Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 885

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

          Улсын яллагч О.Багшбаяр,

          Хохирогч Д.Нандин-Үйлс,

        Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Б холбогдох эрүүгийн 1806 02598 0682 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гар утас, компьютер засварчин мэргэжилтэй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сум тоотод оршин суух бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо байранд амьдардаг,

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай,  Э Б .

 

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны орчим хохирогч Д.Нандин-Үйлсийг түлхэж унагаан түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: “…2018 оны 3 дугаар сарын 12-ны шөнө би “Баянцээл” гэдэг баарнаас гараад хойшоо байрны хажуугаар явж байсан. Тэгтэл урдаас нэг хүн цүнхээ бариад  ирж байсан. Тэгээд харанхуйд байрны хажуугаар бид хоёр зөрсөн. Тухайн үед харанхуй газар байсан болохоор надаас айсан уу яасан цүнхээ шидээд гүйсэн. Тэгэхээр би араас нь гүйж очоод “хөөе эгчээ” гээд барьж авахдаа түлхэж унагаасан. Тухайн үед хохирогч өндөр өсгийтэй гуталтай байсан болохоор амархан унасан.” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Нандин-Үйлс мэдүүлэхдээ: “…2018 оны 3 дугаар сарын 12-ны өглөө би Сөүлийн чиглэлд нислэгтэй байсан. Манай ажлаас машин ирж намайг авах ёстой байсан. Ажлын маань машин зам дээр ирсэн байна гэхээр нь би гэрээсээ гараад байшингийн булан тойроход энэ хүн өөдөөс ирж байсан. Тэгээд хажуугаар нь зөрөх гэсэн чинь энэ хүн намайг хоргоогоод зам хаагаад байсан. Тэгэхээр нь би “чи зүгээр байгаач” гэж хэлээд зөрөх гэсэн чинь намайг заамдаж аваад түрж гүйгээд дээрээс дарж унаад миний өмдийг тайлах гэж оролдоод байсан. Тухайн үед зүүн гараа доороо дарж унаад гар маань хөдлөж болохгүй байсан. Тэгээд би “авраарай” гэж орилсон чинь нохойгоо дагуулсан 2 залуу ойрхон явж байх шиг байсан. Нохой нь хуцаад ойрхон сонсогдоод  байсан. Энэ хүн дээрээс босох шинжгүй ноцолдоод байхаар нь би арга ядаад ажлынхаа залууг нэрээр нь “Хурцаа” гэж дуудсан чинь манай ажлын хоёр залуу  сонсоод хүрээд ирсэн. Энэ залууг миний дээр хэвтэж байхыг манай ажлын жолооч хоёр залуу харсан. Тэр хоёрыг гүйгээд ирэхэд нь энэ залуу миний дээрээс босоод зугтаасан. Тэгээд манай ажлын залуучууд энэ залуугийн араас нь хөөсөөр байгаа гүйцэж барьж авсан. Хохирлын хувьд 15.552.000 төгрөг энэ хүнээс нэхэмжилж байна. Би хагалгаанд орсон, эмнэлэгт хэвтсэн, зарим нэг эмчилгээний шинжилгээний төлбөр, 3 сарын ажилгүй байсан хугацааны цалин, мөн дахин хагалгаанд орох төлбөр зэргийг нэхэмжилж байна.” гэв.

 

        Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Нандин-Үйлсийн өгсөн мэдүүлэг /хх-7/, гэрч Ц.Хурцбаатарын өгсөн мэдүүлэг /хх-8/, гэрч О.Батзоригийн өгсөн мэдүүлэг /хх-9/, гэрч М.Төгөлдөрийн өгсөн мэдүүлэг /хх-11/, шүүгдэгч Э.Бат-Эрдэнийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-52-53/, шүүгдэгч Э.Бат-Эрдэнийн ял шалгах хуудас/хх-57/, шүүгдэгч Э.Бат-Эрдэнийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-17/ зэрэг болно.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны орчим хохирогч Д.Нандин-Үйлсийг түлхэж унагаан түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Нандин-Үйлсийн өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 0745 цагт Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгтэй учир 0545 цагт ажил дээрээ очсон байх ёстой. Манай компаниас ажилчдаа зөөх унаа явуулдаг ба Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргилуун” төвийн гадаа хүлээж байсан. Миний амьдарч байгаа Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг 1 дүгээр байрнаас 0508 цагт гэрээсээ гараад 0511 гэхэд 6 дугаар орцны хажуугаар алхаж явахад үл таних залуу өөдөөс алхаж явсан. Би эхэлж харахад намхан болохоор нь хүүхэд байна гээд их юм бодолгүй өөдөөс нь явахад тэр залуу зам хаагаад эхэлсэн. Би тойроод гарах гэхэд хашиж тулж ирээд 1 гараараа пальтоноос заамдсан. Цаана буланд манай ажилчдын машин харагдахаар нь би тусламж дуудаж орилоход тэр залуу намайг түлхэж унагасан. Би унахдаа гарын тохойгоо дарж эвгүй унасан.” /хх-5-7/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Хурцбаатарын өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 0745 цагт Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгтэй байдаг. Тэгээд Д.Нандин-Үйлсийг авах гээд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны “Оргилуун” төвийн гадаа 0506 цагт ирээд хүлээсэн. Хүлээж байхад эмэгтэй хүн орилох чимээ гарсан. Машины цонхоо буулгаад сонсоход Д.Нандин-Үйлс “Хурцаа” гэж орилоод “аллаа авраарай” гэж орилсон. Машинаас буугаад харахад 1 дүгээр байрны туслах автомашины зам дээр Д.Нандин-Үйлс газар унасан дээр нь эрэгтэй хүн дарж байхыг хараад О.Батзориг бид 2 гүйсэн. Тэр залуу босож цаашаагаа байрны харанхуй руу гүйж байгаад орцны үүдэнд унахаар нь барьсан.” /хх-8/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Батзоригийн өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын     12-ны өдөр 0745 цагт Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгтэй болоод ажилчдаа авах болсон. Би 17-51 УНЯ улсын дугаартай Хьюндай Старикс машинтай Д.Нандин-Үйлсийг авахаар Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны “Оргилуун” төвийн гадаа 0506 цагт ирээд хүлээсэн. Зогсож байхад эмэгтэй хүн орилсон. Д.Нандин-Үйлсийг тэр хавиас ирэхийг нь мэдээд Ц.Хурцбаатар бид 2 машинаас буугаад дөхөж 1, 2 алхаж байхад Д.Нандин-Үйлс “Хурцаа” гэж орилохоор нь бид 2 орилсон чиглэл рүү гүйсэн. Гүйж явахад 2 метрийн зайд Д.Нандин-Үйлс зам дээр хэвтэж байсан ба нэг залуу дээр нь байж байхад бид хоёрыг хараад зугтаасан.” /хх-9/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Төгөлдөрийн өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 0745 цагт Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгтэй байсан. Жолооч О.Батзориг ажилчдыг гэрээс нь аваад хүргэж өгдөг. Намайг гэрийн гаднаас 0450 цагийн үед суухад Ц.Хурцбаатарыг авсан байсан. Намайг авсны дараа Ц.Халиунааг “Өргөө” кинотеатрын гаднаас аваад Д.Нандин-Үйлсийг авах гээд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах “Оргилуун” төвийн гадаа ирээд хүлээж байхад эмэгтэй хүн “аа” гэж орилох чимээ гарсан. Үүрээр өөр хүн байхгүй учир Д.Нандин-Үйлс байх гэж бодоод машины цонхоо багасгаад сонсоход Д.Нандин-Үйлс “Хурцаа” гэж орилсон. Ц.Хурцбаатар, О.Батзориг 2 машинаас буугаад урагшаа гүйсэн. ...Сууж байсан машинаа асаагаад урагшаа эргээд гэрэл тусгаад харахад 20-30 метр зайтай газарт Д.Нандин-Үйлс газарт унасан байсан. Тэгэхээр нь Халиун бид 2 очоод босгоход зүүн гар нь эвгүй болсон байсан. Д.Нандин-Үйлсээс “яасан” гэж асуухад "нэг тэнэг юм зам хашиж байгаад дээрээс дараад уначихлаа, гар эвгүй болчихлоо" гэж хэлсэн.” /хх-11/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Халиунаагийн өгсөн: “…2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 0745 цагт Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгтэй байдаг ба өглөө ажилчдыг ажил руу хүргэж өгдөг. Намайг гэрийн гаднаас 0450 цагийн үед о.Батзориг машинтай ирээд суухад Ц.Хурцбаатар, М.Төгөлдөр нар сууж байсан. Намайг авсаны дараа Д.Нандин-Үйлс эгчийг авах гээд Сансарт ирсэн. Очих үед Ц.Хурцбаатар Д.Нандин-Үйлс рүү залгаж хэлсэн. Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах “Оргилуун” төвийн гадаа ирээд хүлээж байхад эмэгтэй хүн “аа, аа” гэж чарлах чимээ гарсан. Д.Нандин-Үйлс байх гэж бодоод машины цонхоо буулгахад “Хурцаа” гэж орилсон. Ц.Хурцбаатар, О.Батзориг хоёр машинаас буугаад гүйсэн. М.Төгөлдөр эгч бид хоёр буугаад харанхуй байсан учир буцаж машинд суугаад М.Төгөлдөр эгч машин асаагаад урагшаа эргээд гэрэл тусгаад харахад 20-30 метрийн зайтай Д.Нандин-Үйлс газар унасан байсан. Бид хоёр очоод босгоход зүүн гар нь их эвгүй болсон байсан. Д.Нандин-Үйлсээс яасан талаар асуухад “нэг тэнэг юм зам хашиж байгаад дээрээс дарж уналаа, гар эвгүй боллоо” гэж хэлсэн. Бид Д.Нандин-Үйлс эгчийг машинд суулгах гэж байхад О.Батзориг, Ц.Хурцбаатар 2 дайрсан залууг барьж авчирсан.” /хх-12/ гэх мэдүүлэг, 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн №4009 тоот дүгнэлтэнд:

            1. Д.Нандин-Үйлсийн биед тохойн ясны үений сэртэнгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул ШЭГЗТ-н 2.3.1 зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /хх-15/ гэх дүгнэлт,

          -Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-34-41/,

          -Өвчний түүх /хх-67-89/,

          -Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-57/ зэрэг болно.

 

          Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан жумаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

          Түүнчлэн шүүгдэгч Э.Б холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэмжээний дотор шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

        Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны орчим хохирогч Д.Нандин-Үйлсийг түлхэж унагаан түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

       Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир

түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч Д.Нандин-Үйлс нь шүүгдэгч Д.Бат-Эрдэнээс хагалгаанд орсон, эмнэлэгт хэвтсэн, зарим нэг эмчилгээний шинжилгээний төлбөр, 3 сарын ажилгүй байсан хугацааны цалин, мөн дахин хагалгаанд орох төлбөр гэж нийт 15.552.000 төгрөгийг шүүгдэгч Э.Бат-Эрдэнээс нэхэмжилсэн боловч нотлох баримтын шаардлага хангасан эмчилгээний зардал болох 2.734.000 төгрөгийг гаргуулахаар тогтов.

 

Хэдийгээр хохирогч Д.Нандин-Үйлс нь “МИАТ” хувьцаат компанид агаарын хөлгийн ахлах үйлчлэгчаар ажилладаг ба сарын 4.059.596 төгрөгийн цалинтай болох нь хэрэгт тогтоогдсон боловч гэмтэл авсан гэх 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 3 сарын хугацаанд амралтаа авсан эсхүл чөлөө авсан болон ажилласан тухай баримт хэрэгт байхгүй байна.

 

Иймд хохирогч Д.Нандин-Үйлсын ажилгүй байсан гэх 3 сарын цалин болох 12.818.000 нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Э.Б Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан төрөл хэмжээний дотор нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр тогтов.

Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч  Э  Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Э.Б 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Э.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Э.Б нь энэ хэрэгтээ

цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Э.Бат-Эрдэнээс 2.734.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Нандин-Үйлст олгосугай.

 

6. Хохирогч Д.Нандин-Үйлс нь цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох Э.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           

   8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС