Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2026/0662

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “С*******” ХХК, РД:*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, С.М*******, өмгөөлөгч Г.Э*******,

Хариуцагч: Нийслэлийн Татварын газар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, Ж.Т******* нарын хоорондын  “Нийслэлийн Татварын газрын 2024 оны жилийн эцсийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнасан 22 дугаар зүйлийн 22.9.7 дахь хэсгийн албан татварын хөнгөлөлттэй холбоотойгоор тайланг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тайланг хүлээн авахыг Нийслэлийн Татварын газарт даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, С.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, Ж.Т******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

            1.1. “С*******” ХХК-иас 2024 оны 4 дүгээр улирлын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг татварын цахим системээр илгээсэн боловч татварын улсын байцаагчаас буцаасан төлөвт оруулсан.

            1.2. Улмаар Татварын ерөнхий газарт 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 25/169 тоот албан бичгээр “... манай компанийн 2024 оны жилийн эцсийн ААНОАТ-ын тайлан дахь ААНОАТ-ын тухай хуулийн 22.9.7-д заасан татварын хөнгөлөлтийн мэдээллийг хэвээр үлдээн, тайланг хүлээн авч баталгаажуулан шийдвэрлэж өгч гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэх гомдол гаргасан.

            1.3. Татварын ерөнхий газраас 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 05/148 тоот албан бичгээр “... Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9 дэх хэсгийн хөнгөлөлтөд тавигдах шаардлага, стандартыг салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталж, нийтээр дагаж мөрдөх хууль эрх зүйн нэгдсэн санд 2025 онд бүртгэгдэн хэрэгжиж эхэлсэн байх тул 2024 оны татварын жилийн тайлангаар тайлагнасан албан татварын хөнгөлөлтөд буцаан хэрэглэх боломжгүй байна” гэсэн хариуг өгсөн. 

1.4. Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлөөс 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 10 тоот албан бичгээр “... танай ирүүлсэн гомдол нь Татварын маргаан таслах зөвлөлийн хянан шийдвэрлэх чиг үүрэгт хамаарахгүй байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн.

1.5. Нэхэмжлэгчээс анх шүүхэд 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “Нийслэлийн Татварын газрын 2024 оны жилийн эцсийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнасан 22 дугаар зүйлийн 22.9.7 дахь хэсгийн албан татварын хөнгөлөлттэй холбоотойгоор тайланг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тайланг хүлээн авахыг Нийслэлийн Татварын газарт даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Манай компани нь 2024 оны жилийн эцсийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн хуульд нийцүүлэн тайлагнасан болно. Гэтэл Нийслэлийн татварын газар нь 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.11 дэх хэсэгт заасны дагуу танай аж ахуйн нэгжийн хөнгөлөлтөд хамрагдах 22.9.7 дахь хэсгийн бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартыг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн /Боловсролын яам/ баталж, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр захиргааны хэмжээний нэгдсэн бүртгэлийн актын санд нийтлүүлсэн учраас Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2 болон мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-д заасны дагуу 2024 оны жилийн эцсийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнасан 22 дугаар зүйлийн 22.9 дэх хэсгийн албан татварын хөнгөлөлтийн мэдээллийг залруулан татварын тайланг ирүүлнэ үү” гэж тайлан хүлээн авахгүй байгаа болно.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэгт “дараах орлогод албан татварын хөнгөлөлт үзүүлнэ:”, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.9.7 дахь хэсэгт “Монгол Улсын Засгийн газраас зарласан тэргүүлэх чиглэлээр гадаадын их, дээд сургууль, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид олгосон сургалтын төлбөрийн тэтгэлэг” гэсэн заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмж оруулсан. Уг хуулийн заалтын дагуу манай компани Монгол Улсын Засгийн газраас зарласан тэргүүлэх чиглэлд нийцсэн боловсролын сургалтын төлбөрийн тэтгэлэгт 45,332,290.32 төгрөгийн бодит зардал гарган, татварын хөнгөлөлт эдлэх эрхийг хуульд заасны дагуу хэрэгжүүлсэн байхад Нийслэлийн татварын газар нь манай тайланг хүлээн авахгүй байгаа бөгөөд манай компанийн эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа болно.

Бид энэ талаарх гомдлоо Татварын ерөнхий газар болон Татварын маргаан таслах зөвлөлд гаргасан боловч хүлээн аваагүй болно. Иймд хариуцагч Нийслэлийн татварын газрын 2024 оны жилийн эцсийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнасан 22 дугаар зүйлийн 22.9.7 дахь хэсгийн албан татварын хөнгөлөлттэй холбоотойгоор тайланг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тайланг хүлээн авахыг Нийслэлийн татварын газарт даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “С*******” ХХК нь 2024 оны жилийн эцсийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн, хуульд нийцүүлэн тайлагнасан. Гэтэл Нийслэлийн Татварын газар 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.11 дэх хэсгийг үндэслэн мэдэгдэл хүргүүлж, танай аж ахуйн нэгжийн хөнгөлөлтөд хамрагдах Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9.7 дахь хэсэгт заасан бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартыг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд нийтэлсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт заасны дагуу 2024 оны жилийн эцсийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд зааснаар тайланд тусгасан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9.7 дахь хэсгийн албан татварын хөнгөлөлтийн мэдээллийг залруулж, татварын тайлангаа дахин ирүүлэхийг шаардсан бөгөөд тайланг хүлээн авахаас татгалзсан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэгт дараах орлогод албан татварын хөнгөлөлт үзүүлэхээр зохицуулсан. Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9.7 дахь хэсэгт Монгол Улсын Засгийн газраас зарласан тэргүүлэх чиглэлээр гадаадын их, дээд сургууль болон дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчид олгосон сургалтын төлбөрийн тэтгэлэгт албан татварын хөнгөлөлт үзүүлэхээр зохицуулсан бөгөөд уг заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн. Уг хуулийн зохицуулалтын дагуу манай компани Монгол Улсын Засгийн газраас зарласан тэргүүлэх чиглэлд нийцсэн боловсролын сургалтын төлбөрийн тэтгэлэгт 45,332,290.32 төгрөгийн бодит зардал гаргаж, хуульд заасан татварын хөнгөлөлт эдлэх эрхээ хэрэгжүүлэн 2024 оны жилийн эцсийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд зааснаар тайлангаа хүргүүлсэн. Гэтэл Нийслэлийн Татварын газар уг тайланг хүлээн авахаас татгалзаж, компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн. Бид энэ асуудлаар Нийслэлийн Татварын газар, Татварын ерөнхий газар болон Татварын маргаан таслах зөвлөлд удаа дараа гомдол гаргасан боловч тайланг хүлээн аваагүй. Иймд Нийслэлийн Татварын газрын 2024 оны жилийн эцсийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9.7 дахь хэсэгт заасан албан татварын хөнгөлөлттэй холбоотойгоор тайланг хүлээн авахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2024 оны жилийн эцсийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд зааснаар тайланг хүлээн авахыг Нийслэлийн Татварын газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэв.

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9 дэх хэсэгтэй холбоотойгоор албан бус мэдээллээр 80 орчим аж ахуйн нэгж байгаа гэж ойлгож байна. Хэрэгт авагдсан баримтаар 18 аж ахуй нэгж, 2.3 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. Энэ мөнгө нь татвар төлөх үү, эсвэл Засгийн газрын 2023 онд баталсан 115 дугаар тогтоолоор тэргүүлэх чиглэлээр суралцаж байгаа оюутан, хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлөх үү гэдэг нь татвар төлөгчийн хувьд гол асуудал болж байгаа. Өөрөөр хэлбэл, нэг хүүхдийн сургалтын төлбөрийг дэмжих үү, эсвэл татвар төлөх үү гэсэн сонголтын асуудал үүсэж байна. Тухайн аж ахуйн нэгжүүд Татварын ерөнхий газар болон татварын байгууллагаас зохион байгуулсан сургалт, сурталчилгаа, мэдээллийн хүрээнд үндэслэн тайлангаа гаргасан. Үүний дагуу 18 аж ахуй нэгжид тайлангаа илгээсэн. Одоогийн нөхцөл байдлаар манайхтай адил нөхцөлтэй аж ахуйн нэгжүүд хүлээлтийн байдалтай байна. Зарим аж ахуйн нэгж шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа байж болзошгүй. Тэгэхээр татварын алба энэ заалттай холбоотойгоор яг ямар арга хэмжээ авсан бэ гэхээр 2024 оны тайланг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан байна. Аж ахуйн нэгжүүд тайлангаа илгээж, зарим аж ахуйн нэгжийн тайланг 3 дугаар сард хүлээн авсан. Мөн татварын албанаас хүсэлт гаргахыг зөвлөсний дагуу татвар төлөгчөөс тайлан залруулах хүсэлт илгээсэн байсан. Сая өөрөө ажлаа хийж, тодорхой болсон нөхцөл байдлаас харахад энэ асуудал буцаагдаж, явсаар байгаад 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хойшилсон байна. Хариуцагч талын тайлбараас ойлгоход тухайн хуулийн заалтыг хэрэглэх эсэх, эцсийн шийдвэр ямар байх талаар тухайн үед тодорхойгүй байсан байна. Харин сүүлд дээд шатны байгууллагаас ирүүлсэн чиглэлийн дагуу тайланг буцаасан гэж тайлбарлаж байгаа нь хуулийн хэрэгжилтийг хангахгүй байх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Хууль батлагдан гарсан өдрөөс эхлэн мөрдөгдөх ёстой. Тухайн яам эсвэл Татварын ерөнхий газар хуулийн хэрэгжилтийг хойшлуулах ямар нэгэн үндэслэл болохгүй гэж үзэж байна. Тухайн хуулийн заалтад мөрдөж эхлэх болон дуусах хугацааг тодорхой заасан байгаа. 2035 он хүртэл хэрэгжихээр зохицуулсан энэ заалт нь татварын албаны үйл ажиллагааны улмаас 2 жилийн хугацаа өнгөрөх нөхцөл байдал үүсэж байгаа мэт харагдаж байна. Энэ нөхцөл байдлыг шүүх харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Мөн нотлох баримтын хувьд тухайн хөнгөлөлт нь тэргүүлэх чиглэлд хамаарч байгаа эсэх, шаардлага хангаж байгаа эсэх талаар холбогдох яамдаас тодруулга авахаар хэд хэдэн яаманд хандсан байдаг. Боловсролын яам нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тухайн шаардлагад нийцэж байна гэсэн тайлбар ирүүлсэн. Тухайн "нийцэж байна" гэсэн дүгнэлт нь Засгийн газрын 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 115 дугаар тогтоол, "Хөгжлийг тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэл батлах тухай" тогтоолын хавсралтын 46-д компьютерын шинжлэх ухааны чиглэлийг заасантай холбоотой. Үүний дагуу болон Татварын ерөнхий газраас өгсөн сургалт, мэдээлэлд үндэслэн тайлангаа илгээж ажилласан. Тиймээс тухайн хуулийн заалтыг батлагдсан үеэс нь мөрдөж, үүний дагуу тайлангаа илгээсэн нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Иймд татварын албаны тайланг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тайланг хүлээн авахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.

Тайланг одоо хүртэл хүлээж аваагүй байгаа. Тухайн хууль 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр батлагдсан. Батлагдсанаас хойш 6 сарын дараа буюу 2025 оны 02 дугаар сард тайлангаа илгээсэн боловч өнөөдрийг хүртэл хүлээж аваагүй байна. Одоо ч гэсэн тухайн хуулийн зохицуулалтын хүрээнд тайланг хүлээн авах боломжтой гэж үзэж байгаа. Холбогдох хэм хэмжээний актыг аль нэг сайд батлаагүй байсан нь хуулийг хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй гэж үзэж байна” гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал.

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Үйл баримтын тухайд: “С*******” ХХК (РД:*******) нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын (ТТ-02) 2024 оны тайлангаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9.7. дахь хэсэг “Монгол Улсын Засгийн газраас зарласан тэргүүлэх чиглэлээр гадаадын их, дээд сургууль, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид олгосон, хуулийн 13.1.1, 13.1.3, 13.1.4, 13.1.5-д заасан шаардлагыг хангасан сургалтын төлбөрийн тэтгэлэг” олгож 45,332,290.32 төгрөгийн албан татварын хөнгөлөлт эдлэхээр хуулийн хугацаанд хавсралт материалыг хавсарган тайлагнасан.

Татвар төлөгчийн тайланг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан төлөвт оруулсан ба 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр тайлан засварлах хүсэлтээр засварлаж илгээсэн, мөн татвар төлөгчийн хүсэлтээр 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр тайланг буцаасан татвар төлөгч хавсралтаар тодруулах материал нэмж 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр илгээсэн.Тус тайлан 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хуваарилсан төлөвтэй байсан ба татварын улсын байцаагч Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.11 дэх хэсэгт заасны дагуу танай аж ахуйн нэгжийн хөнгөлөлтөд хамрагдах 22.9.7 дэх хэсгийн бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартыг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн /Боловсролын яам/ баталж, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр захиргааны хэмжээний нэгдсэн бүртгэлийн актын санд нийтлүүлсэн.

Иймд захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2 болон мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-д заасны дагуу 2024 оны жилийн эцсийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнасан 22 дугаар зүйлийн 22.9 дэх хэсгийн албан татварын хөнгөлөлтийн мэдээллийг залруулан татварын тайланг ирүүлнэ үү гэх тайлбартай татварын тайланг буцаасан ба татвар төлөгчид утсаар мэдэгдсэн.“С*******” ХХК нь 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 25/168 дугаартай албан бичгээр гомдол тайлбар гарган ирүүлсэн ба манай албанаас 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 3/999 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлсэн.

Хуулийн хүрээнд: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд 2024 оны 08 дугаар сарын 30-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж тус хуулийн Албан татварын хөнгөлөлтийн 22 дугаар зүйлд 22.9-22.13 дахь хэсгийг нэмсэн бөгөөд 2035 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөхөөр хуульчилсан.

Энэхүү зохицуулалтын хүрээнд албан татвар төлөгчийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татвараас орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй мөн хуулийн 22.9-д заасан үйл ажиллагааг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих зорилгоор элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт, харилцан хамааралгүй бусад этгээдэд олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг тухайн татварын жилийн татвар ногдох орлогын 1 хувь хүртэл хэмжээнээс хэтрэхгүй байх бөгөөд, төлбөл зохих албан татвараас хасаж тооцохоор хуульчилжээ. Энэхүү хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандивын зардал нь мөн хуулийн 22.9.1-22.9.11 дэх заалтуудын хүрээнд хамаарч хэрэгжих бөгөөд 22.11-т зааснаар хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартыг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, хяналт тавихаар зохицуулсан.

“С*******” ХХК-ийн тухайд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9.7 дахь хэсэг “Монгол Улсын Засгийн газраас зарласан тэргүүлэх чиглэлээр гадаадын их, дээд сургууль, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид олгосон сургалтын төлбөрийн тэтгэлэг” хүрээнд хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартыг Боловсролын сайдын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/189 дугаар тушаалаар баталсныг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт аар бүртгэсэн байна.

/https://legalinfo.mn/mn/detail?lawId=17431345223362 /

Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн санд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг өдрөөс хойш 10 өдрийн дотор “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлүүлнэ”, 64.2-т “Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно”, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-т “Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг буцаан хэрэглэхгүй” гэж заасан.

Дээрх хуулийн дагуу Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9 дэх хэсгийн хөнгөлөлтөд тавигдах шаардлага, стандартыг салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталж, нийтээр дагаж мөрдөх хууль эрх зүйн санд 2025 онд бүртгэгдэн хэрэгжиж эхэлсэн тул 2024 оны татварын жилийн тайлангаар тайлагнасан албан татварын хөнгөлөлтөд буцаан хэрэглэх боломжгүй байна. Хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын албанаас “С*******” ХХК-ийн 2024 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар тайланг бүхэлд нь хүлээж авахгүй байгаа асуудал биш. Харин тайлангийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9-д заасан хөнгөлөлттэй холбоотой асуудлаар хөнгөлөлтгүй тайлангаа илгээнэ үү, засварлан дахин ирүүлнэ үү, хөнгөлөлттэй тайланг хүлээн авах боломжгүй байна. Хөнгөлөлтгүй тайлангаа засварлан илгээвэл хүлээн авах боломжтой гэдгийг тайлбарласан. Энэ талаар өмнө нь хүргүүлсэн албан бичгүүдэд мөн дурдсан байсан. Тиймээс хариу өгч байсан талаар дурдах нь зүйтэй. Түрүүн дурдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9.7 дахь заалтын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас холбогдох стандартыг баталж, тухайн стандартын дагуу хяналт хэрэгжүүлэх үүргийг хуулиар тогтоосон. Татварын алба нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9.7-д заасан хөнгөлөлтөөр тайлан илгээсэн аж ахуйн нэгжүүдийн холбогдох шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа эсэх талаар жагсаалтыг хүргүүлж, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хариу авч байгаа үйл ажиллагааг албан бичгээр харсан. Дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэх гээд байгаа стандарт нь батлагдсан огнооны хувьд буцаан хэрэглэх боломжгүй талаар Хууль зүйн яам буюу Монгол Улсын эрх зүйн мэдээллийн санд бүртгэгдсэн бүртгэлд үндэслэн өмнөх хугацаанд хэрэглэхгүй талаар албан бичгээр дурдсан байна. Иймээс энэ асуудлын хүрээнд татварын алба татвар төлөгчдөд хариу хүргүүлж, 2024 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд зааснаар тайланг хөнгөлөлтгүй дүнгээр илгээх талаар мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, хөнгөлөлттэй тайланг илгээхгүй байх, хөнгөлөлттэй тайланг хүлээн авах боломжгүй, харин хөнгөлөлтгүй тайланг хүлээн авна гэдгийг дурдах нь зүйтэй. Эцэст нь хэлэхэд, татвар төлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага нь 2024 оны жилийн эцсийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд зааснаар тайланг хүлээн авах эсэхтэй холбоотой. Өмнө нь Нийслэлийн Татварын газар болон Татварын ерөнхий газраас энэ асуудлаар хоёр удаа албан бичгээр хариу ирүүлсэн. Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилт, хяналтын газраас Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн ижил заалтыг үндэслэн уг татварын хөнгөлөлтийг эдлэх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Хөнгөлөлт эдлүүлэхгүй байгаа үндэслэлээ захиргааны хэм хэмжээний актыг хэрэглэх боломжгүй гэж тайлбарлаж, 22.9.7 дахь хэсгийн татварын хөнгөлөлтийг хэрэглэхгүйгээр тайлангаа засварлан дахин ирүүлэхийг шаардсан. Үүний улмаас манай тайланг хүлээн авахаас татгалзаж, бид уг эс үйлдэхүйг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Маргааны гол асуудал нь захиргааны хэм хэмжээний актыг хэрэглэх боломжтой эсэхэд байгаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9.7 дахь хэсгийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын эрх бүхий гишүүн, холбогдох яам нь шаардлага, стандартыг баталж, хэрэгжилтэд хяналт тавих үүргийг хуулиар хүлээсэн. Үүний дагуу Боловсролын яам шаардлага, стандартыг баталсан бөгөөд уг захиргааны хэм хэмжээний акт нь 2024 оны 12 дугаар сард батлагдсан. Манай компанийн хувьд энэхүү шаардлагыг хангасан гэж үзэн 2024 оны жилийн эцсийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9.7 дахь хэсэгт заасан татварын хөнгөлөлтийг тусган тайлагнасан. Гэтэл Татварын ерөнхий газар уг захиргааны хэм хэмжээний актыг үндэслэн татварын хөнгөлөлт эдлэх боломжгүй гэж үзэж, тайланг хөнгөлөлтгүйгээр засварлан дахин ирүүлэхийг шаардсан. Мөн шүүхээс Боловсролын яам, Татварын ерөнхий газар болон холбогдох байгууллагуудаас тодруулга авсан бөгөөд тэдгээрийн тайлбарт ч тайланг хөнгөлөлттэйгөөр хүлээн авах боломжгүй, хөнгөлөлтийг хасаж тайлангаа засварлан ирүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “С*******” ХХК-иас Нийслэлийн Татварын газарт холбогдуулан “Нийслэлийн Татварын газрын 2024 оны жилийн эцсийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнасан 22 дугаар зүйлийн 22.9.7 дахь хэсгийн албан татварын хөнгөлөлттэй холбоотойгоор тайланг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тайланг хүлээн авахыг Нийслэлийн Татварын газарт даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... хуульд заасны дагуу хөнгөлөлт эдлэхээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаа илгээсэн байхад хүлээн авахгүй байгаа нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

 

3. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9-т “Албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй доор дурдсан үйл ажиллагааг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих зорилгоор элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт, харилцан хамааралгүй бусад этгээдэд олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татвараас хасаж хөнгөлнө. Хөнгөлөх дүн нь тухайн татварын жилийн татвар ногдох орлогын 1 хувь хүртэл хэмжээнээс хэтрэхгүй байна:”, 22.9.7-т “Монгол Улсын Засгийн газраас зарласан тэргүүлэх чиглэлээр гадаадын их, дээд сургууль, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид олгосон сургалтын төлбөрийн тэтгэлэг” гэж, 22.11-т “Энэ хуулийн 22.9-д заасны дагуу хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл,  үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартыг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, хяналт тавина” гэж тус тус заажээ.

4. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу сургалтын төлбөрийн тэтгэлэгт олгосон зардлыг хөнгөлөх нийтлэг шаардлагыг Боловсролын сайдын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/226 дугаар тушаалаар анх баталсан боловч хүчин төгөлдөр болж мөрдөгдөөгүй, харин 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/189 дүгээр тушаалаар батлагдсан “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлага” нь захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн байна.

5. Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлд татварын тайлан хүлээн авах, тайлангийн боловсруулалт хийх үйл ажиллагааны журмыг зохицуулсан байх ба ингэхдээ 30.2-т “Татварын алба тайланг хүлээн авахдаа татвар төлөгч татварын ногдуулалт, төлөлтийг үнэн зөв тодорхойлсон эсэхийг хянан, боловсруулалт хийх”-ээр, 30.3-т “тайланг хянахад мэдээлэл зөрүүгүй тохиолдолд тайланг хүлээж авах бөгөөд шаардлагатай тохиолдолд анхан шатны болон холбогдох бусад баримтыг шаардаж болох”-оор, 30.4-т “мэдээллийн зөрүү илэрвэл илрүүлснээс хойш ажлын 3 өдрийн дотор мэдээллийн зөрүүг залруулах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлэх”-ээр, 30.5-д “Татвар төлөгч энэ хуулийн 30.4-т заасан шаардлагыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан шаардлагад заасан зөрүүг арилгаж, залруулсан тайланг тушаах үүрэгтэй бөгөөд татварын алба тайланг хүлээн авах”-аар, 30.6-д “Татвар төлөгч шаардлагыг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай тайлбараа цахимаар, эсхүл бичгээр гаргаж, энэ хуулийн 30.5-д заасан хугацаанд багтаан татварын албанд ирүүлэх”-ээр, 30.7-д “Энэ хуулийн 30.6-д заасны дагуу татвар төлөгчөөс ирүүлсэн тайлбарыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан тайланг хүлээн авах”-аар тус тус заажээ.

 

6. “С*******” ХХК-иас АНУ-ын Аризонагийн их сургуульд суралцагч Г.Б*******той 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан “Гадаадын дээд боловсролын байгууллагад сургалцагчид сургалтын тэтгэлэг олгох гэрээ”-ний дагуу 48,381,492.50/14,142.5ам.доллар/ төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн нь Хаан банкны гадаад шилжүүлгийн даалгавраар тогтоогдов.

7. Үүнээс Г.Б*******ын сургалтын төлбөрт тооцогдсон 45,332,290.32 төгрөгийг “С*******” ХХК-иас 2024 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн нийтлэг хувь хэмжээгээр ногдуулах татварын тооцооллын 30 дугаар мөрөнд хөнгөлөгдөх татвараар тайлагнаж, тайланг хуулиар тогтоосон хугацааны дотор буюу 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр татварын цахим системээр илгээсэн байх ба энэхүү тайлангаар тодорхойлсон татварын хөнгөлөлтийн дүнгийн тухайд мөн татварын улсын байцаагчаас 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр буцаасан төлөвт оруулсан, татварын тайланг өнөөдрийг хүртэл хүлээж аваагүй байгаа тухайд хэргийн оролцогчид маргаагүй.

 

8. Татварын хуулиудын холбогдох зохицуулалтууд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож нөхцөл байдлуудаас үзвэл, хариуцагч захиргааны байгууллага нь татварын ногдуулалт, төлөлтийг үнэн зөв тодорхойлсон эсэхийг хянан, боловсруулалт хийхдээ Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан нөхцөлүүдийг хянаж мэдээллийн зөрүүг арилгуулан тайланг хүлээж авах үүрэгтэй атал хуульд заагаагүй үндэслэл нэрлэж тайланг хүлээн аваагүй хууль бус эс үйлдэхүй гаргасан байна.

9. Тодруулбал, нэхэмжлэгч хуулийн этгээдээс татварын цахим системээр тайланг илгээснээс хойш 3 удаа хуваарилагдаж, татварын улсын байцаагч мөн 2 удаа хүлээн авсан боловч төлөвийг цуцалж буцаасан, ингэхдээ хөнгөлөлтийн мэдээг залруулж ирүүлэхийг мэдэгдсэн нь цахим системийн тайлангийн түүх хэсэгт хадгалагдсан байгаагаас үзвэл, хариуцагч захиргааны байгууллага нь татварын тайланг хүлээн авах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

10.  Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.7-д татварын алба  нь “тайланд тусгасан татварын хөнгөлөлт,... ийг хууль тогтоомжид нийцүүлэн тооцож, тодорхойлсон эсэх”-ийг хянан боловсруулалт хийхээр заасан зохицуулалт нь татвар төлөгчийн тодорхойлсон татварын хөнгөлөлтөд хамаарах хасагдах зардал нь баримтаар тогтоогдож буй эсэх, хувь хэмжээ тооцооллын хувьд алдаатай эсэх, хөнгөлөгдөх татварт хамаарах эсэх зэрэг тухайн зардлын хэлбэрийн болон агуулгын хувьд хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг тодорхойлох хүрээнд хэрэгжих бөгөөд хариуцагчийн тайлбарлаж байгаа “нийтлэг шаардлагыг эрх бүхий этгээдээс батлаагүй” гэх тохиолдолд хэрэглэгдэхгүй.

11. Түүнчлэн дээрх 4 дэх хэсэгт заасан нөхцөл үүссэн болон Татварын ерөнхий газраас Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандаж чиглэл хүссэн, мөн нэхэмжлэгч хуулийн этгээдийн татварын тайланг хүлээн авах хугацаа татварын байгууллагаас удаа дараа сунгасан зэрэг нөхцөл байдлууд нь татвар төлөгч хуулийн этгээдээс үл хамаарсан, захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, удаашралтай байдлаас үүдэлтэй байхын зэрэгцээ сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосон тохиолдолд татварын хөнгөлөлтөд хамааруулахаар хуульд заасан тул татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлага батлагдаагүй нь татварын тайланг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй тул хүчин төгөлдөр болж мөрдөгдөж буй хуулийн холбогдох заалтын дагуу татварын хөнгөлөлт эдлэхээр тайлагнасан татвар төлөгчийн “хууль ёсны итгэл хамгаалагдах” учиртай.

12. Мөн Боловсролын яамны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02/5216 тоот албан бичгээр Татварын ерөнхий газарт хүргүүлсэн лавлагаагаар “С*******” ХХК-иас олгосон 45,332,290.0 төгрөгийн сургалтын тэтгэлэг нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэгт тавигдах шаардлагад нийцэж байгааг тодорхойлсон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.7, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9, 22.9.7, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Татварын газраас тус хуулийн этгээдийн 2024 оны жилийн эцсийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнасан 22 дугаар зүйлийн 22.9.7 дахь хэсгийн албан татварын хөнгөлөлттэй холбоотойгоор тайланг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тайланг хүлээн авахыг нийслэлийн Татварын газарт даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1- д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.МӨНХЗУЛ