2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/09058

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 23 191/ШШ2025/09058

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* ******* ХХК /РД:*******/-т холбогдох,

 

Гэрээний үүрэгт 341,137,279 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Отгонцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

******* ХХК болон ******* ******* ХХК нар нь 2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нүүрс тээвэрлэлтийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан байдаг. Тус гэрээний дагуу нэхэмжлэгч ******* компани гэрээнийхээ үүргийг биелүүлэх, хариуцагчийн тээвэрлэсэн нүүрсийг хүрэх ёстой Шивээ хүрэн боомтод хүргэсэн байдаг. Харин хариуцагч нь тээвэрлэлтийнхээ төлбөрийг төлөөгүй. Талууд гэрээн дээрээ юу гэж тохиролцсон бэ гэхээр 1 тонн нүүрс тутамд 150 юанийн төсвөөр тээвэрлэлт хийхээр тохирсон байдаг. Нэхэмжлэлийн шаардлага бол нүүс тээвэрлэлтийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэх 341,147,279 төгрөгийг гаргуулах тухай. Хавтаст хэргийн 21 дүгээр талд 2025 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хийсэн тээвэрлэлтийн төлбөр тооцоог баталгаажуулсан акт, албан бичиг байгаа. Түүн дээр хоёр компанийн тамга дарагдсан байдаг. ******* ******* ХХК нь нийтдээ нэхэмжлэгч ******* компанид 685,840,93 юань буюу түүнийг төгрөгөөр хөрвүүлэхэд 341,137,279 төгрөгийн өглөгтэй гэдгээ хоёр тал хоёулаа хүлээн зөвшөөрч энэхүү актыг үйлдсэн байдаг гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж оролцож байна. ******* Өвөлжөө ХХК-аас "Нүүрс тээвэрлэх гэрээ"-ний үүрэгт 685,840.93 юань буюу Монгол банкны 2025 оны 05 дугар сарын 26-ны өдрийн хаалтын ханшаар тооцвол 341,137,279 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хүчингүй болгуулахаар хариу тайлбар гаргаж байна. ******* Өвөлжөө болон ******* ******* ХХК-ийн хооронд 2023 онд байгуулсан 2023-TU-ZXYL-004 дугаартай нүүрс экспортын гэрээний байгуулсан. Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт байрших Баруун Ноён уул нэртэй уурхайгаас нүүрс тээвэрлүүлэх гэрээ тусад нь байгуулсан. ******* ХХК-тай 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Нүүрс тээвэрлэх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд ойролцоо 4 тэр бум төгрөгийг дээрх нүүрс тээврийн гэрээний дагуу төлсөн.

Харин нэхэмжлэгч нь энэ гэрээний 10.3-т заасан үүргээ зөрчиж 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн үед Шивээ хүрэн боомтоос 56 км орчимд ******* Өвөлжөө ХХК-ийн мэдүүлсэн Е-00833 тоот гаалийн мэдүүлгээр нүүрс тээвэрлэж явсан ******* ХХК-ийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б. буруутай үйлдлээс болж уг машин онхолдож зам тээврийн осол гаргаснаас болж хариуцагчид 19.250 тонн нүүрс асгарч шууд хариуцагчид 3,591,631 төгрөгийн хохирол хохирол учирсан. Тухайн өдөр асгарсан 19.250 тонн нүүрсний бодит хохирлыг тооцохдоо 1 тонн нүүрсийг 395 юаниар тооцсон буюу нийт 7604 юань болсон бөгөөд Монгол банкны тухай өдрийн ханшаар 1 юань 472.35 төгрөгтэй тэнцэж байсан. Мөн нэхэмжлэгч нь 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 21 цагийн үед Шивээ хүрэн боомтоос 76 км орчимд ******* Өвөлжөө ХХК-ийн мэдүүлсэн Е-06366 тоот гаалийн мэдүүлгээр улсын дугаартай тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэж явсан жолооч Э.ийн буруутай үйлдлээс болж уг машин онхолдож зам тээврийн осол гаргаснаас болж хариуцагчид 15.600 тонн нүүрс асгарч шууд хариуцагчид 4,001,740 төгрөгийн хохирол хохирол учирсан. Тухайн өдөр асгарсан 15.600 тонн нүүрсний бодит хохирлыг тооцохдоо 1 тонн нүүрсийг 535 юань-аар тооцсон буюу нийт 8346 юань болсон бөгөөд Монгол банкны тухай өдрийн ханшаар 1 юань 479.48 төгрөгтэй тэнцэж байсан. Дээрх 2 нүүрс тээвэрлэж явсан 2 машины осол болон нүүрсийг буцааж ачихад зөрүү үүссэн талаар Шивээхүрэн боомт дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн дүгнэлт болон ослын үед газар дээр байлцаж протоколд гарын үсэг зурсан нэхэмжлэгч талын ажилтнуудын гарын үсгээр давхар нотлогдоно. Эхний энэ зам тээврийн ослын үед манай учруулсан хохирлыг тогтоосон талуудын хооронд 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн протколд Гаалийн улсын байцаагч П., ******* ХХК-ийн менежер Л., Б. нар, болон зөрчил гаргасан жолооч Б. нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Хоёр дахь Энэ зам тээврийн ослын үед манай учруулсан хохирлыг тогтоосон талуудын хооронд 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн протколд Гаалийн улсын байцаагч О.Орхончимэг, ******* ХХК-ийн менежер Б. нар, болон зөрчил гаргасан жолооч Э.ийн нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Мөн энэ зөрчлийг Шивээ хүрэн боомтын Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн гаалийн шалгалтын дүгнэлт, мөн 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн гаалийн шалгалтын дүгнэлтээр тус тус давхар тогтоогдсон. Иймд 341,137,279 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7,593,371 төгрөгийг хасаж тооцож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 25/80 дугаар хятад, монгол хэл дээр үлдсэн итгэмжлэл, 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2024-TU-JSSM-020 дугаар Нүүрс тээвэрлэх гэрээ, ******* ХХК-ийн тээврийн хэрэгслийн жагсаалт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, тооцооны үлдэгдлийн баталгаа зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас нотлох баримтаар хариу тайлбар, зураг зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулж гэрээний үүрэгт 341,137,279 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлага бол нүүс тээвэрлэлтийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэх 341,147,279 төгрөгийг гаргуулах тухай. Хавтаст хэргийн 21 дүгээр талд 2025 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хийсэн тээвэрлэлтийн төлбөр тооцоог баталгаажуулсан акт, албан бичиг байгаа. Түүн дээр хоёр компанийн тамга дарагдсан байдаг. ******* ******* ХХК нь нийтдээ нэхэмжлэгч ******* компанид 685,840,93 юань буюу түүнийг төгрөгөөр хөрвүүлэхэд 341,137,279 төгрөгийн өглөгтэй гэдгээ хоёр тал хоёулаа хүлээн зөвшөөрч энэхүү актыг үйлдсэн байдаг гэж тайлбарласан.

3. Хариуцагч ******* ******* ХХК нь 341,137,279 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7,593,371 төгрөгийг хасаж тооцож өгнө үү хэмээн тайлбарласан.

4. ******* ХХК болон ******* ******* ХХК нарын хооронд 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2024-TU-JSSM-020 дугаар Нүүрс тээвэрлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр 1 жилийн хугацаанд захиалагч талын нүүрсийг гэрээлэгч тал тохирсон цэгт контейнероор тээвэрлэж хүргэх зорилготой, Баруун Ноён уул уурхайгаас хүргэх цэг хүртэлх тээврийн үнэ нь тонн тутамд 150 юань байхаар тохирчээ.

5. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт 380.1-д Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас нэг цэгээс хүргэх цэг хүртэлх ачаа тээвэрлэлтийн зардлыг шаардах эрхтэй байна.

 

6. Зохигчийн тайлбараас үзэхэд талууд уг харилцааг хүлээн зөвшөөрч 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тооцооны үлдэгдлийг баталгаа үйлдсэн байна.

 

Тодруулбал, тооцооны үлдэгдлийг баталгаанд нэг талаас ******* ХХК-ийн нягтлан бодогч Д.Гарамханд, нөгөө талаас ******* ******* ХХК-ийн нягтлан бодогч Ц.Мягмарцэрэн нар нь 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 20-ний өдрийг хүртэлх хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэхгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд 685,840.93 юани авлага гарсныг батлан гарын үсэг зурсан байна. /хх 21/

 

Зохигч хэн аль нь тооцоо нийлсэн акт үйлдсэн үйлдэлд маргаангүй бөгөөд шүүх хуралдааны асуулт, хариултын шатанд шүүгчийн зүгээс тооцоо нийлсэн, тооцооны үлдэгдлийн баталгааг хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодруулахад хүлээн зөвшөөрч байгаа гэсэн байна.

 

7. Хариуцагч тал шүүхэд ирүүлсэн хариу тайлбар дээр нэхэмжлэлийн шаардлагаас 7,593,371 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар дурдсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Мөн хүлээн зөвшөөрөхгүй гэх 7,593,371 төгрөгийг тайлбарлахдаа 2024 оны 02 дугаар сарын 05, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрүүдэд жолооч нарын буруутай үйлдлийн улмаас 19.250 тонн, 15.600 тонн нүүрс тус тус асгарч нийт 7,593,371 төгрөгийг хохирол учирсан гэсэн. Гэвч 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 20-ний өдрийг хүртэлх хугацааны тээвэрлэлтээс үүссэн төлбөр тооцооны асуудалд тооцоо нийлж 685,840.93 юани буюу 341,137,279 төгрөгийг нэхэмжлэгч нэхэмжилсэн, дээрх хугацааны хохирлыг тооцож тооцоо нийлсэн гэж үзэхээр байна.

 

8. Иймд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт 380.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

 

9. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,863,636 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,863,636 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас 341,137,279 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,863,636 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,863,636 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР