| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2108013450973 |
| Дугаар | 2024/ДШМ/1284 |
| Огноо | 2024-12-03 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2024/ДШМ/1284
П.Ц, Б.Ж нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Лхагвасүрэн,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Гийн өмгөөлөгч Ө.Учрал,
шүүгдэгч П.Ц, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн,
шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/1045 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г болон түүний өмгөөлөгч Б.Учрал нарын гаргасан давж заалдах гомдлоор П.Ц, Б.Ж нарт холбогдох эрүүгийн 2108013450973 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б.Ж
2. П.Ц
- 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн шүүхийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнссэн,
- 2002 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын 2 шүүхийн 19 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнссэн,
- 2003 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 61 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнссэн.
Шүүгдэгч Б.Ж нь 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ө” хотхоны цахилгааны КТПН суурийг тойруулаад бетон цутгах ажлыг гүйцэтгүүлэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Барилга үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас ажил гүйцэтгэж байсан А.Г нь цахилгааны гэмтлийн улмаас зүрх шууд зогсож нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн,
шүүгдэгч П.Ц нь өөрийн эзэмшлийн “Ө” ХХК-ийн хариуцан гүйцэтгэх ёстой байсан Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ө” хотхоны цахилгааны КТПН-ын засвар үйлчилгээ, аюулгүй байдлыг хариуцан ажиллах үүргээ биелүүлээгүй буюу Эрчим хүчний тухай хууль, Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм, Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийг зөрчин тус объектын орчин тойронд аюул эрсдэлээс хамгаалах хаалт хамгаалалт, дохио санамжийг байрлуулан, (ажилтан) иргэдийг аюул, ослоос урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэлгүй хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Х2 хотхоны цахилгааны КТПН суурийг тойруулаад бетон цутгах ажлыг гүйцэтгэж байсан А.Г нь цахилгааны гэмтлийн улмаас зүрх шууд зогсож нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Ж, П.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Ж, П.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Жд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг 2 жилийн хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч П.Цд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг 2 жилийн хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц, Б.Ж тус бүрт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт зааснаар хууль ёсны төлөөлөгч А.Гийн сэтгэл санааны хохиролд 90,750,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэ нь амь хохирогчийн гэр бүлийн гишүүн эдийн бус гэм хорыг нэхэмжлэхэд саад болохгүйг тайлбарлаж, насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчээ алдсаны гэм хор болон бусад гэм хорын төлбөрийг холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г давж заалдах гомдолдоо: “... анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрт тусгагдсан хохирлын хэмжээ нь урд нь бүрдүүлж өгсөн баримттайгаа өөр байхаас гадна ямар баримтыг үнэлж, ямар баримтыг үнэлэлгүй хассан талаар дүгнэлт хийгээгүй бөгөөд энэ талаар дахин шалгуулах хүсэлтэй байна.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Гийн өмгөөлөгч Ө.Учрал давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... бидний зүгээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Анхан шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хохирол төлбөртэй холбоотой 17,640,424 төгрөгийн нийт 41 баримтыг гаргаж өгсөн. Гэтэл анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн баримтаас 13,566,712 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан гээд хохирол төлбөрийг мөн дүнгээр тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд хохирол төлбөрийг зөвөөр тооцож шүүгдэгч нараас 4,073,712 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож өгнө үү.” гэв.
Шүүгдэгч П.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэлэх тайлбар байхгүй.” гэв.
Шүүгдэгч П.Цы өмгөөлөгч Х.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гэм буруу дээр маргаагүй, шүүхээс тогтоосон 8.435.000 төгрөгийг хохиролд төлсөн. Хоёрдох удаагийн анхан шатны шүүх хуралдаанаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна.” гэв.
Шүүгдэгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэлэх тайлбар байхгүй.” гэв.
Шүүгдэгч Б.Жын өмгөөлөгч Ж.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эхний удаагийн анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримтын шаардлага хангагдаагүй баримтууд байгаа талаар яригдсан. Анхан шатны шүүх хохирогчийн гаргасан нэхэмжлэл нотлох баримтын шаардлага хангасан эсэх, давхардсан баримт байгаа эсэхийг анхаарахгүйгээр нэхэмжлэлийг ханган 8.436.000 төгрөгийг гаргуулж, Б.Жыг цагаатгаж шийдвэрлэсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргаж, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дараагийн анхан шатны шүүх хуралдаан болсон. Анхан шатны шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотойгоор нотлох баримт нэг бүрийг судалж, шаардлага хангасан болон давхардсан баримт хэд байгаа талаар тооцож 13.000.000 гаруй төгрөг болсон. Шүүгдэгч Б.Жыг гэм буруутайд тооцож, 8.466.000 төгрөг төлөгдсөн тул Б.Жд үлдэх төлбөрийг хариуцуулсан бөгөөд хугацаа авч хохирлоо төлсөн. Хэрэгт цугларсан иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтуудаар шүүхийн тооцоонд алдаа гараагүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан ямар баримтуудыг үнэлээгүй талаараа шийтгэх тогтоолд дурдсан. Иймд иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлгүй байна. Шүүх хэргээс материал алга болгосон мэтээр ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хэрэг шүүхийн шатанд хэд хэдэн удаа хэлэлцэгдсэн, дугаарлагдсан хэрэг тул шүүх, эсхүл хэн нэгэн ашиг сонирхлын зөрчлөөр дундаас нь материал авна гэсэн ойлголт байхгүй. Прокурор, өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцаж байхдаа материал авсан гэх утга санаатай давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Прокурор Г.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр эхний удаагийн анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэхэд “41 баримт гаргаж өгсөн” гэж байна. 8.435.212 төгрөгийг шүүгдэгч П.Ц төлсөн тул түүний хувьд хохирол төлбөр төлсөн гэж үзэж бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн асуудлыг сэргээх талаар давж заалдах гомдол гаргах нь зүйтэй байтал материал алга болсон гэж байгаа нь үндэслэлгүй байна. Хоёрдох удаагаа анхан шатны шүүхээр хэлэлцэгдэхэд 13.567.000 төгрөгийг гаргуулж, дахин хохирол төлүүлэх ажиллагаа хийгдсэн бөгөөд хохирол учирсан бол баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн тул шүүхээс оролцогчийн эрхийг хязгаарлаагүй. Энэ хэргийн ажиллагаа 2-3 жил үргэлжилж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүгдэгч нарын гэм буруу болон эрүүгийн хариуцлага, бусад асуудлын хувьд үндэслэл бүхий болсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Ж нь 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ө” хотхоны цахилгааны КТПН суурийг тойруулаад бетон цутгах ажлыг гүйцэтгүүлэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Барилга үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг,
шүүгдэгч П.Ц нь өөрийн эзэмшлийн “Ө” ХХК-ийн хариуцан гүйцэтгэх ёстой байсан Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ө” хотхоны цахилгааны КТПН-ын засвар үйлчилгээ, аюулгүй байдлыг хариуцан ажиллах үүргээ биелүүлээгүй буюу Эрчим хүчний тухай хууль, Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм, Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийг зөрчин тус объектын орчин тойронд аюул эрсдэлээс хамгаалах хаалт хамгаалалт, дохио санамжийг байрлуулан, (ажилтан) иргэдийг аюул, ослоос урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэлгүй хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг тус тус биелүүлээгүйн улмаас 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Х2 хотхоны цахилгааны КТПН суурийг тойруулаад бетон цутгах ажлыг гүйцэтгэж байсан А.Г нь цахилгааны гэмтлийн улмаас зүрх шууд зогсож нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
гэрч Н.Бын “... Г 13 цагийн орчимд залгаад ажиллахаар ирсэн ба Г нь тогны хүчдэлийн ар талд нь ус зайлуулах шуудуу ухахаар болсон. Би Гад болгоомжтой байгаарай, утаснууд нь ил, тогны хүчдэлийн хаалга онгорхой байна шүү гэж анхааруулаад буцаад цементээ зуураад байж байтал тас гэсэн чимээ гараад би хүчдэл рүү яваад очтол толгой хэсэг нь хүчдэл рүү орсон байхаар нь хөлнөөс нь татаж гаргасан. ...2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр “Ө” хотхоны КТПН-ын хаалга намайг ажил хийхээр хайрга, цемент буулгах үед цоожгүй байсан. Цоожтой байсан бол хэн онгойлгосон талаар мэдэхгүй байна.” /1хх 38-39, 41, 44-45, 48-49, 2хх 119/,
гэрч Б.Х-ийн “... 20221 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хадмынхаас гараад Ж ахаас ойр зуурын юм асуух гээд очиход цахилгааны шит тойроод 2 залуу 2 хүүхэнд тэнд цахилгааны шийд тойруулаад ухаж, зарим нь хажууд цемент зуурч байсан. Би тэгэхэд Ж ахтай юм яриад зогсож байхад юм буудсан чимээ гараад тэгээд юу болов гээд цахилгааны шийд рүү харахад хаалга нь онгойсон, нэг залуу цаашаа унасан байсан. Хамт ажиллаж байсан залуу нь амь хохирогчийг цахилгааны шитнээс холдуулж зүрхний массаж хийгээд байх шиг байсан. ...” 1хх 64, 67-68/,
гэрч Д.А-ын “... борооны ус улам нэмэгдсээр цахилгааны КТВ-рүү борооны ус орох гээд байна гэж Онцгой байдлын газарт дуудлага өгсөн юм. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын 11 дүгээр ангиас албан хаагч нар ирээд цахилгааны шит байгаа хэсгийн урсаж байгаа усыг горхи руу урсгасан. Тэгээд онцгой байдлын алба хаагч нар явснаас хойш эрчим хүчний баруун түгээх газраас хүмүүс ирж КТВ-н цахилгааны бүхэлд нь салгаж манай хотхон бүхэлдээ тог тасарсан байсан. Тэр үед цахилгааны хүмүүс КТВ-г гол ус намагтай газар байрлуулсан байх тул өөр газар байрлуулж өндөрлөх шаардлагатай гэж хэлсэн гэж байсан. Тэгээд 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр манай хотхоны оршин суугч Б, Ж, Б нар хоорондоо ярилцаж КВТ-г хуучин сууринаас нь өргөж өндөрлөсөн байсан. Өндөрлөж дуусаад КТВ-г цахилгааныг эрчим хүчний дуудлага өгч тогийг залгуулсан гэж байсан. Тэгээд 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн үед намайг ажил дээрээ байх үед Ж утсаар КТВ дээр ажил хийж байсан хүн тогонд цохиулсан байна гэж сандарсан байдалтай ярьсан. ...” /1хх 76-77/,
гэрч С.Б-ийн “... Үерийн улмаас манай хотхоны цахилгааны дэд станц руу ус орсон. Тэр үерээр онцгой байдлын албаныхан ирж баруун түгээх шуурхайг дуудаж тог тасалсан. Тогоо залгуулах гэтэл дэд станцыг өндөрлө гэж хэлсэн. Ж, Б, Б бид 4 нийлж дэд станцын доор блокоор өндөрлөж тогоо залгуулсан. Цахилгааныхан дэд станцыг тойруулан онгорхой хэсгийг нохой, муур орохоос сэргийлж битүүл гэж зөвлөсөн. Ж бид хоёрыг гэрийн гадаа байхад Б ирээд дэд станцын доод талаа битүүлэх хэвээрээ юу гэхэд битүүлнэ дээ гэж хэлж байсан. Б нь бид нарт Батболдын ажлын дуусаж байна. Танай энэ доод талыг битүүлээд өгье гэж хэлсэн. Ж бид хоёр энэ хэцүү ажил шүү дээ гэхэд Б энэ байтугай юм хийсэн, хийгээд өгье гээд салсан. Хэд хоногийн дараа Одгэрэл над руу залгаад нөгөө хүн чинь хийгээд өгье гэж байна, урьдчилгаа материалын мөнгө өг гэж байна гэсэн. Тэгээд 200,000 төгрөг шилжүүлсэн санагдаж байна. 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр мөнгө аваад явсан. Маргааш нь ажлаа хийж эхэлсэн юм байна лээ. Тог, цахилгаан залгуулснаас хойш тухайн дэд станцанд ойртож болохгүй гэж цахилгааныхан хэлсэн “Ө” ХХК-д цахилгаанчин гэж байгаагүй, КТПН-ын засвар үйлчилгээг хийлгэж байсан зүйлгүй.” /1хх 85-87/,
гэрч П.Б-ын “... би Улаанбаатар цахилгаан түгээх ашиглалт засварын баруун төвд 2014 оноос хойш ахлах монтёроор ажиллаж байгаа ба Сонгинохайрхан дүүргийн цахилгааны гэмтэл, цахилгааны тасралтыг хариуцаж диспетчер инженерийн удирдлага зааврын дагуу ажилладаг юм. Би 2021 оны 06 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ө” хотхоны КТПН-н цахилгааны хүчдэлээс чөлөөлж тогийг салгасан. Би хэдний өдөр тогийг салгасан талаараа санахгүй байна. Хүчдэлээс салгах үед КТПН-н хаалга цоожтой байсан. 2021 оны 06 дугаар сард КТПН-н тогийг залгах үед КТПН-н суурь хэсэг усгүй болгож, дээш нь өндөрлөгөө хийсэн байхаар нь хянаж үедээ диспетчертэй холбогдож тогийг залгасан. Тог залгах үед КТПН-н хаалга онгорхой байхаар нь цоожлоод тэнд байсан хотхоны хүнд түлхүүрийг нь хүлээлгэж өгсөн. ...” /2хх 123/,
гэрч С.Н-ын “... манай байгууллагад 2021 оны 06 дугаар сарын 08-09нд шилжих шөнө 00 цаг 57 минутын үед тус хотхоны оршин суугчийн утсаар цахилгааны КТПН-ийн шит рүү ус орсон гэсэ дуудлагын дагуу манай байгууллагаас шуурхай ажиллагааны бригад газар дээр нь ажиллаж уг хотхоны КТПН цахилгааныг салгасан. Харин 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо “Ө” хотхоны оршин суугчаас КТПН усыг соруулж усгүй болсон гэх дуудлага мэдээлэл өгч уг хотхоны КТПН-н цахилгааныг залгуулахаар хүсэлт ирсний дагуу очиж хотхоны КТПН-н цахилгааны хүчдэлийг залгахаар шалгаж үзэхэд тус КТПН-н доод суурь усгүй болсон байсан. Мөн тус КТПН-н суурийг өндөрлөсөн байхаар нь шаардлага хангагдаж байна гэж үзэж шалгаад хүчдэлийг залгасан юм. Тус КТПН нь 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр залгаснаас хэрэг гарах өдөр хүртэл буюу 2 өдөр хэвийн ажиллаж байсан. Хэрэв тухайн үедээ устай байсан бол ямар нэгэн байдлаар цахилгаанд холбох боломжгүй байдаг. ... уг дэд станц нь үерийн усанд автсанд холбоотойгоор ус зайлуулж суурийн өндөрлөгөө хийсэн нь тухайн дэд станцын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлсөн байх боломжгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл дэд станцын суурийн өндөрлөгөө хийхдээ ямар нэгэн цахилгаантай холбоотой үйл ажиллагаа явагдаагүй, суурийг газраас дээшээ болгож байгаа л явдал юм. Уг цахилгааны КТПН засвар үйлчилгээг тусгай зөвшөөрөл, мэргэжлийн компаниар хийлгэх ёстой юм. ...” /1хх 224-225, 2хх 120, 212-213/,
шинжээч П.Ч-ийн “... Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.16-д “хувиараа хөдөлмөр эрхлэгч, иргэд хоорондын гэрээгээр ажиллагсад нь өөрийн ажилладаг газрын аюулгүй, эрүүл ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Иймээс иргэн Б.Ж нь ажил гүйцэтгэж буй иргэн П.Б, амь хохирогч А.Г нарын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллуулах үүрэгтэй юм.” /2хх 116-117/ гэсэн мэдүүлгүүд,
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 4/2825, 2022 оны 05 дугар сарын 25-ны өдрийн 31/190, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 31/10, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/56, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 10/8970 дугаартай албан бичгүүд,
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Техникийн нөхцөл”, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн 03 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.Ц, Б.Ж нарыг “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Ц, Б.Ж нарыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаас баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т заасанд хамаарахгүй байх тул шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг өршөөн хэлтрүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г болон түүний өмгөөлөгч Ө.Учрал нарын гаргасан “... хохирогчоос шүүхэд 41 баримт бүхий 17,640,424 төгрөгийн хохирлын баримтыг гаргаж өгсөн байхад ямар үндэслэлээр зарим нотлох баримтыг тооцолгүйгээр хохирлыг 13,567,000 төгрөгөөр тооцсонд гомдолтой” талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Учир нь, хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд, хохирогчоос нийт 18 баримт бүхий 14,993,250 төгрөгийн хохирлын баримтыг ирүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүхийн үнэлээгүй 2 баримт болох 3 дугаар хавтаст хэргийн 55, 56 дугаар талд байх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэх үндэслэлээр хасаж нийт хохирлыг үлдсэн 16 баримт бүхий 13,567,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/1045 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г болон түүний өмгөөлөгч Ө.Учрал нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/1045 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г болон түүний өмгөөлөгч Ө.Учрал нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ