| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00365/И |
| Дугаар | 311/ШШ2025/00506 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 311/ШШ2025/00506
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын ...... багт байрлалтай, ...... ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн ....... газарт холбогдох,
Дулаан эрчим хүчээр хангах гэрээг хүчин төгөлдөр байлгаж, гэрээг үргэлжлүүлэн байгуулахыг даалгах, халаалтын төлбөр 84,078,742.50 төгрөг, алданги 30,548,511.68 төгрөг, нийт 114,626,984.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ..... ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .. ХХК нь хариуцагч Завхан аймгийн .....газартай байгуулсан дулаан эрчим хүчээр хангах гэрээний дагуу 6661м3 талбайг дулаан эрчим хүчээр хангах гэрээг жил бүр Монгол улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйл, Эрчим хүчний тухай хуулийн 29, 32-р зүйл, Засгийн газрын 2021 оны А/146 дугаартай тогтоолоор батлагдсан Дулаан эрчим хүч хэрэглэх дүрэм-ийн дагуу байгуулж ирсэн. Гэтэл хэрэглэгч байгууллага болох Завхан аймгийн ..... газар нь 2025 оны 01-ний өдрөөс 2025 оны 12-р сарын 31-ний өдрийн хоорондох хугацаанд дулааны эрчим хүчээр хангах гэрээг шинээр байгуулахгүй шинээр байгуулагдсан Улиастай зочид буудлын уурын зуухнаас халаалтаа авна гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж байна.
...иймд Завхан аймгийн ..... газар нь гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөл байдал байгаа учир дулаан эрчим хүчээр хангах гэрээг хүчин төгөлдөр байлгаж, гэрээг үргэлжлүүлэн байгуулахыг даалгах, халаалтын төлбөр 84,078,742.50 төгрөг, алданги 30,548,511.68 төгрөг, нийт 114,626,984.18 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч байгууллага шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Завхан аймгийн ...... газар нь гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөл байдал байгаа учир дулаан эрчим хүчээр хангах гэрээг хүчин төгөлдөр байлгаж гэрээг үргэлжлүүлэн байгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч дулаан эрчим хүчээр хангах гэрээг 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байгуулж, 2 дахь шаардлагаас үндсэн халаалтын төлбөр 84,078,473 төгрөг шилжүүлж биелүүлсэн учир нэхэмжлэлийн шаардлагаас алданги 30,548,511.68 төгрөг гаргуулах шаардлагаас нэхэмжлэгч нь татгалзаж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч ..... ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: .... ХХК-ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн ...... газарт холбогдуулан Дулаан эрчим хүчээр хангах гэрээг хүчин төгөлдөр байлгаж, гэрээг үргэлжлүүлэн байгуулахыг даалгах, халаалтын төлбөр 84,078,742.50 төгрөг, алданги 30,548,511.68 төгрөг, нийт 114,626,984.18 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Завхан аймгийн ..... газрын хариу тайлбартай холбогдуулан ....алданги болох 30,548,511.68 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж өгнө үү гэсэн саналыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзаж байгаа болно.
...иймд хариуцагч Завхан аймгийн ........н газар нь гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөл байдал байгаа учир дулаан эрчим хүчээр хангах гэрээг хүчин төгөлдөр байлгах, гэрээг үргэлжлүүлэн байгуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр дулаан эрчим хүчээр хангах гэрээг байгуулж, халаалтын төлбөр 84,078,473 төгрөгийг шилжүүлэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлж нэхэмжлэгч ...... ХХК нь алданги болох төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Г.С.......шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...шүүх хуралдаан 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагт товлогдсон. Хариуцагч нь нэхэмжлэлийн зарим шаардлагыг биелүүлж, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Уг шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Э..... Тосонцэнгэл сумын шүүхэд шүүх хуралдаантай, миний бие ажилтай байгаа тул шүүх хуралдааныг бидний байхгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
...... ХХК нь Завхан аймгийн Б....... газарт холбогдуулан Дулаан эрчим хүчээр хангах гэрээг хүчин төгөлдөр байлгаж, гэрээг үргэлжлүүлэн байгуулахыг даалгах, халаалтын төлбөр 84,078,742.50 төгрөг, алданги 30,548,511.68 төгрөг, нийт 114,626,984.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарт мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдааныг байхгүйгээр хийж өгөхийг хүссэн байна. Харин хариуцагч байгууллагын төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна.
Гэвч талуудын шүүхэд ирүүлсэн тайлбар, тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар талуудыг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг цааш нь үргэлжлүүлэн явуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, хариуцагч Завхан аймгийн ..... газар нь дулаан эрчим хүчээр хангах гэрээг хүчин төгөлдөр байлгаж, дулаан эрчим хүчээр хангах гэрээг 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байгуулж, 2 дахь шаардлагаас үндсэн халаалтын төлбөр 84,078,473 төгрөг шилжүүлснийг, нэхэмжлэгч ..... ХХК нь алданги 30,548,511.68 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж эвлэрсэн болох нь талуудын шүүхэд ирүүлсэн тайлбаруудаар нотлогдож байна.
Талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 106 ДУГААР ЗҮЙЛИЙН 106.5 ДАХЬ ХЭСЭГТ ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ..... ХХК-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн ...... газарт холбогдох дулаан эрчим хүчээр хангах гэрээг хүчин төгөлдөр байлгаж, гэрээг үргэлжлүүлэн байгуулахыг даалгах, халаалтын төлбөр 84,078,742.50 төгрөг, алданги 30,548,511.68 төгрөг, нийт 114,626,984.18 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчид нэхэмжлэлийн шаардлагыг талаар харилцан тохиролцож, хариуцагч Завхан аймгийн ......газар нь дулаан эрчим хүчээр хангах гэрээг хүчин төгөлдөр байлгаж, дулаан эрчим хүчээр хангах гэрээг 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байгуулж, халаалтын төлбөр 84,078,473 төгрөг шилжүүлснийг, нэхэмжлэгч нь алданги 30,548,511.68 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 801,285 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн ........ газраас 324,271 төгрөгийг, улсын төсвийн орлого буюу 5176120446 тоот данснаас 324,271 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ...... ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ