Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 27

 

Хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрлийг баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан мөн сумын иргэн С.Мөнгөний нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, мөн өдөр захиргааны хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хариуцагч Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Сонгуулийн хорооны дарга Ж.Чимэддулам, Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Аварзэд нар нь  2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ:   

            “Бат-Өлзий сумын Сонгуулийн хороо дарга нь С.Мөнгөний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Учир нь Ж.Аварзэдийн иргэний үнэмлэх нь Арвайхээрийн хаягтай болох нь үнэн.  Иймээс нэхмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

               Хариуцагч Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Сонгуулийн хорооны дарга Ж.Чимэддулам  тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу  2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болохоо бичгээр мэдэгдсэн байна. 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана” гэж хуульчлан заажээ.

            Хариуцагч Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Сонгуулийн хорооны дарга Ж.Чимэддулам хуульд заасан эрхийхээ хүрээнд нэхэмжлэгч иргэн С.Мөнгөний  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох “Бат-Өлзий сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 3 дугаар тойрогт нэр дэвшигч Жамсран овогтой Аварзэдийг нэр дэвшигчээр бүртгэсэн Бат-Өлзий сумын сонгуулийн хорооны шийдвэрийг хүчингүй болгож, нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах шийдвэр гаргахыг Бат-Өлзий сумын сонгуулийн хороонд даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болохоо тус шүүхэд ирүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бичгээр илэрхийлж, нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болохоо  баталгаажуулсан байна.  

Иймд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Сонгуулийн хорооны дарга Ж.Чимэддулам нь нэхэмжлэгч иргэн С.Мөнгөний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох “Бат-Өлзий сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 3 дугаар тойрогт нэр дэвшигч Жамсран овогтой Аварзэдийг нэр дэвшигчээр бүртгэсэн Бат-Өлзий сумын сонгуулийн хорооны шийдвэрийг хүчингүй болгож, нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах шийдвэр гаргахыг Бат-Өлзий сумын сонгуулийн хороонд даалгуулах”-ыг хүссэн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа шүүхэд албан ёсоор мэдэгдсэн байх тул  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд хуульчлан заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67, 69, 111.1 дүгээр зүйлүүдэд  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь заасныг баримтлан  хариуцагч Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Сонгуулийн хорооны дарга Ж.Чимэддулам, Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Аварзэд нар нь нэхэмжлэгч С.Мөнгөний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох “Бат-Өлзий сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 3 дугаар тойрогт нэр дэвшигч Жамсран овогтой Аварзэдийг нэр дэвшигчээр бүртгэсэн Бат-Өлзий сумын сонгуулийн хорооны шийдвэрийг хүчингүй болгож, нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах шийдвэр гаргахыг Бат-Өлзий сумын сонгуулийн хороонд даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48,2-т   тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар  шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэнэ.

4. Шүүгчийн захирамжинд давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ц.НЭРГҮЙ