг ажилчны биед халдаж хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгтэй энэ хэрэг явдал нь 1 өдөр 1 газар болж үргэлжилсэн хэрэг тул нэгтгэж шийдвэрлэж өгнө үү. Тус хэргийн дугаар 2415001850243 мөн Орхон аймагт 2425000000573 гэх хэрэгтэй нийлүүлж байгаад эдгээр хэргүүдийг нэгтгэхгүй бол миний хувийн байдал доройтож байгаа тул нэгтгэж өгнө үү.” гэжээ.
Прокурор П.Шижиртуяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3,000 нэгж, 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан байна. Анхан шатны шүүх нь хэргийн нөхцөл байдалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын үйлдэл оролцоо зэргийг харгалзан үзэж шүүгдэгч нарт ялыг ялгамжтай оногдуулсан. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн 193 дугаартай шийтгэх тогтоол агуулга, бүтэц, хууль хэрэглээний хувьд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн зарчмуудыг бүрэн хангасан, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн огт зөрчсөн зүйл алга байна. Шүүгдэгч нарын гомдолд дурдагдсан эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр гомдол гаргаж байгаа бол гомдолдоо хавсаргаж нотлох баримт өгөх ёстой. Гэтэл ямар ч баримт байхгүй байгаа нь гомдол үндэслэлгүй болохыг харуулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокурорын шүүхэд шилжүүлсэн хэрэг, яллах дүгнэлтийн хүрээнд явуулдаг хуультай. Гэтэл шүүгдэгч нарын яриад байгаа хэрэг эрүүгийн хэрэг үүссэн юм уу?, үгүй юм уу?, үнэн үү? худал уу? гэдэг нь тодорхойгүй байгаа. Үнэхээр ийм хэрэг байгаа нөхцөлд нотлох баримтаа өгөх ёстой байсан. Шүүгдэгч нарын гаргасан гомдолд дурдагдсан асуудал нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй, нотлох баримтаар тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн 193 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.Тэмүүжин, Б.Уран-Учиг нарын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэв.
2.Шүүгдэгч Н.Тэмүүжин нь 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэ бүрэн 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Seven nuga” амралтын газарт ажлын хамт олноороо амрах явцдаа “ресторанд захиалсан хоол түүхий байна” гэх шалтгаанаар тус газрын ажилчидтай маргалдаж улмаар иргэдийн дуудлага мэдээллийн дагуу албаны үүргээ гүйцэтгэхээр очсон Булган аймгийн Цагдаагийн газрын Хангал сум дахь Сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчийн “олон нийтийн газарт бусдын амгалан тайван байдал алдагдууллаа энэ үйлдлээ таслан зогсоо” гэх шаардлагыг хүлээн авалгүй, тус тасгийн экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Шинэсайханы “цагдаагийн албаны дүрэмт хувцасны мөрдсийг урах, хэл амаар доромжлох” зэргээр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн,
Шүүгдэгч Б.Уран-Учиг нь 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэ бүрэн 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Seven nuga” амралтын газарт ажлын хамт олноороо амрах явцдаа “ресторанд захиалсан хоол түүхий байна” гэх шалтгаанаар тус газрын ажилчидтай маргалдаж улмаас иргэдийн дуудлага мэдээллийн дагуу албаны үүргээ гүйцэтгэхээр очсон Булган аймгийн Цагдаагийн газрын Хангал сум дахь Сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчийн “олон нийтийн газарт бусдын амгалан тайван байдал алдагдууллаа энэ үйлдлээ таслан зогсоо” гэх шаардлагыг хүлээн авалгүй, тус цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Шинэсайханы “хөл рүү нь өшиглөх”, “нуруу руу нь цохих”, хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Нямдоржийн “зүүн хацар хэсэгт нэг удаа алгадах”, зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Нямбаярын “ар нуруу хэсэг рүү нь машин дотор сууж явахдаа 2 удаа өшиглөх” зэргээр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх хэргийн нөхцөл байдал нь хохирогч Б.Нямдорж, Б.Нямбаяр, Б.Шинэсайхан нарын мэдүүлэг, гэрчээр өгсөн Б.Нямбаяр, Б.Нямдорж, Б.Эрдэнээ, Б.Нямсүрэн нарын мэдүүлэг, шүүгдэгч Н.Тэмүүжин, Б.Уран-Учиг нарын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
3.Анхан шатны шүүх Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Тэмүүжин, Б.Уран-Учиг нарын гэм бурууг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоож, тэдгээрийн гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүйгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.
4.Шүүгдэгч нар нь “...нэг газар, нэг өдөр болсон үйл явдлыг 2 тусдаа шийдэж байгаа тул Орхон аймагт шалгагдаж буй хэрэгт нэгтгэж шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан.
Шүүгдэгч нарыг 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэ бүрэн 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Seven nuga” амралтын газарт тухайн газрын ажилтны биед халдаж, хөнгөн гэмтэл учруулсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эрүүгийн хэрэг үүсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч нарын гаргасан гомдол үндэслэлгүй байна.
5.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд юм.
Хуульд заасан дээрх үндэслэл, зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон анхан шатны шүүх шүүгдэгч Б.Уран-Учиг, Н.Тэмүүжин нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, тухайн зүйл, хэсэгт заасан торгох ялыг ялгамжтай оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчимд нийцжээ.
6.Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/193 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Тэмүүжин, Б.Уран-Учиг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧИД Л.АРИУНЦЭЦЭГ
Л.ХИШИГДЭЛГЭР