| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0707/Э |
| Дугаар | 800 |
| Огноо | 2018-06-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 800
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,
Улсын яллагч Н.Гэрэлмаа,
Өсвөр насны шүүгдэгч Т.С , түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Тогоодулам, тэдгээрийн өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Т.С т холбогдох эрүүгийн 1806 0199 70772 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2004 оны 3 дугаар сарын 1-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо тоотод ээжийн хамт оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Т С .
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Т.С нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй Ж.Бат-Эрдэнэ, М.Ариунбилэг нартай бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо “Сансарын тунел” дээр “TTGC” брэндийн 668.496 төгрөгийн үнэтэй С.Гантөмөрийн эзэмшлийн унадаг дугуйг нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн бусадтай бүлэглэн үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Т.С мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Тогоодулам мэдүүлэхдээ: “Манай хүү хаяа писи тоглож явах гээд байдаг. Бид хоёр цуг амьдардаг. Надад хань болж байгаа хүү маань байгаа юм. Өвөл сургуулиа хаяад гарсан. Тэрнээс хойш писинд хонож өнжөөд алга болдог. Дахиж гэмт хэрэг үйлдүүлэхгүй харж хандана.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас насанд хүрээгүй хохирогч С.Гантөмөрийн мэдүүлэг /хх-9-11/, насанд хүрээгүй гэрч Ж.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хх-13-14/, насанд хүрээгүй гэрч М.Ариунбилэгийн мэдүүлэг /хх-19-20/, өсвөр насны шүүгдэгч Т.С ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-77-78/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-30-31/, нас тоолсон талаархи баримт /хх-29/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч Т.С нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй Ж.Бат-Эрдэнэ, М.Ариунбилэг нартай бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо “Сансарын тунел” дээр “TTGC” брэндийн 668.496 төгрөгийн үнэтэй С.Гантөмөрийн эзэмшлийн унадаг дугуйг нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн бусадтай бүлэглэн үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч С.Гантөмөрийн өгсөн: “…2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо “Сансарын тунел” дээр “TTGO” брэндийн эрэгтэй цагаан өнгийн унадаг дугуйгаа орхиж, цайны газарт ороод гарч ирэхэд алга болсон байсан..." /хх-9-11/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Ж.Бат-Эрдэнийн өгсөн: "...2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 13 цагийн үед интернет тоглоомын газраас Т.Содбилэг, М.Ариунбилэг нарын хамт гарч “Сансарын тунел” дээр явж байхад хүнсний дэлгүүр болон цайны газрын дунд цагаан өнгийн унадаг дугуй байхаар нь Т.Содбилэг хараад “тэнд нэг унадаг дугуй байна, гурвуулаа авах уу” гэж хэлсэн..." /хх-13-14/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч М.Ариунбилэгийн өгсөн: “...Т.Содбилэг унадаг дугуйг унаад араас хүрээд ирсэн. Тэгээд унадаг дугуйг Ж.Бат-Эрдэнэ “би уная” гээд гэж хэлээд 13 дугаар хороололын автобусны буудал хүртэл унасан. Тэгээд би одоо наад дугуйг чинь хаана аваачиж зарах гэж байгаа юм бэ гэж Т.Содбилэгээс асуухад “Нарантуул” дээр авдаг гэсэн зах руу аваачиж заръя гээд бид ээлжилж унаад “Нарантуул” зах руу явсан. Ингээд “Нарантуул” зах дээр ирээд унадаг дугуйгаа зарах гэж байгаад энгийн хувцастай цагдаад баригдсан...” /хх-19-20/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад өсвөр насны шүүгдэгч Т.С ийн яллагдагчаар өгсөн: “... Бид 3 хоорондоо ярилцаад 1 нь цайны газарт ороод зогсож бай 1 нь унадаг дугуйг татаад авч ирнэ нэг нь унаад доошоо хулгайлаад 13 дээр ирнэ гэж ярилцаад ... “Нарантуул” зах руу яваад арын хаалгаар нь ороод 1 хүнээс дугуй авах уу гэхэд үзэж байгаад өөр нэг эрэгтэйд үзүүлээд бид гурвыг манай дүүгийн дугуй авсан байна гээд цагдаад өгсөн юм ...” /хх-77-78/ гэх мэдүүлэг,
“Дамно” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээ 668.496 төгрөг /хх-30-31/,
Нас тоолсон талаархи баримт /хх-29/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан жумаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Иймд өсвөр насны шүүгдэгч Т.С нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн үйлдэл буюу Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөрдөн байцаалтын шатанд прокурор 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гаргасан нь үндэслэл бүхий байна.
Шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухай шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг хүрээнд шийдвэрлэсэн болно.
Хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд өсвөр насны шүүгдэгчийн хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй, хохирол төлөгдсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар өсвөр насны шүүгдэгч Т.С т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-д заасныг баримталж шүүгдэгч өсвөр насны шүүгдэгч Т.Содбилэгт 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгтээ өсвөр насны шүүгдэгч Т.С нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Т С ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.С т 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Энэ хэрэгт эдийн мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Т.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Т.С т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Т.С т авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС