Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2026/0664

 

 

 

 

 

 

 

 

   2026         07           03                                     128/ШШ2026/0664

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Анхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Б*******ын Х******* /АЮ*******/,

Хариуцагч: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагч Д.О*******,

Гомдлын шаардлага: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0103757 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ч*******, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.А*******, хариуцагч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагч Д.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гомдол гаргагч түүний өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан гомдлын шаардлага, түүний үндэслэл:

1.1 Гомдол гаргагч Б.Х******* шүүхэд бичгээр ирүүлсэн гомдлын шаардлагын үндэслэлдээ: “Эм Эмнэлгийн Хэрэгслийн Хяналт Зохицуулалтын Газарын улсын ахлах байцаагч Д.О*******ийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гаргасан Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийдвэрийг миний бие 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч эс зөвшөөрч байгаа тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2 дугаар заалтад заасны дагуу гомдол гаргаж байна. Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 03 дугаар сарын хугацаанд худалдсан бөгөөд худалдаж байх хугацаанд Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн бүртгэх журам батлагдаагүй байхад буюу байцаагч Д.О******* нь Эрүүл мэндийн сайдын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/206 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн бүртгэх журамд үндэслэн хууль бусаар олсон орлого 3.037.000 /гурван сая гучин долоон мянган/ төгрөг, торгууль 3.000.000 /гурван сая/ төгрөг нийт 6.037.000 /зургаан сая гучин долоон мянган/ төгрөгөөр торгосон. Миний худалдсан гэж үзсэн үйлдэл нь 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс өмнө хийгдсэн бөгөөд тухайн үед дээрх журам хүчин төгөлдөр байгаагүй тул дараа нь батлагдсан зохицуулалтыг өмнө болсон үйлдэлд хэрэглэж, шийтгэл оногдуулсан нь хууль зөрчсөн үйлдэл байна...” гэжээ.

1.2 Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ч******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, тайлбартаа: “...Маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хууль зүйн үндэслэлгүй байдлаар гарсан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Учир нь хууль бусаар олсон орлогыг хураах агуулга бүхий шийдвэрүүдийг гаргахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг зөрчсөн гэдэг агуулгаар гомдол гаргасан. Хариуцагч талаас бодит байдлыг тогтоогоогүй, мөн захиргааны байгууллагаас шийдвэр гаргахтай холбоотой нөхцөл байдлыг тодруулаагүй процесс ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч энгийн болон синта зургаа гэх хоёр төрлийн бүтээгдэхүүнийг зарж борлуулснаа хүлээн зөвшөөрдөг.  3,000,000 төгрөгийн орлого олсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Энэ бүтээгдэхүүнүүд нь хууль тогтоомжид нийцсэн буюу Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд заасан журмын дагуу бүртгэгдсэн бүтээгдэхүүнүүд байдаг. Энэ талаар эрх бүхий байгууллага буюу сангаас авсан албан бичиг нь хэрэгт авагдсан байгаа. Өөрөөр хэлбэл, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулсан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд бүртгүүлнэ гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдээс өөр иргэн үүнийг бүртгүүлэх хууль зүйн хувьд боломжгүй нөхцөл байдалтай байгаа. Мөн хуулийн 41.12-д энэ хуулийн дагуу бүртгэгдсэн эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг иргэн, хуулийн этгээд борлуулж болно гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, аль нэг хуулийн этгээд тухайн үйлдвэрлэгчдээ  албан ёсны шинжилгээнд нь оруулаад тухайн бүтээгдэхүүнийг Монгол Улсад худалдаалагдаж болно гэдэг байдлаар бүртгэлд бүртгэгдсэн бол үүнийг иргэн худалдан борлуулж болно гэх агуулгатай хуулийн зохицуулалт юм. Энэ хүрээндээ иргэн Б.Х******* тухайн хоёр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан байна. Энэ нь өөрөө зөрчлийн шинжийг хангахгүй байгаа. Ийм нөхцөл байдал тогтоогдож байгаа. Хариуцагч байгууллагаас энэ зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Ийм байдлаар явуулахдаа нэхэмжлэгч Б.Х*******т ямар нэгэн байдлаар урьдчилан мэдэгдэлгүйгээр хэд хэдэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагаануудыг явуулсан.  Тодруулбал, үзлэг хийх ажиллагааг явуулсан байсан. Хоёр төрлийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл байдаг. Үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрчийг  байлцуулаагүй нөхцөл байдалтай байгаа. Ганцаараа сууж байгаад хийсэн нь харагддаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлд үзлэг хийх талаарх хууль зүйн процессыг зааж өгсөн байдаг. Үзлэг хийх явцад хөндлөнгийн гэрчийг байлцуулах агуулгаар тусгасан байдаг. Үзлэг хийж оролцож байгаа эзэмшигч нь өөрөө байхгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулна гэсэн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд дээр хөндлөнгийн гэрч оролцоогүй байсан. Нэхэмжлэгч Б.Х******* өөрөө оролцоогүй байсан. Ийм нөхцөл байдалтай үзлэг хийгээд баталгаажуулсан байсан. Б.Х*******ыг байлцуулаагүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулах байсан гэж үзэж байна. Мэдүүлэг авсан талаарх баримт нь хавтаст хэргийн 48 дугаар талд авагдсан байгаа. Мэдүүлэг авсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлийг харахад Б.Х*******т ямар нэгэн эрх үүрэг сануулаагүй байсан. Мөн Б.Х*******ыг оролцуулаагүй байсан. Мэдүүлэг авсан эрх бүхий албан тушаалтан О******* өөрөө гарын үсэг зураагүй баримтыг гаргаж өгсөн байсан. Энэ баримт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тухайн тэмдэглэлд тусгагдсан агуулгыг “би Б.Х*******тай утсаар ярьсан зүйлээ ийм байдлаар бичсэн. Энэ нь өөрөө мэдүүлгийн маягт байгаа” гэж өмнөх шүүх хурал дээр ярьж байсан. Дараа нь актыг гардуулах үедээ “чи энэ дээр заавал зурах ёстой гээд Б.Х*******аар зуруулсан” гэж ярьж байсан. Өөрөөр хэлбэл, энэ мэдүүлэг нь өөрөө хуулийн шаардлага хангахгүй, Б.Х*******т эрх үүргийг нь танилцуулаагүй, өөрөө гарын үсэг зураагүй байсан. Мөн тухайн үйл баримт нь тогтоогдоогүй агуулгатай мэдүүлэг байгаа. Үүнийг шүүхээс анзаарч үзээсэй гэж хүсэж байна. Гомдол гаргах хууль зүйн урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны хугацааны тухайд бол 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шууданд хийгээд гардуулсан гэх зүйлийн талаар ярьж байна. Ийм зүйл болоогүй. Өөрөөр хэлбэл, тухайн шууданг Б.Х******* хүлээж авсан зүйл байхгүй. Монгол шуудангаас байгууллагын албан тодорхойлолт ирсэн байсан. Тухайн хаяг дээр хүн байгаагүйн улмаас шуудангийн буцаалт ирсэн    байсан. Энэ баримтаар 08 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар Б.Х*******т танилцуулаагүй гэдгийг нотолж байгаа. Энэ  үүднээсээ Давж заалдах шатын шүүхийн буцаасан үндэслэл тодорхой болж байгаа гэж үзэж байна. Хуульд тухайн бүтээгдэхүүнийг бүртгүүлсэн тохиолдолд зарж борлуулах боломжтой гэж заасан байдаг тул Б.Х******* зарж борлуулсан. Иймд энэ иргэнийг буруутгах үндэслэл байхгүй байна. Нэгэнт бүртгүүлсэн бүтээгдэхүүнийг дахиж бүртгүүлэх агуулгатай зохицуулалт хууль тогтоомжид байхгүй. Иймд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл байхгүй байна. Энэ хэргийг Анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүх болон Улсын Дээд шүүхийн хэд хэдэн шийдвэр, магадлал, тогтоолууд дээр гомдол гаргахдаа  дурдаж байсан. Үүнтэй холбоотой гол дүгнэлт дээр юу байдаг вэ гэхээр Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд заасны дагуу иргэн үүнийг бүртгүүлэх боломжгүй юм байна. Харин шаардлага хангасан хуулийн этгээд бүртгүүлсэн бол үүнийг иргэн худалдах боломжтой гэсэн байдаг. Үүнтэй холбоотой иргэн бүртгэгдсэн бүтээгдэхүүнийг худалдсан байвал тухайн иргэнийг буруутгах үндэслэл байхгүй байна. 12 төрлийн бүтээгдэхүүн гэж ярьж байна. Тэгтэл 8 нь гүйлгээ хийсэн байсан. Энэ нь үндэслэлгүй юм. Хоёр бүтээгдэхүүнийг зарсан. Тэр хоёр нь бүртгэлтэй байсан гэж ойлгож байгаа. Үүнийг хариуцагчийн зүгээс няцаан үгүйсгэсэн зүйл байхгүй. Эсрэгээрээ бүртгэлтэй байсныг нотолсон баримт бичгийг гаргаж өгсөн. Зөрчил гэдэг нь нэг талаасаа тэр хүнийг хууль зөрчсөн гэдгийг, мөн Зөрчлийн тухай хуульд заасан үйлдэл шинжийг хангасан гэдгийг нотолж торгож байгааг хэлж байгаа гэж ойлгож байгаа. Бодит байдал дээр үүнийг нотлох баримт нь хавтаст хэрэгт авагдаагүй байна. Фэйсбүүк нь Б.Х*******ынх мөн эсэхийг тогтоогоогүй. Б.Х******* гэдэг нэртэй зарууд байсан эсэхийг таамаглаж шийдэх боломжгүй болж байна. Хоёр бүтээгдэхүүнийг зараад 3,000,000 төгрөгийн орлого олсон гэдгээ Б.Х******* хүлээн зөвшөөрч байгаа. Хэрвээ үүнийг үгүйсгэж байгаа юм бол үүнийгээ нотолно уу? Б.Х******* бүртгэлгүй юм зарсан байна гэж бодоход Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг нь бүртгүүлэхтэй холбоотой заалт байгаа. Бүртгэчихсэн юмыг зарж болно гэсэн заалт байгаа. Зөв зорилгод хүрэхийн төлөө энэ процесс нь өөрөө зөв байх ёстой. Д.О******* байцаагч бүртгэлгүй бүтээгдэхүүн зарагдчихсан байх вий дээ гээд болгоомжлоод энэ арга хэрэгслийг хэрэглэсэн байх. Та ийм арга хэмжээ авахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон энэ хуульд заасан журмын дагуу ажлаа хийх ёстой. Б.Х*******ын фейсбүүк дээр зар байгаад энэ хүн тэр 12 төрлийн бүтээгдэхүүнийг худалдаагүй байвал яах юм бэ? Үүнийг та тогтоох боломжгүй гэж ярьж байна. Торгож байгаа нь үндэслэлгүй байна. Иймд гомдлыг хангаж өгнө үү...” гэв.

1.3 Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад процессын маш олон ноцтой зөрчлүүд гарсан. Тухайлбал, 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлэг авахдаа эрх үүргийг нь сануулаагүй. Эрх үүрэг сануулсан хэсэгт холбогдогчийн гарын үсэг байхгүй байсан. Энэ хэргийг Давж заалдах шатны шүүхээс нэг удаа буцаасан. Анхан шатын шүүх дээр хэргийн оролцогчид эрх, үүрэг тайлбарлаагүй, мөн нөлөөллийн мэдүүлгийг бөглөөгүй байна гэдэг агуулгатайгаар буцаасан. Үүнтэй адилхан процессын алдаа гарсан. Хүчингүй шийдвэр оруулахтай  шүүхийн шийдвэр ч бай, зөрчлийн шийтгэл ч бай адилхан байгаа. Энд процессын маш олон алдаа гарсан тухай нотлох баримт шинжлэн судлах үед бүгдийг нь танилцуулсан тул дэлгэрэнгүй ярихгүй байя. Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж ярьж байна. Энэ дээр бүртгүүлээгүй, стандарт зөрчсөн гэдэг нэг л үндэслэл байгаа. Нэхэмжлэгчийг худалдан борлуулсан гэсэн. Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт бүртгэлгүй эм, эмнэлгийн хэрэгслийг худалдан борлуулсан, 6.6 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт хуулиар худалдан борлуулахыг хориглосон эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан бол хууль бусаар олсон орлогыг хурааж авна гэсэн зохицуулалттай байгаа. Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй. Энэ нь тухайн хуулийнх нь үндсэн зарчим байгаа. Ийм байдлаар шийтгэлийн хуудас үндэслэлгүй байгаа. 8 гүйлгээг гаргаж өгч байгаа. 12 дугаар сарын 10-ны өдрийн гүйлгээгээр аль бүтээгдэхүүнийг зарсан гэж үзэж байгаа вэ? Үүнийг тогтоох боломжгүй гэж ярьж байна. Үүнийг тогтоох ёстой. Бодит байдлыг тогтоох ёстой. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зөрчлийг нотлох гэдэг хэсэг байгаа. Эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэгтэй. Холбогдогч нотлох үүрэг хүлээхгүй. Энэ нь эрүүгийн зарчимтай адилхан юм. Хүн өөрийнхөө гэм буруутай гэдгийг нотлох үүрэг байхгүй. Б.Х*******ыг дуудаад байхад ирээгүй. Иймд тэмдэглэл үйлдээд явсан гэж ярьж байна. Нэхэмжлэгчийг дуудахад ирэхгүй байсан гэж хэлж байна. Албадаж ирүүлэх эрх зүйн орчин байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн холбогдогч дуудсан цагт ирээгүй бол түүнийг албадан ирүүлнэ” гэж заасан байдаг. Үүнтэй холбоотой журмыг батлах талаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааж өгсөн байдаг. Албадаж ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, эрхээ эдлээгүй байж нэхэмжлэгч ирээгүй юм чинь миний ажиллагаанууд явдгаараа явна гэдэг байдлаар хандаж байгаа нь өөрөө процессын ноцтой зөрчилд тооцогдоно. Хариуцагчийн төлөөлөгчөөс манайх шинээр байгуулагдсан. Хуульд ч гэсэн шинэ юм. Иймд процесст учир дутагдалтай оролцсон байх гэж тайлбарлаж байна. Энэ нь өөрөө төрийн байгууллагын хуульд үндэслэх, үйл ажиллагаанд хуульд нийцсэн байгаа эсэх, зарчимд энэ тайлбар хэр нийцэж байгаа эсэхийг шүүхээс дүгнэлт хийж өгнө үү. Шүүх дээр нэхэмжлэгчийг зөрчил үйлдсэн гэдгийг нотлох ёсгүй. Зөрчлийн шийтгэлээ оногдуулахдаа энэ бүх зүйлийг тодорхойлоод нотолчихсон байх ёстой. Бүртгэлтэй байсан бүтээгдэхүүнээ зарсан гэдгээ дансны хуулгаараа нотолчих гээд байна. Нотлох үүргийн хуваарилалт нь өөр зүйл юм. Шийтгэл оногдуулж байгаа албан тушаалтан хэн юм? Энэ дээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Зөрчлийн тухай хуулийн ямар зөрчлийг үйлдсэн гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна. Хавтаст хэрэгт цагдаагийн байгууллагад гаргасан албан бичиг авагдсан байгаа. Албан бичиг дээр 10 нэр төрлийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг бүртгүүлэлгүйгээр цахим хаягаар сурталчилсан гэх мэдээлэл байгаа. Цахим хаягт сурталчилсан гэвэл зөвшөөрөлгүй эмнэлгийн хэрэгслийг сурталчлах зөрчил байгаа. Маш олон зөрчлийн шинж байдлууд байгаа. Үүний аль гэдгийг нь бүрэн гүйцэд тогтоолгүйгээр шийтгэл ногдуулж байгаа нь хууль бус байна. Иймд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. Эрх бүхий албан тушаалтан нэгэнт шүүх дээр нотолж чадаагүй бол үүнийг дахин шинэ акт гаргах байдлаар шийдвэрлэх ёсгүй гэж бид нарын зүгээс үзэж байна. Энэ зөрчил нь шүүх дээр ирэхдээ нотлогдсон байх ёстой. Нотолж чадаагүй бол энэ шийтгэлийг хүчингүй болгох ёстой. Ийм зарчмыг баримтлах ёстой гэж бодож байна. Иймд гомдлын шаардлагыг хангаж өгнө үү....” гэв.

2.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэл:

2.1. Хариуцагч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагч Д.О******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: “...Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн хусалт, баримт бичиг, түүнд хийсэн шинжээчийн дүгнэлт, лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн уг бүтээгдэхүүнийг бүртгэнэ”, 41.6-д “Энэ хуулийн 41.1-д заасны дагуу бүртгэгдсэн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний жагсаалтыг цахим хуудсанд байршуулж, эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хяналт тавина”, 41.12-т “Энэ хуулийн 41.6-д заасны дагуу бүртгэгдсэн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг иргэн, хуулийн этгээд борлуулж болно” гэж заасан. 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 11а-1/9212 дугаартай албан бичгээр Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн мэдээллийн дагуу зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчлийн хэргийн материалд цугларсан нотлох баримтын хүрээнд иргэн Б.Х******* нь эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй худалдсан нөхцөл байдал тогтоогдсон. Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлэх, хуулиар хориглосон зүйл, стандартыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх зөрчлийн шинжтэй гэж үзэн шийтгэл оногдуулсан болно. Иймд иргэн Б.Х*******ын гаргасан гомдол үндэслэлгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

2.2 Хариуцагч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагч Д.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мэдүүлэг авах тухайд бол Б.Х*******ыг олон удаа дуудсан. Өөрөөр хэлбэл, гар утас болон холбоо харилцааны хэрэгсэл ашиглаж дуудаж байсан. Би хотод байхгүй байгаа, А аймагт байгаа гэж хэлж байсан. Зөрчлийн материалд дуудлага хийсэн гэсэн Нэхэмжлэгч нэг удаа ирсэн. Б.Х******* “Би Солонгос Улсаас каргогоор авчирдаг. Ганц хоёрыг нь зардаг” гэх тайлбарыг хэлж байсан. Тэгээд дахиж ирж мэдүүлэг өгөөгүй. Тээврийн хэрэгслээсээ иргэний үнэмлэхээ авчирч ирнэ гэж гараад явсан. Тухайн үед ажлын цаг тарах дөхсөн байсан. Үүнээс хойш дахиж ирээгүй. Гурав дугаар хорооны зохион байгуулагч дээр нь очиж хаягийг нь шүүсэн. Тэр хаягаар нь очиход тийм хүн байдаггүй гэсэн. Сүүлд цагдаагийн газар луу холбогдоод энэ хүнийг олж өгнө үү гэж хэлсэн. Тэгэхэд А аймагт байгаа сурагтай байна гэсэн. А аймгийн цагдаагийн газар луу холбогдоод яриулахад нэхэмжлэгч “Би том тээврийн хэрэгсэл жолоодож байгаа. Одоо уурхайд ажиллаж байгаа. Удахгүй очиж уулзана” гэж хэлсэн...” гэв.

2.3 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх манай байгууллага Эрүүгийн цагдаагийн албанаас 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 11А95/9212 дугаартай албан бичгийг харьяаллын дагуу шилжүүлсэн. Энэ хэргийг холбогдох нотлох баримтын хамт шилжүүлсэн. Тэгээд зөрчлийн хэрэг нээж шалгасан.  Зөрчлийн хэрэг нээж шалгах явцад нэхэмжлэгч “уураг худалдаа” гэх цахим фейсбүүк хуудастаа зар байршуулж 12 төрлийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулж хууль бус орлого олсон байсан. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн хүсэлт, баримт бичиг, түүнд хийсэн шинжээчийн дүгнэлт, лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн уг бүтээгдэхүүнийг бүртгэнэ”, 41.6-д “Энэ хуулийн 41.1-д заасны дагуу бүртгэгдсэн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний жагсаалтыг цахим хуудсанд байршуулж, эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хяналт тавина”, 41.8-д “Энэ хуулийн 41.7-д заасан эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг худалдан борлуулахыг хориглоно” гэсэн заалтыг баримталж Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлэх, хуулиар хориглосон зүйл, стандартыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг баримталж Зөрчлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу шийтгэл оногдуулсан. Нэхэмжлэгч тал хоёр нэр төрлийн бүтээгдэхүүн гэж ярьж байна. 12 нэр төрлийн бүтээгдэхүүн байгаа. Нийтэд ил байгаа мэдээлэл байгаа. Сошиалд, цахим орчинд чанарыг баталгаагүй, монгол хүний эрүүл мэндэд сөрөг үр дагавартай байж болохуйц бүртгэлгүй бүтээгдэхүүнүүд зарж байгаагаа ярихгүй байна. Давж заалдах шатны шүүхэд хоёр төрлийн бүтээгдэхүүний талаарх худал мэдээлэл өгсөн байсан. Синта-6 гэх бүтээгдэхүүнийг  “И******* И*******” ХХК-аас  худалдаж авч борлуулсан мэтээр мэдүүлэг өгсөн байсан. Үүнийг Давж заалдах шатын шүүхээс тодруулаагүй байна гэж үзэж байгаа. Б.Х*******тай холбоотой 10 хүн байгаа. 9 хүн дээр нь бид нар холбогдох арга хэмжээг аваад шийтгэл оногдуулсан. Энэ хүмүүс зөрчлөө хүлээн зөвшөөрсөн. Тэгээд энэ асуудал шийдэгдсэн. Б.Х******* гэдэг хүн гомдол гаргаад явсан. Процесс ажиллагаа нь хийгдээгүй гэж ярьж байна. 08 дугаар сарын 02-ны өдөр гаргаад 12 дугаар сарын 25-ны өдөр өгсөн гэдэг асуудал ярьж байна. Б.Х*******ын араас бид нар маш их хөөцөлдсөн. Бид нарыг үл ойшоогоод дээрэнгүй хандаж байсан. Утсаа таслаад байсан. Дугаар луу нь залгаж холбогдох гэж үзсэн. Цагдаагийн газраас холбогдоод ярьсан. Хаяг нь тодорхой биш байсан. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд хүсэлт гаргаад байранд нь очиж үзсэн. Сүүлд нь А аймагт байдаг болж таарсан. А аймаг руу хүсэлт явуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт ирэх үүрэгтэй байдаг. Бид нар хууль танилцуулсан хүсэлтээ явуулаад ирээрэй гэж дуудахад өөдөөс доромжилсон байдлаар харьцаж байсан. Их төвөгтэй байсан. Нэхэмжлэгч өөрөө насанд хүрсэн эрх зүйн чадамжтай хүн байгаа. Төрийн хууль тогтоомжийг дээдлэхгүй байсан. Өөртэй нь холбогдоход утсаа авахгүй байсан. Бид нар 12 дугаар сарын 25-ны өдөр шийтгэлийн хуудас оногдуулсан. Үзлэг хийсэн тэмдэглэл дээр хөндлөнгийн гэрч байлцуулаагүй гэж ярьж байна. Энэ нь нийтэд ил мэдээлэл байгаа. Хэргийн материалд энэ талаарх баримт авагдсан байгаа. 12 хүний нэр төрлийн уураг гэсэн бүтээгдэхүүн байгаа. “И******* И*******” ХХК өөрөө энэ асуудалтай тэмцэж байгаа. Хууль хяналтын байгууллага болон манай байгууллагад хандаад гомдол гаргасан. Чанарын баталгаагүй бүтээгдэхүүнүүдийг зарж борлуулж байна. Үүнээс болж хүмүүс эрүүл мэнд, амь насаа хохирч байгаа. Тухайн бүтээгдэхүүнийг GYM гэх газруудад худалдан борлуулдаг. Нэхэмжлэгч Б.Х******* “Би энэ бүтээгдэхүүнийг Солонгос Улсаас аваад каргогоор оруулж ирсэн” гэх мэдүүлгийг өгсөн байсан. Хамгийн сүүлд “И******* И*******” ХХК-аас хоёр бүтээгдэхүүнийг худалдаж аваад борлуулсан гэж ярьсан. Иймд үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.                             

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх гомдол, түүний үндэслэл, хариуцагчийн хариу тайлбар, тэдгээрт хавсаргасан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, дараах үндэслэлээр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагч Д.О*******ийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 0103757 дугаартай шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Нэг. Тогтоогдсон үйл баримтын тухайд:

    1. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгээр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт хандан “Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг цахим орчин ашиглаж холбогдох зөвшөөрөлгүй хууль бусаар худалдан борлуулж байгаа нэр бүхий иргэдийн үйлдэл хууль зөрчиж байх тул арга хэмжээ авч хамтран ажиллана уу” гэжээ.
    2. Түүний дагуу эрх бүхий албан тушаалтнаас Б.Х*******т холбогдуулан 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зөрчлийн хэрэг нээсэн байна.
    3. Улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 0103757 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5-д заасны дагуу “эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн” гэж 3,000,000 төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого 3,037,000 төгрөгийг хураахаар шийдвэрлэжээ.

Хоёр. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            2.1 Түүнийг эс зөвшөөрч Б.Х******* Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагч Д.О*******т холбогдуулан “2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 0103757 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдол гаргасны дагуу хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

Гурав. Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:

            3.1 Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5-д “Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлэх, хуулиар хориглосон зүйл, стандартыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заажээ.

            3.2 Хариуцагчаас “гомдол гаргагчийн хаягаас цахим сүлжээнд зар тавьж, Монгол Улсын эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгэгдээгүй 12 эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан нь хууль зөрчсөн гэж,

            3.3 Гомдол гаргагчаас “хуульд зааснаар иргэн уг бүртгэлд бүртгүүлэх боломжгүй, бүртгэлтэй хоёр төрлийн бүтээгдэхүүн худалдсан, бусад хуулийн этгээдээс бүртгүүлсэн тул борлуулах эрхтэй” гэж маргажээ.

3.4 Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.40-т ““эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн” гэж хүний бие махбодын үйл ажиллагааг дэмжих зорилгоор тодорхой хэлбэр, тунгаар хүнснээс гадна нэмэлтээр хэрэглэх байгалийн болон нийлэг гаралтай, тарилгаас бусад хэлбэрийн бүтээгдэхүүнийг ойлгохоор заасан бөгөөд 41 дүгээр зүйлийн 41.2-т “Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг нэр, үйлдвэрлэсэн улс, үйлдвэрлэгч, хэлбэр, тун тус бүрээр энэ хуулийн 41.7-д зааснаас бусад тохиолдолд бүртгэнэ”, 41.7-д “Дараах эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг бүртгэхгүй: 41.7.4-т “иргэний хувийн хэрэглээний зориулалтаар улс хоорондын шуудан илгээмжээр хүлээн авсан болон зорчигчийн хувийн хэрэглээний бүтээгдэхүүн”, 41.8-т “Энэ хуулийн 41.7-д заасан эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг худалдан борлуулахыг хориглоно”, 41.12-т “Энэ хуулийн 41.6-д заасны дагуу бүртгэгдсэн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг иргэн, хуулийн этгээд борлуулж болно” гэжээ.

3.5 Тодруулбал, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг иргэн, хуулийн этгээд худалдан борлуулах эрхтэй, харин бүртгэгдээгүй болон бүртгүүлэх шаардлагагүй буюу хувийн хэрэгцээндээ зориулан гадаад улсаас оруулж ирсэн бүтээгдэхүүнийг худалдахыг хориглохоор хуульчилжээ.

3.6 Зөрчлийн хэргийн материал дахь 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б.Х******* фейсбүүк цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэлд “...үзлэгээр “Б.Х*******-Уураг худалдаа /Uurag hudaldaa/, Б.Х*******-УУРАГ ВИТАМИН, ФИТНЭСС ХЭРЭГСЭЛ ХУДАЛДАА” хуудсуудад ******* дугаараар зар байршуулсан Allmax aninocore, EVL ENGN судас тэлэгч, Muscletech Nitrotech, Muscletech Nitrotech whey gold, Muscletech Aminobuild, EVL whey, Allmax Classic whey, Allmax BCAA, Aminocore BCAA, ENGN судас тэлэгч, ENGN preworkout, Syntha-6 зэрэг нэмэлт бүтээгдэхүүн”[1] гэж бүтээгдэхүүнүүдийг тодорхойлсон бөгөөд тэдгээрийг борлуулсан үйлдлүүдийг хариуцагчаас “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль шинэчлэн батлагдаж 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн тул 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хугацааны 8 удаагийн гүйлгээг зөрчилд тооцсон” гэж зөрчлийн үйлдэл болон хугацааг тодорхойлсон.

3.7 Гэвч дээрх баримтуудаар зөрчил гаргасан, эсвэл гаргаагүй болохыг тогтоох шууд боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино”, 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 7.1 дүгээр зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна:”, 1.1-т “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”, 1.3-т “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэж тус тусзаасны дагуу эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа гүйцэтгэх, нотлох баримтыг цуглуулах, тэдгээрт тулгуурлан үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй байна.

3.8 Хэрэгт нотлох баримтаар авагдсан гомдол гаргагчийн дансны хуулгад 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн тул 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хугацааны 8 удаагийн гүйлгээнд “уураг” гэсэн гүйлгээний утгатай 7, “судас тэлэгч” гэсэн утгатай 1 орлого бүртгэгдсэн байна.

3.9 Гэвч зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор дээр дурдсан 8 удаагийн худалдааны орлого 3,037,000[2] төгрөгийн гүйлгээ тус бүр нь ямар бүтээгдэхүүн, хичнээнийг худалдсан болох, гомдол гаргагчийн маргаж буй бүртгэлтэй 2 бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан эсэх, эсхүл хариуцагчийн бүртгэлгүй гэх 10 бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан эсэх, худалдан борлуулсан бүтээгдэхүүн нь хуулиар хориглосон  дүрэм, стандартыг зөрчсөн эсэх зэрэг зөрчил гарсан байдлыг тогтоох, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл, баримтуудыг тодруулах шаардлагатай.

3.10 Хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас энэ хүрээнд зөрчлийн бодит нөхцөл байдлыг тогтоох, түүнийг тогтооход ач холбогдол бүхий ажиллагааг явуулах, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дутуу хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

3.11 Иймд шүүхээс зөрчлийг тогтооход шаардлагатай ажиллагааг нөхөн гүйцээх, эрх бүхий албан тушаалтны гүйцэтгэх үүргийг хэрэгжүүлэх үндэслэлгүй бөгөөд зөрчлийн нөхцөл байдлыг тогтоох нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байх тул маргаан бүхий захиргааны актыг 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж,  хариуцагчид дээрх нөхцөл байдлыг судлан тогтоож, дахин шинэ акт гаргахыг даалгаж нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

3.12 Түүнчлэн, хариуцагчаас Б.Х*******ыг дуудах хуудсаар 2025 оны 06 дугаар сарын 27,  07 дугаар сарын 18, 07 дугаар сарын 23-ны өдөр дуудсан, мөн бүртгэлтэй хаягаар нь очсон боловч хэсгийн ахлагч, зохион байгуулагч нар “хаягт айл амьдардаггүй” гэсэн, 2025 оны 07 дугаар сарын 18, 07 дугаар сарын 23-ны өдрүүдэд утсаар холбогдож мэдүүлэг өгөхийг мэдэгдсэн, 07 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд утас нь холбогдох боломжгүй байсан, 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ирсэн боловч орхин гарсан, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэж утсаар тухай баримтууд хэрэгт авагдсан байна. Мөн үзлэг хийсэн тэмдэглэлүүдэд[3] Б.Х******* гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.

3.13 Иймд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд оролцоог нь хангаж, шалган шийдвэрлэх ажиллагааг бүрэн дүүрэн гүйцэтгэх зорилгоор хариуцагчаас гомдол гаргагчид хэрэг нээсэн тухай мэдэгдэж, шаардлагатай ажиллагаануудыг хийсэн байхад гомдол гаргагч нь оролцоогүй, зайлсхийсэн атлаа зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны журмыг зөрчсөн гэснийг хүлээн авах, уг үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох боломжгүй.

3.14 Эдгээрээс гадна, хариуцагчаас гомдол гаргах хугацааны тухайд маргаагүй, төдийгүй 2025 оны 8 дугаар сарын 02-ны өдөр шийтгэлийн хуудсыг шуудангаар хүргүүлсэн боловч гардуулагдаагүй, харин 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авах үедээ шийтгэлийн хуудсанд гарын үсэг зурж, улмаар хуулийн хугацаанд багтаан шүүхэд гомдол гаргасан гэж дүгнэсэн болно.

3.15 Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ “Шийтгэлийн хуудсыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд заасны дагуу эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна” гэсэн ба шүүхээс гомдолд дурдсан уг үндэслэлийг дээрх байдлаар дүгнэсэн тул иргэдийн төлөөлөгчийн саналыг хүлээн аваагүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12-д заасныг тус тус баримтлан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагч Д.О*******ийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 0103757 дугаартай шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас шинээр акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт болох Эм эмнэлгийнхэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагч Д.О*******ийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 0103757 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш тав хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.АНХБАЯР

                                                ШҮҮГЧ                                               Э.АЗБАЯР

                                                ШҮҮГЧ                                               Д.ОДОНТУЯА

 

[1] Хэргийн хуудас-20.

[2] Хэргийн хуудас-36.

[3] Хэргийн хуудас-35, 48