Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
Хэргийн индекс | 183/2017/00992/И |
Дугаар | 183/ШШ2017/01744 |
Огноо | 2017-08-21 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 183/ШШ2017/01744
2017 оны 08 сарын 21 өдөр | Дугаар 183/ШШ2017/01744 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 4 дүгээр байрны 14 тоотод байрлах, “Буган-Өлзийт”ХХК/рд:5575745/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны 32 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, Харуулынхан овогт*******/рд:*******/-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 26 530 209 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цэвэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Буган-Өлзийт” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цэвэлмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч*******нь 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч “Буган-Өлзийт” ХХК-тай харилцан тохиролцож Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Буган соёмбо орон сууцны 6-2 тоотын 160 м2 талбай бүхий 4 өрөө орон сууцны байрыг захиалан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.*******нь энэ өдрөөс эхлэн тус орон сууцанд орж 2016 оны 12 дугаар сар хүртэл амьдрахдаа гэрээнд заасан графикийн дагуу төлбөрөө төлөхгүй байсан ба урьдчилгаа 20 000 000 төгрөгийг шаардуулж байж төлсөн. 2016 оны 02 дугаар сараас 2016 оны 12 дугаар сар хүртэл амьдрахдаа ажил гүйцэтгэх гэрээний 2.2.2-т зааснаар орон сууцны төлбөрийн үлдэгдлийг төлөхгүй байсан бөгөөд төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж албан тоот явуулсан боловч төлбөр хийгдээгүй тул байрнаас гаргасан. Д.Ганзориг орон сууцанд үлдээсэн тавилгаа авч орон сууцыг чөлөөлөхгүй байгаагаас “Бериллбилд” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу орон сууцны засварын ажил хийх хугацаа хойшлогдож, одоог хүртэл байгууллагын бизнесийн үйл ажиллагаанд маш их хүндрэл учруулаад байна. Иймд хариуцагч Д.Ганзоригоос орон сууцыг захиалах гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасны дагуу түрээсийн үлдэгдэл төлбөр 12 320 000 төгрөг, орон сууц захиалах гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар орон сууцанд засвар хийх зардал 14 210 209 төгрөг, нийт 26 530 209 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Буган-Өлзийт” ХХК нь хариуцагч Д.Ганзоригт холбогдуулан түрээсийн төлбөрийн үлдэгдэл 12 320 000 төгрөг, хохирол 14 210 209 төгрөг нийт 26 530 209 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Зохигчдын хооронд 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ /орон сууц захиалах/” байгуулагдаж, гүйцэтгэгч “Буган-Өлзийт” ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлалтай “Буган соёмбот” 24 айлын орон сууцны 6 давхрын 6-2 тоот 161 м2 талбай бүхий 4 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 2 500 000 төгрөгөөр тооцож, нийт 402 500 000 төгрөгөөр захиалагч Д.Ганзоригт гэрээгээр тохиролцсон хугацаанд чанартай барьж хүлээлгэн өгөх, захиалагч нь урьдчилгаа төлбөрт 20 000 000 төгрөг төлж, үлдэх төлбөрийг гэрээгээр тохирсон графикийн дагуу гүйцэтгэгч талд төлөхөөр талууд тохиролцжээ.
Дээрхээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар “...ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх”-ээр байна.
Хариуцагч*******урьдчилгаа төлбөрт 20 000 000 төгрөг төлж, үлдэх төлбөрийг графикийн дагуу төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон “Буган-Өлзийт” ХХК-иас 2016 оны 7 дугаар сарын 30, 10 дугаар сарын 20, 11 дүгээр сарын 15-ны өдрүүдэд Д.Ганзоригт хүргүүлсэн албан бичгүүдээр тус тус тогтоогдож байхаас гадна хариуцагч Д.Ганзоригт 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хариуцагчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, нэхэмжлэлийн хувийг гардуулсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд буюу шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсвэл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуульд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй байна. Энэ нь хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл болдог.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т “Захиалагч тал нь орон сууц захиалгын гэрээ цуцлах хүсэлт гаргасан тохиролдолд гэрээ байгуулсан өдрөөс эхлэн орон сууцнаас гарах хүртэл хугацааг түрээслэж байсанд тооцон нэг сарын 2 400 000 төгрөгөөр тооцож нийт төлбөрийг гүйцэтгэгч талд төлөн, орон сууцанд капитал засвар хийж анх байсан хэвийн байдалд оруулан шинэ орон сууцыг гүйцэтгэгч тал хүлээлгэн өгөх үүрэгтэй” гэжээ.
Хариуцагч*******“Буган-Өлзийт” ХХК-д гаргасан хүсэлтдээ “Д.Ганзориг миний бие нь 2016 оны 2 дугаар сард орон сууц захиалгын гэрээ байгуулан шинэ орон сууцанд орсон. Үл ойлголцлын улмаас байгуулсан гэрээгээ цуцлах хүсэлтэй байна. Хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Дээрхээс дүгнэхэд хариуцагч*******нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй, үлдэгдэл 382 500 000 төгрөгийг төлбөр төлөх хуваарийн дагуу төлөөгүй, мөн гэрээ цуцлах хүсэлт гаргасан тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээ байгуулсан өдрөөс эхлэн орон сууцнаас гарах хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй байна. Иймд 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх 10 сарын хугацааны түрээсийн төлбөрт 24 000 000 төгрөгийг хариуцагч төлөхөөс урьдчилгаа төлбөрт төлсөн 20 000 000 төгрөгийг хасч, үлдэх 4 000 000 төгрөгийн хариуцагч Д.Ганзоригоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хугацааны буюу 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нэхэмжилсэн түрээсийн төлбөр 8 320 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Харин нэхэмжлэгч уг байранд 14 210 209 төгрөгийн засвар хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ, нэхэмжлэгч нь энэ талаар баримтаа бүрдүүлэн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй.
Тус шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаан хариуцагч Д.Ганзоригийн өмгөөлөгч авах хүсэлтийн дагуу хойшлогдсон бөгөөд энэ өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн 99119774 дугаарын утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг баримтлан хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Ганзоригоос 4 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Буган-Өлзийт” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22 530 209 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ