| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2305000002136 |
| Дугаар | 2024/ДШМ/1337 |
| Огноо | 2024-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 23.1.1, |
| Улсын яллагч | Т.Баянмөнх |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2024/ДШМ/1337
2024 12 11 2024/ДШМ/1337
Ө.Нид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Баянмөнх,
шүүгдэгч Ө.Н, түүний өмгөөлөгч Ц.Гансүх,
нарийн бичгийн дарга Э.Б нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/664 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гансүхийн гомдлоор Ө.Нид холбогдох эрүүгийн 2305000002136 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ө.Н
Шүүгдэгч Ө.Н нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Барс” худалдааны төвөөс Нарны гүүр явах чиглэлд BMW загварын ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 27 дахь хэсэгт заасан эгнээ байр эзлэх дүрмийн заалтыг зөрчсөний улмаас тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан Нийслэлийн хөдөлгөөн зохицуулах хэлтсийн зохицуулагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Аын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Ө.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Ө.Нийг “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ө.Нид оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ө.Нийн өмгөөлөгч Ц.Батсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хохирогч замын хөдөлгөөнийг зохицуулах ажил үүрэг гүйцэтгэж байсан ба Ө.Н шаардлагыг үл биелүүлж шаардсан зүгт хөдөлгөөнөө үргэлжлүүлээгүй зорчих хэсгийг чөлөөлж уулзварын голд орох үед хохирогч машиных нь багажны хаалган дээр хэд хэдэн удаа хүчтэй цохиж, эхнэр, хүү, өөрийг нь ч цочоосон байна. Ө.Н замаа чөлөөлж зогсоод хохирогчид дургүйцлээ илэрхийлж “Цагдаагийн албан хаагч гэхээрээ хүний эд хөрөнгөд халдаж, жолооч, зорчигчийг цочоож, амгалан тайван байдлыг алдагдуулж болдог юм уу” гэх агуулгатай шаардлага тавьж очсон байна.
Хохирогч авто замаас Ө.Нийг түлхэн холдуулах, аюулгүй байдлыг хангаж явган зам дээр гаран маргалдаж эхэлсэн. Энэ үед ялтны эмзэг эрхтэн лүү зохицуулагчийн дохиураараа хатгахад Ө.Н тонгойж баруун гараараа дохиурыг нь барьж авсан байна. Хохирогч дохиураа татаж Ө.Н эсрэг зүгт даран базах үед бяцарч хугарсан байна. Ө.Н дохиурыг нь хугалсанд хохирогч уурлан шанаан тус газар нь дохиурын хугархайгаар хүчтэй цохисон байна. Яг энэ үед Ө.Н зөрүүлээд хамар луу нь цохисноор маргаан дуусчээ.
Болсон үйл явдалд дүгнэлт хийвэл, хохирогч Ө.Нийн эмзэг эрхтэн лүү дохиураар хатгасан байна. Ө.Н өвдөлтийн улмаас тонгойж рефлексээрээ дохиурыг барьж улмаар эсрэг зүгт даран хугалсан байна. Үүнд дургүйцсэн хохирогч дохиурын хугарсан ишээр Ө.Нийн хацар луу хүчтэй цохисон байна. Ө.Н 2 удаагийн үргэлжилсэн цохилтын дараа өөрийн рефлексээрээ хохирогчийг нэг удаа цохисноор довтолгоон дууссан байна. Хохирогчийн дараалласан хоёр довтолгооны эсрэг Ө.Н нэг удаагийн цохилтоор довтолгоо дууссан нь Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д заасан өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус, тулгарсан довтолгооны эсрэг хийсэн үйлдэл гэж үзэж байна. Иймд гомдлыг хянаж Ө.Нийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Ө.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би энэ үйлдлээ их харамсаж байна. Миний зүгээс цагдаад хэлсэн үг нь нотлох баримт болох бичлэгт “Чи яаж байгаа юм бэ, яагаад цохиж байгаа юм, ийм байдалд хүрнэ гэж бодоогүй” гэх зэрэг сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн үгнүүдийг байсныг бүгдийг хассан байсан. Би түрүүлж хохирсон байж гомдол гаргаагүй шалгаан нь хийсэн үйлдэлдээ гэмшиж байсан учраас гомдол гаргаагүй. Хоёрдугаарт тухайн өдөр хариуцаж байсан цагдаагийн хошууч хүрч ирээд тухайн газарт байсан таваас арван хяналтын бичлэгийг бүгдийг нь шалгаж үзсэн. Би цагдаагийн алаг тэрэгт сууж байхад миний хажууд байсан хошууч над руу дайраад “Чи нэг хүүхдийг ажилгүй болгоод алаад хаячихлаа. Хөдөөгөөс орж ирээд хотод гэр хороололд амьдардаг. Гэр бүлээ тэжээх гэж байгаа хүүхэд чамаас болоод ажлаасаа хасагдаж байна. Чи гэм буруугүй үлдэх юм байна л даа. Хэрэв тийм зүйл болбол хаана байгаа газарт чинь очиж хувийн арга хэмжээ авахуулна” гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь би “Уучлаарай. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ хүүхдэд гомдол гаргахгүй” гэдэг талаар цагдаагийн дотоод хяналтын албаны хурандаа ирэхэд Баянгол дүүргийн цагдаад мөн адил хэлсэн..” гэв.
Прокурор Т.Баянмөнх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Ө.Нид болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцлаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс аргагүй хамгаалалт хэрэглэсэн. Иймд холбогдох үйлдэл холбогдлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн. Энэ хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлээд давж заалдах шатны шүүхэд прокурорын эсэргүүцлээр хянан хэлэлцээд анхан шатны шүүх рүү буцаан анхан шатны шүүхээр дахин хэлэлцсэн. Шүүгдэгчийн зүгээс тухайн үйл баримтад маргадаг бөгөөд тухайлбал “цагдаа надад хууль бус шаардлага тавьсан учраас түүний эрүүл мэндэд халдах, цагдаагийн комиссын шаардлагыг эсэргүүцэх нөхцөл байдал бүрдсэн” гэдэг талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт маргадаг. Хэрэгт авагдсан хохирогч А, Б, Б нарын мэдүүлгээр Ө.Нийн эрүүл мэндэд хүч хэрэглэсэн, цагдаагийн хууль бус шаардлага тавьсан талаар нь үгүйсгэдэг. Шүүгдэгчийн тухай замын хөдөлгөөнд оролцох явцдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомж зөрчсөний дагуу эрх бүхий албан тушаалтан хууль тогтоомжид олгогдсон эрх хэм хэмжээний хүрээнд хууль ёсны шаардлага тавьсан нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нотлогдон тогтоогддог. Гэвч хууль ёсны шаардлага тавьсныг эсэргүүцэж хууль сахиулагчийг эрүүл мэндэд хохирол учруулсан нөхцөл байдал хангалтай нотлогдон тогтоогддог. Шүүгдэгчийн зүгээс “намайг нэг цагдаагийн хошууч заналхийлсэн. Намайг ингэх ёстой, тэгэх ёстой” гэдэг зүйлийн талаар ярьсан байна. Иймд заналхийлсэн асуудал байгаа бол хууль хяналтын байгууллагад энэ талаараа гомдол гаргах эрх нь нээлттэй. Энэ хэргийн тухайд цагдаагийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн, түүний эрүүл мэндэд хохирол учруулсан талаарх нотлох баримтууд хэрэгт цугларсан. Шүүгдэгчийн хэлсэн асуудлын талаарх асуудал нь хэрэгт авагдаагүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй, хуулийн бүх шаардлагыг хангасан, шүүгдэгчийн гэм бурууг нотолсон, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулсан зэрэг нь шударга ёсны зарчимд нийцсэн үндэслэл бүхий хууль ёсны шийдвэр байна. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ө.Н нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Барс” худалдааны төвөөс Нарны гүүр явах чиглэлд BMW загварын ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 27 дахь хэсэгт заасан эгнээ байр эзлэх дүрмийн заалтыг зөрчсөний улмаас тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан Нийслэлийн хөдөлгөөн зохицуулах хэлтсийн зохицуулагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Аын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Аын “... “BMW” загварын хар хөх өнгөтэй ...улсын дугаартай автомашин барсаас нарны гүүр явах чиглэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 27 дахь заалтад заасан эгнээ байр эзлэх дүрмийг зөрчин уулзвар руу нэвтрэн явган хүний гарцыг таглаад зогсохоор нь би тухайн машин руу явж очоод жолооч талын нээлттэй цонхоор жолоочтой харьцсан. Өөрийгөө танилцуулан “та дүрэм зөрчөөд байна, чигээрээ яв” гэсэн шаардлага тавихад тухайн жолооч “би энд чинь бараг 20-30 минут түгжирлээ, чигээрээ явж чадахгүй, зүүн эргэнэ” гэж хэлсэн. Би тухайн хүний бичиг баримтыг шалгах гээд “та бичиг баримтаа шалгуулна уу” гэхэд тухайн жолооч надад бичиг баримт байхгүй, би чамд бичиг баримтаа шалгуулахгүй гэж хэлсэн. Энэ үед зүүн эргэх дохио асаад жолооч тээврийн хэрэгслийг хөдөлгөсөн. Тэгэхэд би дохиураар зогс гэсэн дохио өгөн тээврийн хэрэгслийн багажийн хаалгыг цохисон. Гэтэл тухайн жолооч тээврийн хэрэгсэлтэйгээ зогсож байсан газраасаа хойд зүгт 10-15 метр зайд яваад тээврийн хэрэгслээ зогсоогоод машинаасаа бууж ирээд “чи миний машиныг цохилоо” гээд хараагаад, үг хэлээр доромжлоод байсан. Яг юу гэснийг сайн санахгүй байна. Би “та замаас гар” гээд тухайн хүнийг түлхээд замын уулзвараас зүүн хойд зүгт чиглэн замын хажуу руу гаргасан. Замаас дөнгөж гарангуут тухайн жолооч над руу давшлаад хараагаад, үг хэлээр доромжилж эхэлсэн. Би цаашаа бай гээд дохиураараа гэдэс рүү нь хатгасан маягтай түлхэхэд жолооч миний модыг булааж аваад 2 гараараа барьж байгаад голоор нь хугалсан. Би “та яахаараа миний дохиурыг хугалдаг юм бэ” гэтэл “чи өөрөө эхэлж намайг цохидог юм бэ” гэж хэлээд бид хоорондоо маргалдсан. Маргалдаж байхад тухайн жолооч өөдөөс тулаад ирэхээр нь би 2 гараас нь 2 гараараа шуу хэсгээс нь барьж автал миний гарыг тавиулах гээд тухайн эрэгтэй гараа угзарсан. Энэ үед би тухайн эрэгтэйн шуунаас барихаа болиод өөрийнхөө дохиурын 2 хуваагдсан хэсгээс 2 гараараа барьж аваад дохиураа булааж автал тухайн жолооч миний зүүн нүдний ухархай болон хамрын дээд хэсэгт аль гараараа юм мэдэхгүй ямар ч байсан гараараа 1 удаа цохисон. Би тухайн хүнд цохиулахад хамраас цус гараад доош тонгойсон. ...” /1хх 37-39/,
гэрч Н.Бийн “... тухайн машины жолооч бууж ирээд замын цагдаагийн өөдөөс “чи надад шаардлага тавьдаг хэн бэ” гээд орилоод дайрч давшилсан. Замын цагдаа залуу өөрийгөө хамгаалж хойшоо 2-3 алхам ухарсан. Гэтэл машины жолооч замын цагдаагийн зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон. Замын цагдаа тухайн этгээдийн дараагийн дайралтаас өөрийгөө хамгаалах гэж жолоочийн 2 гараас барихад нөгөө жолооч цагдаагийн гарт байсан улаан өнгийн дохиурыг давхар барьж байхдаа хугалсан. Цагдаа жолоочийн гарыг барьсан байхад жолооч хүчтэй доош угзарч гараа тавиулах гэж байхдаа нөгөө хугалсан дохиурын ирмэг хэсгээр зүүн шанаа хэсгээ эсгэж зурж бага зэрэг цус гарсан. Гэтэл жолооч улам уурлаж замын цагдаа залуугийн хамран тус газарт хоёр удаа гараараа маш хүчтэй цохисон. Так гээд хүчтэй яс нь дуугарч байгаа нь надад сонсогдсон. Тэр даруй цагдаагийн хамарнаас ус садарч байгаа мэт маш их хэмжээний цус олгойдон гарсан. Цагдаа гарцны хажууд тонгойж суухад жолооч цагдаа руу орилж дайрсан хэвээрээ байсан. Чи намайг зоддог хэн бэ, чи надад шаардлага тавьдаг хэн бэ, түрүүлж чи намайг цохисон шүү гэх мэтээр орилоод байсан. ...” /1хх 41-44/,
гэрч С.П-ийн “... манай цагдаа хамраа дараад хамраас нь цус гараад цус нь тогтохгүй байж байсан. ... юу болсон талаар асуухад танай цагдаа намайг цохихоор нь би зөрүүлээд цохисон гэж хэлсэн. Би тухайн хүнийг нүдний шилээ ав, би харъя гэхэд зүүн шанааны шонтгор хэсэгт саран хэлбэртэй 2-3 см урттай зүсэгдсэн шинэ гэмтэл байсан. Би наадах чинь цохисон бол ингэж гэмтэхгүй гэж хэлтэл А хажуунаас “ахлахаа би наад хүнийг чинь зодож, цохисон зүйл байхгүй, наад хүн чинь миний дохиурыг булаах гээд ноцолдож байхад дохиур хугарсан, тэгэхэд нүүр нь зүсэгдсэн байх гэж хэлсэн. Би та хоёр юунаас болж ингэсэн юм бэ гэж асуухад А тухайн хүн эгнээ байр буруу эзлэн давхар зүүн гар тийш эргэх гээд байхаар нь шулуун яв гээд дохиход тухайн жолооч шууд хөдөлгөөнөө үргэлжлүүлээд зүүн эргээд явган хүний гарц дээр зогсоод машинаасаа буугаад замын голд ирээд хэл үгээр доромжлоод байсан. Би энэ хүнийг замаас гаргатал намайг зодсон гэж хэлсэн. ...” /1хх 46-48/,
гэрч Ч.Ө-ын “... Аыг жолооч цохисон байна, яаралтай хүрээд ирээрэй” гээд миний пролоор станцаар дуудахаар нь шууд яваад очтол дэд ахлагч А доошоо суучихсан нилээн олон хүн тойроод зогсчихсон, Аын хамраас цус гоожоод цусаа арчаад байж байсан. Би Ааас юу болсон талаар асуухад нэг жолооч нүүр рүү цохиж, зодсон гэж хажууд байсан хүмүүс хэлсэн. ...” /1хх 51-52/,
гэрч Ж.Э-ын “... Барс захын уулзвар дээр нэг машин аваараа татаад зогсчихсон, машиных нь хажуугаар хүмүүс бужигналдсан байдалтай байхаар нь би тус машины ард нь машинаа зогсоогоод буугаад хартал дэд ахлагч А хамраас нь цус гарчихсан, хамраа дараад замын хажууд сууж байсан бөгөөд яг хажууд нь улаан өнгийн дохиур мод нь голоороо хугарсан байдалтай байсан. ... эрэгтэй дэд ахлагч А руу “чамд сануулсан шүү, зүгээр байгаарай” гэсэн байдалтай орилоод дайраад байсан. ...” /1хх 57-58/,
гэрч Н.-н “... тэр цагдааг жолооч нь нэг удаа цохиод чи намайг зогсоодог хэн бэ, чи надад шаардлага тавьдаг хэн бэ гэж хэлж байсан. Эхлээд цохих үед нь цагдаа хоёр гарыг нь өөрөөсөө холдуулах гээд гараа өргөх үед гарт нь байсан дохиур модыг жолооч улаан хэсгийг нь салгаж хугалсан, тэр үед цагдаа хоёр гараа авах гэж байх үедээ тухайн жолоочийн нүүрэнд санамсаргүй хүрч хацрыг нь эсгэсэн гэж би харсан. Жолооч цагдаагийн зүүн тал руу хоёр удаа гараараа цохисон. Тэр үед цагдаагийн хамраас 10 гаруй минут орчим цус гарсан. ...” /1хх 63-64/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13796 дугаартай шинжээчийн “...Б.Аын биед хамар ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.” Гэх,
2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13795 дугаартай “... Ө.Нийн биед хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинж гэмтэл байна.” /1хх 78-79/,
2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 5378 дугаартай “... Б.А, Ө.Н нараас авсан биологийн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн салфетканы уут, 19 ширхэг салфетка, дохиураас бэхжүүлж авсан гэх дээжүүд дээр цус илэрсэн. Дохиураас бэхжүүлж авсан гэх дээж дээр илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй. Б.А болон Ө.Н нарын цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов. Хэргийн газраас хураан авсан салфетканы уут, 19 ширхэг салфетка дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Илэрсэн ДНХ-ийн тогтоц нь Б.Аын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” /1хх 84-88/ дүгнэлтүүд,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /1хх 103-108/, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /1хх 109/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Анхан шатны шүүх, шүүгдэгч Ө.Нийн хууль сахиулагчийн албан шаардлагатай холбогдуулан эсэргүүцэл үзүүлж, хүч хэрэглэн хохирогч Ө.Аын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчилсэн нь үндэслэлтэй, харин түүний хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9 дэх заалтад заасан “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, ...” гэснийг журамлан хүндрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэл муутай болжээ.
Учир нь, хэрэг учрал болсон тухайн үед хохирогч шүүгдэгч нарын хооронд хууль сахиулагчийн албан үүргийн дагуу гаргасан шийдвэртэй нь холбогдуулан шүүгдэгч эсэргүүцэл үзүүлэн маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газарт цохиж хөнгөн гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-д заасан хууль сахиулагчийн эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж маргаан үүсгээгүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ө.Нийг хууль сахиулагчийн албан шаардлагыг эсэргүүцэж хүч хэрэглэсэн, хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд давхардуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-д заасан “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь ...” гэх шинжээр буюу эрхэлсэн ажил, хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр олгогдсон албаны бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаатай нь холбогдуулан гэмт хэрэг үйлдсэн гэж хүндрүүлсэн нь үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч Ө.Нийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-д заасан хохирогч Б.Аын эрхэлж буй ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан өөрийнх нь эрүүл мэндэд хохирол учруулсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул шүүгдэгч Ө.Нийн үйлдсэн гэмт хэргээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх шинжгүйгээр үйлдсэн гэж хөнгөрүүлэх үндэслэлтэй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан ” хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-т нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ө.Нийн үйлдэл нь хохирогч Б.Аын биед учирсан хөнгөн хохиролтой шууд шалтгаант холбоотой, аргагүй хамгаалалтын шинжээр гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцүүлэн тус хэргийг шүүгдэгч Ө.Нийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд эцэслэн хянан шийдвэрлэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гансүхийн “... хэргийг цагаатгуулах ...” талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Ө.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, анхан шатны шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгийн торгох ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5,600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх нь “... шүүгдэгч Ө.Нийн үйлдэл нь аргагүй хамгаалалт байсан” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь, Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй бөгөөд шүүгдэгч Ө.Нийн хууль сахиулагч Б.Аын албаны чиг үүргийн дагуу гаргасан шаардлагыг биелүүлэхгүй хэмээн маргалдаж, улмаар Б.Аын нүүрэн тус газарт цохиж гэмтэл учруулсан үйлдэл буюу хууль сахиулагч Б.Аын зүгээс Ө.Нийн эсрэг амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус довтолгооныг хийсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтүүдийг оруулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/664 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт
“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос Өлзий-Оршихын Нид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж,
тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... мөн “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг “… Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.” гэснийг “… Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Нид оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Нид оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 5,600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,600,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй”
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ