| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0699/Э |
| Дугаар | 761 |
| Огноо | 2018-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1., |
| Улсын яллагч | Э.Ундраххэрлэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 761
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,
Улсын яллагч Э.Ундраххэрлэн,
Хохирогч Л.Наранчимэг,
Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г Мхолбогдох эрүүгийн 1806024180756 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл-7 эхнэр 5 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо тоотод оршин суудаг, урьд 2014.09.30-нд Дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны 1 дүгээр шүүхийн 1087 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгаи ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 cap баривчлах ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар:, хэрэг хариуцах чадвартай, Г М,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баатархайрханы 2-246 тоотод оршин суух өөрийн эхнэр Л.Наранчимэгийг архи өгсөнгүй гэж шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
мөн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн хооронд нийт 3 удаагийн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хэл амаар доромжилж, амгалан тайван байдлыг нь байнга алдагдуулан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Наранчимэг мэдүүлэхдээ: “...Миний биед манай нөхөр гэмтэл учруулсан. Би гомдол саналгүй байгаа. Хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Л.Наранчимэгийн мэдүүлэг /хх-15/, гэрч М.Нямхандын мэдүүлэг /хх-6-17/, шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №3628 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-21/, эрсдэлийн түвшин дунд буюу хяналтанд авах шаардлагатай гэж тодорхойлсон Хууль зүй дотоод хэргийн сайдын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/37 дугаартай тушаалын 3 дугаар хавсралтын хохирогчийн Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-7/, Гэр бүлийн нөхцөл байдал хэрэгцээний үнэлгээ /хх-28-37/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1759 дугаартай шийтгэвэр /хх-26/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 277 дугаартай шийтгэвэр /хх-25/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баатархайрханы 2-246 тоотод оршин суух өөрийн эхнэр Л.Наранчимэгийг архи өгсөнгүй гэж шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
мөн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн хооронд нийт 3 удаагийн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хэл амаар доромжилж, амгалан тайван байдлыг нь байнга алдагдуулан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Л.Наранчимэгийн өгсөн: “....манай нөхөр Г.М согтуу орж ирээд надаас архины мөнгө нэхээд намайг хэл амаар доромжилж байгаад гэрээс гарч яваад гэрийн гаднаас гэр нүдээд муу янхан минь гараад ир, ална гээд бахираад байхаар нь би гараад болиулах гэсэн чинь миний нүүр хэсэгт гараар цохиод түлхэж унагчихаад зугтсан.” /хх-15/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч М.Нямхандын өгсөн: “...3 охиноо янханууд, гичийнүүд гэх мэт элдэв үгээр дайрч доромжилдог. 2018 оны 3 дугаар сарын 11-ний орой 21 цагийн орчимд агсам тавьж намайг хашааны дотор толгой нүүр цохиж зодсон. Тэр үед нь цагдаад хандаагүй гараад зугтаагаад явсан. ” /хх-6/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч М.Нямхандын өгсөн. “…19 цагийн ирсэн тэр үед аав согтуу ээжийг архи авч өг гээд хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь би 2 дүүгээ дагуулж яваад Шар хадны эцэс дээр байдаг халуун усанд орохоор яваад орой 23 цагийн үед гэрт ирсэн чинь аав ээжийг зодчихоод гараад зугтсан байсан.” /хх-17/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №3628 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. Л.Наранчимэгийн биед тархи доргилт, дух 2 нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-21/,
Эрсдэлийн түвшин дунд буюу хяналтанд авах шаардлагатай гэж тодорхойлсон Хууль зүй дотоод хэргийн сайдын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/37 дугаартай тушаалын 3 дугаар хавсралтын хохирогчийн Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-7/,
Гэр бүлийн нөхцөл байдал хэрэгцээний үнэлгээ /хх-28-37/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1759 дугаартай шийтгэвэр /хх-26/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 277 дугаартай шийтгэвэр /хх-25/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдгээ өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлт мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр зэргээр тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Г.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баатархайрханы 2-246 тоотод оршин суух өөрийн эхнэр Л.Наранчимэгийг архи өгсөнгүй гэж шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан мөн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн хооронд нийт 3 удаагийн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хэл амаар доромжилж, амгалан тайван байдлыг нь байнга алдагдуулан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар Г.М холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Г.М хорих ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г Мхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.М 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1-т зааснаар Г.М оногдуулсан 450 нэгжийг арван таван нэгжтэй дүйцүүлэн 30 хоногийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Г.М оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан
хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.М авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС