| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2026/0413/З |
| Дугаар | 128/ШШ2026/0663 |
| Огноо | 2026-07-03 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2026/0663
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х******* овогт Г*******ын Т*******, РД:УХ, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*******,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******, А.Б*******, Т.Б******* нарын хоорондын “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/434 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, эрх дуусгавар болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******, А.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Равжаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/434 дүгээр захирамжаар Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, ж******* зусланд хүндэтгэн үзэх шалтгаангүй гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд орсон 1501 нэгж талбарын дугаар бүхий Г.Т*******ын эзэмшлийн газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн.
1.2. Г.Т*******аас дээрх захирамжийг эс зөвшөөрч Нийслэлийн Засаг даргад гаргасан гомдолд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 05-02/1715 тоот албан бичгээр “... тус дүүргийн газар зохион байгуулалтын албанаас Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу 2025 оны 10-17/802 дугаар албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдлийг танд хүргүүлсэн байх тул гомдлыг дахин хянаж үзэж шийдвэрлэх үндэслэлгүй байна” гэсэн хариуг өгсөн.
1.3. Нэхэмжлэгчээс шүүхэд 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/434 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, эрх дуусгавар болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.
Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Г******* овогтой Т******* надад Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны 10-р сарын 08-ны өдрийн А/577 дугаартай захирамжаар Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 24 дүгээр хороо Ж******* зусланд Гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын зориулалттай 1501 нэгж талбарын дугаартай 699 мкв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 01125-2019/00454 дугаартай гэрээг газар эзэмшүүлэгчийг төлөөлж Чингэлтэй дүүргийн газрын албаны мэргэжилтэн Галтхүү овогтой Шүхэрт, газар эзэмшигчийг төлөөлж Г******* овогтой Т******* миний бие нар гэрээ байгуулсан. Улмаар уг газарт зуслангийн зориулалттай хашааг өөрсдийн нөөц бололцоогоор 2020 онд барьж, улмаар 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хашааг сайжруулахаар “Х” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 5,755,350 төгрөгийг төлж 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэхэд шинэ төмөр хашаагаар сольж дуусгасан. Энэ хугацаанд би тус газраа хашаа хороогоо шинэчилж, тогтмол цэвэрлэж арчилж ашигласаар ирсэн. Гэтэл 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын А/434 дугаартай захирамж гарч, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх зүйлүүдийг тус тус үндэслэн эзэмшүүлсэн газраа 2 жил дараалан ашиглаагүй, усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд орсон гэх үндэслэлээр газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Миний бие дээр дурьдсанчлан дээрх газраа хашаа барьж, түүнийгээ сайжруулан барьж хөрөнгө оруулалт хийн тогтмол ашиглаж байсан бөгөөд цуцлах тухай шийдвэр гарахаас өмнө Чингэлтэй дүүргийн газрын албанаас газрын мэргэжилтэн ирж шалгаж байгаагүй болно. Мөн энэ талаар надад урьдчилан мэдэгдэж, сануулж байгаагүй. Уг захирамжид Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг баримталсан байх боловч тус заалтад заасан сонсох ажиллагааг огт хийгээгүй.
Мөн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 01125-2019/00454 дугаартай гэрээг байгуулсан боловч уг гэрээгээ дүгнэж, акт үйлдэлгүйгээр шууд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Уг асуудлаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулж, Нийслэлийн Засаг даргын тамгын газарт гомдол гаргасан боловч гомдлыг хүлээж аваагүй болно.
Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2025 оны 12-р сарын 30-ны өдрийн А/434 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, эрх дуусгавар болгох тухай” захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэгдүгээрт сонсох ажиллагаа, мэдэгдэх ажиллагааг тодорхой үндэслэлээр хийгээгүй. Мэдэгдэл хүргүүлсэн гэх боловч тэрхүү мэдэгдэл нь нэхэмжлэгчид ирээгүй. Хэрвээ мэдэгдэл хүргүүлсэн бол хүлээлгэж өгсөн талаар тэмдэглэл байх ёстой. Мэдэгдлийг авснаас хойш нэхэмжлэгч эрхээ сэргээлгэх талаар эрх эдлэх ёстой. Тодорхой ажиллагаануудыг хийгээгүй байж байгаад гэнэт газар эзэмшүүлэх эрхийг цуцаллаа гэдэг асуудал яригдсан. Нэхэмжлэгч нь өмнө нь хуучин хөл хашааг барьсан байсан. Үүнийгээ сайжруулж ашиглаж байсан буюу газраа ашиглаагүй гэдэг үйл баримт тогтоогдохгүй. Үндэслэл болгохдоо хариуцагч байгууллага очиж шалгасан. Очиж шалгасан цаг хугацаанд нь хашаа барьсан байгааг фото зургаар бэхжүүлж авч үүнийгээ үндэслэж захирамж гаргасан гэж шүүхэд ирүүлсэн үйл баримт байгаа. Усан сангийн онцгой хамгаалалтын бүсийн тухайд урьд өмнө нь энэ гол байгаагүй. 2-оос 3 жилийн өмнө үер болсноос хойш тэрхүү гол урсдаг болсон. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2026 оны дугаар нь байхгүй шийдвэрийн хавсралт гэж байгаа. Газрын эрхийг цуцалснаас хойш гарсан кадастрын зураг байна гэж харж байгаа. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын бичиг нь 2026 он гэсэн байгаа. Шүүхийн явуулсан албан тоот 2026 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гэсэн огноотой. Үндсэн бичиг, зураг нь 2026 оны дугаар бүхий бичгийн хавсралт гэж харагдаж байгаа. Энэ нь том эргэлзээ үүсгэж байгаа. Хариуцагч тал татгалзлаа шүүхийн өмнө нотлох ёстой. Үүнийг хариуцагч тал ямар нэгэн байдлаар нотолж чадахгүй байна. Мөн нэхэмжлэгч нь өмнө нь О.М гэдэг хүнээс тухайн газрыг худалдаж авсан. Үүн дээр нь 5 сая төгрөгөөр хашаа барьж сайжруулсан. Тийм учир маргаан бүхий акт нь хуулийн шаардлагыг хангахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал.
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “1. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” А/294 дүгээр захирамжаар иргэн О.Мт тус дүүргийн 19 дүгээр хорооны Ар согоотын нутаг дэвсгэрт байрлах 700 мкв гарыг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, гэрчилгээ олгогдсон.
2. Мөн дээрх маргаан бүхий газрыг иргэн Г.Т*******т 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/577 дугаар захирамжаар иргэн О.Маас 5 жилийн хугацаатайгаар шилжүүлсэн байдаг.
3. Маргаан бүхий газрыг холбогдох хуульд заасан үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, эрх дуусгавар болгох тухай” А/434 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай” захирамжийг батлан гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/434 дугаартай захирамж нь хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байгаа. Үүний хүрээнд нэхэмжлэгч талын усан сангийн хамгаалалтын онцгой бүсэд хамаарч байгаа гэдэг нь мэргэжлийн байгууллагын кадастрын зураглалаар баталгаажихаас гадна Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасанчлан тусгайлан албан бичгээр сонсох, мэдэгдэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн. Хамгаалалтын онцгой бүсэд хэзээ орсон, сүүлд хэзээ шинэчлэгдсэн тухайд тухайн эзэмшлийн газар дээр 2014 онд газрын харилцааны эрх үүссэн байдаг. Усан сангийн хамгаалалтын онцгой бүс гэдгээр хэзээ тогтоогдсон талаарх нарийвчилсан арга хэмжээг хээрийн болон суурин судалгаа хийхгүйгээр Газар зохион байгуулалтын албанаас хүчингүй болгох талаар мэдэгдэл ирүүлсэн гэж тайлбарлаж байна. Энэ тухайд хариуцсан Газар зохион байгуулалтын албанаас агаар сансрын зураг, мэдээллийн сангаас татаж хардаг. Тийм учир үүнтэй холбоотой тодорхой ажиллагаа хийсэн гэж дүгнэж болно. Нэхэмжлэгч талын хууль ёсны эрх ашиг хөндсөн гэдэг агуулга үүнээс харагдахгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Т*******аас Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/434 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, эрх дуусгавар болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...Хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй, хашаа барьж, түүнийгээ сайжруулан барьж хөрөнгө оруулалт хийн газраа тогтмол ашиглаж байсан байхад Газрын тухай хуулийн 40.1.6-д зааснаар хүчингүй болгосон нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
2. Шүүх хэрэг авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
3. Маргааны үйл баримтын тухайд,
3.1. Анх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/294 дүгээр захирамжаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ж******* зусланд 700 мкв газрыг иргэн О.Мт эзэмшүүлсэн,
3.2. Мөн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/577 дугаар захирамжаар дээрх 700 мкв талбай бүхий газрыг О.Маас Г.Т*******т “Гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар”-ын зориулалтаар шилжүүлснийг баталгаажуулж 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулж, гэрчилгээ олгосон,
3.3. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/434 дүгээр захирамжаар Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, ж******* зусланд хүндэтгэн үзэх шалтгаангүй гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд орсон 1501 нэгж талбарын дугаар бүхий Г.Т*******ын эзэмшлийн газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.
4. Газрын тухай хуулийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:” гэж, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан.
5. Хуулийн дээрх зохицуулалтын “… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байх”-ыг тус тус ойлгохоор Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд тайлбарласан.
6. Маргаан бүхий газарт 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдөр газрын үзлэг хийхэд тус газрын эргэн тойронд төмөр хашаа баригдсан байх ба нэхэмжлэгчээс “Хуяг ган хашаа” ХХК-тай 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан 6 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г нотлох баримтаар гаргаж өгсөн.
7. Дээрхээс үзвэл, маргаан бүхий акт гарах цаг хугацаанд газар эзэмших эрхийг хүчингүй болгох хуульд заасан нөхцөл арилсан байжээ.
8. Мөн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2025/0064 дүгээр тогтоолоор
- “... гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх үндсэн зорилго нь Монгол Улсын иргэдийн хувьд өөрийн гэсэн амьдрах, аминдаа гэр, сууц барих зэргээр гэр бүлийн зориулалтаар газартай болгох хууль зүйн нөхцөлийг бүрдүүлэх явдал, ... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь зохицуулалтыг эрхийн гэрчилгээ эзэмшигч иргэн болон аж ахуйн нэгж, байгууллага (хуулийн этгээд)-ын эзэмшиж буй газрын зориулалтаас хамааран ялгаатай байдлаар тайлбарлаж хэрэглэнэ, ... гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан иргэдэд олгосон газар эзэмших эрхийг ... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д заасныг баримтлан хүчингүй болгох нь хуулийн зорилго, агуулгад нийцэхгүй,
- ... Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 29 дүгээр зүйлийн 29.1-т “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна” гэж тус тус заасан зохицуулалт дахь иргэдийн гэр бүлийн хэрэгцээний зориулалт нь амьдрал, санхүүгийн нөөц боломжид үндэслэн уг газраа өөрийн мэдэлд байлгаж эзэмших боломжийг олгосон” гэсэн агуулгаар тайлбарлаж хууль хэрэглээний жишиг тогтоосон.
9. Иймд хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий газар нь иргэнд гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар олгогдсон болохыг анхааралгүйгээр, мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх нөхцөл бүрдээгүй байхад энэ үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан захиргааны акт хуульд үндэслэх зарчимд нийцээгүй байна.
10. Усны тухай хууль/2012 он/-ийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно”, 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” гэж заасан, энэ нь усны сан бүхий газар байгаа тохиолдолд шууд 50 метрээр тодорхойлогдохоор байна.
11. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2/1549 тоот албан бичгээр ирүүлсэн хавсралт болох 2017, 2021 оны агаар сансрын зурагт маргаан бүхий газрын зүүн болон хойд талд гол урсдаг болох нь тусгагдсанаас үзвэл, хариуцагч нь анхнаасаа усан сан бүхий газрын хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлэхээр олгожээ.
12. Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагаас усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд 2014 оны А/294 дүгээр захирамжаар иргэн О.Мт эзэмшүүлж, 2018 оны А/577 дугаар захирамжаар тус газрыг Г.Т*******т шилжүүлснийг баталгаажуулж эзэмшүүлсэн атлаа 2025 онд энэ үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь агуулгын зөрчилтэй шийдвэр болсон байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчимд нийцэхгүй.
13. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.2.1-д “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.2.1-т “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах” гэж заасан.
14. Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10-17/802 тоот албан бичгээр “... Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг тус тус зөрчсөн байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэнийг үүгээр мэдэгдэж байна” гэсэн мэдэгдлийг үйлдсэн байх боловч мэдэгдлийг Г.Т*******т хэрхэн хүргүүлсэн талаарх баримтыг ирүүлээгүй.
15. Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 08-18/470 тоот албан бичигт “... хугацаатай мэдэгдэл хүргүүлж ажилласан 9******* дугаар утсанд мессеж илгээсний дагуу иргэн Г.Т******* нь эзэмшил газартаа хашаа барьсан талаар хариу тайлбар тус албанд ирүүлж байсан болно” гэсэн байх боловч хавсралтаар ирүүлсэн тайлбар болон баримтууд нь Г.Т*******аас маргаан бүхий актыг эс зөвшөөрч гаргасан гомдол хавсаргасан баримтууд байна.
16. Хэрэвзээ хариуцагчийн тайлбарлаж байгаачлан мэдэгдэх сонсгох ажиллагааг утсаар хэрэгжүүлсэн, Г.Т*******аас хашаа барьсан талаар мэдэгдсэн гэж үзвэл, мэдэгдэлд дурьдсан “гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй, газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэл арилсан болохыг мэдэгдсэн байхад энэ үндэслэлээр маргаан бүхий актыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны акт нь “бодит нөхцөл байдалд тохирсон байх” зарчимд нийцэхгүй гэж үзнэ.
17. Түүнчлэн 10-17/802 тоот мэдэгдэлд нэхэмжлэгчийн эзэмшиж буй газар нь усан сан бүхий газрын хамгаалалтын бүсэд багтсан, үүнийг хэрхэн шийдвэрлэх талаар дурьдаагүй байх тул хариуцагч захиргааны байгууллагыг мэдэгдэх, сонсох ажиллагааны мэдэгдлийг хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
18. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.Т*******аас Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/434 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, эрх дуусгавар болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 29 дүгээр зүйлийн 29.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8-д заасныг тус тус баримтлан Г.Т*******аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/434 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1- д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ