Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2026/0632

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хэрлэнчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Zh******* Q /ПД:ЕА/

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдох улсын бүртгэлтэй холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Zh******* Q, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О, гуравдагч этгээд “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, орчуулагч Ц.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас Б.Гыг чөлөөлж, Бүгд найрамдах хятад ард улсын иргэн H-г гүйцэтгэх захирлаар бүртгэсэн улсын бүртгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах.

Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн тайлбар:

2.1. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Zh******* Q шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Бүгд Найрамдах Хятад Ард Улс /цаашид "БНХАУ" гэх/-ын иргэн Zh******* Q нь Монгол Улсын хуулийн үндсэн дээр үүсгэн байгуулагдсан 2 регистрийн дугаартай "Д" /ГХО/ ХХК-ийн нэг бүр нь 9,343,248 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 49 ширхэг буюу нийт хувьцааны 49 хувьтай тэнцэхүйц хувьцааг эзэмшдэг болно. Үлдэх компанийн 51 хувийг БНХАУ-ын хуулийн этгээд L хуулийн этгээд эзэмшдэг бөгөөд гүйцэтгэх захирлаар Монгол Улсын иргэн Боржигон овогтой Батбуяны Г ...2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байсан. Гэтэл гүйцэтгэх захирал Б.Г, хувьцаа эзэмшигч Zh******* Q-ний зөвшөөрөлгүйгээр 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Д" ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас Б.Гыг чөлөөлж, БНХАУ-ын иргэн Н /Паспортын дугаар: ЕК/-г гүйцэтгэх захирлаар томилсон өөрчлөлтийг "Д" ХХК-ийн мэдээлэлд оруулан улсын бүртгэлд хууль бусаар бүртгэсэн /цаашид "Маргаан бүхий бүртгэл" эсвэл "Акт" гэх/ байсан. Учрыг тодруулахад БНХАУ-ын иргэн Ha нь “L” компанийг төлөөлөх эрхгүй, Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргах албан тушаалтан биш атлаа 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Д" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, тэмдэглэл гэх баримт бичгийг Zh******* Q-нд мэдэгдэлгүйгээр, түүний зөвшөөрөлгүйгээр үйлдсэн байсан. Цаашлаад маргаан бүхий бүртгэлийг хийх болсон үндэслэл буюу 1) өргөдөлд хавсаргасан баримт бичгүүд нь хууль заасан шаардлагыг хангаагүй, 2) бүрэн эрхгүй этгээд өргөдөл гаргасан нь ил болсон. Дэлгэрүүлбэл, 1. Өргөдөлд хавсаргасан баримт бичгүүд хуульд заасан шаардлагыг хангаагүй тухайд, 1.1. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/208 дугаар тушаалын хавсралт "Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам"-ын 3.4 дэх хэсэгт “Өргөдөлд хавсаргасан баримт бичиг гадаад улсад үйлдэгдсэн бол "Апостиль" гэрчилгээ, нотариатч, эсхүл нотариатчийн үүрэг хавсран гүйцэтгэгчээр гэрчлүүлсэн байна.” гэж журамласан. Гэтэл Монгол улсад бус Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдэгдсэн дараах бичиг баримтуудыг тухайн улсын нотариатч эсвэл Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газраар огт гэрчлүүлээгүй: “L” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал зарлах тухай гэх 2024-003 тоот 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөр огноолсон бичиг, "Д" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гэх 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр огноолсон бичиг, "Д" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл гэх 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр огноолсон бичиг. 1.2. Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 3.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ журмын Долоо, Найм, Ес, Аравт заасан улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг эрх бүхий этгээдийн тамга, тэмдэг, гарын үсгээр баталгаажуулсан байна." гэж заасан боловч өмнө нь дурдсан хавсралт баримтууд дээр "Д" ХХК-ийн тамгаар баталгаажуулаагүй. 1.3. "Д" ХХК-ийн дүрмийн 8.7, 8.8 дахь хэсэг, Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зохицуулснаар “Д” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг гагцхүү гүйцэтгэх захирал буюу Б.Г зарлан хуралдуулах шийдвэр гаргах эрхийг эдэлнэ. Хувьцаа эзэмшигч Zh******* Q болон “L” компани нь зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах талаар санал, шаардлагыг гүйцэтгэх захиралд гаргах боломжтой. Өөрөөр хэлбэл “L” компани 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шийдвэрийг бие даан гаргах боломжгүй. Мөн түүнчлэн тэрхүү бичигт хуулийн этгээдийг төлөөлөн гарын үсэг зурах эрх H*******-д байхгүй. Тодруулбал, БНХАУ-ын Шаньдун мужийн Линь-И хотын Ланшань дүүргийн шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолоор “L” компанийн хууль ёсны төлөөлөгчөөр “Ш*******” өмгөөлийн фирм томилогдсон. 1.4. Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хатлах журмын 8.3.5-т “Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, эрх бүхий этгээд хуралд оролцоогүй тохиолдолд хурлын зар хүргэсэн талаарх нотлох баримт” гэж тусгасан. Уг маргаан бүхий актын холбогдох өргөдөлд гар утаснаас илгээсэн зурвасын зургийн хуулбарыг нотлох баримт хэмээн хавсаргасан. “Д” ХХК-ийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурал товлох, зар хүргэх журмыг компанийн дүрмийн 6.2-т "... Хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг хүргэх...асуудлыг Компанийн тухай хуулийн 59-74 дүгээр зүйлд зааснаар зохицуулна." гэж заасан. Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт “Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг энэ хуулийн 60.1-д заасан шийдвэр гарснаас хойш 40-өөс доошгүй хоногийн дараа хуралдуулна." гэж, 60.4 дэх хэсэгт "Компани энэ хуулийн 60.1-д заасан шийдвэр гарснаас хойш тав хоногийн дотор хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хувьцаа эзэмшигчид хүргэх үүрэгтэй." гэж, 65 дугаар зүйлийн 65.4 дэх хэсэгт “Хувьцаа эзэмшигчдийн хурлын зард компанийн оноосон нэр, байршил, хурал хийх өдөр, цаг, газар, хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр, хурлаар хэлэлцэх асуудал болон гаргах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцах журам зэрэг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бусад мэдээллийг тусгасан байна.” гэж тус тус хуульчилсан. Харин дээрх гар утаснаас илгээсэн зурвасын зургийн хуулбар нь "Д" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар мэдэгдэх хэлбэр, хугацаа, журмыг зөрчсөн. Үүний дээр ерөөс уг зураг нь бодит эсэх, нэхэмжлэгч Zh******* Q-ны утас мөн эсэх, хувьцаа эзэмшигчид холбогдох материалтай танилцах, хуралд оролцох боломжоор хангасан эсэх нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй баримт юм. 2. Бүрэн эрхгүй этгээд өргөдөл гаргасан тухайд, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг дор дурдсан субъектийн аль нэг нь гаргах эрхтэй. Үүнд: а. Хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага; b. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч; с. Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан; d. Хуулийн этгээд татан буугдах тохиолдолд татан буулгах комиссын дарга; е. Итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд. Харин өргөдөл гаprаcан rэх Han tao нь маргаан бүхий бүртгэлийг бүртгүүлэх өргөдлийг өгөх эрхтэй этгээдийн алинд нь ч хамаарахгүй, түүнд итгэмжлэл олгогдоогүй. Хоёрдугаарт, өргөдлийг өгөх үед тэрээр Монгол улсад байгаагүй болох нь Хил Хамгаалах Ерөнхий газрын бүртгэлээр тогтоогддог. Дээр дурдсанчлан “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлын мэдээлэлд өөрчлөлт оруулахаар гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан баримтууд нь бүрэн бус, холбогдох хуулийн заалт, журмуудыг ноцтой зөрчсөн тул улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3 дахь хэсэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, 18.1.1, 18.1.2, 18.1.3 дахь хэсгийг баримтлан улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах ёстой байсан. Гэтэл хууль бусаар "Д" ХХК-ийн гүйцэтгэх захирлаас нэхэмжлэгч Б.Гыг чөлөөлж, H*******-г томилсон өөрчлөлтийн бүртгэлийг хууль бусаар хийсэн. Энэхүү хууль бус бүртгэлийн улмаас нэхэмжлэгч "Д" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Zh******* Q-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж, хуулиар олгогдсон саналаа өгөх боломжгүйд хүрч, цаашлаад хууль бусаар гүйцэтгэх захирлаар томилогдсон Н компанийн эд хөрөнгийг өөрийн дураар захиран зарцуулах, дансаар гүйлгээ хийх эрсдэл үүсээд байна. Түүнчлэн ...Б.Г нь "Д" ХХК-ийн дүрмийн наймдугаар бүлэг, Компанийн тухай хуулийн наймдугаар бүлэг, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд заасан компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, өдөр тутмын бизнесийн харилцаанд төлөөлөх, санхүүгийн тайлан балансыг хуулийн хугацаанд тайлагнах зэрэг гүйцэтгэх захиралд олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрч эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөөр байна...” гэжээ.

2.2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: “Д” ХХК-д холбогдох улсын бүртгэл нь хууль ёсны тул дараах хариу тайлбарыг гаргаж  байна. Үүнд: 1. Регистрийн 2 дугаарт бүртгэлтэй Д ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гаргасан тус компанийн гүйцэтгэх захирал Б.Гыг чөлөөлж, БНХАУ-ын иргэн тус компанийн 51 хувийн хувьцааг эзэмшигч Нап Тао-г томилсон тухай нотлох баримтуудыг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 20 дугаар зүйлд заасан хориглох зүйлд хамааралгүй, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй тул уг нотлох баримтуудын дагуу 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр бүртгэсэн. 2. Д ХХК-ийн улсын бүртгэлд 51 хувийн хувьцааг эзэмшигчээр Н нь бүртгэлтэй байх бөгөөд тус компанийн ирүүлсэн нотлох баримтуудад Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, компанийн дүрмийн 6.1, 6.3 дугаар заалтыг дурдсан нь эрхзүйн үндэслэлтэй байсан. 3. Дээрх улсын бүртгэл нь “Д” ХХК-ийн хувьцааны бүтэц болон шийдвэр гаргах эрх бүхий этгээд буюу хувьцаа эзэмшигчдийг өөрчлөөгүй, цалин хөлс, хөдөлмөрийн гэрээгээр ажил үүрэг гүйцэтгэдэг Компанийн тухай хуульд заасан эрх мэдэл нь хувьцаа эзэмшигчдээс хамааралтай, өөрөөр хэлбэл хязгаарлагдмал эрх бүхий гүйцэтгэх удирдлагыг тухайн компанийн хувьцааг эзэмшигчийн өөрийнх нь Монгол Улсад гаргасан шийдвэрийг үндэслэн /тухайн шийдвэр дээр Монгол улсад үйлдэгдэж, нотариатаар гэрчлүүлсэн баримт хавсарган ирүүлсэн байсан/, компанийнхаа мэдээлэлд өөрчлөлт оруулж өөрчилснийг бүртгэсэн. 4. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт "Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө" гэж заасан байх тул “Д” ХХК нь тухайн бүртгэлийг бүртгэхэд үндэслэл болгосон нотлох баримтынхаа хууль ёсны эсэхийг хуулийн байгууллагын өмнө өөрсдөө хариуцахаар зохицуулжээ. ...Нэг. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ”, 22.1.1 “нэр өөрчлөх тохиолдолд шинээр олгосон нэрийн баталгаажуулалт, өдөр тутмын сонинд зарлуулсан зар;”, 22.1.2. “баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;”, 22.1.3. “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл:”, 22.1.4. “үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт;”, 22.1.5. “шаардлагатай тохиолдолд итгэмжлэл;” 22.1.6. “улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,”, 22.1.7. “хувь нийлүүлсэн хөрөнгөд баталгаажсан санхүүгийн тайлан, тэнцэл; өөрчлөлт оруулах тохиолдолд баталгаажсан санхүүгийн тайлан, тэнцэл;”, 22.1.8. “хуулийн этгээдийн хаягийн нотлох баримт;”, 22.1.9. “улсын бүртгэлийн гэрчилгээ”. Маргаан бүхий 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Д” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн хувьд дараах бичиг баримтыг үндэслэн бүртгэл хөтөлсөн байна. 1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2. 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх УБ-03 маягт, 3. L компанийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал зарлах тухай 2024-003 дугаартай шийдвэр (хятад хэл дээр, Монгол хэл рүү орчуулсан хувь), 4. 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Д” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл (хятад хэл дээр, Монгол хэл рүү орчуулсан хувь), 5. 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Д” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр (хятад хэл дээр, Монгол хэл рүү орчуулсан хувь), 6. БНХАУ-ын иргэн H (EK), Zh******* Qu (EA) нарын гадаад паспортын хуулбар, 7. БНХАУ-ын Л компанийн хуулийн этгээдийн гэрчилгээ (хятад хэл дээр, Монгол хэл рүү орчуулсан хувь), 8. Хурлын зар хүргүүлсэн тухай Монгол шуудангийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн баримт, цахим хаягт бичсэн мэдээлэл, 99 дугаарын утас руу зурвас илгээсэн мэдээллийн хуулбар, 9. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 10. Татварын тодорхойлолт. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухайд хуулийн этгээдийн улсын бүртгэгч нь хууль тогтоомжид заасан бүрдүүлэх материалын дагуу улсын бүртгэл хөтөлсөн байна. L компанийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал зарлах тухай 2024-003 дугаартай шийдвэрт 2018 оноос хойш хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг гүйцэтгэх удирдлага хуулийн дагуу зохион байгуулаагүй тул гэж дурдсан байна. Энэ нь Монгол улсын Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7-д "Энэ хуулийн 61.4-т заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болно.” гэж заасны дагуу “Д” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигчийн зүгээс хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж болохоор зохицуулсан байна. Хоёр. Хуулийн этгээд, түүний салбар төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 3 дугаар зүйлийн 3.2. "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ журмын Долоо, Найм, Ес, Аравт заасан улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг эрх бүхий этгээдийн тамга, тэмдэг, гарын үсгээр баталгаажуулсан байна." гэсэн нь “Д” ХХК-ийн тамгаар баталгаажаагүй байна гэсэн боловч энэ нь 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл УБ-03 маягтыг “Д” ХХК-ийн тамга, тэмдгээр баталгаажуулсан байна. Гурав. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд өргөдлийг өгөх эрхтэй субъект гэж хуулийг буруу эш татсан байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага улсын бүртгэлд өргөдөл гаргах эрх бүхий этгээд юм. Маргаан бүхий бүртгэлийн хувьд 2026 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гүйцэтгэх удирдлага Н улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргасан байгаа нь эрх бүхий этгээд юм. Иймд БНХАУ-ын иргэн Zh******* Q-аас гаргасан "Д ХХК-ийн гүйцэтгэх захирлаас Б.Гыг чөлөөлж, БНХАУ-ын иргэн Н-г гүйцэтгэх захирлаар бүртгэсэн улсын бүртгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

2.3 Гуравдагч этгээд H шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Zh******* Q-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт БНХАУ-ийн иргэн Н (Х) миний бие гуравдагч этгээдээр оролцож байна. H миний бие БНХАУ-ын "Л" компанийн 84 хувийг эзэмшдэг бөгөөд уг компани нь “Д” ХХК-ийн 51 хувийг өнөөдрийн байдлаар эзэмшиж байна. "Л" компани нь “Д” ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмших ёстой боловч Zh******* Q-ийн хууль бус үйлдлийн улмаас бүрэн эзэмших боломжгүй түр зуурын нөхцөлд байгаа болно. "Л" компани нь БНХАУ-д тодорхой шалтгааны улмаас бусдад төлөх төлбөрийн асуудал үүсэн, шүүхээс тодорхой хугацаанд хязгаарлалт бүхий нөхцөл байдалд орсон ба энэ тухай БНХАУ-ын Шаньдун мужийн Лин И хотын Ланьшань дүүргийн Ардын шүүхээс 2023 онд гарсан шийдвэрт тусгагдсан. Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалтын үр дүн гарахгүй, "Д" "ХХК-ийн захирал байсан Б.Гын зүгээс ямар нэгэн тайлан танилцуулга хийхгүй, хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахгүй удаан хугацаанд явсан. Энэ хугацаанд татварын өр үүссэн зэргээс хамаарч 2024 оны 1 дүгээр сард "Д" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахаар шийдвэрлэж миний зүгээс холбогдох зарыг хүргүүлж ажилласан. Миний хувьд 2024 оны 1 дүгээр сард Монгол Улсад ирж хурлыг зохих журмын дагуу хуралдуулахаар шийдэж, компанийн үйл ажиллагааг сайжруулахаар хувьцаа эзэмшигч компанийн захирлын хувьд ажилласан. "Л" компани, түүний удирдлага хэрэгжүүлэгчээр томилогдсон Li Y*******-д танилцуулж зөвшилцсөний үндсэн дээр H миний бие "Д" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож, өнөөдрийн байдлаар компанийн үйл ажиллагаа хэвийн байдалд сэргэн ажиллаж байна. Б.Г захирлын хувьд 2018 онд захирлаар томилогдсоноос хойш ажлаа хангалтгүй хийж, татварын өр үүссэн, хувьцаа эзэмшигч нарт үйл ажиллагаа болон санхүүгийн нөхцөл байдлын талаар огт танилцуулдаггүй, хувьцаа эзэмшигчдийн хурлыг огт хийгээгүй зэргээс шалтгаалан түүнийг чөлөөлсөн болно. Монгол Улсын хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулсан бөгөөд холбогдох тэмдэглэл, тогтоол зэргийг хуулийн дагуу үйлдэж шаардлагатай баримт бичгийг хүргүүлсний үндсэн дээр 2024 оны 2 дугаар сарын 9-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, H миний бие гүйцэтгэх захирлын ажлаа хийж эхэлсэн. Энэ бүх хугацаанд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар "Л" компанийн удирдлага хэрэгжүүлэгчээр томилогдсон Li Y*******-д тогтмол танилцуулж, шаардлагатай тохиолдолд түүнийг Монгол Улсад ирүүлж "Д" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцуулан ажиллаж байна. Миний хувьд "Л" компанийг төлөөлөх эрх бүхий этгээд болохыг баталгаажуулсан гэрчилгээг тус шүүхэд өмнө хүргүүлсэн. Z******* Q-ий хувьд хурлын зарыг хүлээн авсан боловч хувьцаа эзэмшигчдийн хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй, үйл ажиллагааг сайжруулах зорилгоор гүйцэтгэх захирлыг сольсон шийдвэр ямар эрх ашгийг нь хөндөөд байгаа нь ойлгомжгүй бөгөөд "Д" компанийн үйл ажиллагаа сэргэж ашигтай ажиллах, хөрөнгө оруулалт татах боломж үүсэх нь түүнд ашиггүй байгааг ойлгохгүй байна. Иймд Z******* Q-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож "Д" ХХК-ийг хэвийн үйл ажиллагааг явуулах нөхцөл боломжоор хангаж өгөхийг хүсье. H миний зүгээс шүүхийн ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож буй "Д" ХХК-ийн байр суурийг дэмжиж байгаа болно...” гэжээ.

2.4. Гуравдагч этгээд Л ХХК-ийн төрөөс томилогдсон удирдлага Li Y******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...“Л*******” компани нь Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн Zh******* Q-ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох “2024 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа билээ. "Л" компани нь Монгол Улсын хуулийн этгээд болох “Д” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг байсан боловч Zh******* Q-ийн хууль бус үйлдлийн улмаас өнөөдрийн байдлаар “Д” ХХК-ийн 51 хувийн хувьцааг эзэмшиж байгаа талаар улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа болно. “Д" ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор 2018 онд Б.Гыг хувьцаа эзэмшигчийн зүгээс гүйцэтгэх захирлаар томилсон боловч түүний зүгээс хангалтгүй ажиллаж, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хувьцаа эзэмшигчид танилцуулахгүй, хувьцаа эзэмшигчдийн хурлыг огт зарлан хуралдуулахгүй 2024 оныг хүрсэн байсан. Б.Г хангалтгүй ажиллаж байснаас шалтгаалан компанийн хэвийн үйл ажиллагааг ханган явуулах шаардлага үүссэн тул “Д" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, гүйцэтгэх удирдлагаар H-г өөрийг нь томилох чиглэлийг "Л" компанийн захирал H-д биечлэн өгсөн. Энэ дагуу "Дуюань" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2024 оны 1 дүгээр сард зарлан хуралдуулж, H-г гүйцэтгэх удирдлагаар томилж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Улсын бүртгэлийн байгууллага Монгол Улсын холбогдох хуулийг үндэслэн 2024 оны 2 дугаар сарын 9-ний өдөр бүртгэл хийсэн бөгөөд уг бүртгэлийг "Л" компанийн зүгээс хууль ёсны гэж үзэж байгаа болно. H нь "Л" компанийн хувьцааны 84 хувийг эзэмшдэг бөгөөд “Д" ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж эхэлснээс хойш компанийн үйл ажиллагаа жигдэрч, хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байна. Цаашид компанийн хэвийн үйл ажиллагаа жигдэрч хэвийн болсноор 2023 онд БНХАУ-ын Шаньдун мужийн Лин И хотын Ланьшань дүүргийн Ардын шүүхээс гарсан шийдвэрт туссан хяналтын үйл ажиллагааг хэвийн байдалд оруулах нөхцөл бүрдэх бөгөөд энэ талаар H захирлын зүгээс ихээхэн чармайлт гарган ажиллаж байна. "Д" ХХК-ийн гүйцэтгэх захирал томилсон шийдвэр нь Z******* Q-ийн ямар эрх ашгийг хөндсөн, ямар шалтгаан үндэслэлээр шүүхэд хандаад байгааг оrт ойлгохгүй байгаа бөгөөд ойлгомжгүй, үндэслэлгүй гэдгийг дурдах нь зүйтэй. "Л*******" компани, түүний удирдлага хэрэгжүүлэгчээр томилогдсон Li Y******* миний зүгээс Z******* Q-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

2.5 Гуравдагч этгээд “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: “...Гуравдагч этгээдээр оролцож буй бүх этгээд бие даасан шаардлага гаргаагүй бөгөөд хариуцагчийн тайлбарыг дэмжиж, ижил байр суурьтай оролцож байна. Хариуцагчийн зүгээс гаргасан баримт, тайлбарын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан бичиг баримтыг үндэслэн бүртгэл хийгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харагдаж байна. Тодруулбал, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт ямар бичиг баримт бүрдүүлж улсын бүртгэгчид хүргүүлснээр материалын бүрдэл хангагдсанд тооцох тухай дэс дараалалтайгаар тодорхой хуульчилсан. Уг бичиг баримтыг “Д” ХХК-аас бүртгэлийн мэдээлэлдээ өөрчлөлт оруулахдаа хүргүүлсэн болно. Мөн уг хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт хуульд зааснаас өөр бичиг баримт шаардах эрхгүй гэж хуульчилсан. Иймд хавтаст хэрэгт хариуцагчийн болон нэхэмжлэлд хавсаргасан баримт нь дээрх хуулийн 22.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул улсын бүртгэгч 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хийсэн бүртгэл нь хууль зөрчөөгүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь бүртгэл хийгдсэнээс хойш 1 жил 2 сарын дараа гарсан бөгөөд уг шаардлагын үндэслэлээ Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдсан, хуралдуулсан, зарласан эсэхтэй холбогдуулан Компанийн тухай хуульд үндэслэн тавьж байна. Энэ талаар шүүхийн харьяаллын дагуу биш боловч товч тайлбар хэлье. 2018 онд томилогдсон гүйцэтгэх захирлын хувьд 2024 он хүртэлх хугацаанд надад өгсөн мэдээллээр аливаа Хувьцаа эзэмшигчдийн хурлыг огт хуралдуулаагүй. Энэ хугацаанд компанийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байсныг харуулах зорилгоор татварын байгууллагаас авсан 2019-2023 оны тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд уг тодорхойлолтоор компанийн үйл ажиллагаа тогтвортой, ашигтай явагдаж байсныг харуулах баримт огт харагдахгүй байна. Харин компани жил бүр татварын өртэй, өр төлбөрөө хугацаандаа төлөөгүй, алданги ноогдуулагдсан байдалтай ажилласан байна. Компанийн тухай хуульд заасны дагуу компани нь Хувьцаа эзэмшигчдийн хурлыг огт зарлан хуралдуулаагүй, хувьцаа эзэмшигчтэй гэрээ байгуулж ажиллах шаардлагыг хангаагүй.  Мөн компанийн үйл ажиллагаанд доголдолтой байсан тул 51 хувийн хувьцаа эзэмшигчийн зүгээс хурлыг зарлан хуралдуулах, өөрөөр хэлбэл  2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн бүртгэлтэй холбогдуулан БНХАУ-ын иргэн Х******* Монгол Улсад байсан эсэх, хилээр орсон, гарсан эсэхийг харуулах баримтыг мөн иш татсан болно. Сүүлийн жилүүдэд хуулийн зохицуулалтад өөрчлөлт орж, Хувьцаа эзэмшигчдийн хурлыг цахим хэлбэрээр шийдвэрлэх, хуралдуулах, зарлах боломжтой болсон. Иймд утас болон цахим хэлбэрээр холбогдох үйл баримтыг үйлдсэн тухай гуравдагч этгээдийн өмнөх оролцогчдын төлөөлөгч нар хангалттай тайлбар өгсөн байна. Мөн хэрэг бүртгэлт нээж шалгах явцад бүртгэлийн материалыг хэрхэн бүрдүүлсэн тухай урьд өгсөн тайлбар байгаа болно. Тус тайлбаруудаар БНХАУ-ын иргэн Х******* Монгол Улсад биечлэн байгаагүй ч хурлыг хуралдуулсан. Холбогдох баримтыг ачаа тээврийн үйлчилгээгээр илгээж хүргүүлсэн. Үүнийг н.Дэлгэрмаа гэдэг этгээд улсын бүртгэлд хүргүүлэх үүрэг гүйцэтгэсэн болохоос биш өөрөө бүртгэл хийлгээгүй болно. Нэхэмжлэгчийн зүгээс дурдсан тамга, тэмдэг, гарын үсэг дутуу, бүрдэл хангаагүй гэх зэрэг үндэслэлүүд  байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Zh******* Q нь “Д” (ГХО) ХХК-ийн 49 хувийн хувьцааг эзэмшдэг байх ба тус компанийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргасан.

2. Энэ маргаанаар улсын бүртгэлийн байгууллага хуульд заасан журмын дагуу бүртгэл хийсэн эсэх, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд шүүхээс дүгнэлт өгнө.

3. Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн маргаан бүхий 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн бүртгэлээр “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Г байсныг өөрчилж, H-г томилсныг бүртгэжээ.

4. Уг бүртгэлийг хийлгэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны А/55 дугаар тушаалын 3-р хавсралтын дагуу батлагдсан Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, үйлчилгээний хураамж төлсөн баримт, 2024 оны 01 сарын 12-ны өдрийн 2024-0003 дугаартай Хувьцаа эзэмшигчдийн хурал зарлах тухай “Л” ХХК-ийн хятад хэл дээрх шийдвэр, үүний орчуулга, хурлын зар мэдэгдсэн гэх зураг болон Монгол шууданд төлбөр төлсөн баримт, “Д” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, мөн өдрийн хурлын шийдвэр тус тус хятад хэлээр болон орчуулгын хамт, H БНХАУ-ын паспорт нотариатаар батлуулсан, Zh******* Q-ийн Монгол Улсад оршин суух үнэмлэх, БНХАУ-ын паспортыг хуулбарлан тус тус гаргажээ.

5. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ гээд ямар мэдээлэлд өөрчлөлт оруулж байгаагаас хамааран бүрдүүлэх шаардлагатай баримтуудыг жагсааснаас

22.1.2.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;,

22.1.5.шаардлагатай тохиолдолд итгэмжлэл;

22.1.6.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

22.1.8.хуулийн этгээдийн хаягийн нотлох баримт;

22.1.9.улсын бүртгэлийн гэрчилгээ нь хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагыг бүртгүүлэхэд хамаарахаар байна.

6. Мөн Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны А/208 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам”-ын 3.1-д “Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд гаргана”, 3.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ журмын Долоо, Найм, Ес, Аравт заасан улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг эрх бүхий этгээдийн тамга, тэмдэг, гарын үсгээр баталгаажуулсан байна”, 3.3-д “Өргөдөлд хавсаргасан баримт бичиг гадаад хэлээр үйлдэгдсэн бол монгол хэлнээ орчуулж, баталгаажуулсан хувийг хавсаргана”, 3.4-д “Өргөдөлд хавсаргасан баримт бичиг гадаад улсад үйлдэгдсэн бол “Апостиль” гэрчилгээ, нотариатч, эсхүл нотариатчийн үүрэг хавсран гүйцэтгэгчээр гэрчлүүлсэн байна”,

8.3.4-д “хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, удирдах зөвлөл, төлөөлөн удирдах зөвлөл, эрх бүхий этгээдийг бүртгүүлэх тохиолдолд тэдгээрийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл;

8.3.5-д “үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, эрх бүхий этгээд хуралд оролцоогүй тохиолдолд хурлын зар хүргэсэн талаарх нотлох баримтыг хавсаргаж ирүүлэх” гэж тус тус бүртгэлийг хийхэд шаардлагатай баримтыг хэрхэн бүрдүүлж, гаргах талаар нарийвчлан зохицуулсан байна.

7. Нэхэмжлэгчээс хариуцагчийг бүртгэл хийхдээ компанийн тамга тэмдэг дараагүй, апостиль гэрчилгээ байхгүй, хүсэлт гаргасан H нь төлөөлөх эрхгүй, нэхэмжлэгчид зарыг зохих журмын дагуу мэдэгдээгүй Компанийн тухай хууль зөрчсөн, мэдээлэлд өөрчлөлт оруулах хүсэлт гаргахад Монгол Улсын хилээр гарсан байхад улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан нь хууль бус гэх агуулгаар маргасан.

8. Тухайн тохиолдолд гүйцэтгэх захирлыг өөрчлөн бүртгүүлэхээр гаргасан 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн өргөдөлд H гэж бичиж, “Д” ХХК-ийн тамга дарагдсан, “Д” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр, тэмдэглэл нь БНХАУ-ын Шаньдун мужид болсныг Монгол хэлээр орчуулсан байх боловч дээрх журмын 3.4-д зааснаар “Апостиль” гэрчилгээ, нотариатч, эсхүл нотариатчийн үүрэг хавсран гүйцэтгэгчээр гэрчлүүлсэн байх шаардлагыг хангаагүй байна.

9. Мөн нэхэмжлэгчээс БНХАУ-ын Шаньдун мужийн Линь-И хотын Ланшань дүүргийн шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолоор “L” компанийн хууль ёсны төлөөлөгчөөр “Ш*******” өмгөөлийн фирм томилогдсон талаарх хэрэгт авагдсан баримтыг үндэслэн Han Тao нь тус компанийг төлөөлөх эрхгүй байсан гэж тайлбарласан.

10. Гэвч маргаан бүхий бүртгэлийг хийх үед хуулийн этгээдийн мэдээлэл дээрх 51 хувийн хувьцаа эзэмшигчээр Lin Yu Tian Hi Shi Ye компани бүртгэлтэй, уг компанийн тамга дарагдсан хурлын тэмдэглэл, шийдвэр ирсэн байхад эрх бүхий этгээд биш гэж улсын бүртгэгч үзэх боломжгүй юм.

11. Өөрөөр хэлбэл, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна” 69 дүгээр зүйлийн  69.1-д “Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно” гэж зааснаар 50-аас дээш буюу 51 хувийн хувьцаа эзэмшигч нь дээрх шийдвэр, тэмдэглэлээ 49 хувийн хувьцаа эзэмшигчид хурлын зар хүргэсэн баримтын хамт ирүүлж, бүртгэлд гаргасан өргөдөлдөө “Д*******” ХХК-ийн тамгыг дарж, гүйцэтгэх захирлаар томилогдсон H-гаас хүсэлт гаргасан тохиолдолд итгэмжлэл шаардлагагүй буюу улсын бүртгэгчээс эрх бүхий этгээдээс ирүүлсэн баримтыг хуульд нийцсэн хэмээн хүлээн авсан нь үндэслэлтэй. Тодруулбал,

12. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 22.1, 22.3-т зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана” гээд

18.1.1.улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу;

18.1.3.өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн” үндэслэл байгаа бол улсын бүртгэлээс татгалзахаар зохицуулжээ.

13. Дээр дурдснаар хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулан гүйцэтгэх захирлыг бүртгүүлэхээр ирүүлсэн баримтуудыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, журмын 8.3.4, 8.3.5-д заасанд нийцүүлэн бүрэн ирүүлсэн тул бүрдэл дутуу гэж үзэх боломжгүй, мөн журмын 3.4-д заасан шаардлагыг хангаагүй баримт боловч эрх бүхий 51 хувьцаа эзэмшигчээс тамгаа даран ирүүлсэн нь тогтоогдсон тул хуурамчаар баримт бүрдүүлсэн гэх үндэслэл байхгүй байна.

14. Мөн хэрэгт авагдсан Хил хамгаалах ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн лавлагаагаар H 2024 оны 01 сарын 10-ны өдөр Чингис хаан агаарын замын боомтоор орсон, 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн өдөр Чингис хаан агаарын замын боомтоор гарсан болох нь тогтоогдсон, маргаан бүхий бүртгэлийг хийлгэхээр хүсэлт гаргах үед Монгол Улсад байгаагүй ч энэ нь хуульд зааснаар мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй.

15. Иймд хуульд зааснаар бүртгүүлэхэд шаардлагатай баримтуудыг бүрдүүлэн компанийн мэдээлэлд өөрчлөлт оруулах мэдүүлэг гаргасныг татгалзах үндэслэлгүй байх тул маргаан бүхий бүртгэл Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх өргөдлийг энэ хуулийн 12.4, 14.1, 15.1-д заасны дагуу гаргах бөгөөд улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 21.6-д заасан хугацаанд бүртгэх эсэхийг шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ.” гэж заасанд нийцсэн болно.

16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн  1.1-д “...хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, …”, 3.1.3-д “нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, … үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж зааснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг захиргааны хэргийн шүүхээс хамгаалах ёстой юм.

17. Энэ тохиолдолд дээрх маргаан бүхий бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол буюу субьектив эрх хөндөгдөх үндэслэлгүй байна.

18. Учир нь нэхэмжлэгч “Д” ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч байх ба тус компанийн гүйцэтгэх захирал томилсон шийдвэрийг бүртгэснээр түүний хувьцааны хэмжээ өөрчлөгдөөгүй, өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гараагүй болно.

19. Нэхэмжлэгчээс гүйцэтгэх захирлаар H томилогдсноор компанийн мэдээллийг авах боломжгүй болсон, миний эд хөрөнгийг зөвшөөрөлгүй авсан, Компанийн хуульд зааснаар компанийн хувьцаа эзэмшигчид зарыг зохих журмын дагуу хүргээгүй хууль зөрчсөн талаар тайлбарлах боловч эд хөрөнгө өмчлөх болон Компанийн тухай хуулийг зөрчсөн эсэхэд захиргааны шүүх дүгнэлт өгөх үндэслэлгүй.   

20. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчийг оролцуулалгүйгээр шийдвэр гаргасан, хурлын зарыг мэдэгдээгүй асуудлаар иргэний журмаар маргах, өмчлөгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэх эрх нь нээлттэй бөгөөд үүний улмаас зөрчигдсөн гэх асуудлыг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй.

21. Мөн маргаан бүхий 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн бүртгэлийг Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч хийсэн, үүнийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох шаардлага байхгүйг дурдах нь зүйтэй.

22. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Zh******* Q-ийн Улсын бүртгэлийн ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас Б.Гыг чөлөөлж, БНХАУ иргэн H-г гүйцэтгэх захирлаар бүртгэсэн улсын бүртгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.ХЭРЛЭНЧИМЭГ