| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2026/0504/З |
| Дугаар | 128/ШШ2026/0671 |
| Огноо | 2026-07-07 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2026/0671
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “О*******” ХХК /РД:*******/,
итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*******,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн улсын байцаагч Ч.О******* нарын хоорондын Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн улсын байцаагч Ч.О*******ын 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0133926 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн төлөөлөгч Б.Ц*******, хариуцагч Ч.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. “О*******” ХХК-иас 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн улсын байцаагч Ч.О*******д холбогдуулан “Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн улсын байцаагч Ч.О*******ын 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0133926 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдол гаргасан.
1.2. Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн улсын байцаагч Ч.О******* нь 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 0133926 дугаар шийтгэлийн хуудсаар “О*******” ХХК-ийн ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд олгоогүй, эсхүл саатуулсан гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дүгээр хэсгийн 9.2 дахь заалтад заасны дагуу таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгийн торгууль оногдуулжээ.
Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. “О*******” ХХК-иас шүүхэд ирүүлсэн гомдолдоо:
... Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ч.О******* Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг явуулж, зөрчлийн хэрэг нээсэн. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ч.О******* нь 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0133926 дугаартай шийтгэлийн хуудсаар “О*******” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан. Дээрхи зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна.
Тус компанийн ажилтан Б.Н******* нь 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ажиллаад ажил олгогчид мэдэгдэлгүй, шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй, 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, компани Хөдөлмөрийн хууль бусад холбогдох журмын дагуу ажил хүлээлцэхийг шаардсан, ажилтан Б.Н******* нь хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгохтой холбоотой маргаан талуудын хооронд үүссэн юм.
Компанийн зүгээс 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Б.Н*******тай биечлэн уулзаж ажлаа хүлээлцэхийг хүссэн боловч хүлээлгэж өгөхгүй байсан тул 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01/19 дугаартай албан бичгээр дахин ажил хүлээлцэх шаардлага хүргүүлсэн. Ажил олгогчийн зүгээс 2025 оны 10 дугаар сараас 2026 оны 02 сар дуусталх хугацаанд цалин хөлсийг олгож байсан нь Б.Н*******ын цалингийн тооцооны хүснэгтээр нотлогдоно.
2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01/19 дугаартай албан бичгээр ажил хүлээлцэх шаардлагаар: Барилгын ажлын өдөр тутмын үйл явцыг үйл ажиллагааг тэмдэглэх буюу Барилга байгууламжийн хувийн хэргийг хөтлөх үйл ажиллагаа буюу инженерийн өдөр тутмын хийх ёстой үйл ажиллагааг БХБ сайдын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 180 дугаар тушаалаар батлагдсан журмаар тогтоосон. Улаан дэвтрийн хөтлөлтийг зөвхөн Н******* бичиж баталгаажуулж өгөх боломжтой. Өөр хүн нөхөн бичилт хийх боломжгүй юм. /Барилга ашиглалтад орсны дараа улсын комисс болон эрх бүхий байгууллагын архив үлддэг/ Б.Н*******т хариуцуулж өгсөн ажлууд буюу “О*******” ХХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэл гарын үсэгтэй бичмэл хувь болон мөн өдрийн тэмдэглэлийг баталгаажуулж шивж гаргасан-7 хуудас баримтаар нотлогдоно.
Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэх бөгөөд мөн хуулийн “Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг заасан”, 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь заалт нь “ажил олгогч ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан” үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэж үзэж шийтгэл ногдуулах заалт байна. Энэ заалтаар ажилтны цалин хөлсийг олгоогүй, саатуулсан байх, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байхыг шаарддаг. Бид ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилтны цалин хөлсийг саатуулаагүй. Тус компани ажилчдын цалинг сард хоёр удаа буюу сар бүрийн 20, 5-ны өдрүүдэд олгодог. Б.Н******* нь 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ажиллаад ажил олгогчид мэдэгдэлгүй, шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй.
Ажлаа хаяж явснаас хойш 9 хоногийн дараа буюу 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Бид ажилтан Б.Н*******аас 2025 оны 12 дугаар сараас 2026 оны 01 дүгээр сард ажил үүргийн дагуу гүйцэтгэх ёстой ажил буюу Улаан дэвтэр хөтлөх, бараа материал хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэх, хөдөлмөрийн гэрээнд заасан ажилтны үүргээ биелүүлэхийг шаардсан.
Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохтой Хөдөлмөрийн хуулийн 83 дугаар зүйлийн 83.2, Хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан үүргээ биелүүлэхийг ажилтанд шаардсантай холбогдох маргаантай нөхцөл байдал үүссэн нь талуудын хооронд хөдөлмөрийн маргаан үүссэн. Улмаар энэхүү үндэслэлгүй захиргааны актаар манай байгууллагад 5 сая төгрөгийн торгууль ногдуулсан нь хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хохироож байна.
Эрх бүхий албан тушаалтан эдгээр нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй, нотлох баримтаар үнэлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан бий эсэхэд дүгнэлт хийгээгүй, тодруулбал ажилтны цалин хөлсийг олгоогүй, саатуулсан үйлдэл нь “хүндэтгэн үзэх шалтгаангүй байх” обьектив шинжийг тогтоогоогүй атал “хүндэтгэн үзэх шалтгаангүй цалин хөлсийг олгоогүй" зөрчилд шийтгэл хүлээлгэсэн нь “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх” шударга ёсны, “бодит нөхцөл байдлыг тогтоох, шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймээс бодит нөхцөл байдал, хуульд нийцээгүй, үндэслэлгүй шийтгэл ногдуулсан 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0133926 дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
2.2. Гомдол гаргагчийн төлөөлөгч Б.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Нийгмийн даатгалын шимтгэлийн тэмдэглэлтийн лавлагаагаар “О*******” ХХК нь Б.Н*******т 2025 оны 10 дугаар сараас 2026 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд цалин хөлс олгож, уг дүнгээс нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан нь харагдаж байна. Мөн зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтаар Б.Н*******т 2025 оны 12 дугаар сард гүйцэтгэх ёстой байсан ажил үүргээ дутуу гүйцэтгэсэн, улмаар 2026 оны 01 дүгээр сард нөхөн гүйцэтгэхдээ алдаа гаргасан талаарх нөхцөл байдал тогтоогдсон. ... Ажилтны алин хөлсийг хугацаанд нь олгоогүй, саатуулсан нөхцөлд хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг тогтоохгүйгээр зөвхөн “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цалин хөлс олгоогүй” гэсэн үндэслэлээр шийтгэл оногдуулсан. Зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, учирсан хохирлын хэмжээ, шударга ёсны зарчим болон бодит нөхцөл байдлыг бүрэн үнэлээгүй, захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн гэж байна. Шийтгэлийн хуудсанд үндэслэл болгосон Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2 дахь заалтаар шийтгэл оногдуулахын тулд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, ажилтны цалин хөлсийг олгоогүй, саатуулсан байхыг шаарддаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт цалин хөлсний ойлголтыг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт ажил олгогч нь ажилтны гүйцэтгэсэн ажил үүрэгт тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгох үүрэгтэй гэж заасан. ... Ажилтан ажлаа хүлээлгэн өгөөгүй, хөдөлмөрийн гэрээнд болон хуульд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй нөхцөл байдал байхад уг нөхцөлийг харгалзан үзэлгүйгээр, учирсан хохирлын хэмжээтэй харьцуулах боломжгүй 5 сая төгрөгийн торгуулийг зөвхөн хуульд ингэж заасан гэх үндэслэлээр оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Цаашид “хүндэтгэн үзэх шалтгаан” гэсэн ойлголтыг тодорхой болгож, хууль хэрэглээний нэгдсэн ойлголт бий болгох шаардлагатай байна. Учир нь өнөөгийн нөхцөлд хувийн хэвшил, үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болж байна. ... Ажил олгогчид хуульд заасан үүргээ биелүүлэх ёстой нь ойлгомжтой боловч зөрчил шалган шийдвэрлэхдээ зөвхөн торгох, шийтгэх арга хэмжээ авах бус, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сануулах, бодит нөхцөл байдалд нийцсэн шийдвэр гаргах зарчмыг баримтлах шаардлагатай. ... Иргэн, аж ахуйн нэгжүүдэд ч мөн адил их хэмжээний торгууль оногдуулдаг асуудал гарч байна. ... Прокурорын хяналтын шатанд ч гэсэн “хуульд ингэж заасан учраас” гэсэн байдлаар хандаж, иргэнд 500 мянган төгрөг, аж ахуйн нэгжид 5 сая төгрөгийн торгууль оногдуулах өөр боломжгүй мэтээр шийдвэрлэж байгаа. Гэтэл манай тохиолдолд цалин хөлсийг 4-өөс 5 сар хугацаагаар олгоогүй, зориудаар саатуулсан нөхцөл байдал байгаагүй. Бид өмнө нь ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд тогтмол олгож ирсэн бөгөөд дансны асуудал гарсан үед ч боломжит арга хэмжээг авч цалин олгож байсан. Ийм байхад талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцааны маргаан болон хөдөлмөрийн хууль зөрчсөн эсэх асуудлыг ялгаж салгалгүйгээр зөвхөн хуульд заасан торгуулийн хэмжээг үндэслэн шийдвэрлэсэнд бид гомдолтой байна. Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчмын дагуу шийтгэл оногдуулахдаа зөрчлийн шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэмжээг харгалзан үзэх ёстой. Энэ тохиолдолд бодит нөхцөл байдал, хохирлын хэмжээтэй харьцуулахгүйгээр зөвхөн хуульд заасан хэмжээгээр 5 сая төгрөгийн торгууль оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчмыг үндэслэн, уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагч хяналтын улсын байцаагч Ч.О******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хөдөлмөрийн тухай хуулийн 161 дүгээр зүйл.“Хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих”, 161.1.“Хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг энэ хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох бусад хуулийн дагуу хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 162 дугаар зүйл. “Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн эрх, үүрэг.”, 162.3.“Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаас гадна дараах үүрэгтэй:”, 162.3.1.“хөдөлмөрийн нөхцөл, ажилтны эрх, ажлын цаг, цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, насанд хүрээгүй хүний хөдөлмөр зэрэг асуудлаар хөдөлмөрийн хууль тогтоомжийн бүхий л асуудлын биелэлтийг шалгах, хэрэгжилтийг хангах;”, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ч.О******* би, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ******* худалдааны төв ******* тоотод байрлах “О*******” ХХК-д төслийн менежер, ахлах инженерээр ажиллаж байсан Б.Н*******ын 2026 оны 01, 02 дугаар сард ажилласан хугацааны цалин хөлс аваагүй гэх 2609000877 дугаартай зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гомдол мэдээлэл шийдвэрлэх хугацаанд гомдол гаргагч Б.Н*******, байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц******* нарын мэдүүлгээс ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан нь мэдүүлэг болон байгууллагын цалингийн бодолт хийсэн тооцоолол (ажилтны нэг сарын цалин хөлснөөс хийх нийт суутгал нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хассан, цалин хөлс олгох тооцооллыг хийсэн боловч иргэнд олгоогүй, саатуулсан) баримт бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйл. “Ажил олгогчийн үндсэн эрх, үүрэг”, Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй: 43.2.1.“гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр тогтоогоогүй бол хөдөлмөрийн нормыг үндэслэлтэй тогтоох, аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөж байгаа цалин хөлсний тогтолцоо, журмыг ажилтанд мэдээлэх,”, Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйл. “Цалин хөлс олгох”, 104 дүгээр зүйлийн 104.1.“цалин хөлсийг сард хоёроос доошгүй удаа тогтсон өдөр олгох бөгөөд олгох өдрийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгана.”, 104.7.“хууль тогтоомжийн дагуу олговол зохих цалин хөлс, олговрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээгээр тогтоосноос доогуур хэмжээгээр олгосон бол буруутай этгээдэд энэ хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйл.“Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсны дараа ажил олгогчийн хүлээх хариуцлага”, 128.1.“Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон нь ажил олгогчоос ажилтанд ажилласан хугацаанд нь олгох цалин хөлс, алданги, олговор, нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.”, Монгол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйл. “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал”, 6.52.“хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.26 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.28 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 10.12, 10.13, 10.14 дүгээр зүйл, 10.15 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 10.16, 10.25, 10.27, 10.29, 11.2 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил” үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна.
Энэ нь монгол улсын зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2-т ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан/ заалтад заасны дагуу зөрчлийн шинжтэй байх тул “О*******” ХХК-ийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 2609000877 дугаартай зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн. “О*******” ХХК-ийн гаргасан гомдол нь үндэслэлгүй байна.” гэжээ.
3.2. Хариуцагч хяналтын улсын байцаагч Ч.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Иргэн Б.Н******* 2026 оны 03 дугаар сарын 25-нд Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид 2026 оны 01 дүгээр сарын сүүлчийн цалин болон 02 дугаар сарын эхний цалингаа авч чадаагүй талаар гомдол гаргасан. Үүний дагуу 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт ажилтанд гүйцэтгэсэн ажил, үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоно гэж заасан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлсийг сард 2-оос доошгүй удаа тогтоосон өдөр олгох бөгөөд энэ талаар хөдөлмөрийн гэрээнд тусгана гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.7 дахь хэсэгт зааснаар хууль тогтоомжид заасан цалин хөлс, олговрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд олгоогүй бол Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж заасан.
... Тус “О*******” ХХК нь иргэн Б.Н*******ын 2026 оны 01 дүгээр сарын сүүлчийн болон 02 дугаар сарын эхний цалин хөлсийг олгоогүй гэсэн үндэслэлээр шийтгэлийн хуудас үйлдэж, Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан зөрчилд “О*******” ХХК-д 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авсан. Иргэн Б.Н******* ажлаас гарах өргөдлөө 2026 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тус байгууллагад гаргасан. Иймд шийтгэлийн хуудсаар торгуулийн арга хэмжээ оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Учир “О*******” ХХК хөдөлмөрийн гэрээндээ ажилчдын цалин хөлсийг сар бүрийн 5-ны өдөр болон 20-ны өдөр олгохоор заасан боловч хугацаанд нь олгоогүй. Мөн нэхэмжлэгчийн тайлбараар 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр цалин олгох ёстой байсан ч олгоогүй болохоо өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Иймээс Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2-т заасан зөрчлийн шинж бүрдсэн гэж үзэж, торгуулийн арга хэмжээ авсан нь үндэслэлтэй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. “О*******” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан “Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0133926 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдол гаргаж, үндэслэлээ “Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь заалтад заасан зөрчил үйлдэгдээгүй, манай байгууллагаас ажилтныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр олгоогүй, саатуулсан үйлдэл байхгүй байхад зөрчил гэж үзэж торгох шийтгэл ногдуулсан, Зөрчлийн тухай хуульд заасан шударга ёсны зарчмыг хэрэгжүүлээгүй, олгогдоогүй цалин хөлснөө хэд давсан хэмжээгээр торгох шийтгэл ногдуулж бизнес эрхлэгчийг хүндрэлтэй нөхцөлд оруулсан нь хуульд нийцээгүй” зэргээр тайлбарлан маргасан.
2. Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2-т “Ажил олгогч ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.
3. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “О*******” ХХК-иас тус компанид ахлах инженерээр ажиллаж байсан Б.Н*******ын 2026 оны 01 дүгээр сарын сүүлийн цалин, мөн оны 02 дугаар сарын урьдчилгаа буюу ажилласан 1 хоногт ногдох цалин хөлсийг олгоогүй нөхцөл байдал тогтоогджээ.Тодруулбал,
3.1. “О*******” ХХК-ийн захирлын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр тушаалаар Б.Н*******ыг албан тушаал бууруулж ахлах инженерийн албан тушаалд томилж, үндсэн цалинг 3,500,000 төгрөгөөр тогтоожээ.
3.2. Мөн ахлах инженер Б.Н******* нь 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй тухайд болон “О*******” ХХК-иас Б.Н*******ын дээрх 3 дахь хэсэгт дурьдсан хугацааны цалин хөлсийг тооцож, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг гаргасан боловч цалинг өнөөдрийг хүртэл гарт олгоогүй тухайд гомдол гаргагчаас маргаагүй.
3.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т “Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх хугацааг заана”, 83.5-д “Ажил олгогч ажилтанд энэ хуулийн 83.3-т заасан хугацааны цалин хөлсийг тооцож олгоно”, 83.6-д “Ажил олгогч ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тухай шийдвэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, бусад баримт бичгийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон өдөр хүлээлгэн өгөх, цалин хөлс, олговор, тэтгэмжийг хууль, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасны дагуу олгох үүрэгтэй” гэж, “О*******” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2-т “Ажил олгогч ажилтны үндсэн цалинг сард 2 удаа сар бүрийн 20 болон 5-ны өдрүүдэд олгоно…” гэж заажээ.
4. Энэ тохиолдолд “О*******” ХХК нь тус компанид ахлах инженерээр ажиллаж байсан Б.Н*******ын 2026 оны 01 дүгээр сарын сүүл цалинг мөн оны 02 дугаар сарын 05-ны өдөр, 2 дугаар сарын цалинг түүнтэй хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэсэн дариудаа олгох үүрэгтэй атал 1 дүгээр сарын цалинг олгоогүй, мөн хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон эсэх шийдвэрийг гаргаагүй, 02 дугаар сарын цалинг олгоогүй байх тул Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2-т заасан зөрчлийг үйлдсэн гэж тооцно.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д “ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцаа”-г хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж тодорхойлсныг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох процессыг зохицуулсан хуулийн зохицуулалттай уялдуулан авч үзвэл, цалин хөлс нь ажил үүрэг гүйцэтгэсэн бол олгогдох агуулгатай бөгөөд ажил үүрэг гүйцэтгэсэн ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгохгүй байх, саатуулахгүй байх үүргийг ажил олгогч хуулиар хүлээсэн байх тул “О*******” ХХК-иас ажилтны цалин хөлсийг өнөөдрийг хүртэл олгоогүй байгаа нь зөрчилд тооцогдоно.
6. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т “Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно”, 4-т “Энэ хуулийн төсөөтэй хэрэглэхгүй” гэж тус тус заасан.
7. Энэ тохиолдолд хариуцагч улсын байцаагчаас хуульд заасан хэмжээгээр буюу хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох шийтгэл оногдуулсан нь хуульд нийцнэ, хуульд торгуулийн хэмжээг сонгох боломжтойгоор интервал зааж тогтоогоогүй, шууд заасан тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нь хуульд заасан торгуулийн хэмжээг өөрчлөх эрхгүй.
8. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх шударга ёсны зарчим нь зөрчлийг зөв зүйлчлэн тогтоох харилцаанд буюу зөрчлийн обьектив шинжийг зөв тодорхойлох улмаар сонгох санкцтай тохиолдолд шийтгэлийн төрөл, албадлагын арга хэмжээг оновчтой хэрэглэх байдлаар хэрэгждэг, тухайн тохиолдолд эдгээр нөхцөл үүсээгүй байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Зөрчлийн тухай хуульд заасан шударга ёсны зарчмыг хэрэгжүүлээгүй, олгогдоогүй цалин хөлснөө хэд давсан хэмжээгээр торгох шийтгэл ногдуулж бизнес эрхлэгчийг хүндрэлтэй нөхцөлд оруулсан нь хуульд нийцээгүй” гэх гомдол үндэслэлгүй.
9. Дээрх үндэслэлүүдээр “О*******” ХХК-ийн “Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн улсын байцаагч Ч.О*******ын 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0133926 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 4, 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2-т заасныг баримтлан гомдол гаргагч “О*******” ХХК-иас Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн улсын байцаагч Ч.О*******д холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн улсын байцаагч Ч.О*******ын 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0133926 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ