| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/0281/Э |
| Дугаар | 769 |
| Огноо | 2018-05-30 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 769
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,
Улсын яллагч Б.Эрдэнэбаатар,
Хохирогч О.Бөхдалай
Шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Төмөрөөгийн Төмөртогоод холбогдох эрүүгийн 1806000150118 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл 4 ээж, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16-р хороолол Амины орон сууцны 29 тоотод оршин суух бүртгэлтэй, тодорхой оршин суух хаяггүй урьд нь ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, тоот регистрийн дугаартай, Боржигон овогт Т.Т,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Т нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 02 дугаар хороо Цэргийн хотхоны 1-39 тоотод оршин суух иргэн О.Бөхдалайгийн байрны хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 32 инчийн телевизор, куртка, пүүз, өмд, цамц, өмдний тэлээ, малгай зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 775.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад шүүгдэгч Т.Т нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь:
Хохирогч О.Бөхдалайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 07 цаг 30 минутын үед гэрээсээ гараад 10 цагийн үед ажил дээрээ ирж байж байхад хажуу талын айлын залуу Бааска надруу залгаад танай гэр онгорхой байна. Дүү чинь ирээд явсан ээлжийн ажилтай гэр дотор юмаа мартчихсан байна гэж хэлээд надаас алх, хөших юм аваад хаалгыг чинь хөшөөд байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь чи ороод үздээ гэхэд зурагт чинь алга байна хаалгыг чинь эвдчихсэн байна гэж хэлсэн. Хэргийг Төмөрөө овогтой Төмөртогоо /МК96041335/ үйлдсэн болно. Өмнө 6-7 удаа манай гэрээс хулгай хийгээд баригдаж байсан. Хулгайлсан зурагт нь бол Төмөртогоогийн эгч Урантогоогийн зурагт байгаа юм. Өмнө нь тусдаа амьдарч байхдаа тэд хэрэглэж байсан. Тийм болохоор энэ зурагтыг ашиглах эрхтэй байж болно. Харин миний хувцаснуудыг хулгайлсан болохоор дүүдээ өгсөн гэж бодож байгаа. Хулгайлсан 2 өмд, цамцыг би шинэ хувцас авахаараа Төмөртогоод өгнө гэж байсан. Курткыг Төмөртогоо хааяа өмсдөг байсан. ...Би зурагтаа ломбарднаас очиж авсан. Алдсан хувцсаа нэхэмжлэхгүй. Одоо надад ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 10-13/,
Гэрч Д.Цагаанхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би cap өдрийг нь санахгүй байна 09:00 цагийн үед манай хаалгыг тогшоод Төмөртогоо "манай ах, эгч хоёр түлхүүрээ үлдээлгүй ажилдаа явсан байна. Би гэртээ орж амрах гэсэн юм, та хөших юм өгөөч" гэж хэлэхээр нь би том отвертка өгсөн. Удаагүй Төмөртогоо отвертка оруулж өгсөн. Би эмнэлэг явах ажилтай байсан болохоор юуг нь яаж эвдэж орсон талаар харалгүй явсан. 1 цаг орчмын дараа буцаад ирэхэд Бааска "энэ айлд байдаг залуу цоожийг нь эвдэж ороод хулгай хийсэн байна" гэж хэлэхээр нь би "хулгай хийнэ гэж мэдээгүй, ороод амарлаа гэхээр нь отвертка өгсөн" гэж хэлсэн. Бөхдалай дуудагдаж ирээд цагдаа дуудсан" гэх мэдүүлэг / хх-ийн 16/
Гэрч Ж.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2017 оны 12 сарын 21-ний өдөр 07:00 цагийн үед гэрээсээ гараад зогсоол дээр зогссон. 09:00 цаг өнгөрч байхад 20 гаран насны туранхай залуу хүрч ирээд "эгчээ, таксинд явах уу, вокзал явна" гэж асуухаар нь би "явна, суучих" гэж хэлсэн. Тэр залуу хажуу талын суудалд суугаад "эгчээ БЗДШ-ийн хойд талын байрнаас хувцас хунараа авна, хөдөө явах гэж байгаа юм" гэж хэлсэн. Би буцаж өгсөөд БЗДШ-ийн хойд талд байх тоосгон 2 давхар ногоон өнгийн хаалгатай байрны үүдэнд ирсэн. Тэр залуу "эгчээ, хүлээж байгаарай" гэж хэлж орсон ба 10 гаран минут болсны дараа 1 зурагт сугадсан, нөгөө гартаа ягаан өнгийн сурагчийн цүнх барьж гарч ирээд хойд талын суудалд суусан. Тэр залуу "эгчээ би хөдөө явах гэсэн чинь зардалгүй болоод зурагтаа ломбарданд тавих гэж байгаа юм" гээд Сансарын тунелийн урд талд байх 12 давхар байрны хажуу талын туслах зам дээр зогсоход тэр залуу зурагтаа аваад, цүнхээ үлдээгээд буусан. Би хүлээж байхад хойд талд машин ирээд дохио өгөхөөр нь замаа чөлөөлөх гээд замаар дээшээ өгсөж эргээд буцаж ирээд зогсоход нөгөө залуу ломбарднаас гарч ирээд "эгчээ надад бичиг баримт байдаггүй, таны бичиг баримтаар тавичих уу" гэж асуусан. Би болох юм уу, янз бүрийн асуудалтай юм биш биз дээ гэхэд тэр залуу ,үгүй ээ асуудал байхгүй, дүү нь хөдөөнөөс буцаж ирээд авчихна гэж хэлсэн. Тэгээд баримт дээр миний нэрийг бичээд итгэмжлэл гэсэн хэсэг дээр тэр залуугийн овог нэрийг бичиж авч байсан. Тэр залуу өөрийгөө Төмөрөө гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/
Хөрөнгийн үнэлгээ зуучлалын Дамно ХХК-ийн 2017 оны 12 сарын 30-ны өдрийн БЗ2-930 дугаартай:
2017 оны 12 сарын 21-ний өдрийн байдлаар Hisense брендийн 32 инчийн лед зурагт 304.000 төгрөг, North face брендийн өвлийн куртка 304.000 төгрөг, Найк брендийн эрэгтэй хүний пүүз 48.000 төгрөг, эрэгтэй хүний жинсэн өмд 18.000 төгрөг, эрэгтэй хүний даавуун өмд 18.000 төгрөг, Калвин клейн брендийн цамц 39.000 төгрөг, эрэгтэй хүний ноосон цамц 24.000 төгрөг, арьсан тэлээ 10.000 төгрөг, саравчтай малгай 10.000 төгрөгийн үнэтэй гэх дүгнэлтийн тайлан /хх-ийн 27/
Шүүгдэгч Т.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Хөдөө явахад мөнгө хэрэгтэй учир би ах, эгч хоёрын зурагтыг хулгайлж ломбарданд тавихаар шийдсэн. 09:00 цагийн үед эгч, ах хоёрын байранд ирэхэд хүн байхгүй, хаалга цоожтой байсан. Хажуу талын айлын ахад "ах, эгч хоёр ажилдаа явсан байна, би гэртээ орж унтах гэсэн юм, та хаалга онгойлгох юм байвал өгчих" гэж хэлсэн. Тэр ах намайг тэр байранд байхыг 2-3 удаа харж байсан болохоор надад цүүц өгсөн. Тэр цүүцээр би хаалганы цоожны цүүг хөшиж эвдэж онгойлгосон. Ороод Бөхдалай ахын куртка, 2 ширхэг цамц, 2 ширхэг өмд, пүүз, тэлээ зэргийг цүнхэнд хийсэн. Хананд тогтоосон байсан Hisense брендийн 32 инчийн лсд зурагтыг аваад гарсан гэх мэдүүлэг/хх-ийн 36-37/
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 2-3/
-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хавтаст хэргээс:
-Т.Тгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-44/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог.
Баянзүрх дүүрийн прокурорын газраас шүүгдэгч Т.Тд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Т нь хүн байнга амьдрах зориулалттай байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, тэрээр өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэхдээ түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг бүрэн төлж барагдуулсан байдал, хохирогчийн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдууллаа.
Шүүхээс шүүгдэгч Т.Тгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт зэргийг харгалзан оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлж, түүний цагдан хоригдсон 57 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй гэж үзэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан Т.Тд өөр үйлдсэн гэмт хэрэг байгаа учир нэгтгэн шалгах нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна. Хэргийг буцааж, хэргүүдийг нэгтгэн шалгаж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авч хангах үндэслэлгүй болно.
Учир нь шүүгдэгч Т.Т нь 2 хүний гар утсыг авч явсан талаар гомдол цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа тухай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол хэрэгт авагдсан хэдий ч түүнийг тухайн хэрэгт яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсэгсэн баримт хэрэгт авагдаагүй байна.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү гэх хүсэлт нь хууль зүйн үндэслэлгүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт гэмт хэргийн хүндэрүүлэх бүрэлдэхүүнийг тодорхой байдлаар хуульчилсан байх ба хүн байнга амьдрах зориулалт бүхий байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдэл нь шүүгдэгч Т.Т нь тухайн байранд амьдардаг эсэхээс үл хамаарна.
Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн байрны цоожийг хөшиж эвдлэн орсон нь тогтоогдсон. Тухайн байр нь хүн амьдрах зориулалттай ба хохирогч Д.Бөхдалай, Т.Урантогоо нар түрээслэн байнга амьдардаг болох нь тэдний мэдүүлэгээр тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хохирогч О.Бөхдалайгаас нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн учраас шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Боржигон овогт Т.Тг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Тд хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тд оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тгийн цагдан хоригдсон тавин долоо хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тооцсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, өсвөр насны шүүгдэгч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ