Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/50

 

.............холбогдох  эрүүгийн

хэргийн талаар 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох, шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхтөр

          Прокурор                                                                                 Ц...........

          Шүүгдэгч                                                                                  Д.............

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                       В............

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д...... давж заалдах гомдлоор Д........... холбогдох 2423000000088 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Завхан аймаг Улиастай сумын ........ баг ........... хэсэг ........тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Д........  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заалтад заасан хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолоор Д............. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заалтад заасан хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заалтад зааснаар Д.......... 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн  байсан ......... овогт ....................... Регистрийн дугаар: /................../

Шүүгдэгч Д........... нь 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын .......... баг ............. хэсэг ......... тоотод оршин суух иргэн Р............н эзэмшлийн байшингийн цонхыг хагалж гэрт нь хууль бусаар нэвтрэн орж Кен загварын шрүп мастер, цахилгаан тасдагч, 5 метрийн урттай эвхдэг шар өнгийн төмөр метр хулгайлж 220000 төгрөгийн хохирол учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: .......... овогт ........... ......... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн  бусдын эд зүйл хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч .......... ...........г 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ......... овогт .......... ............ оногдуулсан 01 /нэг/ жил 6/ зургаа/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д........... давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: ...Миний бие 1992 онд осолд ороод хөгжлийн бэрхшээлтэй болсон 80 хувь группт байдаг. Би эмчийн хяналтад байдаг, ээжийн хамт 2-лаа амьдардаг. Өөрийн хийсэн үйлдлээ ойлгож байна, ахиж ийм хэрэг үйлдэхгүй надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч В........ давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д........... гаргасан хүсэлтийг дэмжиж байна. Өөрийн үйлдсэн гэм буруутай үйллээ ял шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрсөн. Өнөөдрийн гаргасан гомдолтой холбогдуулан тайлбар гаргаж өгсөн байгаа. Тайлбартаа бол ямар нэгэн хэлбэрээр ял шийтгэлгүй үлдье гэсэн тийм хүсэл зорилго илэрхийлээгүй. Харин ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгөөч гэсэн 1 жил болгож өгөөч гэсэн тайлбарыг гаргасан байна. Энэ үйлдэл нь ........ өөрийнх бас тухайн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа үйлдэл байна гэж харж байна. Хувийн байдлын хувьд бол Д........... нь 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдагдалтай, хөдөлмөрийн чадвар алдалтын үндсэн шалтгаан бол 80 хувийн дүлийрэлтэй. Мөн хэл ярианы хувьд бол хүнд ойлгогдохоор тийм хэлбэрээр ярих чадвар муутай. Тийм учраас энэ хүсэлтийг нь дэмжиж оролцож байна гэв.

Прокурор Ц......... давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Шүүхээс шүүгдэгч Д.........Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай тооцож, шүүгдэгч Д............г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1.3 дах заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж 1 жил 6 сар оногдуулсан ялыг ЭХ-н ерөнхий ангийн 5.6 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Тухайн гэмт хэрэг нь бусдын орон байранд орж үйлдэгдсэн хэрэг байгаа. 2-8 жилийн ялтай. Шүүхээс Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэсэн асуудал бол Д............. хувийн байдлыг харж үзсэн гэж бодож байна. Энэ шийдвэр нь гэмт хэргийн аюулын шинж чанар хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн санал дүгнэлтийг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гомдолд заагдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

3. Шүүгдэгч Д............. нь 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын ......... баг ............ хэсэг .......... тоотод оршин суух иргэн Р............... эзэмшлийн байшингийн цонхыг хагалж гэрт нь хууль бусаар нэвтрэн орж Кен загварын шрүп мастер, цахилгаан тасдагч, 5 метрийн урттай эвхдэг шар өнгийн төмөр метр хулгайлсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан

хохирогч Р............ “...2024 оны 07 дугаар сарын 05-ны орой 18-21 цагийн үед манай байшингийн зүүн талын модон вакум цонхыг хагалж хулгайч ороод гар цахилгаан дрилл 1 ширхэг, тасдагч 1 ширхэг, 5 метрийн урттай метр 1 ширхэг эд зүйл хулгайд алдагдсан байсан тул цагдаад хандаж байгаа юм. Кен үйлдвэрийн тастагч, цахилгаан дрилл буюу шүрүүп мастер хоёр хоёулаа улаан өнгөтэй. Тастагчийг шинээр нь худалдаж аваад 2 хонож байсан. Мөн шар өнгийн 5 метрийн урттай төмөр метр байсныг хулгайд алдсан... “...Манай байшингийн зүүн талын буюу том өрөөний хажуу талын жижиг өрөөний цонхыг гаднаас нь чулуугаар цохиж ...75х87 см хэмжээтэй гурван давхар шилийг нь давхраар нь хагалчихсан байсан. Д............. нэхэмжлэх зүйл байхгүй, манай байшингаас алдагдсан эд зүйлсийг цагдаа нар ...буцаагаад өгчихсөн. ...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр,

гэрч А.............. “...орой 19-20 цагийн үед ............ манай гэрт орж ирсэн. ...гартаа цагаан тортой зүйл барьчихсан байсан. ...торноосоо нэг дрилл гаргаж ирээд надад үзүүлээд намайг авчих нэг шил архи аваад өгчих гээд байхаар нь би үгүй гээд тэр хүнийг гар гар гэсэн чинь намайг ална шүү гээд гараараа зангаад байсан. ...Гэрээс гарахгүй болохоор нь би цагдаа дуудсан. ...цагдаа орж ирээд ........ аваад явсан...” гэсэн мэдүүлгээр,

гэрч С.......... “...Улиастай сумын Жаргалант багийн .......... хэсэгт байх айлд согтуу хүн орж ирчхээд гарахгүй байна...” гэсэн дуудлагын дагуу очиход Улиастай сумын Товцог багийн иргэн Кода гэж дууддаг ......... гэгч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байхаар нь юу болсон талаар тодруулан асуухад, тус айлын хүн нь энэ согтуу хүн манайд орж ирээд улаан өнгийн тастагч, улаан өнгийн дрилл, шар өнгийн метрийг зарна гэхээр нь авахгүй гэсэн чинь гэрээс гарахгүй зогсоод байхаар нь цагдаа дуудсан юм гэсэн яриа өгүүлэлтэй байхаар нь дэд ахлагч Б........ бид хоёр ............. авч шинэ хороонд байдаг гэрт нь хүргэж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. ...цагаан өнгийн гялгар торонд кен маркийн тасдагч, кен маркийн дрилл, шар өнгийн эвхэгддэг төмөр метрийг хийгээд барьчихсан байсан. Би .......... тухайн багаж хэрэгслийнх нь хамт шинэ хороонд байдаг гэрт нь хүргэж өгсөн. ......... баазад айлын цонх хагалж дотроос нь тэр багажуудыг хулгайлж авсныг мэдсэн...” гэсэн мэдүүлгээр,

 гэрч Б............ “...станцаар баазад айлд согтуу хүн орж ирчхээд гарахгүй байна гэсэн мэдээлэл ирсний дагуу тус газарт очиход шинэ хороонд байдаг хэл муутай архи уудаг ах зогсож байхаар нь авч шинэ хороонд байдаг гэрт нь хүргэж өгсөн. ...цагаан өнгийн гялгар торонд улаан өнгөтэй кен маркийн тасдагч, улаан өнгөтэй кен маркийн дрилл, шар өнгийн эвхэгддэг, 5 метрийн урттай төмөр метрийг хийгээд барьчихсан архинаас өгнө гээд байж байсан. ............. гэдэг нөхөр тэр багажуудыг баазад байдаг айлын цонхыг хагалж хулгайлсан байсныг мэдсэн...”  гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Д...........н үйлдлийн улмаас хохирогч Р.......... нийт 400.000 төгрөгийн хохирол учирсан нь хөрөнгийн үнэлгээний төвийн “...Ken маркийн улаан өнгийн шүрүүп мастер, цахилгаан тастагч, 5 метрийн урттай эвхэгддэг шар өнгийн төмөр метр, 75х87 см хэмжээтэй цонхны шил зэрэг эд зүйлсийн зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 07 дугаар сарын байдлаар 400,000 төгрөгөөр үнэлэв...” гэсэн хөрөнгийн  үнэлгээгээр нотлогдон тогтоогдож байна.

4. Давж заалдах гомдол, эрх зүйн дүгнэлт

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд ...бусдын өмчлөлд байгаа эд зүйлийг гэмт этгээд ашиг олох зорилгоор шунахайн сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авахыг ойлгоно гэж томьёолжээ. Шүүгдэгч Д........... өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж хүсэж, тухайн хулгайн гэмт хэргийг үйлдэж, хохирол хор уршигт зориуд хүргэж амар хялбар аргаар мөнгө, эд зүйл олох зорилгоор шунахайн сэдэлттэй, шууд санаатайгаар гэмт үйлдэлдээ хандсан гэм буруугийн санаатай хэлбэрээр тухайн хэргийг үйлджээ.

Хулгайн гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д орон байр гэх ойлголтод хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай төрөл бүрийн орон сууц, байшин, гэр урц зэргийг хамааруулан ойлгох бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулж, цонхны түгжээг эвдэх, цуургыг сугалах онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг хууль бусаар нэвтэрсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Д.............. хувьд бусдын байшингийн цонхыг хагалж гэрт нь хууль бусаар нэвтрэн орж хулгай хийсэн үйлдлээрээ хохирлын хэмжээ бага ч, хууль бус нэвтрэлтээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэгдэнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д............ хэргийн зүйлчлэлийг прокуророос ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зөв зүйлчилжээ.

Мөрдөн шалгах, прокурорын хяналт, хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ хэргийн оролцогчдын хуулиар олгосон эрхийг хассан, хязгаарласан зүйлгүй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна. Хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлгүүд нь шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан бодит хохирол, хор уршиг, мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хууль ёсны баримтууд байна. Эдгээр хэрэгт авагдсан баримтуудыг үнэлсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байна.

Шүүгдэгч Д.............. давж заалдсан гомдолдоо ...1992 онд автын осолд орсон хөгжлийн бэрхшээлтэй, 80 хувийн групптэй, эмнэлгийн хяналтад байдаг, өөрийн хийсэн үйлдлээ ойлгож байна, дахин ийм хэрэг үйлдэхгүй, надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д........... гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлж, 1 жилийн хугацаатай хорих ял оногдуулах нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирно гэж үзэв.

 Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д........ давж заалдсан гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын” гэснийг, “01 /нэг/ жилийн” гэж, 3 дахь заалтын “01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын” гэснийг “01 жилийн”  гэж тус тус өөрчилж,  тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д...............н давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД                                                     Ж.БАТТОГТОХ

                                                                              Б.НАМХАЙДОРЖ