| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/0283/Э |
| Дугаар | 546 |
| Огноо | 2018-04-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 546
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Б.Эрдэнэбаатар,
Нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,
Шүүгдэгч Ж.Ч, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан /0741/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөхдан овогт Жамъяандоржийн Чулуунхүүд холбогдох эрүүгийн 1706040380044 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 62 дугаар гудамж 901 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2012 оны 09 сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 454 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож биечлэн эдлэх ялыг 5 жил 10 хоногийн ялаар шийтгэгдэж 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Говьсүмбэр аймгийн шүүхийн 35 дугаартай шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Хөхдан овогт Ж.Ч, /регистрийн дугаар /
Үйлдсэн хэргийн талаар:
Ж.Ч нь 2017 оны 12 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ДС худалдааны төвд нууцаар нэвтэрч иргэн Б.Оюун-Эрдэнийн лангуун дээрээс орос масло, банана жимс, кимчи, дүпү, даршилсан ногоо, МНБС хүлээн авагч зэргийг хууль бусаар авч 183.290 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад шүүгдэгч Ж.Ч нь хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь:
Хохирогч М.Энхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
"...2017 оны 12 дугаар сарын 16-наас 17-д шилжих шөнө Аптекийн хаалга эвдсэн байна гэж DS худалдааны төвийн эзэд нь утсаар хэлсэн. Ингээд иртэл манай Аптекийн модон хаалгыг дотогш өшиглөж эвдсэн байсан. Дотогш ороод эд зүйлээ бүртгэж үзтэл юм алдагдаагүй байсан. Эвдэрсэн хаалгаа тухайн үедээ өөрсдөө модоор янзалсан. Хаалгаа үнэлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/
Хохирогч Б.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“2017 оны 12 дугаар сарын 17-нд ажил дээрээ ирэхэд DS төвд хулгай орсон гэж сонссон. Гэтэл манай лангуун дээрээс хонь, үхэр, адууны 10 кг мах, Орос масло 2.2 кг, Банана жимс 1.5 кг, кимчи 1ш, даршилсан ногоо, дүбү, болон MNBC хүлээн авагч зэргийг хулгайлсан байсан. Ингээд би алдагдсан зүйлсээ тооцож үзэхэд 90.000 орчим төгрөг болсон. Үүнээс зарж болох зүйлсийг нь аваад хөлдсөн жимс, ногоог, шороотой махыг нь өөрт нь өгөөд 45.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/
гэрч П.Билэгдэмбэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 04 цагийн үед оператор БЗД-ийн 9-р хороо DS төвийн дохиолол дугараад байна гэсэн дуудлагын дагуу ирж шалгахад хаалга эвдэрсэн өмнөөс нэг согтуу хүн гараад ирэхээр нь БЗД-ийн цагдаагийн алба хаагчид хүлээлгэн өгсөн. Намайг ирэхэд ганцхан хүн байсан, өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-иийн 21/
Хөрөнгийн үнэлгээ зуучлалын Дамно ХХК-ийн 2018 оны 01 сарын 17-ны өдрийн БЗЗ-18-12 дугаартай:
MNBC 48000, үхрийн цул мах 12.350, адууны цул мах 34.560, хонины ястай мах 64.380, дүпү 6000, даршилсан ногоо 18000, нийт 183.290 төгрөгийн үнэтэй гэх дүгнэлтийн тайлан /хх-ийн 32-33/
Шүүгдэгч Ж.Чгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“Миний бие нь БЗД-ийн 9-р хороонд байх “ӨСӨХ-2” бааранд ганцаараа 2 шил архи авч уусан. Ингэж байгаад баар хаах үед гарч яваад Шар хадны эцсийн DS төвийн хаалгыг татаж эвдээд дотогш орсон юм. Ороо хүнсний лангуунаас шуудан дотор байсан мах, дайван бүтээгдэхүүн, ногоог авч гараад шатны хажууд тавиад эргэж ороод 1-р давхрийн эмийн сангийн хаалгыг өшиглөөд дотогш ороогүй байж байхад дохиолол дугарч байсан тул гарч явах гэж байгаад хамгаалагчид баригдсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 22, 38-39/
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
-Эргүүлийн офецир, Цагдаагийн ахлах дэслэгч Үнэнгэрэлийн илтгэх хуудас /хх-ийн 04/
-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-11/
-эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 18/
-хохирогч М.Энхцэцэг, иргэн С.Отгон нарын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 19-20/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хавтаст хэргээс:
-Ж.Чгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23-25/
-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 96 дугаартай “1. Ж.Ч нь сэтгэцийн хувьд өөрийн сэтгэцийн түвшинд өөрийгөө удирдан жолоодох чадвартай байна. Ж.Ч нь хэрэг болох цаг хугацаанд Оюуны хомсдол сэтгэцийн эмгэгтэй байсан байна. 2. Ж.Ч нь болсон хэргийн талаар өөрийн сэтгэцийн түвшинд мэдүүлэг өгөх чадвартай байна. 3. Ж.Ч нь Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. 4. Ж.Ч нь хэрэг хариуцах чадвартай байна.” гэх дүгнэлт /хх-ийн 49-50/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог.
Баянзүрх дүүрийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Чд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Ч нь үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, тэрээр өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Чг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдууллаа.
Шүүхээс үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт зэргийг харгалзан оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч нараас хохирол, нэхэмжлэх зүйл байхгүй болохоо илэрхийлсэн учраас шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Хөхдан овогт Ж.Чг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Чд нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Чд оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, өсвөр насны шүүгдэгч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ