МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг даргалж тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “******* *******” ХХК,
Хариуцагч: Булган аймгийн ******* сумын Засаг дарга /Б.*******/ нарын хоорондын ашигт малтмалын хайгуулын “******* *******” нэртэй, * дугаар бүхий тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах үйл ажиллагаатай холбогдох маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, хариуцагч Булган аймгийн ******* сумын Засаг дарга Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
- “******* *******” ХХК нь өөрийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн *******-******* дугаартай талбайд 2026 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, уг төлөвлөгөөг батлахыг Булган аймгийн ******* сумын Засаг даргад даалгуулахаар маргаж байна.
- Нэхэмжлэгч нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсээс Булган аймгийн ******* сумын нутагт орших “******* *******” нэртэй, *******-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг авч, 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 26/06 дугаартай албан бичгээр тус талбайд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах хүсэлтээ Булган аймгийн ******* сумын Засаг даргад хүргүүлжээ.
- Гэвч тус Засаг дарга нь 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01/96 дугаартай албан бичгээр дээрх төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариуг өгсний улмаас “******* *******” ХХК нь тус шүүхэд хандан Засаг даргын эс үйлдэхүй хууль болохыг тогтоолгож, түүнд Булган аймгийн ******* сумын нутагт орших “******* *******” нэртэй, *******-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2026 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгуулахаар маргаан үүсгэсэн бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
- Засаг дарга хуульд заасан үндэслэлд хамаарахгүй асуудлаар менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзаж эс үйлдэхүй гаргаж байгаа нь хууль бус,
- Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан 10 хоногийн хугацаанд шийдвэр гаргах үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд нэхэмжлэгчийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2023-2026 оны хугацаанд шийдвэрлээгүй удаашруулсаар эцэст нь 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01/96 тоот албан бичгээр батлахаас татгалзсан ба татгалзлын үндэслэлээ орон нутгийн иргэдийн эсэргүүцэл, багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, ус болон бэлчээрийн асуудал, нутгийн иргэдийн эрх ашиг зэрэг нөхцөл байдлыг дурдсан боловч эдгээр нь Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзах хуульд заасан үндэслэлд хамаарахгүй,
- Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбай нь тусгай хамгаалалттай газар нутаг, улсын тусгай хэрэгцээний газар, гол мөрний эх, усны сан бүхий газар, ойн сантай давхцаагүй бөгөөд хуулиар хориглосон бүсэд хамаарахгүй” гэж тайлбарлажээ.
- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Манай “******* *******” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХУ-******* дугаартай тусгай зөвшөөрлийг хууль ёсны дагуу эзэмшдэг. Энэ тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтад оролцоод зохих ном журмынх нь дагуу төрийн захиргааны байгууллагаас авсан байгаа. Энэ тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан Ашигт малтмалын тухай хууль, холбогдох бусад хуульд заасны дагуу чиг үүргээ гүйцэтгэж холбогдох татвар хураамжаа төлөөд өнөөдрийг хүртэл хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Ингээд 2025 онд Булган аймгийн ******* сумын Засаг даргад хандан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан. 2026 онд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг дахин батлуулах хүсэлтийг ******* сумын Засаг даргад хүргүүлсэн. Ингэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу шаардлагатай бүхий л бичиг баримтуудын хамт хуульд заасан хугацааны дотор хүргүүлсэн. Гэтэл ******* сумын Засаг даргын зүгээс эс үйлдэхүй гаргаж хуульд заагаагүй үндэслэлээр 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01/96 дугаартай захирамжаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан. Хуульд заагаагүй үндэслэл нь юу вэ? гэхээр менежментийн төлөвлөгөөг батлахгүй байх шийдвэр гарсан тул батлах боломжгүй байна гэх хариуг бидэнд ирүүлсэн байгаа. Үүнтэй холбогдуулаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Тийм учраас “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй “******* *******” ХХК-ийн ХУ-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2026 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, “******* *******” ХХК-ийн ХУ-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2026 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасан журмын дагуу баталж олгохыг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
3.4. Хариуцагч Булган аймгийн ******* сумын Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Тус сумын Ханшахайт багийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын *******-******* дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч “******* *******” ХХК-ийн “Сант уул” нэртэй 2002.77 га талбай байрладаг бөгөөд уг хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь сумын мал аж ахуйн үйлдвэрлэлийн үндсэн бусад хамаарах бөгөөд нийт 21 малчин өрхийн өвөлжөө, хаваржаа, бэлчээр нутгийг хамран оршиж байна. Энэхүү газар нутаг нь малчдын уламжлалт мал аж ахуй эрхлэх нөхцөл, амьжиргааны эх үүсвэр, малын бэлчээр ашиглалттай шууд холбоотой ач холбогдолтой бүс нутаг юм.
Сүүлийн жилүүдэд тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулахтай холбоотой*******р тухайн бүсэд нутаглан амьдарч буй малчид, иргэдээс бэлчээрийн талхагдал үүсэх, малын бэлчээр хумигдах, өвөлжөө, хаваржааны ашиглалт алдагдах, усны эх үүсвэрт сөргөөр нөлөөлөх, улмаар малчдын амьдрах орчин, эрх ашигт сөрөг үр дагавар учирч болзошгүй талаар удаа дараа санал, хүсэлт, гомдлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн болно.
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар нь орон нутгийн иргэдийн санал хүсэлт, малчдын эрх ашиг, тухайн нутаг дэвсгэрийн байгаль орчин, бэлчээр ашиглалтын нөхцөл байдал, нийгэм, эдийн засгийн нөлөөллийг харгалзан үзэж холбогдох асуудлыг хэлэлцэн судалсан болно.
Дээрх нөхцөл байдал болон нутгийн иргэдийн олонхын санал, байр суурийг үндэслэн тус сумын удирдлагаас "******* *******" ХХК-ийн 2026 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй гэж үзсэн бөгөөд уг төлөвлөгөөг батлахаас татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна.
Иймд тус компанийн хайгуулын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ орон нутгийн иргэдийн эрх ашиг, малчдын уламжлалт амьдралын хав маяг, байгаль орчны хамгаалал, бэлчээрийн тогтвортой ашиглалтыг харгалзан үзнэ үү” гэжээ.
-
- Тэрээр шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Манай ******* сумын Ханшахайт багийн нутаг дэвсгэр дээр “******* *******” ХХК-ийн “Сант уул” нэртэй 2002.77 га талбай байдаг. “******* *******” ХХК-иас 2026 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2026 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр холбогдох бичиг баримтын хамт тус сумын Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн байсан. 2025 оны 04 дүгээр сард болсон Ханшахайт багийн иргэдийн Нийтийн Хурлаар тус багт байгаа ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, компаниудын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах байя гэсэн шийдвэр гарч Засаг дарга надад ирүүлсэн байгаа. Үүний дагуу ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2025 оны 06 дугаар сард сумын Засаг даргад хийж хэрэгжүүлэх ажлын жагсаалтад хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж, компаниудын менежментийн төлөвлөгөөг батлахгүй байх гэсэн албан бичгийг Засаг даргад ирүүлсэн байгаа. “******* *******” ХХК-ийн эхний 3 жил нь энэ жил дуусаж байгаа. Тиймээс багийн иргэдийн Нийтийн Хурал болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг тус тус үндэслэл “******* *******” ХХК-ийн 2026 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзаж хариуг тус компанид хүргүүлсэн байгаа” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
- “******* *******” ХХК-ийн “Булган аймгийн ******* сумын Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01/96 тоот албан бичгээр илэрхийлсэн “******* *******” ХХК-ийн ХV-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2026 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгоr, тус төлөвлөгөөг баталж олгохыг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл үндэслэлтэй байна.
- Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь
- манай компани Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан үүргийнхээ дагуу тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулан Засаг даргад удаа дараа хүргүүлж байсан,
- хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 38.2-т заасан 10 хоногийн хугацаанд шийдвэр гаргах үүргээ хэрэгжүүлээгүй,
- Орон нутгийн иргэдийн эсэргүүцэл, багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, ус болон бэлчээрийн асуудал, нутгийн иргэдийн эрх ашиг зэрэг нөхцөл байдлыг дурдаж байгаа нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзах хуульд заасан үндэслэлд хамаарахгүй гэж шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.
- Хэрэгт авагдсан “******* *******” ХХК-ийн 000194919 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тус компанийн *******-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 23/39, 06 дугаар сарын 09-ний өдрийн 23/45, 10 дугаар сарын 27-ны өдрийн 23/71, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 24/34, 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 26/06 дугаартай албан бичгүүд, Голомт болон ХААН банкуудын цахим гүйлгээний баримтууд, ”Ашигт малтмалын хайгуулын талбайд 2026 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө”, Булган аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт ирсэн бичгийг бүртгэсэн баримтын “Дэс/дугаар 109” дэх бүртгэлийн хэсэг, Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01/96 дугаартай албан бичиг, тус сумын Ханшахайт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 10/2549, тус Газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 13/2851 дугаартай албан бичгээр дараах үйл баримтууд болсон болох нь тогтоогдов. Үүнд:
- “******* *******” ХХК нь анх “Хүнсний бүтээгдэхүүний бөөний болон жижиглэнгийн худалдаа” гэх үйл ажиллагааны чиглэлтэйгээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр бүртгүүлсэн байх ба 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн ******* сумын нутагт орших “Сант уул” нэртэй, 2002.77 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд ашигт малтмал хайх *******-******* дугаартай тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатайгаар авч, хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр бүртгүүлжээ.
- Тус хуулийн этгээд нь дээрх тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах хүсэлтээ Засаг даргад 2023, 2026 онуудад хүргүүлсэн бөгөөд 2026 онд гаргасан хүсэлтэд татгалзсан хариуг авсан.
- Улмаар “******* *******” ХХК-аас гаргасан *******-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтэд Ашигт малтмал, газрын тосны газар байгаль орчны менежментийн төлөвлөгөө ирүүлэхийг шаардсан хариуг өгсөн байх ба тус Газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний дотоод аудитын газраас Булган аймгийн ******* сумын Засаг дарга /цаашид “******* сумын Засаг дарга” гэх/-д хандан хууль, холбогдох хэм хэмжээнд нийцүүлж ажиллах талаарх мэдээллийг албан бичгээр хүргүүлжээ.
- Ашигт малтмалын тухай хуулиас энэхүү маргаан бүхий харилцаанд хамаарах зохицуулалтуудыг судлан үзэхэд: Хуулийн
- 12 дугаар зүйлийн 12.2-т сумын Засаг даргын ашигт малтмалын асуудлаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуульчилсны дотор 12.2.5-д “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянах” гэсэн бол
- 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах эрх эдэлнэ” гээд хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй байхаар заажээ.
- Түүнчлэн 22 дугаар зүйлийн 22.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд хүсэлтэд хавсарган хүргүүлэх баримт бичигт байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулж, ирүүлсэн байхыг шаардсан,
- 35 дугаар зүйлийн 35.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх... даа энэ зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлж ажиллах бөгөөд зөрчвөл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ” гээд 35.2-т хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр байлгах баримт бичгийг тоочин заасны дотор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг оруулсан байна.
- 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгээр хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах талаар хүлээх үүргийг хуульчилсан байх ба 38.1.1 болон 38.1.3, 38.1.4 дэх заалтуудаар
- тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сумын Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулж, Засаг даргаар батлуулах бөгөөд тус төлөвлөгөөний хувийг хайгуулын талбай байршиж байгаа орон нутгийн байгаль орчны хяналтын албанд хүргүүлэх,
- сумын Засаг даргад дээрх журмаар боловсруулсан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх үүргийг тус тус хүлээлгэжээ.
- 40 дүгээр зүйл /Байгаль орчны... менежментийн төлөвлөгөөг хянуулах/-ийн 40.1 болон 40.3 дахь хэсгүүдэд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахаас өмнө байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, сумын Засаг даргад батлуулахаар хүргүүлэх бөгөөд Засаг дарга нь түүнийг хүлээж авснаас хойш мөн 10 хоногийн дотор баталж, буцаан хүргүүлнэ.
- Харин Хуулийн 38.1.2-т зааснаар менежментийн төлөвлөгөөнд хүрээлэн байгаа орчны бохирдолтыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх арга хэмжээг тусгах учиртай.
- Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогч, төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд болон дээрх хууль зүйн үндэслэлүүдийг судлан үзээд дараах дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
- “******* *******” ХХК нь ******* сумын Ханшахайт багийн нутагт орших “Сант уул” нэртэй, хайгуулын 2002.77 гектар талбайд ашигт малтмал хайх *******-******* дугаарын тусгай зөвшөөрлийн эзэмшигч бөгөөд уг зөвшөөрлийн хугацаа 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дуусахаар байна.
- Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч талын хэн аль нь дээрх тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2026 оноос өмнө ******* сумын Засаг даргаар батлуулан, авч байсан талаар тайлбарлаж байх ба
- 2026 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулах хүсэлтээ мөн оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гаргаж, маргааш нь буюу 04 дүгээр сарын 29-ний өдөр татгалзсан хариу[1]-г,
- Ашигт малтмал, газрын тосны газарт дээрх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ 2026 оны 04 дүгээр сарын 30 болон 05 дугаар сарын 04-ний өдрүүдэд гаргасан боловч 2026 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шаардсан хариу[2]-г тус тус авсан болох нь холбогдох албан бичгүүдээр нотлогдов.
- Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.2 болон 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь зохицуулалтуудаас “******* *******” ХХК нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмал хайх *******-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах эрхээ эдлэхдээ
- тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж буй жилийн буюу 2026 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ******* сумын Засаг даргатай зөвшилцөх замаар шинэчлэн боловсруулж, батлуулахаар хүргүүлэх,
- ******* сумын Засаг дарга нь “******* *******” ХХК-аас боловсруулж, батлуулахаар ирүүлсэн тус төлөвлөгөөг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор түүнд оруулахаар зөвшилцсөн асуудлуудыг бүрэн гүйцэт, агуулгын өөрчлөлтгүй тусгасан эсэхийг хянаад батлах, бүрэн бус бол зохих өөрчлөлтийг оруулуулсны эцэст баталж, тус хуулийн этгээдэд хүргүүлэх үүрэгтэй.
- Харин “******* *******” ХХК болон ******* сумын Засаг дарга нарын хооронд хийгдэх “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-нд тусгах асуудлын талаарх зөвшилцөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтад заасан “...хүрээлэн байгаа орчны бохирдолтыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх арга хэмжээг тусгах” гэх агуулгын хүрээнд байх учиртай бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч талын хэн аль нь “зөвшилцөх”-өөс татгалзах эрхгүй. Өөрөөр хэлбэл: Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн боловсруулж буй байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгах асуудлын талаар “зөвшилцөх” нь “******* *******” ХХК болон ******* сумын Засаг дарга нарын хэн алиных нь хувьд үүрэг байна.
- Хариуцагч нь нэхэмжлэгчээс хүргүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзаж 2026 оны 01/96 дугаартай албан бичгээр “...2025 оны 04 сарын 24-ны өдрийн багийн иргэдийн нийтийн хурлаар... тусгай зөвшөөрөлтэй компаниудын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байх... шийдвэр гарсан тул ... төлөвлөгөөг батлах боломжгүй” гэх хариуг өгсөн байдаг ба хэрэгт тус Хурлын тэмдэглэлийг нотлох баримтаар ирүүлсэн.
- Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйл /Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын талбайг ялгах/-ийн
- 17.1-д “...төрийн захиргааны байгууллага нь талбайн солбицлыг тодорхойлохдоо тухайн аймаг... ийн Засаг даргад бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд түүнд талбайн зургийг хавсаргана”,
- 17.2-т “Аймаг... ийн Засаг дарга энэ хуулийн 17.1-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум... ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг... ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч, 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ. Аймаг... ийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно” гэж,
-
- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Багийн чиг үүрэгт дараах асуудал хамаарна” гээд
- “ 23.1.2-т “хууль тогтоомжид заасан ...асуудлаар нутаг дэвсгэрийнхээ иргэдийн нийтлэг санал, хүсэлтийг зохих шатны байгууллага, албан тушаалтанд уламжлах ажлын зохион байгуулалт,
- 23.1.3.хууль, зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй тохиолдолд багийн бие даан шийдвэрлэх нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой асуудал,
- 23.1.5.малчин өрхийн анхдагч холбоонд бэлчээрийн зориулалтаар ашиглуулах газрын зааг, байршлын талаар шийдвэр гаргах, бусдын эзэмшил, ашиглалтад ол*******гүй хадлан, тариалан, бэлчээр, уст цэгийн хамгаалалт, ашиглалт, зохицуулалт,
- 23.1.6.тухайн нутаг дэвсгэрийн байгаль орчны тэнцвэрт байдалд тавих хяналтад иргэдийн оролцоог хангах ажил” гэжээ.
-
- Дээрх зохицуулалт /5.6, 5.7/-уудаас харахад Булган аймгийн ******* сумын Ханшахайт багийн иргэдийн Нийтийн Хурал нь Ашигт малтмал, газрын тосны газраас хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай ялгах үйл ажиллагаанд сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаар уламжлуулан өөрийн багийн нутаг дэвсгэрээс ашигт малтмалын хайгуул /мөн ашиглалтад ч хамаарна/-ын тусгай зөвшөөрлийн талбай ялгуулахгүй байх санал, хүсэлтээ хүргүүлэх боломжтой.
- Харин төрийн захиргааны байгууллагаас
- “ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгох талбай”-гаар ялган, тогтоосон,
- ялгасан талбайг эзэмшүүлэх тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгох шийдвэрүүд нэгэнт гарч, хүчин төгөлдөр болсон тохиолдолд энэ төрлийн харилцаанд багийн иргэдийн Нийтийн Хурал оролцох эрхгүй байна. Тодруулбал: Багийн иргэдийн Нийтийн Хурал нь Ашигт малтмал, газрын тосны газраас өөрийн багийн нутаг дэвсгэрээс
- ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрлийн талбай ялгах саналд сум болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, мөн шатны Засаг дарга нараар дамжуулан хуульд заасан хугацаанд татгалзсан хариуг хүргүүлүүлэх санал, хүсэлт гаргах,
- дээрх байдлаар хүсэл зори******* илэрхийлсээр байтал Ашигт малтмал, газрын тосны газраас тухайн багийн нутаг дэвсгэрээс “тусгай зөвшөөрлийн талбай”-гаар ялгах шийдвэр гаргасан, уг шийдвэрийг эс зөвшөөрвөл дээр дурдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нараар дамжуулан хуульд заасан хугацааны дотор гомдол, хүсэлт гарган шийдвэрлүүлэх эрхтэй.
- Ашигт малтмал, газрын тосны газраас гаргасан тусгай зөвшөөрлийн талбай ялгасан шийдвэрийг мэдсэн ч хуульд заасан хугацааны дотор гомдол, хүсэлт гаргаагүй бол шийдвэрүүд хүчин төгөлдөр болох бөгөөд энэ тохиолдолд багийн иргэдийн Нийтийн Хурал буюу тус багийн иргэдэд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.6-д заасан чиг үүргийн хүрээнд “******* *******” ХХК-ийн ашигт малтмал хайх үйл ажиллагаа нь тус багийн байгаль орчны тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлж буй эсэхэд хяналт тавих эрх л үлдэнэ.
- Тиймээс Ханшахайт багийн иргэдийн Нийтийн Хурал нь “******* *******” ХХК-аас боловсруулж, батлуулахаар хүргүүлсэн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлах сумын Засаг даргын чиг үүрэгт хөндлөнгөөс оролцох эрхгүй бөгөөд энэ талаар гаргасан тус Хурлын 2025 оны шийдвэрийг үндэслэн төлөвлөгөөг батлахаас татгалзсан ******* сумын Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01/96 дугаартай албан бичгээр илэрхийлсэн шийдвэр нь үндэслэлгүй байна.
- Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн
- 38.1.8-д “байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон холбогдох сум... ийн Засаг даргын нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлэх”,
- 38.3-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг бүрэн биелүүлээгүй бол сум... ийн Засаг дарга энэ хуулийн 38.1.8-д заасан хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулна”,
- 38.4-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан үүргээ бүрэн биелүүлсэн бол энэ хуулийн 38.1.8-д заасан хөрөнгийг түүнд буцааж өгнө” хэмээн тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмал хайх явцад байгаль орчинд бий болсон өөрчлөлт /хохирол/-ийг нөхөн сэргээх үйл ажиллагаанд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг урьдчилан бэлтгэх замаар байгаль орчны тэнцвэрт байдал алдагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зохицуулалтуудыг оруулсан байна.
- Тиймээс “******* *******” ХХК нь “2026 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г ******* сумын Засаг даргатай зөвшилцөн, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасанд нийцүүлэн боловсруулах, хариуцагч нь тус төлөвлөгөө нь хуулийн энэхүү заалт болон зөвшилцлөөр тусгахаар тодорхойлсон арга хэмжээг бүрэн гүйцэт, ойлгомжтой оруулсан эсэхийг хянаад, батлах, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих үүргийг тус тус гүйцэтгэнэ.
- Харин төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Ханшахайт багийн иргэдийн оролцоог хангах учиртай бөгөөд “******* *******” ХХК-аас байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг бүрэн биелүүлээгүй бол байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг тусгай дансанд байршуулсан мөнгөн хөрөнгөөр, уг хөрөнгө хүрэлцэхгүй бол нэмж шаардагдах хөрөнгийг “******* *******” ХХК-аас үл маргах журмаар гаргуулж сэргээх үйл ажиллагааг явуулах учиртай байна.
- Гэтэл ******* сумын Засаг дарга нь энэ төрлийн харилцаанд оролцох эрхгүй этгээдийн шийдвэрийг үндэслэн “******* *******” ХХК-ийн “2026 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахаас татгалзсанаар Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсгүүдэд заасныг зөрчсөн байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “******* *******” ХХК-аас хүргүүлсэн “2026 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, тус менежментийн төлөвлөгөөг хянан, хуульд заасан шаардлага хангуулан батлахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.2, 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг тус тус баримтлан “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Булган аймгийн ******* сумын Засаг даргын “******* *******” ХХК-ийн ХV-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх “2026 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, түүнд тус менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгасугай.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТЧИМЭГ
[1] Булган аймгийн ******* сумын Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01/96 дугаар албан бичиг.
[2] Ашигт малтмал, газрын тосны газрын 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 10/2549 дугаартай албан бичиг.