Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 0820

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир, улсын яллагч Э.Оюунтунгалаг, шүүгдэгч Ж.А  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт  Б овогт Ж А холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806019170865 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 05-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Ж А, 39 настай, эмэгтэй,  тусгай дунд  боловсролтой, тогооч мэргэжилтэй, То То Ро сургалтын төвд тогооч ажилтай, ам бүл 5,  нөхөр, хүүхдүүдийн  хамт  оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,

     

Холбогдсон хэргийн талаар:

          Ж.А нь 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Мини хайпермаркет дэлгүүрийн автомашины зогсоол дээрээс Д.Л гээгдүүлсэн Iрhonе-6 маркийн гар утсыг олж авч гээгдэл эд хөрөнгө завшсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч Ж.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад нэмж тайлбарлах зүйл байхгүй. Би мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.

     Шүүгдэгч  Ж.А мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: 2018 оны  2 дугаар сарын 15-ны өдөр буюу цагаан сарын битүүний өдөр 17.00 цагийн орчимд  Нарны замын Хайпермаркетын хойд талын автомашины зогсоол дээрээс Ай Фоне Эс Плас маркийн гар утас олсон.  Уг утсыг манай хүүхэд миний цүнхнээс аваад өөрийнхөө утасны симийг хийгээд интернет орчихсон байсан. Уг утас id кодтой байсан ба би уг кодоороо холбогдоод утсаа асуух байх гэж бодоод хүлээгээд байхад холбогдоогүй. 2018 оны 3 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө над руу утасны эзэн холбогдсон. Би буцаагаад залгатал над руу эргэж холбогдохгүй байсан. Би хууль дүрэм мэдэхгүйдээ болоод ийм асуудалд орчихлоо. Мэддэг байсан бол би цагдаад аваачаад л өгчих байсан гэжээ. /хх-ийн 12/

     Хохирогч Д.Л мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр би өөрийн эзэмшлийн автомашиныг Натур худалдааны төвийн урд талын нэр нь мэдэгдэхгүй угаалгын газарт орж угаалгасан юм. Тухайн өдөр би өөрийн эзэмшлийн Ай Фоне 6 Плас маркийн гар утсаа машины ард талын суудал дээр тавьсан гэдгээ мэдээгүй байсан ба машинаа угаалгаж дуусчихаад гэртээ орж ирээд мэдсэн. Тэгээд буцаад машиндаа очоод утсаа хайгаад олоогүй. Цагаан сар болох гэж байсан болохоор цагдаад хандаагүй. Гэтэл хоёр хоногийн өмнөөс миний Фэйстаймаар ...гэх дугаарын утаснаас залгах болсон. Хулгайлж авсан хүн нь миний утсыг ашиглаад байх шиг байсан. Тэгээд би цагдаад хандсан. Би гар утсаа кармаанаасаа унагаасан юм байлаа. Одоо би утсаа эргүүлж авсан гэжээ.  / хх-н 6-10/    

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол /хх-н 16/

          Дамно хөрөнгийн үнэлгээний тайланд: гар утсыг 624.000 төгрөгөөр үнэлжээ./ хх-н 14-15/

           Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 17-18/

          Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, хохирогчид гар утсыг хүлээлгэн өгсөн баримт / хх-н 30-32/

         Ж.А хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол, / хх-н 40-42/

          Ж.А эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл/ хх-н 34-39/

     Ж.А иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 20/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 19/, эд хөрөнгөтэй эсэх талаарх лавлагаа /хх-н 21/, оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /хх-н 22/ зэрэг болно.  

           Ж.А нь 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Мини хайпермаркет дэлгүүрийн автомашины зогсоол дээрээс Д.Л гээгдүүлсэн Iрhonе-6 маркийн гар утсыг олж авч гээгдэл эд хөрөнгө завшсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:    

         Хохирогч Д.Л мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн …. Тухайн өдөр би өөрийн эзэмшлийн Ай Фоне 6 Плас маркийн гар утсаа машины ард талын суудал дээр тавьсан гэдгээ мэдээгүй байсан ба машинаа угаалгаж дуусчихаад гэртээ орж ирээд мэдсэн. Тэгээд буцаад машиндаа очоод утсаа хайгаад олоогүй. Цагаан сар болох гэж байсан болохоор цагдаад хандаагүй. Гэтэл хоёр хоногийн өмнөөс миний Фэйстаймаар.....гэх дугаарын утаснаас залгах болсон. Хулгайлж авсан хүн нь миний утсыг ашиглаад байх шиг байсан. Тэгээд би цагдаад хандсан. Би гар утсаа кармаанаасаа унагаасан юм байна лээ. Одоо би утсаа эргүүлж авсан гэсэн мэдүүлэг   /хх-н 6-10/   

     Шүүгдэгч  Ж.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Нарны замын Хайпермаркетын хойд талын автомашины зогсоол дээрээс Ай Фоне Эс Плас маркийн гар утас олсон.  Уг утсыг манай хүүхэд миний цүнхнээс аваад өөрийнхөө утасны симийг хийгээд интернет орчихсон байсан. Уг утас id кодтой байсан ба би уг кодоороо холбогдоод утсаа асуух байх гэж бодоод хүлээгээд байхад холбогдоогүй. 2018 оны 3 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө над руу утасны эзэн холбогдсон. Би буцаагаад залгатал над руу эргэж холбогдохгүй байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/ зэрэг болно.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

           Ж.А нь гар утас олоод түүнийгээ зохих байгууллагад нь мэдэгдэлгүй өөрийн сим картаа хийн ашиглаж байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул түүний энэ үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.

Иймд Ж. А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гээгдэл эд хөрөнгө завшсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.    

          Хохирогчид гар утсыг хүлээлгэн өгсөн ба хохирогч нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         Ж.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэж хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаао шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт Ж А гээгдэл эд хөрөнгө завшсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар    Ж.А  450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар   шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 4-д зааснаар         Ж.А нь торгох ялыг  дөрвөн сарын дотор нэг сард 112.500 төгрөгийг  хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар         Ж.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол эдлээгүй үлдсэн ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Ж.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.                              

6 .Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй,эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ж.А нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Ж.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН