| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Нямдэлгэр |
| Хэргийн индекс | 128/2026/0593/З |
| Дугаар | 128/ШШ2026/0642 |
| Огноо | 2026-06-29 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2026/0642
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “М*******” ХХК /РД:/
Хариуцагч: Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Барилгын техникийн улсын ахлах байцаагч Д.Г.
Маргааны төрөл: Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0813360 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.М, хариуцагч улсын ахлах байцаагч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “М*******” ХХК нь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Барилгын техникийн улсын ахлах байцаагч Д.Гт холбогдуулан “Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0813360 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гарган маргасан.
2. Хариуцагч улсын ахлах байцаагч Д.Г нь Нийслэлийн Хяналт шалгалтын газрын 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01/480 дугаар албан бичиг, иргэн Б.Т*******ээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Салбарын улсын ерөнхий байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр баталсан “Төлөвлөгөөт бус шалгалт хийх тухай” 02-00/19 дугаар хяналт шалгалтын удирдамжийн дагуу Хан-Уул дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах М******* ХХК-ийн үйлчилгээтэй, орон сууцны барилгын үйл ажиллагаа, краны ашиглалтын байдал болон нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарц, нийгмийн дэд бүтцийн төлөвлөлт, баримт бичгийн бүрдэлд хяналт шалгалт хийж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй А, С блок барилгын газар шорооны ажил гүйцэтгүүлж захиалагчийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-д заасан “чиг үүргээ хэрэгжүүлээгүй” зөрчил гаргасан гэж үзээд М******* ХХК-д 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, зөрчлийг арилгах хүртэл А, С блок барилгын үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авч, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авчээ.
3. 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зөрчлийн хэргийг нээж, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн байна. Гомдол гаргагч М******* ХХК нь 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гомдол гаргасан.
4. М******* ХХК нь шүүхэд гаргасан гомдол болон түүний үндэслэлдээ:
Манай компани нь Хан-Уул дүүргийн хороо, нэгж талбарын дугаартай газрыг “үйлчилгээтэй орон сууц”-ны зориулалтаар 15 жилийн хугацаанд ашиглах эрхтэй болсон. Бид тухайн газрыг зориулалтын дагуу ашиглахаар төлөвлөж барилга барихтай холбоотой төрийн эрх бүхий байгууллагуудаас холбогдох шийдвэр, зөвшөөрлийг гаргуулан ажиллаж байгаа болно. Үүнд:
1. дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ
2. Барилга угсралтын ажил эрхлэх БУ18-878/25 дугаар тусгай зөвшөөрөл
3. Нийслэлийн ерөнхий архитектораар батлуулсан 2025 оны 07 ДУГААР сарын 18-ны өдрийн Архитектур төлөвлөлтийн даалгавар
4. Барилга Хөгжлийн төвийн Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлт
5. Холбогдох байгууллагуудаас авсан техникийн нөхцөл
6. 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ гэх мэтийг дурдаж болохоор байна.
Гэтэл 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Хот байгуулалт барилга, орон сууцжуулалтын яамны улсын ахлах байцаагч Д.Г нь “захиалагч М******* ХХК нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй А, С блок барилгын газар шорооны ажил хийж гүйцэтгэгчийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй” гэж дүгнэн 0813361 дугаар шийтгэлийн хуудас үйлдэж 5000 нэгж буюу 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Мөн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” эрх бүхий албан тушаалтны даалгавар гаргаж барилгын үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээг авсан нь хууль зүйн тодорхой үндэслэлгүй төдийгүй компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад хүргэж эрх ашгийг хөндөөд байна.
М******* ХХК-ийн зүгээс дээр дурдсанчлан шаардлагатай бүхий л зөвшөөрөл, даалгавар зэргийг авч ажиллаж байгаа бөгөөд манай улсын хувьд барилгын ажил гүйцэтгэх боломжит хугацаа бага байдаг учир барилгын үйл ажиллагааг хэвийн явуулах нь зайлшгүй чухал байгаа болно.
Иймд Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 0813360 дугаартай шийтгэлийн хуудас, Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
5. Хариуцагч Д.Г шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
“Нийслэлийн Хяналт шалгалтын газрын 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01/480 дугаар албан бичиг, иргэн Б.Т*******ээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг үндэслэн Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 02-00/19 дугаар удирдамжийн дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Барилгын тухай хуулийн 47 дугар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 5 дугаар зүйлийн 5.4-д заасан чиг үүргийн хүрээнд Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах М******* ХХК-ийн захиалгатай үйлчилгээтэй, орон сууцны барилгын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд нэгж талбартай газарт онцгой төвөгшилтэй 23, 25 давхар бүхий А, С блок үйлчилгээтэй орон сууцны барилгын газар шорооны ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгүүлж захиалагчийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх, зүйлийн 20.2-д “Цамхаг, тулгуур, түшиц хана зэрэг 30 метрээс дээш өндөр, 60 метрээс дээш алгасалтай байгууламж, 16-аас дээш давхартай барилга, ус, дулаан, цахилгаан хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийг зөвхөн тухайн барилга байгууламжийн хувьд олгох бөгөөд барилгын ажил гүйцэтгэж дуусах хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна.” гэж заасныг зөрчиж байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-д “чиг үүргээ хэрэгжүүлээгүй;” гэж заасан зөрчилд хамаарч байсан.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх;”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйл “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал”-ийн 6 дахь хэсэг “Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ:”-ийн 6.38 дахь хэсэг “барилгын техникийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.15 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.4 дэх заалт, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 7.7 дахь заалт, 6.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 6.30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.13 дугаар зүйлийн 16.5 дахь заалт, 10.2 дугаар зүйл, 10.3 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4, 1.5 дахь заалт, 10.14, 10.25, 10.27, 10.29, 11.2, 12.1, 12.4, 12.5, 12.6 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;”-т, 6.1 дүгээр зүйл “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл”-ийн 1 дэх хэсэг “Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна:”-ийн 1.1-д “хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн;” гэж заасны дагуу Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд регистрийн дугаартай “М*******” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-д “чиг үүргээ хэрэгжүүлээгүй;” гэж заасан зөрчил мэдүүлэг, фото зураг, холбогдох нотлох баримтаар тогтоогдсон тул ХБЯ/26-11 дугаартай хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, 0813360 дугаартай шийтгэлийн хуудсаар 5000 нэгж буюу 5,000,000 төгрөгийн торгууль ногдуулж, 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр регистрийн дугаартай “М*******” ХХК-д “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” албан даалгавраар зөрчлийг арилгах хүртэл А, С блок барилгын үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээг авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгасан.
Иймд регистрийн дугаартай “М*******” ХХК-ийн гаргасан “Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Барилгын техникийн улсын ахлах байцаагч Д.Гийн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0813360 дугаартай Хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас болон Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай албан даалгаврыг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Гомдол гаргагч М******* ХХК нь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Барилгын техникийн улсын ахлах байцаагч Д.Гт холбогдуулан “Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0813360 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлын шаардлага гарган маргасан.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгч, дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Барилгын техникийн улсын ахлах байцаагч Д.Г нь 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0813360 дугаар шийтгэлийн хуудсаар М******* ХХК-нд Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5-д Барилгын ажлын захиалагч хуульд заасан, 5.2-т чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж заасан зөрчил гаргасан үндэслэлээр 5,000 нэгж буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
4. Мөн хариуцагч улсын ахлах байцаагчаас 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай Эрх бүхий албан тушаалтны даалгавраар гомдол гаргагч М******* ХХК нь Хан-Уул дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбартай газарт А, С блок үйлчилгээтэй орон сууцны барилгын газар шорооны ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгүүлж захиалагчийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул зөрчлийг арилгах хүртэл А, С блок барилгын үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээг авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг захиалагч М******* ХХК-нд даалгасан байна.
5. Гомдол гаргагч М******* ХХК-аас гомдлын үндэслэлдээ ... 0813360 дугаар шийтгэлийн хуудас үйлдэж 5,000,000 төгрөгөөр торгосон, мөн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай Эрх бүхий албан тушаалтны даалгавар гаргаж барилгын үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээг авсан нь хууль зүйн тодорхой үндэслэлгүй төдийгүй компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад хүргэж эрх ашгийг хөндөөд байна гэж маргасан.
6. Бүртгэлийн ХБЯ/26-11 дугаартай Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалд авагдсан баримтуудаас үзвэл уг зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг анх 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Б.Т*******ээс Нийслэлийн Хяналт шалгалтын газарт Барилгын газар шорооны ажил хийж байгаатай холбоотой үүсэж байгаа асуудлуудыг шийдвэрлүүлэхээр гомдол гаргасны дагуу Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга болон Барилгын хяналт хариуцсан ажилтан нар 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хяналт шалгалт хийсэн тухай Илтгэх хуудсыг үйлдсэн байна.
7. Илтгэх хуудаст ... шалгахад барилгын газар шороо, эргийн хамгаалалтын ажил хийгдэж байх ба 362 дугаар цэцэрлэгийн гадна бохир усны ф200 мм шугамыг зөөж байрлуулахдаа ашиглалтын хэвийн ажиллагааг алдагдуулсан, мөн зөөсөн шугамнаас 1 метрийн зайд эргийн бэхэлгээний ажлыг хийж гүйцэтгэж байхдаа ф200 мм шугамыг гэмтээсэн байдалтай байв. М******* ХХК-ийн захиалгатай сургууль, цэцэрлэг бүхий 25 давхар, 6 блок барилгад Нийслэлийн ерөнхий архитектороос 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2025/00-664 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, М******* ХХК-ийн орон сууцны цогцолбор барилга нэртэй загвар зургийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тус тус баталж, Хот байгуулалт, хотын стандартын газраас эргийн бэхэлгээний ажилд БАЗГ2026/0213 дугаартай зөвшөөрлийн гэрчилгээг 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл олгосон байна гэж дурджээ.
8. Нийслэлийн Хяналт шалгалтын газрын 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01/480 дугаар Гомдол шилжүүлэх тухай албан бичгээр Тус зоорьтой 25 давхар 6 блок орон сууцны цогцолбор барилга нь Барилга байгууламжийн төвөгшилийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журамд зааснаар онцгой төвөгшилтэй барилга байгууламжид хамаарч байх тул Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д заасны дагуу гомдлыг Хот байгууллага, барилга, орон сууцжуулалтын яамны Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт шилжүүлсэн.
9. Улмаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02-00/19 дугаар Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай Хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд тус яамны Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Барилгын техникийн улсын ахлах байцаагч Д.Г нь 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гомдол гаргагч М******* ХХК-ийг гаргасан зөрчлөө сайн дураараа мэдүүлгээр хүлээн зөвшөөрсөн, зөрчилд нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх боломжтой, Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалт, 7 дахь хэсгийн 7.4 дэх заалтад заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэн Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 0813360 дугаар шийтгэлийн хуудсыг үйлджээ.
10. Хариуцагч улсын ахлах байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд ... Дээрх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, , ү, тоот хаягтай хуулийн этгээд, улсын бүртгэлийн *******, регистрийн дугаартай захиалагч М******* ХХК, Хан-Уул дүүргийн ******* хороо, Чингэсийн өргөн чөлөө, ******* хаягтай хуулийн этгээд, улсын бүртгэлийн *******, регистрийн дугаартай гүйцэтгэгч М******* ХХК-ийн А,С дугаар блок барилгын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийхэд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр А, С блок барилгын газар шорооны ажлыг гүйцэтгэж захиалагч болон гүйцэтгэгчийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй үйл баримт тогтоогдож байна гэжээ.
11. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нэг талаас гомдол гаргагч М******* ХХК /захиалагч/, нөгөө талаас М******* ХХК /гүйцэтгэгч/-ийн хооронд Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу Гүйцэтгэгч нь Захиалагчийн “Хан-Уул дүүрэг, , Ү, хаягт баригдах үйлчилгээтэй орон сууцны зориулалттай 4 блок барилгыг гэрээний хавсралтуудаар баталсан гүйцэтгэх ажлын тодорхойлолт, гэрээнд заасан баримт бичиг, нөхцөлүүд болон холбогдох хууль тогтоомж, норм дүрэмд заасан шаардлагын дагуу, чанарын өндөр түвшинд гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгөх, мөн уг гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэхэд Захиалагч ба Гүйцэтгэгч талууд харилцан тохиролцсон байна.
12. Гомдол гаргагч М******* ХХК нь барилгын ажлын зөвшөөрөл авах захиалагчийн үүргээ хэрэгжүүлэхгүйгээр барилгын ажлыг эхлүүлсэн болох нь Зөрчлийн хэрэгт холбогдогчоор мэдүүлэг өгсөн Д.Б*******ийн зөвшөөрөлгүйгээр барилгын ажил буюу газар шорооны ажлыг гүйцэтгэсэн талаар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, Хан-Уул дүүргийн хорооны оршин суугч Б.Т*******ий Нийслэлийн Хяналт шалгалтын газарт гаргасан 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн өргөдөл, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн бэхжүүлэн авсан газар шорооны ажил хийгдсэн эсэхийг харуулсан фото зураг, Нийслэлийн хяналт шалгалтын газрын 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Хяналт шалгалт хийсэн тухай илтгэх хуудас зэрэг холбогдох баримтаар тус тус тогтоогдож байна.
13. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Барилгын ажлын захиалагч дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 37.1.1 дэх хэсэгт “барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх”, Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Барилгын ажлын захиалагч хуульд заасан”, 5.2 дахь хэсэгт “чиг үүргээ хэрэгжүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна. гэж тус тус заасан.
14. Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтаас үзвэл гомдол гаргагч М******* ХХК нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр А, С блок барилгын газар шорооны ажлыг гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж, Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан барилгын ажил захиалагчийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5-д Барилгын ажлын захиалагч хуульд заасан, 5.2-т чиг үүргээ хэрэгжүүлээгүй зөрчилд хамаарч байх тул үүнтэй холбогдуулан уг зөрчлийг шалган тогтоож, гомдол гаргагч хуулийн этгээдийг 5,000 нэгж буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан хариуцагч улсын ахлах байцаагчийн үйлдсэн шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байх тул хүчингүй болгох үндэслэлгүй.
15. Үүнтэй холбоотойгоор, гомдол гаргагч М******* ХХК-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан ... барилгын зөвшөөрөл авсан буюу 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авсан байтал тус компанийг захиалагчийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцсон холбогдогч хуулийн мэдлэггүйн улмаас зөрчлийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй, 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 0005206 БАЗГ2026/0213 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хувьд барилгын үндсэн ажлыг эхлүүлэх зөвшөөрөл биш зөвхөн Орон сууцны цогцолбор барилгын эргийн бэхэлгээний зөвшөөрөл болохыг дурдах нь зүйтэй.
16. Хариуцагч Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Барилгын техникийн улсын ахлах байцаагч Д.Гийн үйлдсэн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0813360 дугаартай шийтгэлийн хуудсыг үндэслэн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” эрх бүхий албан тушаалтны даалгавар гарсан, шүүх маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хуульд нийцсэн, үндэслэл бүхий гэж дүгнэсэн тул шууд хамаарал бүхий барилгын үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээг авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгасан албан даалгаврыг хүчингүй болгох гомдлын шаардлагыг хангах боломжгүй.
17. Иймд дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагч М******* ХХК-ийн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Барилгын техникийн улсын ахлах байцаагч Д.Гт холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.2, Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Барилгын техникийн улсын ахлах байцаагч Д.Гт холбогдуулан “Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0813360 дугаартай шийтгэлийн хуудас, 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгуулах М******* ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР