| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0721/Э |
| Дугаар | 857 |
| Огноо | 2018-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Болормаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 857
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
Улсын яллагч П.Болормаа,
Шүүгдэгч Н.Б ,
Хохирогч М.Идэрбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Н.Б д холбогдох эрүүгийн 1806032610855 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, тоотод эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суудаг, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар, Н Б .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Идэрбаярыг зодож, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Идэрзориг мэдүүлэхдээ: “Би өглөө 8 цаг 20 минутын үед машинаа аваад байрнаасаа гарсан. Төв зам руу ордог хэсэг дээр блокон хашаа нилээд шахсан байдаг учир би төв зам руугаа хараад өөрийн орох чиглэлийн хөдөлгөөнийг хараад зөөлөн хурадтай явж байсан. Урд 1 машин зогсож байсан. Би араас нь дагаад явж байгаад бас урсгалаа харахад машины хойд талд цохисон. Тэгээд би толиндоо харахад энэ залуу зогсож байсан. Тэгээд би энэ хүнийг хараагүй юм байна гэж бодоод хөдөлгөөнөө чөлөөлж 1 дүгээр эгнээ рүү ослын гэрлээ татаж зогссон. Тэгээд би цонхоо буулгаа уучлаарай гэх хооронд энэ залуу ирээд цохисон.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч М.Идэрбаярын мэдүүлэг /хх-21/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 192 дугаартай шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт / хх-23/, шүүгдэгч Н.Баттулгын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-29/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-33/, шүүгдэгчийн ял шалгасан хуудас /хх-24/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Идэрбаярыг зодож, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч М.Идэрбаярын "...Би толиндоо харахад нэг залуу зогсчихсон нилээн ууртай харагдсан. Би төв зам руу эргээд замаа чөлөөлөөд зогссон. Би цонхоо буулгаад толгойгоо гаргаж харахад нөгөө залуу чи хүн дайрлаа гэж чанга хэлээд ирсэн. Би энэ талын урсгалаа харчихаад гэж хэлэхэд тэр залуу миний нүүр руу цохисон. Би харааны шил зүүдэг. Шил хагараад зүүн доод талыг зүссэн байсан цус гарсан. Нүдний шил хагарч эвдэрсэн байсан. Би машиныхаа алчуураар цус гарч байсан хэсэгт дараад машинаасаа буусан." /хх-21/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 192 дугаартай шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт:
1. М.Идэрбаярт тархины доргилт, зүүн нүд орчмын зулгаралт, хамар орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ШЭГЗТЖ-ын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл болно.
3. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй. /хх-23/,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Баттулгын яллагдагчаар өгсөн: "...барыдалдаж аваад зууралдаж байх явцдаа тэр залуугийн нүүр рүү нэг удаа цохисон. Тэр залуугийн нүдний шил рамаар салж унасан. Зүүн нүдний доод талд шалбарч бага зэрэг цус гарсан." /хх-29/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-33/,
Шүүгдэгчийн ял шалгасан хуудас /хх-24/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Н.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Идэрбаярыг зодож, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар
төгрөгийг шүүгдэгч Н.Б ас гаргуулж хохирогч М.Иэдэрбаярт олгохоор тогтов.
Шүүх хялбаршуулсан журмаар Н.Б д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Н.Б д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ.
Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Н.Б нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар Н.Б 288.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Идэрбаярт олгосугай.
7. Хохирогч М.Идэрбаяр нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС