Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2017/00139

 

“Шилдэг шинэ эхлэл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/05064 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1960 дугаар магадлалтай,

         “Шилдэг шинэ эхлэл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

         Б.Машбаяр, “Эм Си Эйч Эс” ХХК-д холбогдох           

      Хэлцэл хүчин төгөлдөр буст тооцуулах, хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгуулах, өмчлөх эрх сэргээлгэх, 7 ширхэг миксер автомашинуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, 02-61 УБИ улсын дугаартай автомашин, хохирол буюу олох ёстой ашиг 91 399 753 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн 19 656 400 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

         Хариуцагч Б.Машбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангоо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Сарантуяа, хариуцагч “Эм Си Эйч Эс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав, хариуцагч нарын өмгөөлөгч Н.Мандах, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Манай компани 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр анх 11 гишүүнтэйгээр байгуулагдсан бөгөөд хувь нийлүүлэгчдийн хурлаар хувьцаа эзэмшигч Б.Машбаярыг гүйцэтгэх захирлаар томилж 01 тоот тогтоол гаргасан. Тухайн үед “Шилдэг шинэ эхлэл” ХХК нь “Эм Си Эйч Эс” ХХК-ийн үйлдвэрийн байранд үйл ажиллагаагаа явуулж байсан. Тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Д.Дэлгэрийн санаачилгаар компани БНСУ-ын иргэн Бэг Вон Пилээс 7 ширхэг миксер автомашиныг нэг бүрийг нь 30 000 000 төгрөгөөр, нийт 210 000 000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Б.Машбаяр 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хувьцаа эзэмшигч М.Эрдэнэтуяад итгэмжлэл олгож, М.Эрдэнэтуяа нь итгэмжлэлийн үндсэн дээр компанийг төлөөлөн 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр иргэн Бэк Вон Пилтэй 02-63 УБИ, 81-34 УБС, 02-60 УБИ, 35-67 УБИ, 76-28 УБС, 29-17 УБИ, 02-61 УБИ улсын дугаар бүхий 7 ширхэг миксер автомашиныг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээг нотариатаар гэрчлүүлж, бүртгэлийн хуульд заасны дагуу Авто тээврийн газарт эзэмшигчийн нэрийг шилжүүлэн бүртгүүлснээр “Шилдэг шинэ эхлэл” ХХК дээрх машинуудын хууль ёсны өмчлөгч болсон. “Шилдэг шинэ эхлэл” ХХК нь 2012 оны жилийн эцсийн санхүүгийн тайландаа тусган баталгаажуулж, нийт үндсэн хөрөнгийн хэмжээ нь нэмэгдэн 221 121 209 төгрөг болсныг татварт тайлагнасан байсан. Гэтэл Б.Машбаяр нь бусад хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дангаар шийдвэр гарган, 12/24 тоот албан бичгийг Авто тээврийн газарт явуулж, “Шилдэг шинэ эхлэл” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан 7 ширхэг миксер автомашинуудын өмчлөх эрхийг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан бөгөөд түүний уг үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна. Иймд Б.Машбаярын 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг хэлцлийн үндсэн дээр 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “Эм Си Эйч Эс” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн автомашинуудын бүртгэлийг хүчингүй болгож, “Шилдэг шинэ эхлэл” ХХК-ийн өмчлөх эрхийг сэргээлгэх нэхэмжлэлийг Б.Машбаярт холбогдуулж гаргаж байна. “Төгс зуурмаг” ХХК-ийг Д.Дэлгэр 100 хувь эзэмшдэг бөгөөд 7 автомашины үнэ болох 210 000 000 төгрөгийг төлсөн. Үүнд: 1. “Төгс зуурмаг” ХХК нь 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Орчлон констракшн” ХХК-иас зуурмагийн төлбөрт авсан 61 215 750 төгрөгийн үнэтэй, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 46-68 тоот 2 өрөө орон сууцыг Ким Хю Жиний нэр дээр шилжүүлэн өгсөн бөгөөд уг үнийн дүнг Бэг Вон Пилийн машины үнэд шилжүүлэн тооцохоор тохирсон. Гэтэл уг байрыг цааш өгөлгүй өөртөө үлдээсэн байсан ба Бэг Вон Пил болон Ким Хю Жин нарын хоорондын өглөг, авлагадаа уг байрыг тооцсон байсан учраас Бэг Вон Пил нь 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Шилдэг шинэ эхлэл” ХХК-тай байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээг байгуулахад төлбөр тооцоо дууссаныг гол үндэслэлээ болгон өмчлөх эрхийг саадгүй шилжүүлэн өгсөн. 2. “Төгс зуурмаг” ХХК нь 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “Орчлон констракшн” ХХК-иас төлбөрт авсан 62 628 470 төгрөгийн үнэтэй, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол, 5 дугаар хороонд байрлах 44-84 тоот 2 өрөө орон сууцыг, 3. 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Бэг Вон Пилийн “Хувьсах зам” ХХК-д 30 000 000 төгрөг, 4. 2012 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “Шилдэг шинэ эхлэл” ХХК нь Бэг Вон Пилийн “Тамна жэжү” ХХК-д 26 000 000 төгрөг, 14 000 000 төгрөг, нийт 40 000 000 төгрөгийг машины үнэд тус тус төлсөн. 5. 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “Шилдэг шинэ эхлэл” ХХК нь Баянгол дүүргийн татварт Бэг Вон Пилээс худалдан авсан машины төлбөрийн хүн амын орлогын албан татварт 14 000 000 төгрөгийг тушаасан ба энэ нь машины төлбөрт орж тооцогдсон. Дээрх мөнгөний нийт дүн 207 844 220 төгрөг болсон. “Төгс зуурмаг” ХХК нь 7 миксер автомашины үнэд урьдчилан төлсөн төлбөрийнхөө дүнгээр “Шилдэг шинэ эхлэл” ХХК-иас авлага үүсгэн тайлагнасан ба нэхэмжлэгч нь энэ дүнгээр тус компанид өртэй хэмээн тайлагнасан байдаг. 02-63 УБИ, 81-34 УБС, 02-60 УБИ, 35-67 УБИ, 76-28 УБС, 29-17 УБИ, 02-61 УБИ улсын дугаар бүхий 7 ширхэг миксер машинуудыг “Шилдэг шинэ эхлэл” ХХК нь 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр БНСУлсын иргэн Бэг Вон Пилтэй автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулан, нотариатаар батлуулж, төлбөр тооцоог бүрэн төлж дууссаны үндсэн дээр худалдан авсан тул маргаан бүхий автомашинуудын хууль ёсны өмчлөгчөөр “Шилдэг шинэ эхлэл” ХХК-ийг тогтоож өгнө үү. “Эм Си Эйч Эс” ХХК-ийн захирал Ким Хю Жин нь “Төгс зуурмаг” ХХК-тай 2010 оноос 2015 он хүртэл хугацаанд байгуулсан түрээсийн гэрээгээ 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэнэт цуцалж, “Төгс зуурмаг” ХХК болон “Шилдэг шинэ эхлэл” ХХК-ийг байрнаас гаргасны улмаас компанийнхаа санхүүгийн бичиг баримт болон эд хөрөнгүүдээ авч чадаагүй. Үүний дотор “Шилдэг шинэ эхлэл” ХХК-ийн 7 ширхэг миксер автомашинууд болон агуулахад байсан сэлбэг хэрэгслүүд бүгд “Эм Си Эйч Эс” ХХК-ийн эзэмшилд үлдсэн. Түүнчлэн нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Машбаяр нь “Эм Си Эйч Эс” ХХК-ийн захирал Ким Хю Жинтэй хамтран ажиллахаар болж үлдсэн. Үүний маргааш нь буюу 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр “Шилдэг шинэ эхлэл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Машбаяр нь компанийн удирдлагын эрх, тамгыг ашиглан компанийн нэр дээр бүртгэлтэй автомашиныг бусад хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр Авто тээврийн газарт эзэмшигчийг солих тухай 12/24 тоот албан бичиг үйлдэн хувьдаа шилжүүлэн авсан байсан. Уг асуудлыг эрүүгийн журмаар шалгуулсан бөгөөд мөрдөн байцаалтын явцад шинжээчийн 2013 оны 145 дугаар дүгнэлтээр дээрх автомашинууд “Шилдэг шинэ эхлэл” ХХК-ийн хууль ёсны өмч болохыг тогтоож, 2013 оны 05 дугаар сарын 21-ний “Эм Си Эйч Эс” ХХК-ийн үйлдвэрийн хашаанд байсан 02-63 УБИ, 81-34 УБС, 02-60 УБИ, 35-67 УБИ, 76-28 УБС, 29-17 УБИ, 02-61 УБИ улсын дугаар бүхий 7 ширхэг миксер автомашинуудын 6 ширхгийг нь В.Цэнд-Аюуш, Г.Хадбаатар, Э.Мөнх-Эрдэнэ, М.Эрдэнэтуяа, М.Хосбаяр, П.Эрдэнэчимэг нарт хүлээлгэн өгсөн. Э.Мөнх-Эрдэнэ, М.Эрдэнэтуяа нар “Эм Си Эйч Эс” ХХК-д Б.Машбаярын хамт ажиллахаар үлдсэн байсан ба энэ өдөр бусад 4 хувьцаа эзэмшигч болох В.Цэнд-Аюуш, Г.Хадбаатар, М.Хосбаяр, П.Эрдэнэчимэг нар тус үйлдвэрийн хашаанаас өөрийн зээлээр худалдан авсан 02-63 УБИ, 35-67 УБИ, 76-28 УБС, 02-60 УБИ дугаарын машинуудаа авч явсан. 81-34 УБС, 29-17 УБИ, 02-61 УБИ машинууд нь хариуцагч компанийн хашаанд үлдсэн. Үүнээс 02-61 УБИ дугаарын автомашин нь ашиглах боломжгүй болж эвдэрсэн байсан бөгөөд энэ машиныг “Шилдэг шинэ эхлэл” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид авах гэсэн боловч “Эм Си Эйч Эс” ХХК өгч явуулаагүй. Иймээс маргаан бүхий 7 ширхэг миксер автомашины 3 ширхэг буюу 81-34 УБС, 29-17 УБИ, 02-61 УБИ машинууд нь өнөөдрийг хүртэл “Эм Си Эйч Эс” ХХК-ийн хууль бус эзэмшилд үлдсэнээс 02-61 УБИ автомашин нь ашиглах боломжгүй эвдэрсэн байсан тул энэ машины үнэ 30 000 000 төгрөгийг хариуцагч “Эм Си Эйч Эс” ХХК-иас гаргуулж, үлдэж буй 81-34 УБС, 29-17 УБИ улсын дугаар бүхий автомашинуудыг тус компанийн хууль бус эзэмшлээс гаргуулан “Шилдэг шинэ эхлэл” ХХК-д олгож өгнө үү. 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “Эм Си Эйч Эс” ХХК-ийн Ким Хю Жин захирал нь манай компанийг өөрийн байрнаас хөөж гарган компанийн өмчлөлийн машиныг өөрийн эзэмшилд хууль бусаар авч үлдсэний улмаас “Шилдэг шинэ эхлэл” ХХК нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болж, олох байсан орлогоо алдан хохирсон. 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаагч 7 миксер автомашиныг хувьцаа эзэмшигчдэд хүлээлгэн өгч акт үйлдсэн. Ийнхүү хариуцагч компани нь 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх 8 сарын хугацаанд манай компанийн өмчлөлийн машинуудыг хүлээлгэн өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан учраас энэ хугацаанд 91 399 753 төгрөгийн олох ёстой ашгаар хохирсон тул хариуцагч компаниас гаргуулж өгнө үү. Хохирлын тооцооллыг гаргахдаа борлуулалтын орлогыг жишиг болгон харьцуулсан. Бетон зуурмагийн үйлдвэрлэл нь улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дулаан цагт бид ийм хэмжээний орлого олох байсан гэдгийг өмнө олж байсан ашиг дээрээ тулгуурлан тооцоог хийсэн. Тодруулбал, 5 сарын хугацаанд нийт 130 хоног ажиллаад 226 879 000 төгрөгийн борлуулалтыг хийсэн байсан. Нэг өдөр нэг машин 213 509 төгрөгийн орлоготой байна. 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Б.Машбаяр нь манай компанийн машинуудыг хууль бус эзэмшилдээ байлгасан ба ажиллах боломжит сар болох 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 10 өдөр хүртэл 60 хоног, 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 81 хоног, нийт 141 хоног ажиллах боломжийг хаагдуулсан гэж үзэж байгаа. 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн актад дээрх машинуудыг хүлээн авахад дутсан эд ангийг нэг бүрчлэн бичиж хүлээлгэн өгсөн бөгөөд “Эм Си Эйч Эс” ХХК-ийн хууль бус эзэмшилд байх хугацаанд тоногдож бүрэн бүтэн байдал нь алдагдсан байснаас сэргээн засварласны зардалд 7 065 000 төгрөгийг манай компаниас төлж хохирсон тул хариуцагч компаниас гаргуулж өгнө үү. Хариуцагч компанийн хууль бус эзэмшилд үлдсэн “Шилдэг шинэ эхлэл” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох чингэлэг, сэлбэг, компьютер болон бусад эд зүйлсийн нийт үнэ 19 656 400 төгрөгийг “Эм Си Эйч Си” ХХК-иас гаргуулж өгнө үү. 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр манай компани нь “Эм Си Эйч Си” ХХК-ийн үйлдвэрийн байрнаас “Төгс зуурмаг” ХХК-ийн хамт хөөгдөж гарах үед “Шилдэг шинэ эхлэл” ХХК-ийн хөрөнгөөр худалдан авсан эд хөрөнгүүдийг хариуцагч компани нь өөрийн эзэмшилд авч үлдсэн. Эдгээр хөрөнгүүдэд 3 140 000 төгрөгийн үнэ бүхий чингэлэг 1 ширхэг, 4 773 400 төгрөгийн үнэ бүхий 28 нэр төрлийн машины сэлбэг, багаж төхөөрөмжүүд, 799 000 төгрөгийн үнэ бүхий компьютер, 4 200 000 төгрөгийн үнэ бүхий Жи Пи Эс төхөөрөмж, үйлчилгээний төлбөрт төлсөн 2 184 000 төгрөгийн эд хөрөнгүүд багтаж байгаа.” гэжээ.

          Хариуцагч Б.Машбаяр болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батзоригийн гаргасан хариу тайлбарт: “2007 онд “Эм Си Эйч Эс” ХХК-ийг анх Ким Хю Жин захирал 100 хувийн хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулж, 2008 онд “Шилдэг шинэ эхлэл” ХХК-ийн 50 хувийн эзэмшигч Д.Дэлгэрийг компанийнхаа ерөнхий менежерээр авч ажиллуулж байсан. Энэ хоёр нь 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 4 жилийн хугацаанд хамтарч ажилласан. “Эм Си Эйч Эс” ХХК-ийн захирал Ким Хю Жин нь Монгол компани байгуулах нь компанийн үйл ажиллагаа явуулахад хялбар болгож, санхүүгээ нэмэгдүүлэх зорилгоор “Шилдэг шинэ эхлэл” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Улмаар өөрийнхөө зүгээс Бэг Вон Пилээс 9 ширхэг автомашиныг 330 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Уг 9 машинаас Д.Дэлгэрийн зуучилж өгсөн 2 хүнд худалдсан боловч Ким Хю Жинд бэлэн орлого орж ирээгүй. 7 ширхэг автомашиныг “Эм Си Эйч Эс” ХХК-ийн захирал Ким Хю Жин нь өөрийн хөрөнгө оруулалт дээр тулгуурлаад “Шилдэг шинэ эхлэл” ХХК-ийг үүсгэн байгуулж, захирлаар нь Б.Машбаярыг томилсон. Б.Машбаяр нь 7 ширхэг машиныг “Эм Си Эйч Эс” ХХК-иас “Шилдэг шинэ эхлэл” ХХК-д худалдаж авах үйл явцыг удирдан явуулсан бөгөөд энэ худалдах үйл ажиллагаа нь хэлбэрийн төдий байсан. Шалтгаан нь хариуцагч “Эм Си Эйч Эс” ХХК нь “Шилдэг шинэ эхлэл” ХХК руу бодитой төлбөр өгөөгүй, нэхэмжлэгч компани нь жилийн эцсээр тооцоо хийхдээ худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс хоёр компани тусдаа үйл ажиллагаа явуулах болсны улмаас уг 7 машины маргаан гарч ирсэн. Нэгэнт машиныг худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөр хийгдээгүй учир Б.Машбаяр нь цаашид гуравдагч этгээд рүү шилжихээс хамгаалж өөрийнхөө нэр дээр авсан бөгөөд өөрөө өөртэйгээ ямар нэгэн байдлаар хэлцэл хийгээгүй, хууль бусаар өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн хэрэг биш.” гэжээ.

        Хариуцагч “Эм Си Эйч Эс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билэгсайхан, И.Амаржаргал нарын гаргасан хариу тайлбарт: “Эм Си Эйч Эс” ХХК-ийн ерөнхий захирал Ким Хю Жин нь 2009 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шийдвэрээр гадаадын хөрөнгө оруулалттай компанийг үүсгэн байгуулж, гадаад худалдаа, бетон зуурмагийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Д.Дэлгэрийг компанийн ерөнхий менежерийн ажилд авч хамтран ажиллаж эхэлсэн. Улмаар Д.Дэлгэрийг 2008 оны 001/009 дүгээр тушаалаар тус компанийн гүйцэтгэх захирлаар томилж, компанийн өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгүүлж байсан. Тус компани нь 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай учраас Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй хяналт шалгалт их, дотоодын компани бол ийм зүйл байхгүй гэж ятган 100 хувийн хөрөнгө оруулалттай Монгол компани буюу “Төгс зуурмаг” ХХК-ийг байгуулж, энэ компанийн дүрмийн сангийн хөрөнгө болох 1 000 000 төгрөгийг “Эм Си Эйч Эс” ХХК-ийн кассаас гаргасан болно. Ингээд “Эм Си Эйч Эс” ХХК нь “Төгс зуурмаг” ХХК-ийн нэрээр үйл ажиллагаа явуулж байсан тул хариуцагч компанийн бүхий л орлого бусдаас авах өр төлбөр зэргийг “Төгс зуурмаг” ХХК-ийн данс, кассаар хүлээн авч байсан. “Төгс зуурмаг” ХХК нь манай компанийн бетон зуурмагийн 1 дүгээр үйлдвэрийг түрээслэн ажиллуулах, ийнхүү ажиллуулснаас олсон борлуулалтын орлогын 20 хувийг манай компанид шилжүүлж байхаар харилцан тохиролцон. 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 009/001 дугаар Хамтран ажиллах гэрээ байгуулан үйлдвэрийг түрээслэн ажиллаж эхэлсэн. Гэтэл 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Д.Дэлгэртэй ажил төрлөөс болж маргалдан, “Төгс зуурмаг” ХХК-д холбогдох санхүүгийн тайлан, баримт, тамга тэмдэг зэргийг авч салж явсан. Мөн дээрх хамтран ажиллах гэрээний хугацаанд “Эм Си Эйч Эс” ХХК-ийн захирал Ким Хю Жин нь БНСУлсын иргэн Бэг Вон Пилтэй 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулан 9 ширхэг миксер автомашиныг худалдан авсан. “Эм Си Эйч Эс” ХХК нь дээрх 9 ширхэг автомашинаас 2 ширхгийг хариуцагч Д.Дэлгэрийн дүү гэх Б.Мөнхбилгүүнд худалдсан бөгөөд Б.Мөнхбилгүүн нь миксер автомашины төлбөрийг Д.Дэлгэрт бүрэн өгсөн гэдэг боловч Д.Дэлгэр энэхүү мөнгийг манай компанид өгөлгүй хувьдаа завшсан. Харин үлдэх 7 миксер автомашиныг “Шилдэг шинэ эхлэл” ХХК-д худалдахаар тохиролцсоны дагуу Ким Хю Жиний хүсэлтээр Пэг Вон Пил нь миксер машинуудын өмчлөх эрхийн бүртгэлийг тус компанийн нэр лүү шилжүүлэн өгсөн. “Эм Си Эйч Эс” ХХК нь дээрх автомашиныг цааш худалдан борлуулах зорилготой байсан тул өөрийн компанийн нэр дээр шилжүүлэлгүй, Бэг Вон Пилийн нэрээс худалдан авч буй этгээдүүдийн нэр рүү шууд шилжүүлэн өгсөн үйл баримтыг нэхэмжлэгч ашиглан Бэг Вон Пилтэй дүр үзүүлэн хийсэн хэлцлийг бодитоор автомашин худалдан авсан гэрээ мэтээр тайлбарлан автомашины төлбөрийг Ким Хю Жинд огт төлөөгүй, олон жил миксер машинуудыг ашиглан орлого олж байгаа юм. Манай компани дээр дурдсан 9 машиныг Бэг Вон Пилээс худалдах, худалдан авах гэрээний дагуу авсан хууль ёсны өмчлөгч тул шүүхэд Д.Дэлгэрээс 76-29 УБИ, 02-62 УБИ улсын дугаартай 2 миксер автомашины үнэд 70 000 000 төгрөг, хариуцагч Б.Хосбаяр, Г.Хадбаатар, П.Эрдэнэчимэг, В.Цэнд-Аюуш нараас 35-67 УБИ, 02-63 УБИ, 02-60 УБИ,76-28 УБИ улсын дугаартай 4 миксер машиныг гаргуулах нэхэмжлэл тус шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа ба уг хэрэгт гэрч Бэг Вон Пилийн өгсөн “машинуудыг би зөвхөн Ким Хю Жинд худалдсан, би түүний хүсэлтээр машинуудыг “Шилдэг шинэ эхлэл” ХХК, Б.Мөнхбилгүүн нарт шилжүүлсэн” гэх мэдүүлэг өгсөн нь талуудын хооронд болсон явдлыг худалдагч тал өөрөө нотолсон чухал баримт болсон. Мөн энэ мэдүүлгээ эрүүгийн хэрэгт өгсөн, түүнчлэн эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч компанийг төлөөлөн гэрээ байгуулсан М.Эрдэнэтуяа, захирлаар ажиллаж байсан Б.Машбаяр нар гэрчийн мэдүүлэг өгсөн. Гэвч “Шилдэг шинэ эхлэл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар шүүхэд 7 миксер машиныг өөрсдөө Бэг Вон Пилээс худалдаж авсан гэх тайлбар гаргасан тул Б.Машбаяр машинуудыг эзэмшиж байгаа этгээдүүд “Эм Си Эйч Эс” ХХК-иас худалдан авсан төлбөрийг төлөхгүй, төлөх хүсэл зориг байхгүй хэрнээ өөрсдийнхөө машин гэж үзэж байгаа нь тодорхой болсны улмаас маргааны зүйл болох автомашинуудыг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр манай компанид өмчлөх эрхийн бүртгэлийг шилжүүлэн өгсөн юм. Уг өмчлөх эрхийг шилжүүлэх үед машинууд Б.Машбаярын өмчлөлд байсан. Хэдийгээр дээрх 7 машины өмчлөх эрхийн бүртгэл манай компанийн нэр дээр байгаа боловч бодит байдалд нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигчид өөрсдөө эзэмшиж, ашиглаж байгаа. Нэхэмжлэгчийн дурдаж байгаа шинжээчийн дүгнэлтэд маргааны зүйл болох 7 ширхэг миксер автомашинуудыг “Шилдэг шинэ эхлэл” ХХК-ийн өмч болохыг тогтоогоогүй, харин талуудын хооронд үүссэн өглөг авлагын харилцааг тогтоох зорилгоор “Голден пейж аудит” ХХК-ийн 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/34 дугаартай тайлан, дүгнэлтийн 4-т нэхэмжлэгчийг 7 ширхэг автомашины эх үүсвэр хаанаас гарсныг нотлох баримт байхгүй байна гэжээ. Түүнчлэн Нийслэлийн прокурорын газрын 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 427 дугаар тогтоол, мөн тус газрын 5 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар тогтоолоор уг машинуудыг яллагдагч Ким Хю Жин болон хохирогч нарын хэн алиных нь хөрөнгө биш, “Шилдэг шинэ эхлэл” ХХК-ийг үүсгэн байгуулагчид болох нэр бүхий хүмүүсийн тус бүр 7 000 000 төгрөг гаргаж авсан гэх хөрөнгө байх тул битүүмжлэлийг чөлөөлөх үндэслэлтэй байна гэсэн байна. Талуудын хооронд үүссэн маргааныг эрүүгийн журмаар шийдвэрлэх явцад 7 ширхэг миксер автомашиныг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор битүүмжилсэн бөгөөд Нийслэлийн прокурорын газрын 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор дээрх тогтоолыг хүчингүй болгож, машинуудыг битүүмжлэлээс чөлөөлсөн. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагад дурдсанчлан 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хүртэл хууль бусаар эзэмшиж, ашигласан зүйл байхгүй бөгөөд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад эрх бүхий этгээдүүд болох мөрдөн байцаагч, прокурорын шийдвэрээр битүүмжлэгдсэн байх хугацааны олох байсан орлогыг манай компани төлөх үндэслэлгүй юм. Түүнчлэн битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хадгалах, бүрэн бүтэн байлгахыг “Төгс зуурмаг” ХХК-ийн захирал Д.Дэлгэрт хариуцуулсан байдаг. Дээрх автомашинуудын өмчлөлийн асуудлаар маргаан үүсгэх эрх бүхий этгээд нь “Шилдэг шинэ эхлэл” ХХК биш бөгөөд 1 миксер автомашиныг 30 000 000 төгрөгөөр өөрсдөө үнэлэн нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Түүнчлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг миксер автомашиныг тоногдож, ашиглагдах боломжгүй болсон талаарх нотлох баримтыг нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд ямар үндэслэлээр машины үнийг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Дээрх автомашинуудыг битүүмжлэлээс чөлөөлж “Шилдэг шинэ эхлэл” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдэд хүлээлгэн өгсөн байна. Машин хүлээн авсан тэмдэглэлд тоногдсон талаар дурдагдаагүй байдаг бөгөөд зохих журмын дагуу одоо эзэмшиж байгаа этгээдүүд нь хүлээж авсан. Мөн манай компани машинуудыг хүлээлгэн өгсөн зүйл байхгүй учраас дээрх автомашинууд битүүмжлэгдсэн байх хугацаанд тоногдсон байгаад нэхэмжлэгч тал зассан гэж үзвэл хохирлоо Д.Дэлгэрээс нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Манай компани “Шилдэг шинэ эхлэл” ХХК-ийн ямар нэгэн эд хөрөнгийг хүлээн авч үлдсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримтаар агуулахад байгаа сэлбэг, бусад хөрөнгө гэх жагсаалтаар манайд хүлээлгэж өгсөн баримт байхгүй байна. Мөн талуудын хооронд үүссэн асуудлын талаар эрүүгийн журмаар шийдвэрлүүлэх явцад холбогдох бүхий л санхүүгийн баримтууд, бусад эд хөрөнгүүдийг битүүмжилсэн бөгөөд хэргийг шалгаж дууссаны дараа Төгс зуурмаг ХХК-д хүлээлгэж өгсөн. Үүнээс гадна талуудын хооронд үүссэн өглөг, авлагын асуудлыг 4 удаагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон бөгөөд уг дүгнэлтүүдэд “Эм Си Эйч Эс” ХХК-иас нэхэмжлэгч компанид өгөх ямар нэгэн өглөг тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/05064 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 100 дугаар зүйлийн 100.1, 497 дугаар зүйлийн 497.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Шилдэг шинэ эхлэл” ХХК-ийн, 02-63 УБИ, 81-34 УБС, 02-60 УБИ, 35-67 УБИ, 76-28 УБС, 29-17 УБИ, 02-61 УБИ улсын дугаар бүхий 7 ширхэг миксер автомашиныг өмчлөх эрхийг сэргээж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр “Эм Си Эйч Эс” ХХК-ийн нэр дээр хийгдсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагыг, мөн хариуцагч “Эм Си Эйч Эс” ХХК-д холбогдох 7 ширхэг миксер автомашины өмчлөгчөөр тогтоолгож, 02-61 УБИ дугаартай автомашины үнэнд 30 000 000 төгрөг, компанийн хууль бус эзэмшлээс 81-34 УБС, 29-17 УБИ улсын дугаартай миксер автомашинуудыг гаргуулан, 7 ширхэг миксер автомашинуудыг хууль бус эзэмшилдээ байлгасны улмаас олох ёстой байсан ашиг 91 399 753 төгрөг, хууль бус эзэмшилд үлдсэн эд хөрөнгийн үнэнд 19 656 400 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 109 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Машбаяраас 70 200 төгрөг гаргуулан “Шилдэг шинэ эхлэл” ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1960 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/05064 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.5 дахь хэсэгт зааснаар “Шилдэг шинэ эхлэл” ХХК-ийг 02-63 УБИ, 81-34 УБС, 02-60 УБИ, 35-67 УБИ, 76-28 УБС, 29-17 УБС, 29-17 УБИ, 02-61 УБИ улсын дугаартай 7 ширхэг миксер автомашины өмчлөгчөөр тогтоож, мөн хуулийн 492.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 02-61 УБИ улсын дугаартай автомашины үнэнд 30 000 000 төгрөг, компанийн хууль бус эзэмшлээс 81-34 УБС, 29-17 УБИ улсын дугаартай миксер автомашинуудыг гаргуулах, олох ёстой байсан ашиг 91 399 753 төгрөг, хууль бус эзэмшилд үлдсэн эд хөрөнгийн үнэд 19 656 400 төгрөгийг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

         Хариуцагч Б.Машбаярын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/05064 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1960 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь доорх байдлаар тогтоогдож байгаа төдийгүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хуралдааныг даргалагчийн зүгээс магадлалын агуулгыг сонсгохдоо анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 7 ширхэг миксер автомашиныг шилжүүлсэн хэлцлийг хууль бус гэж үзэж, өмчлөх асуудлыг шийдвэрлээгүй орхисон гэсэн байдлаар магадлал гарсан гэж танилцуулсан боловч магадлалын бичгийн хэлбэрийг үзэхэд өөрөөр тусгагдсан байна. Өмчлөх эрх үүсэхийн хувьд тухайн хөрөнгийн үнийг төлсөн байхыг шаарддаг хуулийн зохицуулалттай атал “Шилдэг шинэ эхлэл” ХХК нь 7 ширхэг миксер автомашиныг анх өөрийн нэр дээр бүртгүүлэхдээ ямар ч байдлаар үнийг төлөөгүй нь тогтоогдсон, мөн нэхэмжлэгч энэ байдлаа нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхой дурдсан, /6 миксер автомашины эздүүд буюу “Шилдэг шинэ эхлэл” ХХК хувьцаа эзэмшигч нар машины 30 хувийг урьдчилгаа болох 7.000.000 төгрөг төлсөн, 1 автомашины өмчлөгч тодорхойгүй/ үйл байдлыг анхан болон давж заалдах шатны шүүх дүгнээгүйгээр үл барам энэхүү үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөөгүйгээс шалтгаалж нэхэмжлэгч хууль бусаар хөрөнгөжих нөхцлийг бүрдүүлэхийн сацуу дээрх автомашинуудын өмнөх өмчлөгч БНСУ-ын иргэн Пэг Вон Пилийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэж үзэж байгаа тохиолдолд давж заалдах шатны шүүх эрх мэдлээ хэтрүүлсэн өмчлөгчөөр тогтоож байгаа нь хууль хэрэглээний хувьд буруу бөгөөд хэрэв ингэж шийдэгдэнэ гэвэл Улсын бүртгэлд бүртгэгдсэн “Эм Си Эйч Эс” ХХК-ий бүртгэл үнэн зөв байгаа асуудлыг хэрхэх талаар тодорхойгүй байгаа нь буруу юм. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/05064 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1960 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зөв хэрэгжүүлжээ.

          Нэхэмжлэгч “Шилдэг шинэ эхлэл” ХХК нь хариуцагч Б.Машбаярт холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр буст тооцуулах, хөдлөх эд хөрөнгийг хариуцагч компанийн нэр дээр шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, өмчлөх эрхээ сэргээлгэх тухай, хариуцагч “Эм Си Эйч Эс” ХХК-д холбогдуулан 7 ширхэг миксер автомашинуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, 02-61 УБИ автомашины үнэнд 30 000 000 төгрөг гаргуулах, “Эс Си Эйч Эс” ХХК-ийн хууль бус эзэмшлээс 2 ширхэг автомашин гаргуулах, хохирол буюу олох ёстой ашигт 91 399 753 төгрөг, эд хөрөнгийг хууль бус эзэмшилдээ авч үндэслэлгүй хөрөнгөжсөн 19 656 400 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрчээ.

         Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2012 онд “Шилдэг шинэ эхлэл” ХХК нь 11 гишүүнтэйгээр байгуулагдан, хариуцагч Б.Машбаярыг гүйцэтгэх захирлаар томилсон ба түүний олгосон 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэлээр  М.Эрдэнэтуяа нь  БНСУ-ын иргэн Baek Won Pil /Бэг Вон Пил/-тэй 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 02-63 УБИ, 81-34 УБС, 02-60 УБИ, 35-67 УБИ, 76-28 УБС, 29-17 УБС, 02-61 УБИ улсын дугаартай 7 ширхэг миксер машин, машинд холбогдох баримт бичгийг “Шилдэг шинэ эхлэл” ХХК-ийн нэр дээр шилжүүлснээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид өмчлөх эрх үүсчээ.

Хариуцагч Б.Машбаяр нь нэхэмжлэгч “Шилдэг шинэ эхлэл” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа буюу компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байхдаа тус компанийн өмчлөлийн 7 ширхэг миксер автомашиныг өөртөө шилжүүлэн авах хэлцэл хийж, 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн нэр дээр баримт бичгийг шилжүүлж авахдаа Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг зөрчсөн байна.

Дээрх хэлцлийг сонирхлын зөрчилтэй, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Компанийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. 

Б.Машбаяр нь дээрх миксер машинуудын өмчлөх эрхийг хүчин төгөлдөр бус хэлцлээр олж авсан байх тул  түүний “Эм Си Эйч Эс” ХХК-тай хийсэн хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байх гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв юм. Иймээс уг хэлцлээр 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “Эм Си Эйч Эс” ХХК-д шилжүүлсэн 7 миксер машиныг өмчлөх нэхэмжлэгч “Шилдэг шинэ эхлэл” ХХК-ийн эрхийг сэргээн, өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

         Түүнчлэн нэхэмжлэгчээс хариуцагч Б.Машбаярт холбогдуулан гаргасан өмчлөх эрхээ сэргээлгэх болон хариуцагч “Эм Си Эйч Эс” ХХК-д холбогдуулан гаргасан өмчлөгчөөр тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагууд нь агуулга, үр дагаврын хувьд адил гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т нийцжээ. Харин нэхэмжлэгч нь улсын бүртгэлийг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэлдээ дурдсаныг нэхэмжлэлийн шаардлага бус, өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах тайлбар гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

02-61 УБИ улсын дугаартай миксер машины үнэд 30 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хангах үндэслэлгүй гэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй бөгөөд  машин хариуцагч “Эм Си Эйч Эс” ХХК-ийн буруутай үйлдлийн улмаас ашиглах боломжгүй болсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул машины үнийг хариуцагчаас шаардах эрх үүсээгүй байна.

         Түүнчлэн хариуцагч  “Эм Си Эйч Эс” ХХК  нь нэхэмжлэгч “Шилдэг шинэ эхлэл” ХХК-ийн өмчлөлийн 81-34 УБС, 29-17 УБИ улсын дугаартай миксер машинуудыг хууль бусаар эзэмшиж байгаа гэх нөхцөл байдал болон олох ёстой байсан ашиг, хууль бус эзэмшилд үлдсэн эд хөрөнгийн үнэ болон эд хөрөнгийг гэмтээсний нөхөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудын үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй, энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийг зөв хэрэглэжээ.

         Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.Машбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний нэмэлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.          

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1960 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Б.Машбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

           2. Хариуцагч Б.Машбаярын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                               ШҮҮГЧ                                                      Д.ЦОЛМОН